Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 Н.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.У,

хохирогч Б.С,

хохирогчийн өмгөөлөгч З.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.А,

шүүгдэгч Н.У

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Ут холбогдох 2016 1001 0040 дугаартай, 1 хавтас, 158 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: У-д холбогдуулан Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Н.У нь 2016 оны 02 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Замын-Үүд сум 2 дугаар баг Усны 1-48 тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун хөлний цавь хэсэгт хутгалж биед нь цавьнаас хэвлий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, цус багадалт бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Уыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ут оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Н.У нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар ногоон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахаар, хохирогч Б.С нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, банкны зээлийн үлдэгдлийг төлүүлэхээр нэхэмжилсэн 2 700 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Ут урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Ялтан Н.Ут анхан шатны шүүхээс хорих ялыг оноохдоо гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл буюу буруутай үйл ажиллагаа, хохирогчид тэр даруй тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруутай болохоо ойлгож гэмшсэн болон ялтны хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт хийлгүй хүнд ял оногдуулсан. Иймд гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдал нь хохирогчийн зүй бус үйлдэл буюу буруутай үйл ажиллагаанаас болсон байх бөгөөд хохирогчид тэр даруйдаа эмнэлгийн тусламж дуудаж, өөрийн гэмт хэргийн талаар Цагдаад мэдэгдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ялтны хувийн байдал, хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1.3, 55.1.9, 55.1.10-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй хохирогчийн үгэнд болон биеэ авч яваа байдалд хэт их ач холбогдол өгч өөрсгөл хандаж шийдвэр гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т зааснаар тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хорих ялын доод хэмжээний 3\2-ыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хохирогчийн хууль бус үйл ажиллагаанаас болж уг хэрэг үйлдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл маань хохирогч уг айлд согтуугаар биеэ хамгаалах ямар ч чадваргүй хэвтэж байсан эмэгтэйн эрх чөлөөнд халдсан зүй бус үйлдлийг Н.У таслан зогсоох гэхэд нь түүний өөдөөс эсэргүүцэж гар дээр нь гишгэснээс энэ хэрэг үйлдэгдсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх энэ бүгдийг харьцуулан үзэж ял, хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх буюу хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэж чадсангүй гэж үзэж байна. Шүүгчдэгч хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламжийг сайн дураараа үзүүлсэн нөхцөл байдал байгаа. Иймээс ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551 дэх хэсгийг журамлан ялын бодлогын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг оруулж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч З.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн гэдэг хэргийн материалд авагдсан гэрч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг зэргээс харахад хараахан тогтоогдсон нөхцөл байдал бол байдаггүй юм. Нөгөө талаараа хохирогч ч гэсэн би зуухны хажууд сууж байхад намайг хутгалсан гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн учирсан гэм хорыг арилгасан гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн 551 маань өөрөө арилгасан байхыг шаарддаг. Шинжээчийн 42 тоот дүгнэлтээр хохирогчид амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг. Үүгээр ч хохирогч маань хөдөлмөрийн чадварын 50 хувийн алдалттай, групп тогтоолгосон нь гэм хор арилсан гэж үзэх бүрэн үндэслэлд хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар алдагдаад энэ хугацаагаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай. Иймээс ч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэл байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна гэв.

Прокурор А.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэл, бүрдэл хангагдсан байгаа. Хохирогч болоод шүүгдэгч өөрөө хэлдэг. Өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж хэлсэн байна. Гэтэл тухайн үед Н.У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасан согтуурал буюу мансуурлын байдалд хэрэг үйлдсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд хамаарахгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийг хянавал шүүгдэгч Н.У нь Дорноговь аймгийн Замын-үүд суманд өөрийн гэртээ Б.С, Э.Эрдэнэбат, П.Түмэнцэцэг, П.Отгонбаяр, Б.Лхагважав нарын хамт архи ууцгаасан ба П.Түмэнцэцэгийг согтоод унтсан үед хохирогч Б.С түүний өмдийг нь тайлахыг оролдох үед Н.У нь Б.Ст хандаж“ ... унтаж байгаа хүнийг зүгээр унтуулчихаач“ гэх шаардлага тавьснаас болж маргалдаж, улмаар Н.У нь Б.Сийн баруун хөлний гуя хэсэгт хутгалсны улмаас хохирогчийн бие махбодид баруун цавинаас хэвлий рүү нэвтэрсэн шарх, цус алдалт, цус багадалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан байх тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны 56 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 146 тоот дүгнэлт /хх-ийн 35/,  хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна.

           Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан баримт сэлт, мэдээлэлүүд байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд хохирогч Б.Сийн биед учирсан хүнд гэмтлийн  уршигт үлдэц бүрэн эдгээгүй, хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдолтой байгаа гэдгээ илэрхийлсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлд зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах тухай хуулийн заалтыг хэрэглэх гол нөхцөл нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байхыг шаарддаг ба хохирогч Б.Сийн биед учирсан гэмтэл бүрэн эдгээгүй, хохирогч гомдолтой байгаа нь энэ нөхцлийг хангаагүй байна үзнэ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн 551  зүйлийг хэрэглэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх  боломжгүй юм.

            Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн буюу ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн  байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Н.Уын өмгөөлөгч Д.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай. 

                           

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БОЛОРМАА

                               ШҮҮГЧИД                                                          Л.ДАВААСҮРЭН

                                                                                                            А.САЙНТӨГС