Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 470

 

                                                     С.Сумъяад холбогдох шүүгчийн захирамжийг

                                               хянуулахаар гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаагийн гаргасан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай “Хорих ялыг биечлэн эдлүүлэх  тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, ялтан С.Сумъяагийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох материалыг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхонууд овогт Сурмаажавын Сумъяа, 1974 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 67 тоотод түр оршин суух,

- 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 9 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэн суллагдсан,

- 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялаас 2 жилийн хорих ял өршөөн хасагдаж, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД:УГ74110215/,

Ялтан С.Сумъяа нь хорих ялаас тэнсэж, хянан харгалзсан хугацаанд буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр архидан согтуурч, цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан зөрчлийг гарган Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаар шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэлээр, мөн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлийг давтан гаргаж 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар цагдаагийн торгуулийн хуудсаар 5000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус ногдуулагдсан байна.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс: Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.8 дахь хэсэгт зааснаар ялтан С.Сумъяагийн эдлээгүй үлдсэн хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай саналыг материалын хамт шүүхэд шилжүүлжээ.

Прокурор Б.Одхүү гаргасан дүгнэлтдээ: “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай “Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтан С.Сумъяагийн эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэх саналтай” гэжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай “Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.8 дахь хэсэгт зааснаар С.Сумъяагийн эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр зааж, шүүгчийн захирамжийг биелэгдэх хүртэл С.Сумъяад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан С.Сумъяа гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие ял эдлэж байх хугацаандаа хэрэг зөрчил гаргаагүй. 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар биеэр 3 жил 1 хоног, шагналын 3 сар 8 хоног, нийтдээ 3 жил 3 сар 9 хоног, мөн дэглэм магадланд 3 сар 9 хоногийн илүүтэй ял эдэлсэн. Дээрх хугацааг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг маань бууруулж өгнө үү...” гэжээ.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтанд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болсон тул хэвээр үлдээх саналтай…” гэв.

ХЯНАВАЛ:

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай ялтан С.Сумъяагийн хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Хэргийн материалыг судлахад, Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор С.Сумъяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба, мөн  тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Сумъяагийн эдлэх ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар түүнийг эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

Ялтан С.Сумъяа нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан буюу Багануур дүүргийн 1 дүгээр хороог харьяалсан Цагдаагийн хэлтсийн хяналтанд байх хугацаанд, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед архидан согтуурч, цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан зөрчлийг гарган Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаар шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэл, мөн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн үед архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлийг давтан гаргаж, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1583 дугаартай торгуулийн хуудсаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 5000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус ногдуулагджээ.

Ялтан С.Сумъяа нь хорих ялыг тэнсэн суллагдсан, цагдаагийн хяналтанд байх хугацаандаа дээрх зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон байна.  

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай санал ирүүлснийг үндэслэн ялтан С.Сумъяаг ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, түүний өмнөх тогтоолоор буюу тогтоолд заасан үндэслэлээр эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.8 дахь хэсэгт заасан Ялтан хянан харгалзах хугацаанд ... захиргааны зөрчил гаргаж шийтгэгдсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож, үлдсэн ялыг эдлүүлэхээр захирамж гаргана гэсэн заалтад нийцэж байна.

Ялтан С.Сумъяа нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 74 хоног, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 2013 онд 8 сар 20 хоног, 2014, 2015 онуудад 24 сар, 2016 онд 26 хоног цагдан хоригдож бүгд биеэр 3 жил 1 хоног, шагналаар 3 сар 8 хоног, нийт 3 жил 3 сар 9 хоногийн хорих ялыг эдэлсэн ба 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 8 сар 21 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн.

Ялтан С.Сумъяагийн хорих ял эдэлсэн талаарх  тооцоо зөв байна.    

Ялтан С.Сумъяа гаргасан давж заалдах гомдолдоо хорих ял эдлэх дэглэмийг бууруулж өгөхийг хүссэн байх ба энэ гомдлыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1261 дүгээр зүйлийн 1261.2 дахь хэсэгт зааснаар Хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж урамшуулагдаж байсан ялтны ял эдэлж буй дэглэмийг бууруулах тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэгэж заасны дагуу шийдвэрлэх тул ялтны гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд ялтан С.Сумъяагийн эдлээгүй үлдсэн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тус шүүхийн 2016 оны 66 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан С.Сумъяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан С.Сумъяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

                              ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ДАВААСҮРЭН

                              ШҮҮГЧИД                                            Н.БАТСАЙХАН

                                                                                           Д.МӨНХТУУЛ