Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 456

 

   А.Чулуунд холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Булганчимэг,

            ялтан А.Чулууны өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

  нарийн бичгийн дарга Б.Оюунгэрэл нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 539 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан А.Чулуун, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Чулуунд холбогдох эрүүгийн 201524001259 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хотгойд овогт Аюушийн Чулуун, 1973 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Дашваанжил” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23 дугаар гудамжны 409 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ХЕ73090212/,

А.Чулуун нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 15 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн урд талын замд, иргэн О.Уранчимэгийн эзэмшлийн “Toyota Prius” загварын, 08-90 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Дэмбэрэлийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: А.Чулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Чулууныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, А.Чулуун нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан гэх гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий “Сиди”-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, А.Чулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан А.Чулуун гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ар гэр, хувийн байдал, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ.

Ялтан А.Чулууны өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан А.Чулуун нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтайван нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн. Үүнээс гадна А.Чулууны эхнэр нь чихрийн шижин өвчнөөр өвчилсөн, байнгын эмчийн хяналтад байдаг нь эмнэлгийн байгууллагын баримтаар тогтоогдож байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж А.Чулуунд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

А.Чулуун нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 15 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн урд талын замд, иргэн О.Уранчимэгийн эзэмшлийн “Toyota Prius” загварын, 08-90 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Дэмбэрэлийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхтайваны “...талийгаач эцэг маань тухайн үед ажилруугаа ганцаараа явж байсан. Тэрээр архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэггүй хүн байсан. Мөргөсөн жолоочид гомдолтой, оршуулгын болон бусад зардлаа нэхэмжилнэ...” /хх-19-20/,

гэрч Э.Баяржаргалын “...автобусны буудал дээр түгжирэл нэлээд их байсан. Баруунаас зүүн тийшээ чиглэлтэй автомашинууд зогсоод, замын голд байсан хүмүүс урагшаа нэг, хоёр алхаж байхад гарцан дээр хөндлөн зогсож байсан автобусны урд талаар нэг хүн гарч ирээд автомашинд мөргүүлээд газар унасан...” /хх-53-54/,

гэрч А.Оюунбилэгийн “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай дүү А.Чулуун надруу утсаар залгаад “Хүн мөргөчихлөө” гэхэд нь би “Цагдаа, түргэн тусламж дууд” гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү очиход осолд орсон хүн тархиндаа хүнд гэмтэл авсан сэхээнд байсан...” /хх-58-59/,

иргэний хариуцагч О.Уранчимэгийн “... “Toyota Prius” загварын, 08-90 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх бөгөөд осол гарсан өдөр нөхөр А.Чулуун нь миний зөвшөөрлөөр жолоодож явсан. Ослын улмаас автомашины урд салхины шил хагарсан, эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй, А.Чулуунаас нэхэмжлэх зүйлгүй. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” /хх-61/ гэсэн,

ялтан А.Чулууны гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-102-103/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэргийн газар хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /хх-2-14/,

талийгаач Ц.Дэмбэрэлийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 68 тоот “...талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай, дагз ясны далд хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цус хуралтыг авсан хагалгааны дараах байдал, тархины зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт, тархи уушгины хаван, тархи дарагдал бүхий гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь гавал, тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан...” /хх-68-69/,

Автотээврийн үндэсний төвийн техникийн шинжээчийн “...автомашины урд шил баруун буландаа хагарч цацарсан, урд буферын баруун хэсэгт бага зэрэг халцарсан эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой...” /хх-81-83/,

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын шинжээчийн “...жолооч А.Чулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Харин явган зорчигч Ц.Дэмбэрэл нь энэ дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. “Toyota Prius” загварын 08-90 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, гэрэл дохио стандартын шаардлага хангахгүй, иж бүрдлийн эвдрэл нь осол хэрэг гарахад нөлөөлөөгүй байна... /хх-89-90/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол гарсан байдлыг харуулсан камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, энэ тэмдэглэлд дурдсаныг харуулсан хавсралтаар ирүүлсэн бичлэг бүхий “Сиди” 1 ширхэг, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-15-17/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой бөгөөд эдгээрийг үндэслэн ялтан А.Чулууныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэм хор арилаагүй, арилах боломжгүй, мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын төлбөр нэхэмжлэх талаар мэдүүлсээр байхад, анхан шатны шүүхээс үүнд бодитой дүгнэлт хийлгүйгээр А.Чулуунд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Иймээс цаашид анхаарч ажиллахыг тэмдэглэв.

Харин ялтан А.Чулуун нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаар бичгээр хүсэлт ирүүлсэн зэргийг харгалзан түүнд хуульд заасан хөнгөн ялыг сонгон хэрэглэх боломжтой ба энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Ялтан нь нийт 35 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон 1 хоногийг одоо мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэн эдлэх  торгох ялын хэмжээнээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэн, ялтан А.Чулуун болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан “...ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авлаа.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 539 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар А.Чулууныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 2 жил 2 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар А.Чулууныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 38.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж,

- 5 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар А.Чулууны тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар А.Чулууны тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар А.Чулууны цагдан хоригдсон 35 хоногийг /1 хоногийг 192.000 төгрөгөөр тооцон/ одоо мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тэнцүүлэн 6.720.000 төгрөгийг торгох ялаас хасаж, үлдэх торгох ялын хэмжээг 31.680.000 төгрөгөөр тогтоосугай”,

мөн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар А.Чулуун нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай” гэсэн заалтуудыг тус тус нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, ялтан А.Чулууныг нэн даруй сулласугай.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                         Д.МӨНХТУУЛ