Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 403

 

Б.Батчулуун, Л.Энхболд нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Осоржамаа,

ялтан /хохирогч/ Л.Энхболд, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Д.Батсуурь, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 206/А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Батчулууны гаргасан давж заалдах гомдлоор Б.Батчулуун, Л.Энхболд нарт холбогдох эрүүгийн 201526030852 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Батаагийн Батчулуун, 1969 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 10 дугаар гудамжны 186 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НЛ69030470/,

2. Тэрэмийн шавь овогт Лувсангийн Энхболд, 1960 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Дако” ХХК-ийн сахиул ажилтай байсан, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Дако” ХХК-ийн хашаанд оршин суух, ял шийтгэлгүй /РД:НЛ60050174/,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын хойд талд байрлах “Дако” ХХК-ийн эзэмшлийн хашаанд Л.Энхболдын гэрт, 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн үед, Б.Батчулуун нь хүргэн ах байсан Л.Энхболдыг “Гэрээсээ хөөлөө, хулгай хийх гэлээ гэж зодлоо” гэх шалтгаанаар хувийн сэдэлтэйгээр түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

мөн Л.Энхболд нь 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын хойд талд байрлах “Дако” ХХК-ийн эзэмшлийн хашаан дахь өөрийн гэртээ, хүргэн дүү байсан Б.Батчулууныг “Хар шөнөөр юу хийж яваа юм, хулгай хийх гэлээ” гэж гэрээсээ хөөхөд “Таниас юугаа хулгай хийдэг юм” гэж маргалдан хувийн сэдэлтэйгээр сандлаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Батчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Л.Энхболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Батчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Л.Энхболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Батчулууныг 3 жил 5 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Л.Энхболдыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Б.Батчулууны цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 1 ширхэг хутга, модон сандал 1 ширхэг, бинт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, рентген зураг 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Л.Энхболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж, Л.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Батчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Л.Энхболдод авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Батчулуун гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхээс намайг хувийн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэснийг эргэлзээтэй болсон гэж үзэж байна. Л.Энхболд ах бид хоёр ямар нэгэн байдлаар маргалдаагүй ба би ахындаа юм уухаар орсныг ах хулгайч гэж андуураад толгойн тус газарт сандлаараа хүчтэй цохисон. Энэ асуудлаас үүдэн би хутгатай холбоотой үйлдлийг хийсэн. Түүнээс биш өс хонзонгийн сэдэл байгаагүй. Анхан шатны шүүхээс бидэнд хөнгөн ял шийтгэл оногдуулсан хэдий ч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шалтгаан нөхцөл зэргийг дахин судалж үзээд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтан Л.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Б.Батчулуунд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хэрэг гарах үед гэрт бүдэг гэрэлтэй байсан учраас Б.Батчулууныг таниагүй. Түүнийг өөдөөс дайрахаар нь өөрөөсөө холдуулах гэж сандлаар цохисон. Тэгээд гэрлээ асаагаад харахад миний цээжнээс цус гарч байсан. Намайг хутгалсан хутга нь манай гэрийн үүдний ширээн дээр байсан хутга мөн...” гэв.

Ялтан Л.Энхболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Прокурор Ц.Осоржамаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Б.Батчулуун, Л.Энхболд нарын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 206/А дугаар шийтгэх тогтоолтой Б.Батчулуун, Л.Энхболд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг бүх талаас нь бодитой байдлаар нь хянаж үзээгүй, шалгах, нотлох ажиллагаа гүйцэт хийгдээгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Хэргийн материалыг судлахад, 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын хойд талд байрлах “Дако” ХХК-ийн эзэмшлийн хашаанд Л.Энхболдын гэрт Б.Батчулуун нь хүргэн ах байсан Л.Энхболдыг “Гэрээс хөөсөн, хулгай хийх гэлээ гэж, мөн сандлаар цохиж зодлоо” гэсэн шалтгаанаар Л.Энхболдын цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан,

- мөн Л.Энхболд нь хүргэн дүү байсан Б.Батчулууныг “Хар шөнөөр юу хийж яваа юм, хулгай хийх гэлээ” гэж гэрээсээ хөөж, модон сандлаар толгой гарын хэсэгт нэг удаа цохиж түүний шууны ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Энэ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийн талаар шүүгдэгч тус бүр өөрөөр тухайлбал шүүгдэгч Б.Батчулуун нь “...шөнө болсон байсан, ам цангаад ажлын байрнаасаа гарч хүргэн ахынд очиж айраг уухаар гэрт нь орсон. Б.Батчулуун сэрж босч ирээд хулгай хийх гэлээ гэж, модон сандлаар толгой болон гар хэсэгт цохисон, гэрээсээ түлхэж хөөхөөр нь ширээн дээр байсан хутгыг авч хохирогч Л.Энхболдын цээжний зүүн хэсэгт хутгалсан...” гэсэн, шүүгдэгч Л.Энхболд нь “...би гэрийн хойморын орон дээр унтаж байгаад, гэрт хүн явахаар нь сэрж юу хулгайлах гээд байна гэж хэлээд тэр хүнийг дээрээс доош нь чиглэлтэй модон сандлаар толгой руу нь цохисон, тэгээд гэрэл асаагаад харахад танай юуг хулгайлдаг юм гээд Б.Батчулуун зогсож байсан ба гарт нь хутга байсан. Түүнийг модон сандлаар цохих үед тэр намайг хутгалсан гэж бодож байна. Өдөр нь бид нар архи ууцгаасан юм. Бид маргалдаж, зодолдож, ноцолдоогүй ба манай гэрийн хутга гэрийн хаалганы хажуугийн ширээн дээр байсан. Өмнө нь Б.Батчулууны төрсөн эгчтэй гэр бүл байсан ба дундаасаа 3 хүүхэд төрүүлсэн. Б.Батчулуунтай жилдээ нэг удаа тааралдаж, уулздаг. Өш хонзогнох зүйл байхгүй гэж бодож байна...” гэсэн агуулга бүхий тайлбар мэдүүлгийг тус бүрдээ өгсөн байх ба энэ мэдүүлгийг үндэслэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт болон гэм буруугийн хэлбэрийг тогтоох боломжгүй юм.

Иймд шүүгдэгч нарын хэнийх нь мэдүүлэг үндэслэлтэй болохыг шалгах, хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэж туршилт хийх гэх мэт  нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай.

Давж заалдах шатны шүүх эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгэж шийдвэрлэх боломжгүй тул дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасантай холбогдуулан  Б.Батчулуунд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Л.Энхболдод урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, ялтан Б.Батчулууны гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхилоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 206/А дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Батчулуун, Л.Энхболд нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, мөн дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорын газарт очтол Б.Батчулуунд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Л.Энхболдод урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧИД                                                  Т.ӨСӨХБАЯР

                                                                                                     Д.МӨНХТУУЛ