Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Х.Надмид, Ц.Амарсайхан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Агар,

хохирогч Ш.Энхжин, түүний өмгөөлөгч С.Одгариг,

шүүгдэгч Ц.Амарсайхан,

шүүгдэгч Х.Надмид, Ц.Амарсайхан нарын өмгөөлөгч Ц.Одончимэг,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Надмид, Ц.Амарсайхан нарын өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Надмид, Ц.Амарсайхан нарт холбогдох 201525013090 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ачит овогт Хорхойн Надмид, 1946 оны 12 дугаар сарын 27-нд төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл ганцаараа, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл тауны 801 дүгээр байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХБ46122702/;

 

Харчу овогт Цэнддоржийн Амарсайхан, 1971 оны 8 дугаар сарын 13-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон 51 дүгээр байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, Октябрь дүүргийн шүүхийн 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ЧД71081378/;

 

Х.Надмид, Ц.Амарсайхан нар нь 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 331 тоот дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээ, “МАНУ” ХХК-ийн нэр шилжүүлэх хүсэлт зэрэг баримтыг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гарган өгч иргэний хэргийн нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Надмид, Ц.Амарсайхан нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Надмид, Ц.Амарсайхан нарыг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Ачит овогт Хорхойн Надмид, Харчу овогт Цэнддоржийн Амарсайхан нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Х.Надмид, Ц.Амарсайхан нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Х.Надмид, Ц.Амарсайхан нарт холбогдох “Ману” ХХК-ийн хуурамч гэдэг нь тогтоогдсон нэр шилжүүлэх тухай хүсэлтийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлж өгсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Надмид, Ц.Амарсайхан нарын өмгөөлөгч Ц.Одончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Ц.Амарсайхан, Х.Надмид нарт холбогдох Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, Ц.Амарсайхан, Х.Надмид нарын нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар гомдлынхоо үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Х.Надмидыг Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлж, улмаар дээр дурдсан заалтаар ялласан ба анхан шатны шүүх Х.Надмидыг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх Х.Надмидыг иргэний шүүн таслах ажиллагааны оролцогч гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Х.Надмид дараах байдлаар иргэний шүүн таслах ажиллагааны оролцогч биш юм.

Х.Надмид 1116 дугаар шийдвэр бүхий иргэний хэргийн оролцогч огт байгаагүй,

2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Х.Надмид гаргаагүй. Харин түүний эрх олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Амарсайхан тус нэхэмжлэлийг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдсон. Дээрх үйл баримт хавтаст хэргийн 16-25, 26-31, 41-51, 66-75, 98-100 дугаар талд авагдсан баримтаар нотлогдоно.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Х.Надмидыг иргэний хэргийн зохигч буюу оролцогч, гэмт хэргийн субъект мөн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр оролцож байгаа этгээд хамаарна”, мөн хуулийн 35, 36 дугаар зүйлээр тогтоосон хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх зүйн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй.

Х.Надмидыг нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгч, иргэний хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэмээн ялласан ба шүүх тухайн үндэслэлээр түүнийг гэм буруутайд тооцсон. Гэвч Х.Надмид нь “Ялгуун прогресс” ХХК-ийн захирал бөгөөд тэрээр Захиргааны хэргийн шүүхийн 208 дугаар шийдвэр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон дээр дурдсан 1116 дугаар шийдвэр бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй, тэдгээр хэргийн оролцогч биш, тухайн хэргүүдэд авагдсан нотлох баримтын талаар мэдээлэл бүхий этгээд биш байтал шүүх ийнхүү нотлох баримт болон бодит үнэнд үл нийцэх дүгнэлт хийн Х.Надмидыг Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж дүгнэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болсон.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон баримтыг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гарган өгч, иргэний хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн” хэмээн яллаж, шүүх “...шинжээчийн дүгнэлтээр тогтоосныг ...шүүх болон Х.Надмид, Ш.Энхжин нар хүлээн зөвшөөрсөн, уг хуурамч гэрээг Х.Надмид, Ц.Амарсайхан нар мэдсээр байж нотлох баримт болгон гаргаж өгсөн...”-өөр хэргийн бүрдэл хангагдсан байна гэж дүгнэсэн бөгөөд ийнхүү дүгнэхдээ дээр дурдсан Х.Надмидын 208 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг, 1116 дугаар шийдвэртэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байдлыг бодитой дүгнээгүйн зэрэгцээ “...Х.Надмид хүлээн зөвшөөрсөн” гэх ямар ч баримтад үндэслээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Ц.Амарсайханы тухайд тэрээр 1116 дугаар шийдвэртэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч мөн хэдий ч түүний шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн үйлдэлд гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн байхгүй тул түүнийг гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх үйлдэл байдаг. Гэтэл улсын яллагч тус хуулийн объектив талын шинжийг төсөөтэй хэрэглэж, “...шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон баримтыг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гарган өгч, иргэний хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн” хэмээн яллаж, шүүх “...шинжээчийн дүгнэлтээр тогтоосныг ...шүүх болон Х.Надмид,  Ш.Энхжин нар хүлээн зөвшөөрсөн, уг хуурамч гэрээг Х.Надмид, Ц.Амарсайхан нар мэдсээр байж нотлох баримт болгон гаргаж өгсөн”-өөр хэргийн бүрдэл хангагдсан байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын үндэслэл болсон шинжээчийн 331 дүгээр тогтоолоор С.Болдын   гарын   үсгийг   хэвлэх   төхөөрөмж  ашиглагдаж хийгдсэн болохыг тогтоосон ба энэ нь түүнийг хуурамч гэдгийг нотлохгүй. Тодруулбал, тус шинжээчийн дүгнэлтээр дэлгүүрийн  байр худалдах, худалдан авах гэрээн дэх гарын үсэг хуурамч эсэхийг тогтоогоогүй. Улсын яллагч С.Болдын гарын үсгийг хэвлэмэл төхөөрөмжөөр хэн үйлдсэнийг огт нотлоогүй атлаа тус баримтыг хуурамч хэмээн үнэлж буй нь ойлгомжгүй, үндэслэлгүй.

Улсын яллагч Ц.Амарсайханыг хуурамч нотлох баримт гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн хэмээн буруутгасан ба шүүх мөн үндэслэлээр Ц.Амарсайханыг гэм буруутайд тооцохдоо “...идэвхтэй үйлдлээр захиргааны хэргээс хуулбарлан авч, хуурамч гэдгийг нь мэдсээр байж... нэхэмжлэлийн бүрдүүлбэр болгон хавсаргаж, шүүхэд өгсөн...” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь шүүх эрх зүйн хувьд ялгаатай нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөх гэх ойлголтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба энэ нь дараах байдлаар тайлбарлагдана.

Нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн агуулгаас харахад нотлох баримт бүрдүүлэх гэх ойлголт нь шүүхийн үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд нотлох баримтыг бий болгох, үйлдэх тухай ойлголт юм. Тодруулбал, хуульд зааснаар баримт бүрдүүлэх үүрэг хэргийн оролцогчдоос илүү шүүхэд хамааралтай үйл ажиллагаа.

Нотлох баримт гаргаж өгөх нь цуглуулах, бүрдүүлэхээс ялгаатай ойлголт бөгөөд онол, практикт нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх нь оролцогчдод хамаатай, харин дээр дурдсанаар нотлох баримт бүрдүүлэх нь шүүгчид хамааралтай ажиллагаа гэж үзнэ.

Дээр тайлбарласанчлан Ц.Амарсайхан захиргааны хэргийн материалд авагдсан байсан баримтыг тус шүүхээс хуулбар үнэн тэмдэгтэйгээр гаргуулан авч буюу тус баримтыг цуглуулж, шүүхэд гаргаж өгсөн үйлдэл хийснээс бус, тус нотлох баримтыг бүрдүүлэх үйлдэл огт хийгээгүй. Ийнхүү шүүх нотлох баримт гарган өгөх хууль зүйн ойлголтыг бүрдүүлэх гэх ойлголттой  нэгтгэн 1 үйлдэл мэтээр дүгнэсэн нь хуулийг хууль тогтоогчийн тогтоосноос өөр санаагаар, буруу тайлбарлахын зэрэгцээ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн хэрэг болсон.

Анхан шатны шүүх Ц.Амарсайханыг хуурамч гэдгийг мэдсээр байж нэхэмжлэлийн бүрдүүлбэр болгон хавсаргаж өгсөн хэмээн буруутгасан нь Эрүүгийн хуулийн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэсэн хэрэг болсон ба энэ дараах байдлаар тайлбарлагдана.

Ц.Амарсайхан захиргааны 208 дугаар шийдвэртэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш учраас тухайн баримтыг хуурамч эсэхийг мэдсэн байх боломжгүй.

Шүүхийн хуурамч хэмээн дүгнэсэн баримтыг Ц.Амарсайхан үйлдээгүй буюу тус баримтыг бий болгоогүй, бүрдүүлээгүй, харин дурдсан баримт Захиргааны хэргийн шүүхийн материалд байсан, тус шүүхийн хуулбар үнэн тэмдэгтэй баримт тул түүнийг хуурамч баримт бүрдүүлсэн, түүнийг мэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх баримт нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар, Б.Молормаад холбогдох эрүүгийн хэрэг, захиргааны хэргийн материалд баримтаар орсон баримт байсан бөгөөд ийнхүү байсан баримтыг Ц.Амарсайханыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, боломжгүй.

Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд тус хэргийн улмаас шүүн таслах ажиллагааны хэвийн, аюулгүй байдалд хохирол учирсан байх ёстой. Гэтэл шүүхийн хуурамч бөгөөд Ц.Амарсайханыг бүрдүүлж өгсөн гэж үзэж буй баримт 1116 дугаар шийдвэрийн үндэслэл огт болоогүй. Тодруулбал, шүүх тус баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй учраас Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Амарсайхан, Х.Надмид нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Амарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...“Ялгуун прогресс” ХХК-ийн захирал Х.Надмид надад итгэмжлэл хийж өгсөн. Захиргааны хэргийн шүүхээс авсан баримтаа хуулбар үнэн дардас даруулж нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн. Би ямар ч гэм буруугүй хэрнээ гэмт хэрэгтэн болж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ш.Энхжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Х.Надмидыг уг хэрэгт оролцоогүй, хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зохигчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч гэж заасан. Иргэний хэрэгт “Ялгуун прогресс” ХХК нь нэхэмжлэл гарган оролцож байгаа учраас Х.Надмид уг хэргийн оролцогч юм. Нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгснөөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан. Шүүхэд бүрдүүлж өгсөн баримт нь 1114 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээ бодитоор хийгдсэн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Х.Надмид нь Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон байдаг. Уг баримт хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хуулийн ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/...”, 80.1.2 дахь хэсэгт “...уг гэмт хэргийг хэн үйлдсэн...” гэж заасныг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Үүнд:

1. Прокуророос Х.Надмид, Ц.Амарсайхан нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “...Гэмт хэрэгт хамтран оролцох нь бүлэглэн гүйцэтгэх, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл гэсэн хэлбэртэй байна...” гэж заасан байх ба Х.Надмид, Ц.Амарсайхан нар нь чухам аль хэлбэрээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна. Яллагдагч нарын хамтран оролцооны хэлбэрийг нарийвчлан шалгаж, тогтоосны эцэст, тэдний үйлдэл, оролцоо бүрт хууль зүйн үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцооны хэлбэрийг зөв журамлан яллагдагчаар татаж, ял сонсгох нь зүйтэй.

 

2. “Ялгуун прогресс” ХХК-ийн захирал хэн болохыг тогтоосон баримт хэрэгт байхгүй байхад Х.Надмидыг “Ялгуун прогресс” ХХК-ийн захирал гэж үзээд, тус компанийг төлөөлөх итгэмжлэлийг Х.Надмид Ц.Амарсайханд олгосон гэж байгаа нь хэрэгт байгаа баримтаар эргэлзээтэй байна. Хэдийгээр Х.Надмид, Ц.Амарсайхан нар Х.Надмидыг “Ялгуун прогресс” ХХК-ийн захирал гэж байгаа ч хэрэгт байгаа “Ялгуун прогресс” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт “...удирдлагын овог нэр -Гочоодоржийн Батчимэг СБД 7-р хороо 11 хороолол 9-р байр 93 тоот...” гэжээ.

Мөн Ц.Амарсайхан шүүх хуралдаанд “...Х.Надмидын итгэмжлэлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон...” гэж байгаа боловч Ц.Амарсайханд олгосон итгэмжлэл нотлох баримтаар эрүүгийн хэрэгт байхгүй байгаа нь Ц.Амарсайханы гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болгож байна.

 

Тодруулбал, Х.Надмид “Ялгуун прогресс” ХХК-ийн захирал мөн эсэх, “Ялгуун прогресс” ХХК-ийн эрх бүхий хэн гэгч этгээд Ц.Амарсайханд итгэмжлэл өгсөн зэргийг тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтаар явуулсны эцэст Х.Надмид, Ц.Амарсайхан нарын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүн агуулж байгаа эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Надмид, Ц.Амарсайхан нарт холбогдох хэргийг магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Надмид, Ц.Амарсайхан нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорт очтол Х.Надмид, Ц.Амарсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                   Д.ОЧМАНДАХ