Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 433

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Я.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,

ялтан Я.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулж,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 103А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Я.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Я.Түвшинжаргалд холбогдох 201201051308 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өгөөмөр овогт Ядамсүрэнгийн Түвшинжаргал, 1985 оны 3 дугаар сарын 8-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8-318 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. 2002 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалаар өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2. 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 8 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн,

3. 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, НЮ85030832 регистртэй;

 

Я.Түвшинжаргал нь урьд бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73-1149 тоотод оршин суух М.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн орж “Самсунг” загварын 42 инчийн зурагт, “нокиа 6300” загварын гар утас хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол,

2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-0084 тоотод оршин суух Л.Лхагвасүрэнгийн гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн орж “Тошиба” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 180,000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар Ядамсүрэнгийн Түвшинжаргалын Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлснээс хойш ялгүйд тооцох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөн хэлтрүүлж,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор Я.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 15 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жилийн хорих ялаар шийтгэж,

Прокуророос Я.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Я.Түвшинжаргалыг давтан бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаас 3 сар, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаас 3 сарын хорих, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас 6 сарын хорих, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас 3 сарын хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 3 сарын хорих, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 6 сарын хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 100,000 төгрөг хурааж, 10 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жилийн хугацаагаар хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалаас 920,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Мөнхжаргалд 740,000 төгрөг, Л.Лхагвасүрэнд 180,000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Я.Түвшинжаргалын цагдан хоригдсон 3 жил 9 сар 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Я.Түвшинжаргалыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Я.Түвшинжаргал давж заалдах гомдолдоо: “...Миний бие Чингэлтэй дүүрэгт үйлдсэн хулгайн хоёр үйлдэл байгаа шалгаж өгнө үү гэж Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх бүрэлдэхүүнд хэлж байсан боловч миний эрх зүйн байдлыг минь дордуулж хэргийг нэгтгэн шалгаагүйн улмаас дахин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдүүлсэн уг хоёр хэрэг болон өмнөх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 9 хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн төлөөлөгч Мичидсамдан, Ганзориг хоёр нь “чиний хорионы хугацаа дуустал энэ хэргүүдээр будилуулж байгаад чамайг даалтад гаргаж өгнө” гэж нийт 19 удаагийн үйлдэл өгснөөс өнөөдрийн байдлаар 11 үйлдлийг шийдээд байна. Энэ хэргүүдийн гэрч, хохирогч нарын мэдүүлэгт хохирогч Алтанзул “өндөр туранхай хүнд дээрэмдүүлсэн”, Сарантуяа “хоёр хүнд дээрэмдүүлсэн”, Уянга “Өлзийбаяр, Түвшинжаргал хоёрт эд зүйлээ алдсан”, Батжаргал “өндөр хүн танай зурагтыг авсан”, Эрхэмбат “намайг 4-5 залуучууд дээрэмдсэн” гэж мэдүүлсээр байтал хэрэгт холбогдолтой 4 хүнийг шалгаж тогтоолгүй зөвхөн намайг яллаж эрх зүйн байдлыг минь дордуулж байгаа тул өмнөх 1172 дугаар шийтгэх тогтоолд дурдсан хэргүүдийг дахин шалгаж, хэрэг хамт үйлдсэн Хоовон хочтой Батсүрэн, Жанцан хочтой Жанцандорж, Баадка хочтой Баатарсүрэн, Алтан-Од, Ганзориг, Тэмүүлэн, Мичидсамцан, Өлзийбаяр гэх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцож, дахин шалгаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шүүх хурлын хэлэлцүүлэгт хэлж байсан. Чингэлтэй дүүрэгт хийсэн хулгайн хоёр үйлдлийг шалгаж, нэгтгэн шийдвэрлэж өгнө үү гэж удаа, дараа амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч эрх зүйн байдлыг минь дордуулж, хэргийг нэгтгэн шалгаж өгөөгүйн улмаас хоёр дахин яллагдаж байна. Гэрч М.Амартүвшин “би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг. Би Я.Түвшинжаргалаас 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цагдан хорих 461 дүгээр анги дээр очиж байцаалт аван шалгахад Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэг байсан” гэж мэдүүлсэн.

Мөн прокурор Нямсүрэн нь “Я.Түвшинжаргал нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор 15 жилийн хорих ялаар шийтгүүлэхдээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн хулгайн хэргээ нэгтгэн шалгуулахаар хүсэлт гаргасан. Дээрх хоёр үйлдэл нь шүүхийн шийдвэр гарсаны дараа шийдвэрлэгдэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул ял шийтгүүлэхээс өмнөх үйлдэл учир өмнөх ялд багтаахаар шийдвэрлэв” гэж дүгнэсэн атлаа дахин яллаж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул нэгтгэн шалгаж өгнө үү.

Мөн яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх 1172 дугаар шийтгэх тогтоолоор дээрмийн хэрэгт 2 жил оногдуулсаныг 8 жилээр тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял дээр бусад зүйл ангийг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг 2 удаа бичиж хоёр удаа яллаж байгаа нь ойлгомжгүй байна. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэнээс хойш ялгүйд тооцох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөсөн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар дахин зүйлчилж байна.

Иймд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байхад “Өршөөл үзүүлэх тухай.” хууль гарсаныг харгалзан үзэж дэглэм хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Я.Түвшинжаргалын өмгөөлөгч С.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хууль болон “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Үүнд:

1. Тогтоох хэсгийн 1-д Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалын Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлснээс хойш ялгүйд тооцох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөн хэлтрүүлсүгэй гэж заасан. Гэтэл түүний Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлснээс хойш ялгүйд тооцох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөн хэлтрүүлсэнгүй.

Хэрвээ “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар энэ ялгүйд тооцох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөн хэлтрүүлсэн бол Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор Я.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 15 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж өөрчилсөн адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсныг мөн үндэслэлээр 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг болгож хөнгөрүүлсэнгүй.

2. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “...Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдүүлсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэжээ. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор Я.Түвшинжаргалд ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ял болон мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар /“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож зүйлчлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд/ шийтгүүлсэн ялаас эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх,

Харин “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 8 жилийн хорих ялаас, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй улдсэн хорих ялаас хоёр жил хасах заалтыг хэрэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан шийдвэрлэх боломжтой байсан юм.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар ялтан Я.Түвшинжаргалын эрх зүйн байдлыг дээрдүүлж, аль ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Ялтан Я.Түвшинжаргалын эрх зүйн байдлыг дордуулаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасныг журамлан ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Ялтан Я.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хуулийн ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарч байгаа хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлд заасан шинэ нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хөндөгддөг бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай асуудлыг Улсын дээд шүүх хянан шийдвэрлэдэг.

 

Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд өөрчлөлт оруулан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хөнгөрүүлэх зохицуулалт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд байхгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх Я.Түвшинжаргалын:

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар өршөөл үзүүлэх /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарч байгаа/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлснээс хойш ялгүйд тооцох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөн хэлтрүүлж, одоо шийтгэгдэх гэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөхийн аль нь Я.Түвшинжаргалын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай үндэслэл болж байгаад хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 103А дугаар Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол ялтан Я.Түвшинжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                Д.ОЧМАНДАХ