Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 383

 

                                                               Ө.Энх-Учралд холбогдох эрүүгийн

                                                                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхтуул,

ялтан Ө.Энх-Учралын өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ө.Энх-Учрал, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.Энх-Учралд холбогдох эрүүгийн 201401020205 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Өнөрбаярын Энх-Учрал, 1994 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сум, 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн гудамжны 183 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЗН94022035/,

Ө.Энх-Учрал нь согтуугаар, танхайн сэдэлтээр, 2013 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 89 тоотод оршин суух У.Мөнх-Эрдэнийн гэрт “Өлзийжаргалыг мөнгө авч явсан байна, авчирч өг” гэж хэлснээр шалтаглан, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн У.Мөнх-Эрдэнийн цээж, хүзүүн тус газарт тус бүр 1 удаа хутгалж, бие махбодид нь ...цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн иргэн У.Бат-Эрдэнийн цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Энх-Учралын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Энх-Учралыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ө.Энх-Учралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулсан 7 жил 6 сарын хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ө.Энх-Учралд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг бинт, даавуу, хар өнгийн иштэй цагаан өнгийн метал хутга 1 ширхэг, бор шаргал өнгийн куртик, саарал өнгийн ханцуйтай “Adidas” гэсэн бичигтэй цамц, ногоон өнгийн нимгэн ханцуйтай зуны цамц, судалтай гурвалжин захтай хантааз, бор өнгийн ханцуйтай ноосон цамц, бор өнгийн иштэй метал заазуур 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ө.Энх-Учрал нь бусдад төлөх төлбөргүй, У.Мөнх-Эрдэнэ нь цаашид эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Ө.Энх-Учралын цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Ө.Энх-Учралд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Ө.Энх-Учрал гаргасан давж заалдах гомдолдоо: “...2013 оны 12 дугаар сарын 28-ны орой З.Алтанхуяг, У.Өлзийжаргал нарын хамт найзындаа амарч байтал У.Бат-Эрдэнэ, У.Мөнх-Эрдэнэ нар нь утсаар залгаж “Хувцас, мөнгө хулгайлчихлаа, авч ирж өг” гэхээр нь би “юун мөнгө, хувцас яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэд дахин залгаад намайг “Цагдаа дуудчихлаа, хурдан ирж уулз” гэсэн. Би учрыг нь олохоор гэрт нь очиход У.Мөнх-Эрдэнэ нэг хүнтэй хамт байсан ба гаднаас ах У.Бат-Эрдэнэ нь орж ирсэн. Тэр хоёр учрыг ярьж хэлэлцэхийн оронд хүч түрэмгийлэн дайрч улмаар бид барьцалдаж авсан. Би маш их айж сандарч өөрийгөө хамгаалахын тулд гарт таарсан зүйлээ шүүрэн авч тэдний эсрэг хэрэглэсэн. Би тухайн үед барьсан зүйлээ хутга гэдгийг мэдээгүй, сүүлд нь мэдсэн. У.Мөнх-Эрдэнэ нь галын дэгээ төмөр авч миний толгойн баруун хэсэгт болон мөр сүвээ рүү удаа дараа цохьсон. Үүнээс болж биеийн тухайн хэсгүүдэд хөхрөлт үүсч, хөндүүр зовиур их байгаа. Миний биед учирсан гэмтлийг байцаагч үл хайхран ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Намайг тэдэнд зодуулж байсныг тухайн үед байсан Б.Төмөрхуяг гэрчилнэ. Мөн У.Бат-Эрдэнэ, У.Мөнх-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа. У.Өлзийжаргал нь 2 дүүгийнхээ 80.000 төгрөгийг хулгайлж аваагүй бол энэ хэрэг явдал гарахгүй байх байсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 2.700.000 төгрөгийг төлсөн. Би урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Одоо бие давхар эхнэрийнхээ хамт амьдардаг. Цагдан хоригдох хугацаанд миний ходоодны шархлаа өвчин сэдэрч, улмаар эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлж байгаа. Цаашид ходоодны дуранд харуулах шаардлагатай байгаа боловч энэ эмнэлэгт аппарат нь байхгүй байгаа. Эдгээр байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтан Ө.Энх-Учралын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх ялтан Ө.Энх-Учралд ял шийтгэл оногдуулахдаа “...шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн боловч түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг хэрэглэх шаардлагагүй...” хэмээн дүгнэж уг хэрэг гарах болсон шалтгаант холбоог дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь хохирогч У.Мөнх-Эрдэнэ, У.Бат-Эрдэнэ нар нь ялтан Ө.Энх-Учралыг хулгайн гэмт хэрэгт таамгаар гүтгэн араас нь дахин дахин утасдаж, доромжилсон үйлдэл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.5-д заасан хохирогчийн хэт хайхрамжгүй үйлдэл нь ялтны сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидахад нөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэлгүй, танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Ялтан Ө.Энх-Учрал нь танхайн сэдэлтээр биш хувийн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан мэдүүлгүүдээр нотлогддог. Тэрээр анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор аюулыг ухамсарлаж, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлж гэм хороо арилгасан буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар хохирогчид төлөх төлбөргүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Ялтан Ө.Энх-Учралын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч У.Мөнх-Эрдэнэ, У.Бат-Эрдэнэ нар ялтан Ө.Энх-Учралыг У.Өлзийжаргалтай нийлж мөнгө авч явсан гэж буруутгаснаас талуудын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн болох нь харагддаг тул Ө.Энх-Учралын үйлдлүүд танхайн шинжтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Мөн тэрээр гаргасан давж заалдах гомдолдоо “Хохирогч У.Мөнх-Эрдэнэ намайг галын дэгээ төмрөөр зодсоны улмаас миний биед гэмтэл учирсан бөгөөд энэ тухайгаа мөрдөн байцаагчид хэлэхэд огт авч хэлэлцээгүй” гэж дурдсан байдаг. Энэ нь гэрч Б.Төмөрхуягийн “У.Мөнх-Эрдэнэ галын төмөр дэгээ бариад Ө.Энх-Учралыг зодож байсан” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Үүнээс үзэхэд байцаан шийтгэх ажиллагаанд ялтны эрх ашгийг хязгаарласан зөрчил харагдаж байна. Иймээс ялтан Ө.Энх-Учралын хохирогч нарт зодуулсан байдал, түүний биед гэмтэл учирсан эсэхийг шалгуулахаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх хүсэлтэй байна. Мөн ялтан Ө.Энх-Учралын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг мөн зүйлийн 96.1 болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон тус тус зөвтгөн өөрчилж, түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг  хэрэглэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Прокурор Б.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...ялтан Ө.Энх-Учрал нь танхайн сэдэлтээр хохирогч нарын биед хүнд болон хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхээс ялтан Ө.Энх-Учралын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Ө.Энх-Учрал нь согтуугаар, танхайн сэдэлтээр, 2013 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 89 тоотод оршин суух У.Мөнх-Эрдэнийн гэрт “Өлзийжаргалыг мөнгө авч явсан байна, авчирч өг” гэж хэлснээр өөрт хамааралгүй асуудлаар шалтаглан, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн У.Мөнх-Эрдэнийн хүзүү, ар нурууны хэсэгт тус бүр 1 удаа хутгалж, бие махбодид нь ...цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн иргэн У.Бат-Эрдэнийн цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч У.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... шөнийн 01 цаг өнгөрч байхад Ө.Энх-Учрал, Б.Төмөрхуяг нар манай гэрт орж ирээд Ө.Энх-Учрал нь ямарч үгийн зөрүүгүй миний шанаа руу гараараа 1 удаа цохисон. Түүнийг Б.Төмөрхуяг хойноос нь тэвэрч аваад хаалганы тэнд бариад зогсож байсан. Тэгтэл гэнэт эргэж хараад над руу заазуур авч шидсэн боловч оноогүй. Гаднаас У.Бат-Эрдэнэ ах орж ирэхэд Ө.Энх-Учрал түүнтэй барьцалдаж аваад хутгалсан. Ө.Энх-Учрал нь над руу хутга бариад өөдөөс ирэхээр нь би бултахад, миний хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн. Тэр гэрийн баруун талаар дахин гүйгээд ирэхээр нь би хаалганы хатавч руу түүнийг түлхээд барихад миний ар нуруун дээрээс халуу дүүгээд явчихсан. Би цамцаа тайлаад шархаа дарсан... бидний хохиролд 2.700.000 төгрөгийг өгсөн. Одоо гомдол саналгүй...” /1хх-19-22, 133, 2хх-67/,

хохирогч У.Бат-Эрдэнийн “...мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ө.Энх-Учралын утас руу залгаж “Би хувцсаа авмаар байна, маргааш авчирч өгөөрэй, У.Өлзийжаргалын авсан У.Мөнх-Эрдэнийн мөнгө нь албаны мөнгө юм байна лээ” гэж хэлэхэд “Эргээд яръя” гээд утсаа тасалсан. Удалгүй эргэж залгаад “Чи ямар сонин хүн бэ, төрөл садан У.Өлзийжаргалаас мөнгө хувцсаа харамлалаа, мөнгийг чинь өгчихөөд та хоёрыг ална шүү” гэж ярьсан... би түүнтэй ярьж дуусаад гэртээ орж У.Мөнх-Эрдэнэд “Босоод хувцсаа өмсөж бай, юмыг яаж мэдэхэв” гэж хэлчихээд гарч бие засаад буцаад ороод ирэхэд ... У.Мөнх-Эрдэнэ, Ө.Энх-Учрал нар нь гэрийн баруун талд зууралдчихсан байж байсан. Би Б.Төмөрхуягийн хамт тэднийг салгахад Ө.Энх-Учрал нэг зүйл шидэх шиг болсон. Тэгээд гал тогооны шүүгээнээс хутга аваад над руу эхэлж дайрахад Б.Төмөрхуяг болиулах гээд голоор орсон боловч мөрөн дээгүүр нь гар нь давж орж ирээд миний цээжний зүүн дээд хэсэгт хатгасан. Би куртикээ тайлаад үзэхэд цус болчихсон байсан... тэр хооронд Ө.Энх-Учрал буцаж У.Мөнх-Эрдэнэтэй зууралдаад суган доороос нь гараа гаргаж, ар талаас нь хутгалж байгаа харагдсан... бидний хохиролд 2.700.000 төгрөгийг өгсөн. Одоо гомдол саналгүй...” /1хх-24-28, 2хх-27/,

гэрч У.Өлзийжаргалын “...орой 20 цагийн үед З.Алтанхуяг “Өнөөдөр жаахан ууя, мөнгө олчих” гэхээр нь түүнтэй хамт У.Мөнх-Эрдэнийн гэрт ирээд чемоданд хийсэн мөнгөнөөс нь 80.000 төгрөг аваад З.Алтанхуягт дүрэмт хувцсыг тайлуулаад У.Бат-Эрдэнийн 2 цамцыг түүнд өмсгөсөн... бид хоол идчихээд Ө.Энх-Учралыг дуудаж бааранд ороод архи, пиво авч ууцгаасан...” /1хх-32-33/, 

гэрч З.Алтанхуягийн “...У.Бат-Эрдэнийг гаднаас орж ирэхийн өмнө У.Өлзийжаргал орны доод талаас мөнгө авсан. Ямар учиртай хэний мөнгө байсан талаар нь мэдэхгүй. Тэгээд У.Өлзийжаргал бид хоёр тэднийхээс гараад Ө.Энх-Учралтай утсаар яриад Сансарын тэнд байдаг бааранд уулзсан...” /1хх-127-128/,

гэрч Б.Төмөрхуягийн “...гаднаас У.Бат-Эрдэнэ орж ирэхэд Ө.Энх-Учрал түүний цээжин тус газарт хутгаараа 1 удаа дүрсэн. Тэгэхээр нь би гүйж очоод У.Бат-Эрдэнийг аваад гэрийн зүүн хойд талын сандал дээр суулгачихаад эргээд хартал У.Мөнх-Эрдэнэ галын дэгээ төмөр барьчихсан Ө.Энх-Учралтай зодолдож байсан. Тэднийг салгах гээд яваад очих хооронд Ө.Энх-Учрал түүнийг хутгаараа 2 удаа дүрчихсэн байсан...” /1хх-134-135/,

ялтан Ө.Энх-Учралын гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1хх-57-58, 60, 153  2хх-66/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 885 тоот “...У.Мөнх-Эрдэнийн биед зүүн талд цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цус хуралт, хүзүүнд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” гэх /1хх-36/, шинжээчийн 881 тоот “...У.Бат-Эрдэнийн биед зүүн талд цээжний дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ир зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд /1хх-39/, хохирогч У.Мөнх-Эрдэнэ, У.Бат-Эрдэнэ нарын тухайн үед өмсөж явсан хувцас, хэргийн газраас хураан авсан хувцас, эд зүйлс дээрх бохирлогдсон зүйл болон уранхайг шинжилсэн биологи, криминалистикийн шинжээчийн 230, 231, 524, 543, 544 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-41-50/, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хар өнгийн иштэй, цагаан өнгийн металл хутгыг хураан авсан тэмдэглэл, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-17/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх тул эдгээрийг үндэслэн ялтан Ө.Энх-Учралыг согтуурсан байхдаа, танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн, догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүхээс ялтан Ө.Энх-Учралд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан ба ялтан Ө.Энх-Учралын үйлдсэн гэмт хэргүүд нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамрагдаж байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг хэрэглэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг хасаж, өршөөн хэлтрүүлсэн нь хууль ёсны болжээ. Иймээс анхан шатны шүүхийг хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэлээ.

Мөн ялтан Ө.Энх-Учралын нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаах замаар тогтоосныг буруутгах үндэслэлгүй байх ба ялтны хувийн байдал, хохирогч нарын эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Ялтан Ө.Энх-Учралын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдолдоо, мөн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...уг хэрэгт хохирогч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн ба талуудын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн байсан. Ө.Энх-Учралын үйлдэл танхайн сэдэлтгүй...” гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргажээ.

Хохирогч У.Мөнх-Эрдэнэ, У.Бат-Эрдэнэ, ялтан Ө.Энх-Учрал нарын хооронд “У.Өлзийжаргал, З.Алтанхуяг нарыг хувцас, мөнгө авч явсан” гэх асуудлаар маргаан болж, улмаар Ө.Энх-Учрал нь У.Өлзийжаргал З.Алтанхуяг нартай хамт тэдний гэрээс явсныхаа дараа У.Бат-Эрдэнэ рүү утсаар ярьж “Төрөл садангаасаа мөнгө, хувцсаа харамлалаа” гэж өөрт хамааралгүй дээрх асуудалд уурлан “Мөнгийг чинь өгчихөөд та хоёрыг ална” гэж заналхийлээд, удалгүй тэдний гэрт эргэн ирж, тавиур дээр байсан хутгыг аваад шууд У.Мөнх-Эрдэнийн хүзүү, ар нуруун тус газарт тус бүр 1 удаа хутгалж, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулсан, мөн энэ үед тэднийг салгахаар ирсэн У.Бат-Эрдэнийн цээжин тус газарт 1 удаа хутгалж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлүүд нь үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, бусдад айдас түгшүүртэй байдал бий болгосон, нийгмийн хэв журам зөрчсөн танхайрсан үйлдэл мөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ө.Энх-Учрал, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар гаргасан давж заалдах гомдлуудыг дурдсан үндэслэлүүдээр тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шийтгэх тогтоол гарахын өмнө болон дараа ялтан нь ял эдлэх боломжгүй хүнд өвчнөөр өвчилсөн нь эмч нарын комиссын шийдвэрээр тогтоогдвол, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333 дугаар зүйлд зааснаар ялтныг өвчний учир ял эдлэхээс чөлөөлөх боломжтой. Одоогийн байдлаар ялтныг ял эдлэх боломжгүй өвчнөөр өвчилсөн гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ө.Энх-Учрал, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МЯГМАРЖАВ

                       ШҮҮГЧИД                                                    Д.ГАНСҮХ

                                                                                             Д.МӨНХТУУЛ