Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 Э.Жанчивсүрэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор Д.Дэлгэрбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо, Э.Эрдэнэбаатар,

иргэний хариуцагч: Б.Түвшиндорж,

шүүгдэгч: Э.Жанчивсүрэн

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Жанчивсүрэнд холбогдох 201610000060 дугаартай, 2 хавтас, 457 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Т.Урангоо нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 5-14 тоотод оршин суух, урьд авсан ял шийтгэлгүй Боржигон овогт Эрдэнэболдын Жанчивсүрэн /ЕЭ92052517/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.Жанчивсүрэн нь Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бүрдэнэ булаг ХХК-ийн дэлгүүрийн хойд талын засмал зам дээр иргэн Б.Түвшиндоржийн 85-00 ДГО улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэнээс өөдөөс нь ирж явсан 06- 24 ДГЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж иргэн Б.Отгонжаргалын амь насыг хохироож, иргэн Ё.Нарантуулд хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Б.Отгонтүвшинд 371 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн осол болсон хэргийн газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Жанчивсүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Жанчивсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 2 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жанчивсүрэнд оногдуулсан хорих ялуудын хөнгөнийг хүндэд багтаан  түүний биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 3 жил 2 сар хорих ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Жанчивсүрэнд оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жанчивсүрэнгээс 2 972 853 төгрөг, иргэний хариуцагч Б.Түвшиндоржоос 1 000 000 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Анхтуяад олгож, нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 25.582.530 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор, хохирогч Ё.Нарантуул нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, цаашид гарах эмчилгээний зардал, тэжээгчээ алдсаны зөрүү хохирлыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу тус тус нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, шүүгдэгч Э.Жанчивсүрэн, иргэний хариуцагч Б.Түвшиндорж нар нь хохирогч Ё.Нарантуулд эмчилгээний зардалд 569 940 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Отгонтүвшинд 371 000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Э.Жанчивсүрэн нь  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жанчивсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч Э.Жанчивсүрэнгийн В,С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 702449 тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, 297 дугаар үйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жанчивсүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан байдаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна. А. Мотоцикль, мөн 1а-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байхыг жолоочид үүрэг болгосон. Хохирогч Б.Отгонжаргал “А” ангилллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглосон заалтыг зөрчин мотоциклыг жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн нь эс үйлдэл бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тээврийн хэрэгсэлд 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд урд дугуйны тормозыг үзэхэд тормозны механизмыг комоор нь авсан тул урд дугуй ямар нэгэн тормозгүй байв гэж тэмдэглэснээс техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байсан байна гэж үзэхээр байна. Иймээс Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хохирогч, иргэний хариуцагч нарын хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох, хэргийг тал бүрээс нь шийдэхэд давж заалдах шатны шүүх харгалзан үзэхийг хүсч байна. Ялтан Э.Жанчивсүрэн нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан нийт 4 000 000 төгрөгийг хохирогч нарт төлж гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн арилгасан, хувийн байдал болон хохирогч нарын гаргасан хүсэлтийг харгалзан, энэрэнгүй ёсны зарчмын үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61  дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзах хугацааг тогтоолгох хүсэлт гаргаж байгааг хүлээн авна уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Э.Жанчивсүрэнд 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2 972 853 төгрөгийн хохирлыг барагдуулахаар шийдвэр гарсан. Уг хохирлыг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр барагдуулж, баримтыг хэрэгт хавсаргасан. Э.Жанчивсүрэнгийн хувьд анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, уг хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн гүйцэд барагдуулсан тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж хүсч байна. Мөн цаашид гарах хохирлын талаар Э.Жанчивсүрэн болон түүний ар гэрийн зүгээс хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцон тэтгэлэг, эмчилгээний зардал зэргийг төлнө гэсэн саналтай байгаа гэв.

Шүүгдэгч Э.Жанчивсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би ахынхаа тавилгын цехэд ажилладаг. Тэндээ ажиллаад цаашид гарах зардлыг төлнө гэв.

Прокурор Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Жанчивсүрэн нь анх удаа болгоомжгүй байдлаар хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Жанчивсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10-т зааснаар уулзвар гарц дээр тогтоосон хөдөлгөөнд оролцох дарааллыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүйгээс төв замаар явж байсан Б.Отгонжаргалын жолоодож явсан Даюун маркийн 05-24 ДГЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж түүний амь насыг хохироосон,  мотоциклд сундалж явсан Ё.Нарантуулын биед зүүн хөлийн шилбэ ясны үе рүү орсон далд хугарал, тархины доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж,  ослын газрыг  санаатай орхиж зугатаасан байна.

Шүүгдэгчийн эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүнийг тус тус хангаж байгаа ба шүүгдэгчийн үйлдэл нь зам тээврийн осол болсон шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн 14 тоот дүгнэлт,  хохирогч Б.Отгонжаргалын биед учирсан гэмтлийг тогтоосон задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 633 тоот дүгнэлт,  хохирогч Ё.Нарантуулын биед учирсан гэмтлийг тогтоосон 14 тоот шинжээчийн дүгнэлт,  хохирогч Ё.Нарантуул, Б.Анхтуяа нарын,  гэмт хэрэгт гарахад хамт явсан иргэний хариуцагч Б.Түвшиндорж болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан баримт сэлт, мэдээллүүд байна.

 Иймд анхан шатны шүүх шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон, ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэж тус тус үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар тус тус ял шийтгэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Т.Урангоо, шүүгдэгч Э.Жанчивсүрэн нарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч нь хохирогч нарт учирсан оршуулгын болон хохирогч Ё.Нарантуулын эмчилгээний зардлууд,  иргэний нэхэмжлэгч Б.Отгонтүвшингийн мотоциклийн үнэ зэрэгт тус тус нэхэмжилсэн бүгд 11.514.163 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь хохирогч Ё.Нарантуул, Б.Анхтуяа нараас гаргасан нэхэмжилсэн төлбөрөө бүрэн авсан, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн  хүсэлт, төлбөрийн мөнгийг  хүлээж авсан тухай баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан,  хохирогч нар нь гомдолгүй гэж байгаа, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ажил хөдөлмөр хийж хохирогч Ё.Нарантуулын цаашдын эмчилгээний зардал, 2 хүүхдэд хохирогч нас барснаас гэм хор учруулсны төлбөрийг цаашид төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж болох нөхцлийг хангаж байх тул шүүгдэгч Э.Жанчивсүрэнд оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж,  хянан харгалзах боломжтой байна.

Иймд  шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрдэнэболд овогтой Жанчивсүрэн болон түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Т.Урангоо нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

а/ шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад шинээр Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Э.Жанчивсүрэнд оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзан, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 5-12 гэж дугаарласныг 6-13 болгож дугаарласугай.

3. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

4. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                      Т.БЯМБАЖАВ

                                                      А.САЙНТӨГС