Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнхцэцэг,

хохирогч О.Бат-Эрдэнэ,

ялтан А.Төгөлдөр, Д.Баярсайхан,

нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулж,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарт холбогдох 201626020111 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Айлтгүйн Төгөлдөр, 1993 оны 4 дүгээр сарын 23-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам Булгын 1-2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ТГ93042313/;

 

Боржигон овогт Дашдондовын Баярсайхан, 1991 оны 12 дугаар сарын 10-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 12-238Г тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НЗ91121011/;

 

А.Төгөлдөр, Д.Баярсайхан нар бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан бүргэдэй” их дэлгүүрийн урд олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан иргэн О.Бат-Эрдэнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Айлтгүйн Төгөлдөр, Боржигон овгийн Дашдондовын Баярсайхан нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар А.Төгөлдөрийг 3 жил 1 сар хорих ялаар, Д.Баярсайханыг 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, А.Төгөлдөр, Д.Баярсайхан нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Бат-Эрдэнэ нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 2 ширхэг рентгэн зургийг хохирогч О.Бат-Эрдэнэд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан А.Төгөлдөрт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг, Д.Баярсайханд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, А.Төгөлдөрт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст, Д.Баярсайханд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгахаар шийдвэрлэжээ.

 

Хохирогч О.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ажлаа гүйцэтгэж байхдаа хүнд бэртэл авч одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болсон шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөний ангийн 55 дугаар зүйлийг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Надад учруулсан хохирлоос 600,000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг барагдуулахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй үл тоомсорлон биеэр ирж уулзаж байгаагүй зэрэгт гомдолтой байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү. А.Төгөлдөр, Д.Баярсайхан нар өчигдөр миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

А.Төгөлдөр, Д.Баярсайхан нар бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан бүргэдэй” их дэлгүүрийн урд олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан иргэн О.Бат-Эрдэнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан болох нь:

хохирогч О.Бат-Эрдэнийн “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Хан бүргэдэй” их дэлгүүрийн 1 дүгээр давхарт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ...23 цаг 30 минутын үед манай байгууллагын зочны лифт гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, байгууллагын хойд талын лифт нэг давхарт ирж онгойгоод дотроос нь 2 залуу хоорондоо маргалдсан хэрэлдсэн байдалтай бууж ирээд хаалгаар гараад явахаар нь зодоон хийх гэж байна даа энэ хоёр, би салгахгүй бол болохгүй гээд хаалгаар гараад шар пальтотой залуу нь нөгөө хар куртиктэй залууг заамдаж бариад 2 удаа мөргөхөөр нь би дээд давхруудад байрлах Даваахүү, Эрдэнэбаяр нарыг станцаар дуудаад гадаа зодоон болоод байна, хурдан ирээрэй гэж хэлээд гадагшаа гараад нөгөө 2 залуу дээр очоод дундуур нь ороод хөгшөөн болио дэмий гэж хэлээд дундуур нь гараа оруулаад цээж рүү нь түлхтэл шар пальтотой... туранхай өндөрдүү залуу нь намайг үгийн зөрүүгүй заамдаж авахад би хөгшөөн хэрэггүй, ажлаа хийж байна гэхэд заамдсан гараа тавилгүй миний баруун хөл рүү нэг удаа хүчтэй хавсрахад би газар унасан. Гэтэл нөгөө хажууд нь байсан хар өнгийн куртиктэй залуу нь миний баруун хөлний шилбэ орчим 2-3 удаа маш хүчтэй дэвссэн. Манай хамгаалагч Даваахүү, Эрдэнэбаяр 2 зэрэг гарч ирээд тэр 2 залууг надаас холдуулсан. Гэтэл би босох гэтэл хөл янгинаж өвдөөд гишгэж чадахгүй байсан. Намайг хавсарч унагаахад би хойшоо савж унасан ба миний дээрээс нөгөө заамдсан залуу гараа тавилгүй цээжин дээр унасан, мөн гараараа 2-3 удаа цохиж байхад нь би гараараа хаасан. Энэ 2 залуу хоёулаа согтуу байсан ба ер нь бол нилээн согтолттой байсан. Хавсруулж унах үед үү, эсвэл миний хөлөн дээр хүчтэй дэвсэх үед үү, алийг нь юм би сайн мэдэхгүй байна, миний хөл хугарсан байсан. Намайг энэ 2 залуу нийлж цохиж зодсон...” /хх-ийн 11-13 тал/,

гэрч Б.Эрдэнэбилэгийн “...Манай байгууллагын шинэ жил 2015 оны 12 дугаар сарын 19-нд болсон. ...Би эхнэртэйгээ маргалдаж байгаад хараалын үг хэлсэн, гэтэл Төгөлдөр хажуу талаас миний хөгшөөн эхнэртэйгээ ингэж ярьж болохгүй гээд намайг нэг удаа мөргөсөн, би тэгэхээр нь маргалдаад бид 2 барилцаж заамдалцаж аваад гадагшаа гарсан. Гадаа гарч ирээд би Төгөлдөртэй маргалдсан. Манай эхнэр бид нарыг салгах гээд байсан, тус төвийн хамгаалагч бололтой залуу ирчихсэн харагдаж байсан, бид нарыг салгах гэтэл Төгөлдөр тэр цаана нөгөө хамгаалагчтай маргалдаад байсан, тэгээд би юу болсныг нь сайн санахгүй байна...” /хх-ийн 17 тал/,

гэрч Д.Санчирмаагийн “...лифтэнд манай нөхөр би дахиад архи уумаар байна арай болоогүй байна найз нөхөдтэйгээ дахиад явна гэхээр нь би загнангуй байдалтай одоо болноо гээд хэлсэн. Тэгээд манай нөхөр за тэгье харъя гэсэн. Гэтэл манай нөхрийн ажлын газрын ажилчид бололтой 2 залуу хамт лифтэнд суусан байсан ба нэг залуу нь шар пальтотой, нөгөөх залуу нь шар куртиктэй байсан ба шар куртиктэй залуу нь манай  нөхрийг чи ер нь яасан том юм бэ, яадаг гэнээ гээд манай нөхрийг заамдаж аваад мөргөсөн. Нэг давхарт лифт зогсоход нөгөө залуу манай нөхрийг дэлгүүрээс чирээд гарсан ба гадаа гарч ирээд манай нөхрийг цохих гээд, зодох гээд дайраад байсан, би салгах гээд дундуур нь орсон. Дэлгүүрийн хамгаалагч бололтой нэг залуу гарч ирээд больцгоо, тарцгаа гэхэд нөгөө анх маргаан эхэлсэн шар куртиктэй залуу хамгаалагчтай барилцаж аваад маргалдаж эхэлсэн. Гэтэл шар пальтотой залуу нь хамгаалагчийг барьж аваад цохиод байх шиг харагдсан, удалгүй нөгөөх хамгаалагч газар унасан ба нөгөө 2 залуу хоёулаа болихгүй маягтай дайрч байсан. Хоёулаа хөл рүү нь нилээн хэд хэдэн удаа өшиглөж байсан, би болиоч ээ хүн аллаа гээд орилтол салахгүй хөл бөгс орчим руу нь өшиглөөд байсан, хамгаалагч бололтой дахиад хүмүүс гарч ирж салгасан. Нөгөө хөл рүүгээ өшиглүүлсэн залуу хөл хугарчихлаа гээд орилоод байсан...” /хх-ийн 19 тал/,

гэрч Б.Эрдэнэбаярын “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 давхарт ажиллаж байсан чинь станцаар Даваахүү дуудаад гадна талд зодоон гараад байна, Бат-Эрдэнэ гадаа байна, гялс гараад ир гэнээ гэхээр нь бид 2 лифтээр буугаад гарч очтол Бат-Эрдэнэ 2 машины дунд хажуу талаараа уначихсан хөлөө шилбээрээ барьчихсан хөл гээд орилоод байхаар нь яасан бэ, юу болсон гэхэд энэ залуучууд унагаад хөл дээр дэвсчихлээ гэхээр нь аль нь юм бэ гэхэд шар бор өнгийн куртиктэй залуу, нөгөөх нь шар пальтотой 2 залууг заагаад энэ өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд тэр 2 залуу согтуу байсан ба хараалын үг хэлээд дахиад дайраад байсан, намайг шар пальтотой залуу нь заамдаж аваад чихэнд зүүсэн байсан станцны чихэвч тасалсан...” /хх-ийн 23 тал/,

гэрч Ч.Даваахүүгийн “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ханбүргэдэй их дэлгүүрийн хамгаалагчаар Бат-Эрдэнэ, Эрдэнэбаяр нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Бат-Эрдэнэ станцаар доошоо гялс буугаад ирээрэй гэхээр нь би Эрдэнбаяр ахад гялс мэдэгдээд хамт дэлгүүрийн гадаа ирэхэд хүмүүс бужигнаж байсан ба Бат-Эрдэнэ газар уначихсан хөл гээд орилж байхаар нь яасан, юу болсон юм бэ гэхэд унагаагаад хөлөнд дэвсчихлээ гээд тэнд байсан залуучуудын хоёрыг нь заасан. Тэгэхээр нь бид 2 өргөж босгох гэтэл хөлөн дээрээ гишгэж чадахгүй байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан. Бат-Эрдэнийг дамжлаад ажил руу оруулж өгтөл нөгөөх шар куртиктэй залуу, шар пальтотой 2 залуу хэлэх хэлэхгүй үгээр дайраад байсан...” /хх-ийн 24 тал/,

шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Далд хугарал гэдэг нь арьс, салст гэмтээхгүй, шарх үүсгэхгүй хугарлыг далд хугарал гэж байгаа юм. Хатуу мохоо зүйлийн хэд хэдэн болон нэг удаагийн  цохилтоор үүсэх боломжтой. Уг гэмтэл нь өшиглөх буюу хавсрах, мөн дэвсэх аль аль тохиолдолд үүссэн байх боломжтой гэмтэл юм...” /хх-ийн 33 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны 167 дугаар “...Бат-Эрдэнийн биед баруун шаант ясны доод булуунд далд хугарал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 тал/,

2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарын танхайрч байгаа үйл явдлыг харуулж буй “Хан бүргэдэй” их дэлгүүрийн дотор болон гадна камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-30 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарын “...бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой олон нитийн газар болох Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан бүргэдэй” их дэлгүүрийн урд зүй ёсны шаардлага тавьсан иргэн иргэн О.Бат-Эрдэнийг зодож, түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “...бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн...” гэсэн “Танхайрах” гэмт хэргийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “...энэ хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ.  

 

Хохирогч О.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Хохирол бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйлгүй. Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн “...цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн баримт /хх-ийн 110 тал/-д өөрөө гарын үсэг зурсан...” гэж байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тогтоож шийдвэрлэснийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Үүнээс гадна анхан шатны шүүхийн А.Төгөлдөр, Д.Баярсайхан нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хохирогч О.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                          Ц.ОЧ

 

                                                                                                      Д.ОЧМАНДАХ