Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 43

 

 

 

А.Зт холбогдох эрүүгийн

                                                                                           хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

хохирогч нарын өмгөөлөгч Ж.Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.А,

шүүгдэгч А.З,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч А.Цэрэнханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн, 2016 оны 6 сарын 6-ны өдрийн 57 дугаартай, шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Зт холбогдох 201510010110 дугаартай, 3 хавтас 538 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ү, А.А нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Зд холбогдуулан Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч А.З нь 2015 оны 6 дугаар сарын 3-ны орой 22 цагийн орчимд Замын-Үүд сумаас хойш 15 км-т *** ДГО улсын дугаартай, “Норт бенз” загварын автомашиныг жолоодож яваад Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлийн засмал зам руу орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас А.Цийн жолоодож явсан улсын дугааргүй,  “Хаужи” загварын мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж А.Ц, Я.Ч нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Зыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зт оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй,

шүүгдэгч А.З нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн түүний 363835 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замы-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.Даваасүрэнгээс 8.398.260 төгрөг гаргуулж хохирочийн төлөөлөгч М.Амарсайханд, 15.837.400 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Я.Шагдаржавд тус тус олгохоор,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Зт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ү давж заалдах гомдолдоо: “… хэргийн нотлох баримт цуглуулах явцад гарсан шинжээч нарын удаа, дараагийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруутайг тодорхойлоогүй, харин гэмт хэрэг, зөрчил, амь хохирсон шалтгааныг дүгнэсэн байдаг. Шинжээчийн 109, 4738 дугаартай дүгнэлтүүдэд “Зам тээврийн осол гарсан шалтгаан нь автомашиныг мотоцикль мөргөсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна” хэмээн тус тус дүгнэсэн байдаг нь ялтны үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарах шалтгаан болоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай субъект биш болохыг тодорхойлсон байдаг. Мөн хэргийн хохирогч А.Ц нь жолооний эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэн хүнд зэргийг согтолттой байж мотоцикль жолоодсон, жолооч хамгаалалтай малгай өмсөөгүй, хамгаалалтын малгайгүй зорчигч тээвэрлэсэн, хурдыг тааруулах,  саад тохиолдсон үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэх мэтээр Замын хөдөлгөөний дүрмийн олон заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл байхад яллах дүгнэлт болон тогтоолд энэ тал дээр үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байгаа зэрэг байдал нь шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүгнэж үзээгүй шийдвэрлэснээр шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна гэж үзэх үндэслэл юм. Иймд Дорноговь аймгийн Замы-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3, 80.1.6 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хэн үйлдсэн, гэм буруугийн сэдэлт, хэргийн шалтгаан нөхцлийг мөрдөн байцаалтын шатанд тодруулаагүй байхад А.Зт ял оногдуулсан. Мөн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай магадлалын заалт хангагдаагүй. Хэрэгт байгаа прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэргийн нотлох баримтыг үнэлэх ажиллагаа зөрчигдсөн гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд “…А.З нь 2015 оны 6 дугаар сарын 3-ын оройн 22 цагийн орчимд Замын-Үүд сумаас хойш 15 километрт *** ДГО улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас А.Цийн жолоодож явсан улсын дугааргүй Хаужи маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаж А.Ц, Я.Ч нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ” гэсэн ба уг дүгнэлтээр анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулсан. Гэтэл энэ хэрэгт нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үндэслэлгүй боловч дээрх бүх дүгнэлтүүдэд хоорондын зөрүү гараагүй. Өөрөөр хэлбэл анханы 109 дугаартай сүүлд гарсан 4738 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь цагаатгах тогтоолын үндэслэл болсон шинжээчийн дүгнэлттэй яг адилхан гарсан байдаг. Гэтэл А.Зоригбаатарыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгоод хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалд их тодорхой тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл тус магадлалд энэ хэрэг нь автомашин мотоциклийг мөргөснөөс болсон юм уу? эсхүл мотоцикль автомашиныг мөргөснөөс болсон юм уу? хэн нь хэнийгээ мөргөснөөс болж үүссэн осол вэ гэдгийг тодруул гэж заасан байдаг боловч нэмэлт мөрдөн байцаалтад үүнийг тодорхой болгож чадаагүй. Яагаад гэхээр прокурорын шинжээчээс асуусан асуулт маш буруу байсан. Хэргийн газрын үзлэг, туршил, бүдүүвч зэрэг болон гэрч Энхбаяр, Цогтсайхан нарын мэдүүлгээс харахад   Норд бенз маркийн машин нь туслах замаас гол зам руу ороод эгнээ байр эзлээд зогссоны дараа мото ирж мөргөсөн байдаг. Миний хувьд шинжээчид тавьсан асуулт буруу байна гэж үзэж байгаа. Шинжээчид “амь хохирогч Ц нь мотоцикльтойгоо Норт бенз маркийн машины хажуугаар зөрөхөд замын байдал, хөдөлгөөний эрчим, саад болох ямар нэгэн зүйл байсан эсэхийг” асуухад л энэ хэргийн учир ойлгомжтой болох байсан. Яагаад гэхээр хэргийн газрын үзлэгээр замын нийт өргөн нь 7.2 метр  байгаа ба прокурор дүгнэлт дээрээ Норт бенз маркийн машиныг 35 см дутуу орсон байна гэж үзсэн. Хүн сууж явсан мотоциклийн өргөн 50 см байгаа гэж үзвэл эсрэг урслгааас ирж байгаа машин нь цагаан зураасаас гараагүй байхад эсрэг урсгалд явж байгаа машиныг очоод мөргөсний улмаас энэ осол гарсан. А.Зыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Яллах дүгнэлт болон, шийтгэх тогтоол дээр “мөргөлдсөний улмаас” гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлтүүдэд мотоцикль машиныг мөргөснөөс болж осол гарсан байна гэж нотлоод байгаа. Мөн амь хохирогч Ц нь тухайн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн маш олон заалт зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл Ц нь хүнд зэргийн согтолттой, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хамгаалалтын малгайгүй, аюул саад тохиолдоход тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл Цийн 100% буруутай үй ажиллагаанаас болж уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Цагаатгах тогтоолын үндэслэл болсон 4738 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “улаан өнгийн мотоцикль нь Норт бенз маркийн машины зүүн хойд талын дугуйг шүргэснээр уг зам тээдврийн осол гарах шалтгаан болсон байна” гэж дүгнэсэн ба сүүлд гарсан шинжээчийн бүх дүгнэлтүүдээр дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэсэн байдаг. Гэтэл А.Зын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж шийтгээд байгаа нь буруу юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл хэргийг хэрэгсэхгүй болгож цуагаатгана гэсэн зарчмаар мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар А.Зт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хуулийн үндэслэл байна. Мөн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдах ёстой байсан. Иймд шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

           Шүүгдэгч А.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ хэргийн хохирогч нарт эрхийн туслалцаа үзүүлж оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь бүрэн дүүрэн тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтүүдээр Норт бенз маркийн машины жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт зааснаар туслах замаар явьж байгаа машин гол замаар явж байгаа мотоцикльд зам тавьж өгөх ёстой гэсэн дүрмийн заалт зөрчсөнтэй холбоотойгоор гэм буруугийн асуудал хөндөгддөг юм. Мөн мотоцикль нь Норт бензний чиргүүлийн араасаа гуравдах дугуйг мөргөсөн байдаг. Энэ нь гэрч Цогтсайханы мэдүүлэгт “замын ирмэг чиргүүлийн сүүлийн хэсэг хоёрын хооронд 1-2 метр байсан”, “Норт бенз машины чиргүүл нь 100-150 метрийн зайд мотоциклийн гэрлийн үзүүрт харагдаж байсан” гэдэг ба А.Ц нь мотоциклийг зогсоох ямар ч арга хэмжээ авах боломжгүй байсан нөхцөл байдал харагдаж байна. Иймд А.Зын гэм буруу нотлогдон тогтоогдож байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна. Иргэний хариуцагч Э.Даваасүрэн хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол нь хоёрдмол байр суурьтай байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл гэм буруугүй тул цагаатгах байр суурьтай байгаа мөртлөө анхан шатны шүүх ял оногдуулахдаа Өршөөлийн хуульд хамруулаагүй гэж байна. Өмгөөлөгч нарын эцсийн зорилго нь нэг л байр суурьтай байх ёстой ба Зоригбаатарын асуудлын хувьд Өршөөлийн хууль хэрэглэхгүй байх аргагүй юм гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч А.Зыг 2015 оны 6 дугаар сарын 3-ны орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 15 км-т *** ДГО улсын дугаартай, “Норд бенз” загварын автомашиныг жолоодож яваад Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлийн засмал зам руу хөндлөнгөөс орохдоо  Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчсөний улмаас А.Цийн жолоодож явсан улсын дугааргүй, “Хаужи” загварын мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гарган А.Ц, Я.Ч нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Учир нь:

-Прокурорын яллах дүгнэлтэд “Норд бенз” загварын автомашин “Хаужи” загварын мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаж гэж хэргийн товч утгыг тодорхойлсныг анхан шатны шүүх мөн 2 тээврийн хэрэгслийг мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас 2 хүний амь нас хохирсон гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй болсон байна. Хэрэгт ослын шалтгаан нөхцлийн талаар  66, 4738,  5835, 109 дугаартай тус тус 4 шинжээчийн дүгнэлтүүд гарсан боловч эдгээр дүгнэлтүүдээр 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэдгийг огт тогтоогоогүй байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтэд хөтлөгдөн нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт хийсэн гэж үзлээ.

            -Энэ хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд зам тээврийн ослын талаар гаргасан гурав дахь дүгнэлт болох 5835 тоот шинжээчийн дүгнэлт нь урьд  гаргасан 66, 4738 гэсэн 2 өөр нөхцөл байдлыг тодорхойлсон 2 дүгнэлтийн зөрүүг гаргаж чадаагүй  байхад хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг гаргаж байж хэргийг шийдвэрлэх шаардлагатай  гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан. Энэ дагуу мөрдөн байцаалтын шатанд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас 109 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба уг дүгнэлтээр осол болсон шалтгаан нөхцлийг 2-р хариултаар 2 жолоочийн буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна,       4-р хариултаар хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар тээврийн хэрэгслийг мотоцикль шүргэсэн байх үндэслэлтэй байна, 5-р хариултаар зам тээврийн осол гарсан шалтгаан нь автомашиныг мотоцикль мөргөсөн үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна гэж ослын шалтгаан нөхцлийг 1 дүгнэлтээр 3 янзаар тодорхойлж урьд гаргасан 66, 4738 дугаартай дүгнэлтүүдийн эргэлзээг ч гаргаж чадаагүй байна.

            -Мөн “Хаужи” загварын мотоциклийг жолоодож явсан А.Цийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/ буюу жолоочид хориглох заалтыг зөрчсөн гэсэн боловч энэ зүйлд заасан хориглосон зүйлээс хохирогч А.Ц алийг нь зөрчсөн болохыг тодорхойлж чадаагүй, тухайлбал: согтууруулах ундаа хэрэглэсэн үү, мансууруулах бодис хэрэглэсэн үү, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үү, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон уу гэдгийн яг алиныг зөрчсөн гэдгийг тодорхойлж, тогтоогоогүй.

            Иймээс хавтаст хэрэгт авагдсан ослын шалтгаан нөхцлийн талаар гарсан 4 шинжээчийн дүгнэлтүүдэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлан шинжилгээний бодит үр дүнг үндэслэлтэй, зөв тусгаж чадаагүй байна гэж үзэв.

            Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн прокурор гэмт хэрэг ямар нөхцөлд үйлдэгдсэн гэж яллаж байгаа үйл баримтаа тогтоож чадаагүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зыг гэм буруутайг нотлуулахаар нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдсонгүй.

            Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ү, А.А нараас гаргасан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлуудыг хүлээн авч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Зт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 323 дугаар зүйлийн 323.1.1, 315 дугаар зүйлийн 315.1.3, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны 57 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Зт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

            2. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

            3. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БОЛОРМАА

                               ШҮҮГЧИД                                                          Л.ДАВААСҮРЭН

                                                                                                            А.САЙНТӨГС