Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 479

 

С.Найданд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Анхбаяр,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяа,

            иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун, Б.Лхагвадулам,

            ялтан С.Найдангийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

  нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулууны гаргасан давж заалдах гомдлоор С.Найданд холбогдох эрүүгийн 201524001236 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Дархчууд овогт Сүхбаатарын Найдан, 1981 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Сутайн буянт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, 2 дугаар баг, Баян 3 дугаар гудамжны 10-ын 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 689 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:МБ81022811/,

С.Найдан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цаг 34 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын зүүн урд талын замын явган хүний гарцан дээр, “Сутайн буянт” ХХК-ийн  эзэмшлийн “Daewoo BS-106” загварын, 26-48 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Хонгорыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Найдангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Найданг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 27 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-иас 20.468.370 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяад олгож, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэйг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий “Сиди” 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, С.Найдангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №279513 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, С.Найданд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт заасан Иргэний хариуцагчийн төлвөл зохих гэм хорын төлбөрийн хэмжээнээс зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт  “...гэм хор учруулсны төлбөрийг ... бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл ... хугацаанд төлнө” гэж заасан бөгөөд амь хохирогчийн охин Б.Бямбасүрэн нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 насанд хүрсэн, сургуульд суралцдаггүй тул гэм хор учруулсны төлбөр авах эрх үүсэхгүй. Иймээс 3.840.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хохирол төлбөрөөс хасаж тооцож өгнө үү.

2. Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт “...хохирогч нас барсантай холбогдсон төлбөрийг сар тутамд төлнө” гэж заасан. Иймээс амь хохирогчийн насанд хүрээгүй охин Х.Халиунаад 18 насанд хүртэлх хугацаанд төлөх 22.464.000 төгрөгөөс /шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хохиролд төлсөн 10.200.000 төгрөгийн оршуулгын зардлын 4.364.370 төгрөгийг хасаж/ 5.835.630 төгрөгийг гэм хорын төлбөрт тооцон хасаж үлдэх 16.628.370 төгрөгийг сар тутамд хэсэгчлэн төлөх хууль зүйн үндэслэлтэй...” гэв.

Иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ХХК-ийг төлөөлж талийгаачийн хүүхдүүд амьдарч байгаа газарт очиж тэдэнтэй уулзаад, том охин 19 настай Б.Мягмарсүрэнг ажлын байртай болгож өгөх, удаах охин 16 настай Б.Бямбасүрэнг цаашид үргэлжлүүлэн суралцах боломжоор хангаж, мөн ажлын байртай болгож өгөх талаар саналыг тус тус тавьсан боловч тэдгээрийн зүгээс тодорхой хариу өгөөгүй. “Сутайн буянт” ХХК-ийн хувьд шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан гэм хор учруулсны төлбөрийг бөөнөөр нь гаргаж өгөх боломж хомс байгаа...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тус компанийн зүгээс тавьсан саналд хариу мэдэгдэх гэхэд харилцах утсаа авахгүй бидэнтэй холбогдохыг хүсэхгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна...” гэв.

Ялтны өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

С.Найдан нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цаг 34 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын зүүн урд талын замын явган хүний гарцан дээр, “Сутайн буянт” ХХК-ийн  эзэмшлийн “Daewoo BS-106” загварын, 26-48 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Хонгорыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаач М.Хонгор нь миний төрсөн дүү. Түүний ар гэрт 5-19 насны 4 өнчин хүүхэд үлдсэн ... төлбөрт 2 өрхийн ашиглагдаагүй газрыг 4.000.000 төгрөгөнд тооцож авсан. Дараа нь оршуулгын зардалд 6.000.000 төгрөг авсан. Талийгаачийн 5 настай Х.Хүслэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж 189.750 төгрөгөөр тогтоогдсон. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдоогүй үлдсэн 9 настай Х.Халиуна, 16 настай Б.Бямбасүрэн нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж, нөхөн төлбөрт 26.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг бөөнд нь авснаар эдгээр бүтэн өнчин хүүхдүүдийг орон гэртэй болгох боломжтой...” /1хх-237-238/,

гэрч Ц.Гансүхийн “...2015 оны 12 дугаар сарын 8-ны өглөө 06 цаг 50 минутын үед тус ХХК-ийн шалгах механикч ажилтан автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж, жолоочид аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаад ажил үйлчилгээнд гаргасан. Шалгах механикч өглөө өөрөө автобусыг шалгаж асааж явуулж үзэхэд 4 дугуйны тоормоз  хэвийн  ажиллагаатай байсан...” /1хх-57/,

шинжээч Б.Ганцоожийн “...урд тэнхлэгийн баруун зүүн талын тоормозны ABS системийн тасарсан утсыг яам дээр гаргаад доогуур нь орж байж харах боломжтой. Түүнээс биш тонгойж харахад харагдахгүй. ABS систем нь халтиргаа, гулгаатай замд шарвалт өгөхгүй байлгах, тоормозыг жигд ажиллуулах систем юм. Автобусны тоормоз хэвийн ажиллаж байсан. Утас нь тасарсан нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй...” /1хх-79/ гэсэн,

ялтан С.Найдангийн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1хх-99, 237/,

зам тээврийн осол, хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэргийн газар хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /1хх-2-13/, Энхтайваны өргөн чөлөө, Цамбагарав худалдааны төвийн зүүн урд явган зорчигчийн гэрлэн дохионы байрлалыг харуулсан гэрэл зураг /1хх-19/,

талийгаач М.Хонгорын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 26 тоот “...талийгаачийн биед дагз ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, бага тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан. Түүний цусанд 2,6% спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүчтэй зэргийн үзүүлэлт болно...” /1хх-66-67/,

Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албаны Сонгинохайрхан салбарын шинжээчдийн 5/78152 тоот “...урд, хойд дугуйн тоормозны хүч ... зөрүүтэй, ...ухрах арааны гэрэл нь асахгүй, урд тэнхлэгийн баруун зүүн талын тоормозны ABS системийн утас нь тасарсан байдалтай байсан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна... урд шил нь баруун доод хэсэгтээ хагарч цуурч цацарсан гэмтэл нь хатуу биетээр цохих, мөн мөргөсний улмаас ... ослын үед үүссэн байж болно...” /1хх-75-77/,

 Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын шинжээчийн 81 тоот “...жолооч С.Найдан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан заалт зөрчсөн байх үндэслэлтэй. Харин явган зорчигч М.Хонгор нь энэ дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй..., автобусны тоормозны мөрөөр хурдыг тодорхойлвол 31.2 км/цаг байна...” /1хх-81/ гэх дүгнэлтүүд, мөн зам тээврийн осол гарсан байдлыг харуулсан автобусны дотоод хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын байдлыг  харуулсан камерын дүрс бичлэг бүхий “Сиди” 1 ширхэг, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-25-26, 28/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой бөгөөд эдгээрийг үндэслэн ялтан С.Найданг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтанд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

Анхан шатны шүүх гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяагийн гаргасан шаардлага, түүний “...амь хохирогчийн бүтэн өнчин хүүхдүүдийн амьдарч буй орон байрны нөхцөл хүнд байгаа учраас тэдгээрт байшин барьж өгөх шаардлагатай...” гэсэн санал, хүсэлтийг тус тус харгалзан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоогдоогүй үлдсэн буюу амь хохирогчийн 1999 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин /16 нас 5 сартай/ Б.Бямбасүрэн, 2007 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн охин /8 нас 3 сартай/ Х.Халиуна нарт 18 нас хүртэлх хугацаанд тэжээн тэтгэх, нөхөн олговрын төлбөрийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцон иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-иар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна.

 Иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК нь гэм хор учруулсны төлбөрийг сар бүрд нь төлөх санал тавьж маргасан байна.

Энэ гэмт хэргийн хохирогч М.Хонгор нь нас барсанаар түүний асрамжинд байсан  насанд хүрээгүй 3 хүүхдүүд нь бүтэн өнчин үлдсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн ... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үндсэн үүрэгтэй...” гэж,

Гэр бүлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад “Гэрлэгчид нь ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ... тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх ... үүргийг адил хүлээнэ.” гэж,

Мөн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж, 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтад “Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.” гэж тус тус заажээ.

Иймээс “Сутайн буянт” ХХК-ны ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй Батхуягийн Бямбасүрэн, Хонгорын Халиуна, Хонгорын Хүслэн нарын төрсөн эх М.Хонгорын амь нас хохирсоноор нэр дурдсан 3 хүүхдийг тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хуульд заасан дээрх үүрэг иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-нд  шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хохирогч буюу иргэний нэхэмжлэгч М.Мөнхтуяа нь хариуцагчаас хүүхдүүдийн гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэхийг шаардаагүй харин зөвхөн тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй дүйцэх нөхөн олговрыг олгохыг шаардсан ба энэ нөхөн олговрын төлбөрийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулна гэжээ.

Иргэний нэхэмжлэгч тэжээн тэтгэхтэй холбоотой нөхөн олговрыг хүүхдүүдийг тэжээн тэтгэхээс гадна хүүхдийн гэр бүлийн эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэхэд зарцуулах тухай тайлбарласныг буруутгах үндэслэлгүй. Гэр бүлийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д тэтгэлэг олгох хэлбэрийг хуульчлан заасан тул эцэг эхийн тэжээн тэтгэх үүргийг шилжүүлэн авсан иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-иас иргэний нэхэмжлэгчийн шаардлагын дагуу нөхөн төлбөрийг бөөнд нь нэг удаа тооцож гаргасныг дээрх хуульд нийцсэн гэж үзэж байна.

Иймд иргэний хариуцагч “Сутайн буянт“ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвачулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин амь хохирогчийн 1997 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн /19 настай/ охин Б.Мягмарсүрэн нь байцаан шийтгэх ажиллагааны явцад насанд хүрч иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болсон байх ба мөн насанд хүрээгүй 3 өнчин дүүтэйгээ нэг гэрт амьдарч, асран хүмүүжүүлж, тэжээн тэтгэж байгаа тул шийтгэх тогтоолд иргэний хариуцагчаас гаргуулахаар заасан гэм хор учруулсны нөхөн төлбөрийг түүнд олгоход хуульд харшлах зүйлгүй гэж үзлээ. Энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад, “...иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-аас 20.468.370 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Мижидийн Мөнхтуяад /СХД-ийн 31-р хороо, “Дэнж 1а Аадар” гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, РД:ЙР77050862/ олгосугай” гэснийг “...иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-аас 20.468.370 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Мижидийн Мөнхтуяа /СХД-ийн 31-р хороо, “Дэнж 1а Аадар” гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, РД:ЙР77050862/, амь хохирогчийн төрүүлсэн хүүхэд Боржигон овогт Батхуягийн Мягмарсүрэн /СХД-ийн 31-р хороо, “Дэнж 1а Аадар” гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, РД:АС97121606/ нарт олгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН

                          ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

                                                                                               Д.МӨНХТУУЛ