Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

М.Жаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Нямдорж,

ялтан М.Жаргалын өмгөөлөгч Д.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 454 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Жаргал, түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Жаргалд холбогдох 2014250003796 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Алаг адуу овогт Мөөгөний Жаргал, 1963 оны 4 дүгээр сарын 7-нд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24-49 тоотод оршин суух бүртгэлтэй, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, 2006 онд хошууч генерал цолоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, /РД: ЕП63040751/;

 

М.Жаргал нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” техникийн зах дээр 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хохирогч С.Баянжаргалаас “Тоёота Клугер” загварын тээврийн хэрэгслийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 16,500,000 төгрөгийг өгнө хэмээн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж аван 22,125,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” техникийн зах дээрээс 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хохирогч Д.Цэдэн-Ишээс “Тоёота Эстима” загварын тээврийн хэрэгслийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөнгийг чинь өгнө хэмээн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж аван 10,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” техникийн зах дээрээс 2014 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Д.Цэдэн-Ишээс “Тоёота Приус 20” загварын 2 ширхэг тээврийн хэрэгслийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөнгийг чинь өгнө хэмээн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж аван 22,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул-2” зах дээрээс 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хохирогч Б.Баярсайхантай “Батлан хамгаалах яам 50 тонн мах авч байна, гэрээ байгуулъя, 2014 оны 5 дугаар сарын мөнгийг чинь өгнө” хэмээн гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар 84,000,000 төгрөгийн мах авч мөнгийг нь өгөлгүй залилан мэхэлсэн,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цайз” төвийн 2-24 тоот хашаанаас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Цогтбаяраас “Ирэх жилийн сонгуулийн жил манай яам танайхаас сийлбэргүй 30 гэр, сийлбэртэй 5 гэр авна, 7 сард мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар 6х8 хэмжээтэй дүнзэн байшингийн торх 1 ширхэгийг авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2015 оны 9 дүгээр сарын эхээр 6 ханатай болон 8 ханатай сийлбэртэй 2 ширхэг гэрийг “мөнгийг чинь удахгүй өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар авч 30,200,000 төгрөгийн хохирол учруулан, нийт 4 иргэнд 6 удаагийн давтан үйлдлээр 174,675,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: М.Жаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Алаг Адуу овогт Мөөгөний Жаргалыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авч залилан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар М.Жаргалыг 5,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Жаргалд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар М.Жаргалын цагдан хоригдсон 68 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, энэ хэрэгт Ү-2204011017 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 24 дүгээр байр, 49 тоот 3 өрөө орон сууц, Ү-2202009619 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Өвөр гүнтийн 2100 тоот 134.2 м.кв орон сууцыг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Жаргалаас 74,075,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цэдэн-Ишид 27,850,000 төгрөг, хохирогч С.Баянжаргалд 20,125,000 төгрөг, хохирогч Д.Цогтбаярт 26,100,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Жаргал давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн байцаагчид Батлан хамгаалахын сайдын тушаалыг үзүүлсэн боловч хайхарч үзээгүй намайг хувьдаа аваад ашигласан юм шиг их хэмжээний хохирол гаргаж хилс хэрэгт ял тулгасанд гомдолтой байна. Намайг өвчтэй, эмчилгээ хийлгэж байхад хорьсны улмаас эрүүл мэндээрээ хохирч байна. “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газарт гэрээгээр бараа материалаа өгсөн аж ахуйн нэгж, хувь хүмүүст Батлан хамгаалах яам өглөгийг өгөхгүй удсанаас болж надаас нэхдэг байсан. “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газраас авлагатай аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн өглөгийг хувиасаа болон ах, дүү, найз нараас мөнгө зээлэх буюу зах зээлд борлуулах боломжтой бараа материалыг гэрээ байгуулан авч, зах зээлд борлуулан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн өглөгийг барагдуулж, “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилчин, албан хаагчдын цалин, хүн амын орлогын албан татвар, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгох ёстой цалин, тэтгэмжид өгч байсан. Дээрх зорилгоор Цэдэн-Иш, Баянжаргал, Цогтбаяр нараас дараах төрлийн автомашин, торх авч “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмнөөс өрөнд нь тооцож аж ахуйн нэгж, хувь хүмүүст өгсөн болно.

Цэдэн-Ишээс “Тоёота приус” загварын 2 машиныг 22,000,000 төгрөгөөр, “Тоёота эстима” загварын машиныг 9,000,000 төгрөгөөр, Баянжаргалаас “Тоёота клугер” загварын машиныг 22,500,000 төгрөгөөр, Цогтбаяраас 8 ханатай сийлбэртэй гэрийн модыг 13,000,000 төгрөгөөр, 6 ханатай гэрийн модыг 8,000,000 төгрөгөөр, 6х8 харьцаатай торхыг 6,000,000 төгрөгөөр тооцож авсан.

“Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газраас авлагатай аж ахуйн нэгж, хувь хүмүүст дээрх 3 хүнээс авсан 62,500,000 төгрөгийн машин, гэр, байшингийн торхыг өгсөн. Цогтбаяраас авсан гэр, торхны үнэнд байшин өгнө гэж тохирсон. Тухайн үед газрын бичиг баримт банкны зээлийн барьцаанд тавьсан учир шилжүүлж өгч чадаагүй юм. Одоо зээлээ төлсөн тул бичиг баримтыг шилжүүлж өгнө. Мөн Батлан хамгаалах яамны тендерийн хорооны шийдвэрээр Олон улсын энхийн дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний хэрэглэх хүнсийг аж ахуйн нэгж, хувь хүнээс гэрээгээр авч байсан. Тухайлбал Баярсайханы махны өрөнд Баянжаргалаас авсан “Тоёота клугер” машиныг 20,000,000 төгрөгөөр, Цэдэн-Ишээс авсан “Тоёота приус” машиныг 10,000,000 төгрөгөөр, Цогтбаяраас авсан 8 ханатай сийлбэртэй гэрийг 12,000,000 төгрөгөөр, 6 ханатай гэрийг 6,000,000 төгрөгөөр Цэдэн-Ишид, Цогтбаяраас авсан 6х8 харьцаатай торхыг 2,000,000 төгрөгөөр “Хүчний багана” ХХК-д, Цэдэн-Ишээс авсан “Тоёота приус” машиныг 11,000,000 төгрөг, “Тоёота эстима” загварын машиныг 9,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Дээрх 3 хүний өрийг үе шаттайгаар барагдуулж байсан. Цэдэн-Ишид бэлнээр 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн мод, торхыг 2,000,000 төгрөгөөр, 2 хөөрөгийг урьдчилгаа байдлаар тус бүрийг нь 3,000,000 төгрөгөөр үнэлж нийт 13,000,000 төгрөгийг барагдуулж, 18,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Баянжаргалд бэлнээр 1,500,000 төгрөг, хөөрөг 3 ширхэг тус бүрийг 3,000,000 төгрөгөөр тооцож 10,500,000 төгрөгийг барагдуулж, 12,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Цогтбаярт бэлнээр 6,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн мод өгсөн. 18,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж тооцож байсан. Цэдэн-Иш, Баянжаргал нарт өгсөн хөөрөгнүүдийг зах зээлийн үнээр зарах боломжтой. Би аргагүй эрхэнд дээрх хүмүүсийн өрийг хурдан барагдуулахын тулд өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх хүмүүсээс авсан автомашиныг зах зээлд борлуулж мөнгөөр эмчилгээ хийлгэсэн гэж бичсэн. Мөн прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд хохирол зөрүүтэй байна. Би өөрийн байраа Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авч эмчилгээ хийлгэсэн. Мөн “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс авсан бараа материалыг зах зээлд борлуулаад юу хийснийг гүйцэд тогтоогоогүй. Тус төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа амралт, сувилал, аялал жуулчлалын баазуудаар очиж үзэж тогтоох шаардлагатай байсан. Миний бие шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөн боловч зарим баримтыг хэргийн материалд хийгээгүй байна. “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газрын амралт, сувилал, аялал жуулчлалын баазуудыг Батлан хамгаалахын сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хамт олны хүчээр богино хугацаанд байнгын ажиллагаанд оруулж өгөөд өөрөө хүнд ял авч байгаад гомдолтой байна. Миний бие хувьдаа ямар ч өмч хөрөнгө зарцуулаагүй, харин “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмнөөс дээрх хүмүүст 84,000,000 төгрөгийг хувиасаа барагдуулсан. Батлан хамгаалах салбарт 30 гаруй жил зүтгэсэн хүний хувьд салбарын нэр хүндийг бодож ингэж шийдсэн юм. Цэргийн албан хаагчдын сайн сайхны төлөө хийсэн зүйлийнхээ төлөө хүнд ял авч, эрүүл мэндээр хохирч байна. Миний гаргасан давж заалдах гомдол болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж батлан даалтад гаргаж эмчлүүлэх эрхийг хангаж, надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. Учир нь хохирогч нарын хохирлыг “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмнөөс бүрэн барагдуулж байгаа болно...” гэжээ.

 

Ялтан М.Жаргалын өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 454 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно” гэж заасан.

М.Жаргал нь 2014 оны 3 дугаар сарын 6-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул-2” зах дээр иргэн Б.Баярсайхантай хэлэлцэн тохиролцсноор “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал өөрийн ажил дээрээ Баярсайханыг урьж “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар Б.Баярсайхан нарын хооронд мax махан бүтээгдэхүүн авах гэрээ байгуулснаар түүнээс 84,000,000 төгрөгийн хонины мах хүлээн авч, урьд онд бусдаас гэрээгээр авсан махны төлбөр Тухайлбал: 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Монгол цэрэг констракшн”, “Жаст-Агро” ХХК-ийн хооронд байгуулсан мax махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу авч цэргийн хүнсэнд хэрэглэсэн 230,000,000 төгрөгийн махны өр төлбөрийн дутууд Баярсайханаас авсан хонины махнаас 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 46,569,600 төгрөгийн махыг “Жаст-Агро” ХХК-д аваачиж өгсөн. Үлдэгдэл 37,430,400 төгрөгийн махны асуудлаар мөрдөн байцаалтын шатанд хэрхэн зарцуулсан талаар тогтоосон баримт хавтаст хэргийн материалд байхгүй бөгөөд М.Жаргалын мэдүүлэг “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилчдын цалинд уг үлдэгдэл махыг борлуулсан мөнгийг олгосон гэдэг боловч мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй болно.

Б.Баярсайхан нь хуулийн байгууллагад ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй ба 53,000,000 төгрөгийн махны өр төлбөрийн тооцоо мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэхээс өмнө эдгээр талуудын хооронд хийгдсэн байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Б.Баярсайханыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч махны өрөнд авч өгсөн машин техникийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар битүүмжлэх, эд хөрөнгө хамгаалах ажиллагааг тухайн үед хийгээгүй орхисон байна.

М.Жаргал нь хохирогч Баярсайханаас авсан 84,000,000 төгрөгийн махны өрөнд 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хохирогч С.Баяржаргалаас “Тоёота Клугер” загварын машин 22,500,000 төгрөгт тохиролцон Батлан хамгаалах яамнаас цэргийн тэтгэмж, тэтгэлэг /Цэргийн алба хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6 заасан тэтгэмж тэтгэлэг/ өгөхөөр мөнгийг төлөх болзолтойгоор өөрөө унах гэж авсан боловч Б.Баярсайханд 20,000,000 төгрөгт тооцож өрөнд өгсөн. Мөн Д.Цэдэн-Ишээс “Тоёота Приус 20” загварын машин 11,500,000 төгрөгт тохиролцож авч зарж мөнгийг өгөхөөр авсан боловч бусдын шахалт, дарамтын улмаас Баярсайханаас авсан махны өрөндөө өгсөн.

Хохирогч Д.Цогтбаяраас мөн цэргийн тэтгэмж, тэтгэлэг олгохоор мөнгийг төлөхөөр тохиролцон 8 ханатай гэрийг 15,000,000 төгрөгөөр, 6 ханатай гэрийг 8,000,000 төгрөгөөр тооцон авч Баярсайханаас авсан махны өрөндөө 20,000,000 төгрөгт тооцож өгсөн.

“Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газар “Хүчит багана констракшн” ХХК-тай 2013 онд талх нийлүүлэх гэрээ байгуулан Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн цэргийн хүнсэнд 55,000,000 төгрөгийн талхийг нийлүүлсэн ба талхны өрөнд Д.Цэдэн-Ишээс 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Тоёота Приус 20” загварын машин 11,500,000 төгрөгт, “Тоёота Естима” загварын машин 9,000,000 төгрөгт тохиролцон авч “Хүчит багана констракшн” ХХК-ийн захирал Ж.Өлзиймөнхөд 2 машиныг хамтад нь 20,000,000 төгрөгөөр тооцож байгууллагын өр төлбөр барагдуулжээ. /БХС-ын 2015 оны 4 дүгээр сарын 2-ны А/88 дугаар тушаал/

Мөн Д.Цогтбаяраас 6x8 хэмжээтэй дүнзэн торхийг 6.000.000 төгрөгт тохиролцон авч хохирогч Цэдэн-Ишид 2.000.000 төгрөгийн өрөнд тооцон өгсөн.

М.Жаргалын дээрх үйлдэл бүгд мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар тогтоогдон хавтаст хэрэгт авагдсан ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал болох санаа, сэдэлт, зорилго, объектив талын шалтгаант холбоо, үйлдэл зэрэг нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэж байна.

М.Жаргал нь хохирогч нарт өөрийн боломж бололцоогоор хохирогч Баянжаргалд 2,000,000 төгрөг, нэг бүр 5,000,000 төгрөгийн үнэтэй 3 хөөрөг /мөрдөн байцаагч хөөрөгний үнэлгээ тогтоох ажиллагаа хийгээгүй/, Цэдэн-Ишид 1 машин түлшний мод, бэлэн мөнгө, Цогтбаярт 3 машин түлшний мод, бэлэн мөнгө, хашаа байшин санал болгох гэх мэтээр өгсөн буюу үйл ажиллагааг хийж байсан байна.

М.Жаргалд ямар нэгэн эд хөрөнгө байхгүй ба Батлан хамгаалах яамнаас олгох тэтгэлэгтээ итгэл найдвар тавьж байсан бөгөөд өөрийн найз болон ах дүү нараасаа тусламж гуйж тэдгээрээс санал болгосон хашаа, байшинг хохирогч нарт авахыг санал болгож байсан бөгөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 3 өрөө орон сууц, Өвөр гүнтэд байршилтай Зуслангийн байр зэрэг үл хөдлөх хөрөнгө шүүгдэгчийн нэр дээр бүртгэлтэй боловч эдгээр нь “Жи Эс Би Капитал” Банк бус санхүүгийн байгууллагад 50,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд барьцаалагдсан ба мөрдөн байцаалтын шатанд эдгээр хөрөнгөнд битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй болно.

Шүүгдэгч болон хохирогч талууд өөрсдийн тохиролцсон үнийн дүн болон хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй байхад эд хөрөнгийн бодит хохирлын тооцоог гаргахгүйгээр тухайн төрлийн эд хөрөнгийн зах зээлийн ханшийн үнийг шинжээчийн дүгнэлтээр гаргуулан зах зээлийн үнэлгээгээр тооцсон ба бодит хохирол мөрдөн байцаалтын шатанд тооцоолсноор 162,000,000 төгрөг байхад, шүүх 174,675,000 төгрөгөөр тооцож 12,000,000 төгрөгөөр нэмж төлбөр ногдуулсан нь үндэслэл болгосон хуулийн заалт тодорхой бус, тооцоог буруу хийсэн байна.

Мөн хохирогч Д.Цогтбаяраас 8 ханатай гэр 15,000,000 төгрөг, 6 ханатай гэр 8,000,000 төгрөг, торх 6,000,000 төгрөг нийт дүнгээрээ 29,000,000 төгрөг түүнээс анх авахдаа 3,000,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 26,000,000 төгрөгийн хохирол, түүнээс дахин барагдуулсан төлбөр 9,100,000 гэж дүгнэсэн атлаа Д.Цогтбаярт 26,100,000 олгохоор шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолын дүгнэлтэнд М.Жаргал нь 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэвэрт гарсан ажилгүй үедээ гэмт хэргийг үйлдсэн гэжээ. Хавтаст хэргийн материалын ямар нотлох баримтыг үндэслэсэн дүгнэлт хийсэн тодорхой бус байна.

Засгийн газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 63 дугаар тогтоолоор М.Жаргалын ерөнхий захирлаар ажиллаж байсан “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд нэгтгэх тогтоол гаргасан. Тэгвэл 1 жил 2 сарын дараа Батлан хамгаалахын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Аудитын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай А/88 дугаар тушаал гарсан байна. Ерөнхий захирал М.Жаргалын ажлыг хэзээ хүлээж авсан нь тодорхой бус ба Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлд ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөр халагдсан, чөлөөлөгдсөн өдрийг тооцно гэж хуульчилсан нь халагдсан өдөр тодорхой бус байна.

“Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь өөрийн харъяанд Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн “Шонхор” зуслан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” гүүний саамийн амралт зэрэг газруудыг хүлээлцэхэд хүлээлгэн өгсөн ажилчин, албан хаагч Монгол цэрэг констракшны ажилчид ба эдгээрт олгосон цалин ажлаас хэзээ чөлөөлсөн тухай нотлох баримт байхгүй. Эдгээрийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй бөгөөд Засгийн газрын 63 дугаар тогтоолын дараагаас Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 4 дүгээр сарын 2-ны А/88 тушаал хүртэлх хугацааны хооронд “Монгол цэрэг констракшн” Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой гарсан Батлан хамгаалах яамны сайдын болон бусад эрх зүйн актуудын зарим заалтууд хууль зөрчсөн болон М.Жаргалын эсрэг үйл ажиллагаа явуулсан мэт харагдаж байна. /Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан Засгийн газрын бүрэн эрх, ...хуулиар олгосон Батлан хамгаалах сайдын бүрэн эрх, Иргэний хуулийн 32-р зүйл гэх мэт/

М.Жаргалын цэргийн хүнсний хэрэгцээнд авсан талхны үнэ төлбөрт өгсөн 20,000,000 төгрөг, мөн цэргийн хүнсэнд хэрэглэсэн махны өр төлбөр болон ажилчдын цалинд олгосон 84,000,000 төгрөг, нийт 104,000,000 төгрөгтэй холбоотой хохирол төлбөрийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх зааснаар хэргийн хамт шийдвэрлэх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Жаргалыг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ш.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Ялтан М.Жаргал, түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй. Анхан шатны шүүх М.Жаргалын үйлдсэн хэрэг, хувийн байдалд нь тохирсон ял оногдуулж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хуулийн ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

М.Жаргалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа яллагдагчийн эрхийг хасч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Үүнд:

 

1. М.Жаргалыг 6 удаагийн давтан үйлдлээр бусдыг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа хохирогч Д.Цогтбаярыг хуурч мэхлэн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 6х8 хэмжээтэй дүнзэн байшингийн торх 1 ширхэгийг залилан мэхлэж авсан, 2015 оны 9 дүгээр сарын эхээр 6 ханатай болон 8 ханатай сийлбэртэй 2 ширхэг гэрийг залилан мэхлэж авсан гэх 2 удаагийн үйлдэлд яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасан “...ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах, гомдол гаргах, тухайн хэргийн талаар тайлбар, мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргах, нотлох баримт шалгуулах...” гэх мэт яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хасч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.     

 

2. Цагдаад Д.Цогтбаяр нь “...4х6 хэмжээтэй модон торхыг 6,000,000 төгрөгөөр, 6 ханатай сийлбэртэй гэрийг, 130х60 хэмжээтэй сийлбэртэй ширээний хамт 8,000,000 төгрөгөөр, 8 ханатай сийлбэртэй гэрийг 12,000,000 төгрөгөөр тус тус тооцож авсан” гэж буюу М.Жаргалын үйлдлээс 26,000,000 төгрөгийн хохиролтой гэж гомдол /9-р хх-ийн 3 тал/ гаргасан, хохирлын нотлох баримт болгож 8 ханатай сийлбэртэй монгол гэрийн модны төлбөр 12,000,000 төгрөг /9-р хх-ийн 4 тал/, 4х6 хэмжээтэй 1 ширхэг модон торх, 6 ханатай сийлбэртэй монгол гэр худалдаж авсны төлбөр 14,000,000 төгрөг /9-р хх-ийн 5 тал/ гэсэн М.Жаргалтай 26,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, /8-р хх-ийн 4 тал/ зэргийг гаргаж өгсөн байхад торхыг 5,000,000 төгрөгөөр, 6 ханатай сийлбэртэй гэрийн модыг гоёлын өрх, дотор гадар цагаан бүрээсний хамт 12,200,000 төгрөгөөр, 8 ханатай сийлбэртэй гэрийн яс модыг 18,000,000 төгрөгөөр үнэлж хохирлын хэмжээг 35,200,000 төгрөг болгож 9,200,000 төгрөгөөр ихэсгэсэн нь ойлгомжгүй байна. Мөн Д.Цогтбаярын залилан мэхлүүлсэн гэх “...130х60 хэмжээтэй сийлбэртэй ширээ...”-ний талаарх асуудалд байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй байна.

Д.Цэдэн-Иш “...3 машины 32,000,000 төгрөгөөсөө нэг ч төгрөг авч чадаагүй...” гэж гомдол  /1-р хх-ийн 11 тал/, “...32.0 сая төгрөгийг ирэх долоо хоногт Цэдэн-Ишид өгнө...” гэсэн М.Жаргалын бичиж өгсөн баримт /1-р хх-ийн 12 тал/ гаргасан, хохирогчоор “...Эстима маркийн машиныг 9 сая төгрөгөөр , 2 приусыг тус бүрийг нь 11,500,000 төгрөгөөр нийт  32 сая төгрөгийн машинуудыг М.Жаргал залилан мэхлэж авсан...” /1-р хх-ийн 21 тал/ гэж мэдүүлсэн байхад Estema загварын машиныг 10,750,000 төгрөгөөр, Prius загварын машиныг 1-ийг нь 13,000,000 төгрөгөөр нийт 3 машины үнэлгээг 33,350,000 төгрөг /1 хх-ийн 183 тал/ болгож хохирлын хэмжээг 1,350,000 төгрөгөөр ихэсгэжээ. Мөн С.Баянжаргалд учруулсан хохирлыг Д.Цогтбаяр, Д.Цэдэн-Иш нарынхтай адил ихэсгэжээ.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ...”-г нэг бүрчлэн зөв тогтоох шаардлагатай гэж үзэв.

 

Дээрх  үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Жаргалд холбогдох хэргийг магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, ялтан М.Жаргал, түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 454 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Жаргалд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорт очтол М.Жаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

                                           

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                   Д.ОЧМАНДАХ