Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 382

 

      О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энх-Амгалан,

ялтан Б.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

             Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч А.Алтанхуяг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлоор О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн 201526012455 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Отгонбаатарын Дэмчигноров, 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 71 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НХ94111713/,

2. Айраг овогт Баатарцогтын Отгонбаатар, 1991 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 101 дүгээр байрны 246 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НТ91042411/,

О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 10-наас 11-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн Б.Батбуянгийн нүүрэн тус газарт нь алгадан “Samsung Galaxy S-3” загварын гар утас, мөнгөн гинж, монетон ээмэг, шигтгээ нэртэй пүүз, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж, довтолж дээрэмдсэн,

О.Дэмчигноров нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн гудамжны далангийн орчим иргэн Х.Намууныг “Найз нарыг цагдаад барьж өглөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Дэмчигноровын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, Б.Отгонбаатарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Отгонбаатарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, О.Дэмчигноровыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатар, О.Дэмчигноров тус бүрийг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар О.Дэмчигноровыг 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар О.Дэмчигноровт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 5 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарын тус бүр цагдан хоригдсон 2 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Отгонбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ асуудлаас болж ар гэрийнхэн маань сэтгэл санаагаар доройтож, эхийн маань биеийн байдал муудсан. Иймээс миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтны Б.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан Б.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн үйл баримтаас үзэхэд тэрээр дээрэмдэх гэмт хэрэгт бүлэглэж оролцсон нь тогтоогдоогүй. Учир нь ялтан О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарын гэмт үйлдэл тус тусдаа эхэлж, төгссөн байх тул Б.Отгонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 болгон өөрчлөн зүйлчилж өгнө үү. Мөн ялтан Б.Отгонбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг бөгөөд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Б.Батбуян нь цаашид гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэн, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Б.Батбуян нь ялтан нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байдлын талаар тодорхой мэдүүлсэн ба мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан. Анхан шатны шүүхээс ялтан О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 10-наас 11-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн Б.Батбуянгийн нүүрэн тус газарт нь ээлжилж алгадах зэргээр хүч хэрэглэн, түүний “Samsung Galaxy S-3” загварын гар утас, мөнгөн гинж, монетон ээмэг, шигтгээ нэртэй пүүз, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж, довтолсон  бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг,

мөн О.Дэмчигноров нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн гудамжны далангийн орчим иргэн Х.Намууныг “Найз нарыг цагдаад барьж өглөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, түүний нүүрэн тус газарт хөлөөрөө удаа дараа өшиглөж зодсоны улмаас үүдэн 2 шүдийг нь хугалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Батбуянгийн “...2015 оны 11 дүгээр сарын 10-наас 11-ний өдөрт  шилжих шөнө 01 цагийн үед гэрээсээ гараад ... “Мичид” зочид буудал руу орсон. Ресепшнээс нь ундаа худалдаж авсан. Текэн дээр үл таних 2 залуу зогсож байсан ба нэг залуу нь намхан, шар царайтай, нөгөө залуу нь махлаг, бордуу царайтай залуу байсан... ундаагаа тэр хоёр залуутай хувааж уусан. Тэгэхэд тэр хоёр залуу “Өрөөнд орж ганц пиво уугаач” гэсэн... өрөөнд нь ороход өөр хүн байгаагүй. Бид гурав 1,5 литрийн савтай 2 пиво хувааж ууж дуусаад би “Одоо явлаа” гэж хэлээд 5000 төгрөг өгөхөд “Авахгүй” гээд ... намхан шар залуу буюу О.Дэмчигноров нь “Чихэнд байгаа ээмгээ тайлж өг, өгөхгүй бол сэт татаад авна” гэж хэлээд 2 удаа алгадсан... ээмгээ тайлж өгөхөд тэр залуу дахиад гар утсаа өг гээд миний халааснаас авсан... дараа нь махлаг бор залуу буюу Б.Отгонбаатар нь миний хүзүүнд байсан мөнгөн гинжийг тасдаад авсан. Тэгээд намайг 2-3 удаа алгадаад “Өмсөж байгаа пүүзээ тайл” гэхээр нь тайлж өгсөн... “Халаасанд байгаа бүх юмаа өг” гэхээр нь би халаасанд байсан бэлэн 180.000 төгрөгөө гаргаж өгсөн. Тэр үед махлаг бор залуу нь өрөөнөөс гараад явсан... удалгүй 2 залуу нэмэгдэж орж ирсэн... намхан шар залуу нь “Би сая шоронгоос гарсан” гэж айлган сүрдүүлээд миний ээмэг, гар утсыг авсан. Харин нөгөө махлаг бор залуу нь бас намайг айлган сүрдүүлж байгаад пүүз, мөнгөн гинж, бэлэн 180.000 төгрөгийг авсан. Сүүлд нэмэгдэж орж ирсэн хоёр залуу нь тэдний үйлдлийг  болиулах гэж оролдсон...” /1хх-19-20/,

хохирогч Х.Намууны “...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед ... далан руу явж байгаад Э.Тэнүүн, З.Мөнх-Эрдэнэ, Батхүү нартай тааралдсан. Намайг ирэхэд Э.Тэнүүн далангийн цаана хэдэн хүүхдээс архи нэхээд зогсож байсан... Тэгтэл цаанаас нь нэг өндөр халзандуу залуу хүрч ирээд З.Мөнх-Эрдэнийг цохиод авсан. Тэгээд надтай зууралдаад шууд миний хамар луу 2-3 удаа дараалж мөргөсөн... намайг зодчихоод цаашаа яваад өгсөн. Би босч ирээд хүний утас гуйж аваад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд нь би зодсон залууг зааж өгөхөд түүнийг нэг согтуу найзтай нь хамт аваад явсан... орой 20 цагийн үед Э.Тэнүүний хамт далангийн орчим явж байтал нөгөө залуучуудын ах нь гэх жижиг туранхай залуу буюу О.Дэмчигноровтой тааралдсан... тэр залуу “Надад 8,0 сая төгрөг байна, яагаад манай дүү нарыг цагдаад бариад өгчихөж байгаа юм” гэж хэлээд намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгтэл миний аманд шүднүүд маань унасан нь мэдрэгдсэн. Тэр миний үүдэн 2 шүд талаараа хугарсныг хараад намайг зодохоо больсон. Тэгэхээр нь би зугтаагаад явсан. Эхний залууд зодуулахад миний хамар хавдсан. Бас дух шалбарсан. Дараагийн залууд зодуулахад миний үүдэн 2 шүд унасан. Эхний зодоон болоход сүүлд зодсон залуу байгаагүй, харин цагдаа нарыг ирэхэд нь ирчихсэн байж байсан. Тэр залуучуудыг урьд нь танихгүй, би согтуу байсан тул цохих ч боломж олдоогүй...” /1хх-146-149/,

гэрч Н.Мөнхбаясгалангийн “...2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед найз З.Мөнх-Эрдэнэ, Даваахүү, М.Элбэрэл, Л.Баасанбямба нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах далан дээр ирсэн. Бид 2,5 литрийн 2 савтай пиво авч ууцгаасан. Далангийн цаана хэдэн хүмүүс байсан. Нэг мэдэхэд Даваахүү тийшээ яваад өгсөн байсан... намайг очиход Даваахүү сүүлд цагдаа дуудаж ирүүлсэн Х.Намуун гэх залуугийн нүүр лүү цохиод авсан... Х.Намуун нүүрээ дараад доошоогоо суучихсан амнаас нь цус гарч байсан. Даваахүү бид хоёрыг цагдаад өгч явуулсаны дараа О.Дэмчигноров Х.Намуунтай гудамжинд тааралдаад “Манай хоёр дүүг цагдаад барьж өглөө” гээд зодсон юм шиг байна лээ...” /1хх-151-152/,

гэрч Л.Баасанбямбын “...Даваахүү далангийн цаанаас алхаад ирж байсан. Тэгээд нөгөө хэдээсээ юу болсныг асуухад хүн зодчихсон гэж хэлсэн. Тэгээд бид далангийн хажуу талын дэлгүүрийн урд зогсож байтал Х.Намуун гэх залуу цагдаа дагуулаад ирсэн. Тэгэхэд Х.Намуун Даваахүүг заагаад “Энэ залуу намайг зодсон” гэж хэлсэн. Хажуунаас нь Н.Мөнхбаясгалан учрыг тайлбарлах гэхэд нь түүнийг хамт аваад явсан. Х.Намууны хамар хавдсан, нүүр нь цус болсон харагдсан. Тэгээд М.Элбэрэл, З.Мөнх-Эрдэнэ, О.Дэмчигноров дөрөв дахиад пиво уугаад сууж байтал Э.Тэнүүн, Х.Намуун нар бидэн дээр хүрч ирсэн. Х.Намуун “Танай дүү намайг зодсон” гээд О.Дэмчигноровыг дагуулаад биднээс холдож уулзсан. Тэгснээ маргалдаад О.Дэмчигноров Х.Намууныг түлхэж газар унагаагаад нүүр лүү нь 3 удаа өшиглөсөн...” /1хх-154-155/,

гэрч Э.Тэнүүний “...далан руу ирэхэд Дэнгээ, Батхүү, Х.Намуун нар байсан ба Х.Намууны нүүр цус болчихсон байхаар нь асуухад далангаар яваад байдаг нэг залууд зодуулсан гэж хэлсэн. Х.Намууныг аваад явж байтал хэдэн залуучуудтай тааралдсан. Тэгээд Х.Намуунаас “Манай дүү нарыг яасан” гэж асуухад нь тэр “Эрүүлжүүлэгдсэн” гэж хэлсэн. Тэгтэл нэг намхан туранхай залуу нь Х.Намууны нүүр лүү цохиод, түүнийг тонгойход нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Х.Намууны шүд нь унасан байхыг харчихаад зугтаагаад  явчихсан...” /1хх-157/,

гэрч З.Мөнх-Эрдэнийн “...далангийн цаана Даваахүү хэдэн хүмүүстэй маргалдаад нэг залууг зодож байсан... тэднийг салгаад байж байтал нөгөө зодуулсан Х.Намуун гэх залуу цагдаа дагуулаад ирсэн. Энэ үед нь О.Дэмчигноров мөн ирсэн. Х.Намуун Даваахүү рүү заагаад “Энэ намайг зодсон” гэж хэлсэн... О.Дэмчигноров, Л.Баасанбямба бид гурав харихаар явж байгаад далан дээр Даваахүүд зодуулсан залуутай тааралдсан. О.Дэмчигноров түүнтэй уулзаад “Чи яагаад манай хоёр найзыг цагдаад өгөөд явуулчихаж байгаа юм бэ” гэхэд “Бид нарт цагдаад өгч явуулъя гэсэн бодол байгаагүй” гэх утгатай зүйл хэлсэн. Тэгсэн чинь О.Дэмчигноров гэнэт Х.Намууныг хавирч унагаад нүүр лүү нь өшиглөсөн... тэгэхэд Х.Намуун “Шүд уначих шиг боллоо” гээд шүдээ заасан. Тэгээд О.Дэмчигноров Х.Намууныг босгож ирээд “Одоо асуудал байна уу, гомдол санал байна уу” гээд Х.Намуун “Надад гомдол санал байхгүй” гэж хэлсэн. Тэгснээ О.Дэмчигноров “Надад 8,0 сая төгрөг байна, би чамайг энэ мөнгөндөө тааруулж зодох уу” гээд жаахан маргалдаж байгаад явсан...” /1хх-158-159/,

гэрч М.Элбэрэлийн “...нэг хартал Даваахүү далангийн цаана гарчихсан, Н.Мөнхбаясгалан, З.Мөнх-Эрдэнэ нар түүний араас нь очсон. Тэднийг ирэхээр нь би Даваахүүгээс юу болсныг асуухад “Сая харсан чинь тэд нар банз хулгай хийж байх шиг болохоор нь очоод маргалдсан юм” гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй цагдаа нар ирээд ба хамар нь хавдсан нэг залуу Даваахүүг заагаад “Энэ залуу намайг зодсон” гэж хэлсэн... ” /1хх-160-161/,

ялтан О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарын гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1хх-77-78, 83-85, 210-213/, тэдгээрийн хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1110, 1111 тоот дүгнэлтүүд /1хх-43-44/,

хэргийн газрын үзлэгийн болон хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-9, 11-14/, хохирогч Б.Батбуянгийн дээрэмдүүлсэн гэх эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /1хх-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16364 тоот “...Х.Намууны биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний дотор булан, баруун хацар, дээд, доод уруулын гадна хэсэг, оочны зулгаралт, доод уруулын язралт, 2 шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” /1хх-164/ гэх дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх тул эдгээрийг үндэслэн ялтан О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарыг согтуурсан үедээ бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, эд хөрөнгийг дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, ялтан О.Дэмчигноровыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Ялтан Б.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Отгонбаатар нь дээрэмдэх гэмт хэрэгт бүлэглэж оролцоогүй...” гэж түүний гэмт хэрэгт оролцсон байдлын талаар мэтгэлзэж байгаа боловч, энэ талаар ялтан Б.Отгонбаатар нь маргаагүй, хохирогч Б.Батбуян нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн болон уг гэмт хэрэгт ялтан нарын оролцсон оролцоог тодорхой мэдүүлсэн, энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан нар нь дээрэмдэх гэмт хэрэгт бүлэглэж оролцохдоо хохирогчийг ээлжлэн алгадах зэргээр хүч хэрэглэсэн, О.Дэмчигноров нь “Чихэнд байгаа ээмгээ тайлж өгөхгүй бол сэт татаад авна шүү” гэх байдлаар амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж монетон ээмгийг өөрөөр нь тайлуулж авсан, дараа нь халааснаас гар утсыг нь авсан, Б.Отгонбаатар нь хохирогчийн хүзүүнд байсан мөнгөн гинжийг тасдаж аваад, “Байгаа бүх зүйлээ өг” гэх зэргээр тулган шаардаж түүний пүүз, бэлэн мөнгө зэргийг тус бүр өөрсдийн мэдэлд шилжүүлэн авсан зэрэг үйлдлээрээ нэгдэж оролцсон байна. 

Анхан шатны шүүхээс ялтан О.Дэмчигноров, Б.Отгонбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа хохирогч Б.Батбуянгийн цаашид гомдол саналгүй болсон талаарх хүсэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан гэж дүгнэн, тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байх ба мөн ялтан нарын хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй болсон зэргийг харгалзан үзэж тэдний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхээс ялтан нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Харин анхан шатны шүүх ялтан О.Дэмчигноровын биечлэн эдлэх нийт ялын хэмжээг тогтоохдоо, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг багтааж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан ял шийтгэлийн ач холбогдлыг алдагдуулсан байгааг цаашид анхаарч ажиллахыг тэмдэглэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Отгонбаатарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн…” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

                                        ШҮҮГЧИД                                                  Д.ГАНСҮХ

                                                                                                            Д.МӨНХТУУЛ