Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2024/0024/З |
Дугаар | 109/ШШ2024/0038 |
Огноо | 2024-12-10 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 109/ШШ2024/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондох “Б.Н-т албан тушаалын “Ахлах түшмэл”-ийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн Б.Н-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Б.Н-т албан тушаалын “Ахлах түшмэл”-ийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар жинхлэн томилогдон ажиллаж байна. Би төрийн байгууллагад тасралтгүй 26 жил, үүнээс төрийн захиргааны байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна. Б.Н би 2023 онд ахлах түшмэлийн дөтгөөр зэрэг дэвийг хангаж, төрийн захиргааны алба хаагчдын зэрэг дэв шинээр олгох болон ахиулан олгохоор захирамж, захирамжийн хавсралтыг эрх бүхий албан тушаалтнаас төсөл хэлбэрээр танилцуулахад аймгийн Засаг дарга зэрэг дэв олгох алба хаагчдын нэрсийн жагсаалтаас миний нэрийг хасаж, хууль журамд заасан зэрэг дэвийг олгоогүй. Иймээс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй, мөн 2024 онд дахин олгоогүй. Ингээд би Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03/2220 дугаарын “Гомдолд хариу хүргүүлэх тухай” албан бичиг ирснийг хүлээн авч, эрх бүхий албан тушаалтанд танилцуулсан боловч төрийн алба хаагч миний хуулиар олгогдсон эрхийг хангаж шийдвэрлээгүй, мөн 2024 онд дахин энэ асуудал давтагдсан тул Төрийн албаны зөвлөлд дахин хандсан. 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв олгох талаар” 01/1592 дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлөөс миний нэр дээр ирүүлсэн гэх боловч одоог хүртэл хүлээн аваагүй байна. Бичиг хэргийн эрхлэгчээс Төрийн албаны зөвлөлөөс миний нэр дээр албан бичиг ирсэн үү гэж асуухад бүртгэлийн дэвтрээс нэр дээр чинь ирсэн албан бичгийн бүртгэл байхгүй байна, 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 01/1592 дугаарын “Төрийн албан хаагчид зэрэг дэв олгох талаар” албан бичиг ирснийг Засаг даргад оруулсан байна, цохолт хийгдээгүй бүртгэлийн хүснэгт хоосон байгааг харуулсан. Миний 2023, 2024 онд гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албан хаагчид зэрэг дэв олгох талаар” ирсэн албан бичгийг аймгийн Засаг дарга удаа дараа хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүртэл зэрэг дэв олгохгүй, төрийн захиргааны алба хаагчийн хуулиар олгосон эрхийг удаа дараа зөрчсөн байна. Б.Н би хууль, журамд заасан шалгуур шаардлагыг бүрэн хангасан байхад аймгийн Засаг дарга зэрэг дэвийг олгохгүйгээр 2 жил /2023, 2024/ хохироосон. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг харгалзана” гэж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “Ахлах түшмэлийн дөтгөөр зэргийг төрийн албанд 8-аас доошгүй жил, дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил, тухайн ангиллын албан тушаалд 1 ба түүнээс дээш жил, ахлах түшмэлийн гутгаар зэргийг төрийн албанд 8-аас доошгүй жил, дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил, тухайн ангиллын албан тушаалд 2 ба түүнээс дээш жил ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгоно” гэж тус тус хуульчилсан. Энэ хугацаанд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын дагуу аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Зэрэг дэв олгох тухай” А/287, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв шинээр болон ахиулан олгосон захирамжийг тус тус албажуулан гаргаж, төрийн албан хаагчийн зэрэг дэвийг тогтоосон боловч миний нэрийг тухайн захирамжуудад оруулаагүй зэрэг дэвийг удаа дараа олгоогүй. Иймд Б.Н-т албан тушаалын “Ахлах түшмэл”-ийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н миний бие нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний Б/129 дүгээр тушаалаар Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 63 дугаар тушаалаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би төрийн байгууллагад тасралтгүй 26 жил үүнээс төрийн тусгай байгууллага буюу Архангай аймгийн Цагдаагийн газарт 23 жил төрийн захиргааны байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилал тушаалын жагсаалт гаргах тухай 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын чиглэлийн ахлах мэргэжилтэн ахлах байцаагч, эмч албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилалд адилтган авч үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалтан тус бүрдээ тэргүүн зэрэг дэд зэрэг гутгаар гэсэн зэрэглэлтэй, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшнийг харгалзана. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт төрийн албанд наймаас доошгүй жил дэс түшмэлийн албан тушаал дөрвөөс доошгүй жил тухайн ангиллын албан тушаал нэг ба түүнээс дээш жил ахлах түшмэлийн гутгаар зэргийг төрийн албанд наймаас доошгүй жил дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил тухайн ангиллын албан тушаалд хоёр ба түүнээс дээш ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгоно гэж, 2.6 дахь хэсэгт төрийн захиргааны албан тушаалд томилогдож нэг жил ажилласан төрийн захиргааны алба хаагчийг төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшнийг үндэслэн тухайн зэрэглэлийн ангилалд хамаарах албан тушаалын суурь зэргийг оруулж улмаар зэрэг дэвийг ахиулах зарчмыг баримтална. Тухайлбал, тухайн ангиллын албан тушаалд нэг ба түүнээс дээш ажилласан бол дөтгөөр зэрэг хоёр ба түүнээс дээш ажилласан бол гутгаар зэрэг гурав ба түүнээс дээш ажилласан дэд зэрэг дөрөв ба түүнээс дээш жил ажилласан бол тэргүүн зэрэг олгохоор заажээ. Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өдөр хүртэл буюу аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамж гарах хүртэл Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаал буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа 1 жил 4 сар 24 хоног буюу нэг жилээс дээш хугацаагаар ажилласан. Мөн төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв олгохдоо тухайн оны үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшин үндэслэх тул Б.Н би 2022 оны төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэхдээ тухайн оны хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу төсвийн шууд захирагч үнэлж 91.29 хувьтай маш сайн үнэлсэн. 2023 оны жилийн ажлыг үнэлж төсвийн шууд захирагч 94.8 хувь буюу маш сайн үнэлгээгээр үнэлэгдсэн. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв нэмэгдэл олгох журмын 2.15 дахь хэсэгт төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэлт хөлсийг тухайн албан хаагчийн албан тушаалын цалингаас доор дурдсан хувиар тооцож, сар тутам олгоно. Ахлах түшмэл албан тушаалын тэргүүн зэрэг 30 хувь гутгаар зэрэг 28 хувь дөтгөөр зэрэг 26 хувь гэж заасан. Энэ хугацаанд миний бие ахлах түшмэлийн дөтгөөр, гутгаар зэргийг хангасан боловч аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зэрэг дэв олгох тухай А/287, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв шинээр болгон ахиулан олгохдоо миний нэрийг тухайн захирамжид оруулаагүй. Төрийн захиргааны албан хаагчдын зэрэг дэв шинээр олгох болон ахиулан олгогдохоор захирамжийн хавсралтыг эрх бүхий албан тушаалтнаас нөхцөл хэлбэрийг танилцуулахад аймгийн Засаг дарга зэрэг дэв олгох албан хаагчдын нэрсийн жагсаалтаас миний нэрийг хассан үүнийг миний бие эс зөвшөөрч 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч надад хариу өгөөгүй. Мөн 2024 онд дахин олгоогүй, би энэхүү асуудлаар Төрийн албаны зөвлөлд 2023, 2024 онд гомдол гаргаж тус зөвлөлөөс албан бичиг ирүүлсэн боловч аймгийн Засаг дарга үүнийг хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүртэл надад зэрэг дэв олгоогүй, миний хуулиар олгогдсон цалин хөлсөө нэмэгдүүлэх эрхийг удаа дараа зөрчиж, үүний улмаас би өөрийн ажилласан хугацаандаа хамаарах цалин хөлсийг бүрэн авч чадахгүйгээр хохирч байна. Иймд Б.Н-т албан тушаалын “Ахлах түшмэл”-ийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
4. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 03/111 дугаартай Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн албан бичгийн хавсралтын жагсаалтын 12 дахь мөрөнд Б.Н-ийн тухайн ангиллын албан тушаалд ажилласан хугацааг 1 жил 2 сар гэж буруу тооцсон. Тухайлбал, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр тухайн албан тушаалд жинхэлж 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болж энэ өдрөөс эхлэн 1 жилийн дараа зэрэг дэв шинээр авах эрх нь үүсэх байтал тухайн албан бичгийг хүргүүлэхэд 6 сар 13 хоног болж байсан цаашлаад аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамж гарч албажих хүртэл 10 сар 11 хоног ажиллаж байсан тул тус захирамжаас хасах үндэс болсон. Мөн 2023 онд төрийн албан хаагчдад зэрэг дэвийг олгохдоо 2022 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үндэслэх тул Б.Н- нь 2022 оны ажлын гүйцэтгэлээр 91,29 хувь буюу “Маш сайн” үнэлэгдсэн. Журмын 4.14.1. “А буюу Маш сайн” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд, а. төрийн дээд болон салбарын шагналд тодорхойлох, б. мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох, в. цол, зэрэг дэвийг хугацаанаас өмнө ахиулах (2 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл), г. цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх (3 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл), д. албан тушаалд дэвшүүлэх зорилгоор мэргэшүүлэх багц сургалтад хамруулах (3 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл) гэж журамласан байдаг. Дээрх 4.14.1 дэх заалтын В хэсэгт (2 удаа дараалан "А буюу маш сайн” үнэлэгдвэл) гэсэн шаардлагыг хангаагүй тул Б хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын тамгын газрын даргын “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар Б.Н-т 3-р улирлын урамшуулал үндсэн цалингийн 30 хувиар, 4-р улирлын урамшуулал үндсэн цалингийн 40 хувиар тус тус урамшуулсан. Тус журмын 4.15. Энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд харгалзах саналыг тухайн жилд давхардуулахгүй гэсэн байх тул тухайн жилд уг нэхэмжлэгчид зэрэг дэв олгох эрх зүйн үндэс байхгүй байсан болно. 2023 оны хувьд онцлогтой жил байсан тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөхдөө Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл,үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу боловсруулж батлуулсан хэдий ч тухайн оны төгсгөлд буюу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам’’-ыг шинэчлэн батлуулснаар шинэ журмаар үнэлсэн болно. 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/18 дугаар “Зэрэг дэв олгох тухай” захирамжид Б.Н-ийг мөн 2023 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үндэслэн тухайн онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 6.6.1."Маш сайн" үнэлгээний ангилалд хамрагдсан төрийн албан хаагчийн хувьд, а). төрийн дээд болон салбарын шагналд тодорхойлох, б) .мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох, в). зэрэг дэвийг хугацаанаас өмнө ахиулах (тухайн жилийн 2 удаагийн үнэлгээгээр дараалан "Маш сайн" үнэлгээний ангилалд хамрагдвал), г). албан тушаалд дэвшүүлэх зорилгоор мэргэшүүлэх багц сургалт, гадаад, дотоодын богино, дунд хугацааны сургалтад хамруулах (сүүлийн 3 удаагийн үнэлгээгээр "Хангалтгүй" үнэлгээний ангилалд хамрагдаагүй байх) гэж заасан байдаг. Б.Н- нь 2023 оны ажлын гүйцэтгэлээр 94.8 хувь буюу "Маш сайн" үнэлгээний ангилалд хамаарч тухайн үеийн төсвийн шууд захирагч нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар дээрх журмын 6.6.1. б хэсгийг үндэслэн тус албан хаагчид 3,4-р улирлын урамшуулал албан тушаалын үндсэн цалингийн тус бүр 40 хувийн урамшуул нийт 80 хувийн ийн урамшууллыг олгосон. Журмын 6.7 дахь хэсэгт зааснаар “Энэ журмын 6.6.1 болон 6.6.2-т заасан саналуудыг давхардуулан гаргаж болно” гэсэн хэдий ч тухайн албан хаагч нь 2022 оны төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 2.1. дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн (цаашид “албан хаагч” гэх) төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн зохион байгуулалтын нэгжийн төлөвлөгөө болон мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.” гэсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын 1.1.1. дэх заалтад “Албан тушаалын зорилго, зорилтод үндэслэн албан хаагчийн гүйцэтгэлийн зорилтыг томьёолох”, “Албан тушаалын зорилт: Газрын тухай хууль, газрын кадастрын тухай хууль, газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын бодлого шийдвэр, хэтийн болон дунд хугацааны бодлого, хөтөлбөрийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах”, “Албан тушаалын зорилтыг гүйцэтгэлийн зорилт болгон томьёолсон.” гэсэн журам, аргачлалыг хэрэгжүүлээгүй өөр зорилтуудыг төлөвлөгөөний зорилт болгон тусгасан, арга хэмжээг төлөвлөхдөө өөрийн албан тушаалын чиг үүргийн хүрээ болон хариуцлага, оролцооны хэлбэрийн хувьд хянах, шийдвэрлэх чиг үүргээс гадна хариуцан гүйцэтгэх буюу өөрийн салбарын харьяаны байгууллагуудын үндсэн чиг үүрэг, хариуцан гүйцэтгэх арга хэмжээг хэлтсийн төлөвлөгөөндөө тусган төлөвлөж, хэрэгжилтийг тайлагнахдаа өөрийн хэлтсийн гүйцэтгэсэн ажил биш бусад байгууллагуудын хэрэгжилтийг тайлагнасан нь байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1. дэх заалтад заасны дагуу “Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болох нөхцөл байдал үүссэн байсаар байтал тухайн үеийн төсвийн шууд захирагч нь хариуцлагын арга хэмжээ аваагүй харин ч урамшуулал олгосон байгаа нь гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой зөрчил гэж үзэж тухайн нэхэмжлэгчид зэрэг дэвийг олгоогүй болно. Иймд Б.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар Тамгын газрын Хууль, эрх зүйн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар тухайн албан тушаалд жинхлэн томилогдож төрийн жинхэнэ албан хаагч болсон. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл олгох журмын 2.6 дахь хэсэгт төрийн захиргааны албан тушаалд томилогдож 1 жил ажилласан төрийн захиргааны албан хаагчид төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшнийг үндэслэн тухайн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл олгохоор заасан. Б.Н-ийн нэхэмжлээд байгаа цаг хугацаатай холбогдуулан 2022 оноос хойш аймгийн Засаг даргын зэрэг дэвийн нэмэгдэл олгох тухай хоёр захирамж гарсан байдаг. Нэг нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нөгөөх нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн захирамж байдаг. 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжаар Б.Н-ийн зэрэг дэвийн нэмэгдлийг олгоогүй вэ гэхээр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 03/111 дугаартай Төрийн албаны зөвлөлийн Архангай аймгийн салбар зөвлөлд хүргүүлсэн албан бичгийн хавсралтын жагсаалтын 12 дахь мөрөнд Б.Н нь тухайн ангиллын албан тушаалд ажилласан хугацааг 1 жил 2 сар гэж тухайн үеийн албан тушаалтан буруу тооцож ирүүлсэн. Тухайлбал 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр тухайн албан тушаалд жинхэлж 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болж энэ өдрөөс эхлэн нэг жилийн дараа зэрэг дэв авах эрх нь үүсэх байтал тухайн албан бичиг ирүүлэхэд 6 сар 13 хоног болж байсан. Мөн нэг зүйлийг дурдахад 2023 он төрийн албан хаагчдад зэрэг дэв олгохдоо 2022 оны үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшнийг үндэслэж олгох тул төрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тухайн онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах ажлын гүйцэтгэл үр дүнг журмын дагуу үнэлж байсан. Б.Н- 2022 оны ажлын гүйцэтгэлийн 91.29 хувь буюу маш сайн үнэлгээтэй үнэлэгдсэн. Тэгэхээр дээрх журмын 4.14.1 дэх заалтын Б хэсэгт хоёр удаа дараалан А буюу маш сайн үнэлэгдвэл Б хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын үр дүнгийн урамшуулал олгох тухай 2022 оны 12 дугаар сарын 20 өдрийн Б/38 дугаар тушаалаар Б.Н-т гуравдугаар улирлын урамшуулал үндсэн цалингийн 30 хувиар дөрөвдүгээр улирлын урамшуулал үндсэн цалингийн 40 хувиар нийт 70 хувийн урамшуулал олгосон байна. Энэхүү журмын 4.14-д заасан үнэлгээнд харгалзах саналыг тухайн жилд давхардуулахгүй гэсэн байх тул тухайн жилд нэхэмжлэгчид зэрэг дэв олгох эрх зүйн үндэс байхгүй байсан болно. 2023 оны хувьд онцлогтой жил байсан. Тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу боловсруулж батлуулсан хэдий ч тухайн оны төгсгөлд буюу 2023 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах ажлын гүйцэтгэл үр дүн мэргэжлийн түвшин үнэлэх журмыг шинэчлэн батлуулж шинэ журмаар үнэлсэн байгаа. Тэгэхээр хоёр дахь удаагийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/18 дугаар зэрэг дэв олгох тухай захирамжид Б.Н-ийг 2023 оны үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшнийг үндэслэн тухайн онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан энэ журмын 6.6.1 буюу маш сайн үнэлгээний ангилалд хамрагдсан төрийн албан хаагчид мөн ялгаагүй А-д төрийн дээд болон салбарын шагнал Б-д нь мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал В-д нь өмнөхтэй адилхан зэрэг дэвийг хугацаанаас нь өмнө ахиулах, 2, 3 гурван удаа сайн үнэлэгдвэл албан тушаалын мэргэшүүлэх сургалтад хамрагдах гэсэн байгаа. Б.Н-ийн хувьд 2023 оны ажлын гүйцэтгэлээр 94.8 хувь буюу маш сайн үнэлгээний ангилалд хамаарч тухайн үеийн төсвийн шууд захирагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар дээрх журмын 6.6.1б хэсгийг үндэслэн тухайн албан хаагчид гурав, дөрөвдүгээр улирлын урамшуулал үндсэн цалингийн тус бүр дөчин хувь нийт наян хувь урамшууллыг олгосон байдаг. Уг журмын 6.6.7 дахь хэсэгт зааснаар энэхүү журмын 6.6.1 болон 6.6.2-т заасан саналыг давхардуулан гаргаж болно гэсэн хэдий ч тухайн албан хаагч нь 2022 оны төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан энэ журмын 2.1-д төрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тухайн зохион байгуулалтын нэгжийн төлөвлөгөө болон мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтот арга хэмжээ гэсэн хоёр хэсэг бүрдэнэ. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 6 дугаар тушаалын 5-р хавсралтаар баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын 1.1 дэх заалтад албан тушаалынх нь зорилго, зорилтод үндэслэн албан хаагчийн гүйцэтгэлийн зорилтыг томьёолох, албан тушаалын зорилтыг Газрын тухай хууль, Газрын кадастрын хууль, Засгийн газрын бодлого шийдвэр, хяналт гүйцэтгэх ажил, хэрэгжүүлэх төлөвлөлт, зохион байгуулалт тайлагнах, албан тушаалын зорилт гүйцэтгэлийн зорилт болгон буруу томьёолсон гэж үзсэн. Гэхдээ журам аргачлалыг хэрэгжүүлэх өөр зорилтуудад төлөвлөгөөний зорилт болгон тусгасан арга хэмжээг төлөвлөхдөө өөрийн албан тушаалын чиг үүргийн хүрээ болон хариуцлага оролцоо нийлбэрүүд хянах шийдвэрлэх чиг үүргээс гадна хариуцан гүйцэтгэх буюу өөрийн салбарын харьяаны байгууллагуудын үндсэн чиг үүрэг хариуцан гүйцэтгэх арга хэмжээг хэлтсийн төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжилтийг тайлагнахдаа өөрийн хэлтсийн гүйцэтгэх ажил биш бусад байгууллагуудын ажлын хэрэгжилтийг тайлагнасан нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг зорилго зорилт хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т ахлах түшмэл дэс түшмэл туслах түшмэл албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, аймаг нийслэлийн Засаг дарга төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан олгоно гэж заасан байгаа. Мөн зэрэг дэв олгох журам Монгол Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын зэрэг түүний нэмэгдэл олгох журмын 2.3, 2.4-т заасан хэсгүүдэд аймгийн Засаг даргын эрх үүргийг тодорхой зааж өгсөн байгаа. Аймгийн Засаг дарга холбогдох хууль журамд заасан бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрээ гаргасан байгаа учраас нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Б.Н- дараа нь тэтгэвэр тэтгэмж тогтоолгох болохоор өөрт нь хохиролтой гэж хэлж байна. Б.Н- нь төрийн тусгай байгууллага буюу Цагдаагийн газарт олон жил ажиллаж байгаад төрийн албаны зөвлөлөөс баталсан нөөц бүрдүүлэх журмын дагуу дээд офицер учраас нөөцөд орсон. Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгоод тэтгэмжээ авсан. Дахиж тэтгэврийн асуудал Б.Н-ийн хувьд яригдахгүй. Ийм ийм үндэслэлээр аймгийн Засаг даргын зүгээс зэрэг дэвийг олгохоос татгалзсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Б.Н-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Б.Н-т төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 26 хувь, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 28 хувиар тооцож, нөхөн олгохыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлагаар 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх юм.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс “Б.Н-т албан тушаалын “Ахлах түшмэл”-ийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Учир нь
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд
1.1. Иргэн Б.Н- 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд уг албан тушаалын зэрэг дэвийг олгуулах талаар 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргад хандсан ч хариу өгөөгүй байна.
1.2. Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлд хандаж, тус зөвлөлөөс 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 01/1592 дугаар албан бичгээр Б.Н-т зэрэг дэв олгох асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7-9, 208-210 дахь тал)
1.2. Ийнхүү Архангай аймгийн Засаг дарга иргэн Б.Н-т албан тушаалын зэрэг дэвийг зохих журмын дагуу олгоогүй гэх асуудлаар 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2., 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
2. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд
2.1. Нэхэмжлэгч Б.Н- нь 1977 онд төрсөн, 2006 онд Цагдаагийн академийг Эрх зүйч, цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжлээр эрх зүйч бакалавр зэрэгтэй төгссөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал)
2.2. Улмаар 1998 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс Архангай аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/1078 дугаар тушаалаар Б.Н-ийг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 44, 49 дэх тал)
2.3. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын 2.1.-д Нөөцийн сан нь доор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна: 2.1.5.-д “Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгож /дээд офицер, офицер, ахлагч/ төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц”, 4.2.-т “Энэ журмын 2.1.3-2.1.5-д заасан нөөцөд байх хугацаа хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болно.”, 4.3.-т “Зөвхөн хуульд заасан үндэслэлээр иргэнийг нөөцийн сангийн бүртгэлээс хасна.” гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 74 дүгээр албан бичгээр Б.Н-ийг төрийн албаны нөөцөд бүртгэсэн талаар мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал)
2.4. Улмаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/121 дүгээр тушаалаар Б.Н-ийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал)
2.5. Б.Н- нь Архангай аймагт 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан төрийн захиргааны ахлах түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад орж тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал)
2.6. Ийнхүү Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар Б.Н нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилогдож, 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 38, 56 дахь тал)
2.7. Дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч Б.Н- нь 2022 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө 91.29%, 2023 онд 94.8% буюу “маш сайн” үнэлэгджээ. (Хавтаст хэргийн 109, 103-104 дэх тал)
2.8. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 03/111 дүгээр албан бичгээр зэрэг дэв шинээр болон ахиулах олгох болзлыг хангасан албан хаагчдын мэдээллийг хүргүүлсний хавсралт 12-т Б.Н-т Дэс түшмэл, дөтгөөр зэрэг олгуулахаар санал хүргүүлсэн боловч аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаартай албан хаагчдад зэрэг дэв олгосон захирамжид багтаагүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 114-115, 173-175 дахь тал)
2.9. Улмаар иргэн Б.Н- нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад хандаж, хариу өгөөгүй гэх бөгөөд уг асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03/2220 дугаар албан бичгээр “ ... одоо таны тухайн ангиллын албан тушаалд ажилласан хугацааны шаардлага хангагдаж байх тул дээрх журмын 2.6 дахь хэсэгт заасны дагуу энэ жилийн “ ... үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үндэслэн ...” Ахлах түшмэлийн Дөтгөөр зэрэг дэв олгох асуудлаар эрх бүхий албан тушаалтанд хандах ...” талаар хариу хүргүүлсэн байна. Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 01/1592 дугаар албан бичгээр Б.Н-т зэрэг дэв олгох асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал)
2.10. Ийнхүү иргэн Б.Н-ээс албан тушаалын зэрэг дэв олгох асуудлаар маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Маргаан бүхий хариуцагчийн эс үйлдэхүйн хууль зүйн үндэслэлийн тухайд
3.1. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.”, 21.2. дахь хэсэг Энэ хуулийн 21.1-д заасан зэрэг дэвийг дараахь албан тушаалтан олгоно:, 21.2.3.-т “ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан.”, 21.3. дахь хэсэгт “Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана.”, 21.4. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.” гэж;
3.2. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.1-д Ахлах түшмэл нь Тэргүүн зэрэг, Дэд зэрэг, Гутгаар зэрэг, Дөтгөөр зэрэгтэй байх бөгөөд...., Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэгжийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал, 2.4. дэх хэсэгт “Төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгох саналыг уг албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана.”, 2.5. дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин болон мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3-т заасан тусгай шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагчид доорх байдлаар албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгоно: ...” 2.6.-д “Төрийн захиргааны албан тушаалд томилогдож нэг жил ажилласан төрийн захиргааны албан хаагчид төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үндэслэн тухайн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын дөтгөөр зэргийг олгож, улмаар зэрэг дэвийг ахиулах зарчим баримтална. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг алгасаж олгохгүй” гэж тус тус заажээ.
3.3. Нэхэмжлэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд түр, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар жинхлэн томилогдсон байх бөгөөд 2022, 2023 онд гүйцэтгэлийн тайланг “маш сайн” үнэлүүлсэн ба энэ хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй ажээ. Тодруулбал, тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 6 сар 12 хоног, жинхлэн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс одоог хүртэл 2 жил 5 сар 6 хоног ажиллажээ.
3.4. Нэхэмжлэгч Б.Н-ийн ажиллаж буй Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэг Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.7.-т “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал”, 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэг Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 18.1.3.-т “ахлах түшмэл”, 18.4. дэх хэсэгт “Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, нийслэлийн Засаг даргын тамгын газар, хотын Захирагчийн ажлын албаны менежер, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.” гэж зааснаар төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд буюу төрийн захиргааны албан тушаалтан мөн байна.
3.5. Нэхэмжлэгч Б.Н-ийн хувьд Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 74 дүгээр албан бичгээр Б.Н-ийг төрийн албаны нөөцөд бүртгэгдэн бөгөөд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/121 дүгээр тушаалаар Б.Н-ийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал)
3.6. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан.
3.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Н нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс томилогдон ТЗ-10 ангиллын 5 дахь шатлалаар цалинжин ажиллаж тухайн тодорхой албан тушаалыг эрхэлж, албаны эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаж эхэлсэн тул түүнийг эл өдрөөс эхлэн төрийн албан хаагч буюу төрийн албан тушаалыг эрхлэн, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж эхэлсэн гэж үзнэ. (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал)
3.8. Нэхэмжлэгч Б.Н нь төрийн албан хаагчийн хувьд төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллах эрхтэй.
3.9. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.”, 57.2.2.-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс;” бүрдэнэ, 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана: 61.1.1.-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж зааснаар нэхэмжлэгч нь цалин хөлс түүнийг бүрдэл буюу “зэрэг дэв”-ийн нэмэгдлийг хууль, журамд заасны дагуу авах эрхийг бусад төрийн албан хаагчдын нэгэн адилаар тэгш эрхтэйгээр эдлэх, нийтлэг баталгаагаар хангагдах учиртай.
3.10. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.”, 21.2. дахь хэсэг Энэ хуулийн 21.1-д заасан зэрэг дэвийг дараахь албан тушаалтан олгоно: 21.2.3.-т “ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан.”, 21.3. дахь хэсэгт “Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана.” гэж тус тус заасан .
3.11. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.6.-д “Төрийн захиргааны албан тушаалд томилогдож нэг жил ажилласан төрийн захиргааны албан хаагчид төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үндэслэн тухайн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын дөтгөөр зэргийг олгож, улмаар зэрэг дэвийг ахиулах зарчим баримтална. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг алгасаж олгохгүй” гэжээ.
3.12. Нэхэмжлэгч Б.Н нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/121 дүгээр тушаалаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр анх ажиллаж эхэлсэн хугацаанаас хойш тооцвол аймгийн Засаг даргын анхны буюу 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Зэрэг дэв олгох тухай” А/287 дугаар захирамж гарах үед 1 жил 4 сар, 24 хоног буюу 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байсан үйл баримт тогтоогддог.
3.13. Мөн тухайн үед Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 03/111 дүгээр албан бичгээр зэрэг дэв шинээр болон ахиулах олгох болзлыг хангасан албан хаагчдын мэдээллийг хүргүүлсний хавсралт 12-т Б.Н-т Дэс түшмэл, дөтгөөр зэрэг олгуулахаар хүргүүлж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал)
3.14. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Б.Н-ийн тухайн үеийн ажлын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээний хувьд Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу төсвийн шууд захирагчаас “2022 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө 91.29 хувь буюу “Маш сайн” үнэлэгдэж байжээ.(1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал)
3.15. Иймд нэхэмжлэгч Б.Н-ийн хувьд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/121 дүгээр тушаалаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлснээр тухайн албан тушаалд ажиллаж эхэлсэн төрийн албан хаагч байх тул эл хугацаанаас эхлэн тооцож хууль болон журмын дагуу төрийн албан хаагчид олгох нэмэгдэл хөлс буюу зэрэг дэвийн нэмэгдлийг олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
3.16. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
3.17. Дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээс үзвэл хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Зэрэг дэв олгох тухай” А/287 дугаар захирамж гаргахдаа нэхэмжлэгчийг орхигдуулж, зэрэг дэв олгох төрийн албан хаагчдын нэрсийн жагсаалтаас хасаж хууль, журамд заасан зэрэг дэвийг олгоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байна гэж үзэх үндэстэй.
3.18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.
3.19. Иймд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагын дээрх үйл ажиллагаа буюу эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгч төрийн албан хаагчийн хувьд эдлэх нийтлэг баталгаа эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх тул шүүхээс тухайн захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
3.20. Нэхэмжлэгч Б.Н-ийн ажлын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээний хувьд, Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу төсвийн шууд захирагчаас “2023 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 94.8 хувь буюу “Маш сайн” үнэлэгдэж байжээ.
3.21 Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 01/1592 дугаар албан бичгээр “ ... Нэр бүхий төрийн албан хаагчдын төрийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, ёс зүй, сахилга хариуцлагын шийтгэлтэй эсэхийг судалж үзэхэд төрийн захиргааны ахлах түшмэлийн албан тушаалд хууль ёсны дагуу томилогдсон, ахлах түшмэлийн зэрэг дэв олгоход харгалзах төрийн албанд болон өмнөх ангилалд ажилласан жилийн шаардлагыг хангасан, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Б.Н- нь 94,8 хувиар, ... хэрэгжүүлсэн, сүүлийн нэг жилийн хугацаанд ёс зүй, сахилга хариуцлагын шийтгэл хүлээгээгүй байна. Төрийн захиргааны албан хаагч Б.Н-, ... нь төрийн захиргааны албан хаагчид зэрэг дэв шинээр болон ахиулан олгох хууль, журамд заасан шаардлагыг хангасан байх тул зэрэг дэв олгох асуудлыг шийдвэрлэж болохыг зөвлөж байна ..” хэмээн аймгийн Засаг даргад хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)
3.22. Гэтэл хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/18 дугаартай “Зэрэг дэв олгох тухай” захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг орхигдуулж, зэрэг дэв олгох төрийн албан хаагчдын нэрсийн жагсаалтаас хасаж хууль, журамд заасан зэрэг дэвийг олгоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэстэй.
3.23. Учир нь, хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзал, шүүх хуралдаанд гаргасан тайлбар татгалзалдаа: “... 2023 онд Төрийн албан хаагчдад зэрэг дэвийг олгохдоо 2022 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу үнэлж Б.Н- нь 2022 оны ажлын гүйцэтгэлээр 91,29 хувь буюу “Маш сайн” үнэлэгдсэн тул 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар Б.Н-т 3 дугаар улирлын урамшуулал үндсэн цалингийн 30%, 4 дүгээр улирлын урамшуулал үндсэн цалингийн 40%-иар тус тус урамшуулсан, 2023 оны ажлын гүйцэтгэлээр 94.8 хувь буюу “Маш сайн” үнэлгээний ангилалд хамаарч байсан тул 2023 оны аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/166 дугаар тушаалаар 3, 4 дүгээр улирлын урамшуулал албан тушаалын үндсэн цалингийн тус бүр 40 хувийн нийт 80 хувийн урамшууллыг олгосон, ...Б.Н нь өөрийн хэлтсийн гүйцэтгэсэн ажлыг биш бусад байгууллагуудын хэрэгжилтийг тайлагнасан” зэрэг үндэслэлийг дурдаж тайлбар, татгалзлын үндэслэлээ шүүхэд гаргасан.
3.24. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын дагуу төрийн албан хаагчид зэрэг дэв олгохтой холбогдох харилцааг зохицуулсан бол төрийн жинхэнэ албан хаагчид ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг нь харгалзан үнэлж урамшуулал олгох, эсэх харилцааг мөн хуулийн 52 дугаар зүйл болон Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу шийдвэрлэхээр ялгаатай байдлаар зохицуулагджээ.
3.25. Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт /эс үйлдэхүй/ гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж буй тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаардана.
3.26. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг нь харгалзан зэрэг дэвийг олгох, ахиулах, төрийн жинхэнэ албан хаагчид ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг нь харгалзан үнэлж урамшуулал олгох харилцаа нь харилцан уялдаатай боловч ялгаатай, хоёр өөр агуулгатай төрийн албан хаагчид олгох цалин хөлс, урамшууллын хэлбэр байхаар хуульчлан зохицуулагдсан байна.
3.27. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана: 61.1.1.-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” авах эрх, баталгаагаар хангагдах учиртай.
3.28. Ийнхүү зохицуулагдсан байхад хариуцагчаас нэхэмжлэгчид олгох цалин хөлсний бүрдэл болох зэрэг дэвийн нэмэгдлийг ажлын гүйцэтгэлийн урамшуулалтай давхардуулан олгохгүй талаар тайлбарлаж тус нэмэгдлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлгүй, захиргааны байгууллагын зүгээс хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүргээ хэрэгжүүлээгүй орхигдуулсан, хууль бус эс үйлдэхүй болно.
3.29. Дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч Б.Н нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд зэрэг дэвийн нэмэгдэл авах эрхтэй буюу цалин хөлс авах баталгаагаар хангагдах бөгөөд энэхүү баталгааг төрөөс хангахаар хуульчлан зохицуулсан, мөн тэрээр зэрэг дэв авах нөхцөл, шаардлагыг хангасан байх тул түүнд “ахлах түшмэл”-ийн ангиллын албан тушаалын зэрэг дэв олгох шийдвэрийг дээр дүгнэсэн (2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс) хугацаанаас тооцон гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.
3.30. Мөн шүүхээс хариуцагчийн зэрэг дэв олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.”, 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэг Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ: 24.1.2.-т “ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол” гэж зааснаар нэхэмжлэгчийн авах ёстой байсан цалин хөлс түүний нэмэгдлээс тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй гэж дүгнэв.
3.31. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Б.Н-т албан тушаалын “Ахлах түшмэл”-ийн зэрэг дэв олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Н-т албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА