Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 480

 

        С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Цолмон,

яллагдагч /хохирогч/ С.Ганхуяг,

яллагдагч /хохирогч/ Б.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Д.Цолмонгийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн 201625010553 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хул-Адуут овогт Самбуугийн Ганхуяг, 1969 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 4 дүгээр гудамжны 94 тоотод оршин суух,

- 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан /РД:ХЗ69082577/,

2. Боржигон овогт Баасанжавын Эрдэнэбат, 1981 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамжны 363 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:МХ81042919/,

С.Ганхуяг нь 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” нэртэй караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Эрдэнэбат, Л.Алтанчимэг нарын эрх чөлөөнд халдан, улмаар хохирогч Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Б.Эрдэнэбат нь 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” нэртэй караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч С.Ганхуягийн эрх чөлөөнд халдан, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. С.Ганхуягийн өмсөж явсан хувцсанд шинжилгээ хийсэн дүгнэлтийн үндэслэл болох цамц, 2 ширхэг фудволк зэргийг тухайн үед өмсөж яваагүй гэсэн мэдүүлгийг Б.Эрдэнэбат, Л.Алтанчимэг нар мэдүүлсэн байхад үүнийг шалгаагүй орхигдуулсан байгааг шалгах, тухайн үед хамт байсан хүмүүсээр эдгээр хувцсыг С.Ганхуяг өмсөж явсан эсэхийг тодруулж шалгах, мөн хэрэгт С.Ганхуягаас хувцсыг хураан авсан талаар ямар нэгэн баримт байхгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлээгүй байна.

2. Тухайн цамцан дээр илэрсэн цусны толбыг шинжлэхэд АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт гарсан ба энэ хэний цус болохыг тогтоогоогүй байгааг тогтоох,

3. Б.Эрдэнэбатын гар утас алга болсон талаар мэдүүлсэн байхад үнэлгээ хийлгэсэн мөртлөө эцэслэн шалгаж тогтоогоогүйг шалгах,

4. С.Ганхуягийн хацарт хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шарх нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ба энэ гэмтлийг хэн ямар багаж зэвсгээр үүсгэсэнг шалгаж тогтоох,

5.  Б.Эрдэнэбатын хувийн байдлыг тодорхойлох,

6. С.Ганхуяг 200.000 төгрөгийг миний халаасыг урж байгаад авсан гэж мэдүүлсэн байхад шалгаагүй атлаа Б.Эрдэнэбатыг аваагүй байна гэж үзэн түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгожээ. Анхнаасаа С.Ганхуягт тухайн мөнгө байсан эсэх, хэрэв байсан бол хаачсан талаар шалгавал зохих зүйлүүдийг шалгаагүй байгааг тус тус шалгах шаардлагатай байна.

 Иймээс шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй дутуу хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байх ба үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Цолмон давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг зодоон зөвхөн С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарын хооронд болсон бөгөөд С.Ганхуяг нь Б.Эрдэнэбатын үйлдлийн улмаас гипсэн хавтан мөргөж унан, улмаар хацрандаа зүсэгдсэн гэмтэл авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон.

1. Мөрдөн байцаагч С.Ганхуягийн өмсөж явсан хувцсыг тухайн цаг хугацаанд хурааж авалгүй, нэг сар гаран хугацааны дараа хураан авч шинжилгээ хийлгүүлсэн нь ач холбогдолгүйн гадна, уг хувцсыг хурааж авсан тухай тэмдэглэл үйлдэлгүй, мөн эд мөрийн баримтаар хурааж авалгүй шинжээчийн дүгнэлт гаргуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Иймээс уг дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр бусад нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн гэмт хэрэг гарахад дэргэд нь байсан бүх гэрчүүдээс мэдүүлэг авсан байх тул тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулж тухайн үед С.Ганхуягийн өмсөж явсан хувцасны талаар тодруулах боломжтой байсан. Мөн С.Ганхуягийн хацарнаас цус гарч, гэрч /бармен/ Д.Оюунгэрэл 00-ын цаас авчирч өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул С.Ганхуягийн хувцсан дээр илэрсэн цусны толбо хэнийх болохыг тогтоох нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Иймд шүүгчийн захирамжийн 1, 2, 4 дэх заалтуудаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.

2. Хэргийн материалд Б.Эрдэнэбатын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар өгсөн “...зодуулсны дараа хамт байсан Л.Алтанчимэг эгч миний гар утсаар цагдаад дуудлага өгсөн... сүүлд нь би гар утсаа асуухад чамд өгсөн гэж хэлж байсан... би буцааж авсан эсэхээ сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, тухайн үед түүний 80183575 дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн талаарх тэмдэглэл зэрэг байх ба эдгээрээс үзэхэд Б.Эрдэнэбат нь С.Ганхуягт зодуулсны дараа өөрт нь гар утас нь байсан, зодооны явцад алга болоогүй болох нь тогтоогддог. Тэрээр анхнаасаа гар утас алга болсон талаар хэн нэгэнд холбогдуулж гомдол гаргаагүй.

3. Хэрэгт Б.Эрдэнэбатын хувийн байдлыг тодруулахаар түүний эхнэр болон хамт лангуу түрээслэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан, мөн түүнд холбогдох бичгийн бусад баримтууд авагдсан байгаа.

4. С.Ганхуяг хэрэг гарсны маргааш буюу 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр цагдаад дуудлага өгөхдөө бусдад зодуулж 200.000 төгрөгөө дээрэмдүүлсэн гэдэг. Энэ талаар мөрдөн байцаалтын явцад шалгахдаа хохирогч Л.Алтанчимэг, гэрч М.Баттулга, Д.Оюунгэрэл, яллагдагч Б.Эрдэнэбат нараас асууж тодруулахад С.Ганхуягаас мөнгийг нь хэн ч дээрэмдээгүй талаар тодорхой мэдүүлдэг. Иймээс тухайн үед дээрмийн гэмт хэрэг үйлдэгдээгүй, яллагдагч Б.Эрдэнэбат уг мөнгийг аваагүй болох нь тогтоогдсон гэж үзэж, түүнд холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд 74 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор хохирогч, гэрч нарыг оролцуулан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагч /хохирогч/ С.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан 74 дугаартай шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Иймээс прокурорын бичсэн 24 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид эвлэрэх саналтай...” гэв.

Яллагдагч /хохирогч/ Б.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн материалыг судлахад, 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” нэртэй караоке бааранд С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа С.Ганхуяг нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Эрдэнэбат, Л.Алтанчимэг нарын эрх чөлөөнд халдан, улмаар Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн гэмтлийг, Б.Эрдэнэбат нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Ганхуягийн эрх чөлөөнд халдан, улмаар түүний бие махбодид нь хөнгөн гэмтлийг тус тус учруулсан байна.

Прокурорын газраас тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар тус тус зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан байна.

Шүүгчийн захирамжид дурдсан, С.Ганхуягийн хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцсыг тодруулах, түүний хувцсан дээр илэрсэн цусны толбо хэнийх болох, түүнд 200.000 төгрөг байсан эсэх, хэрэв байсан бол хэрхсэн талаар тус тус шалгаж тогтоохыг шаардсан ба эдгээр ажиллагаа нь шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох, тэдгээрт хариуцлага тооцоход чухал ач холбогдолгүй  байна.

Шүүх, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүх хуралдааны ажиллагааг явуулж, тэдгээрийн гэм бурууд нь дүгнэлт өгч, шаардлагатай гэж үзвэл хохирогч, зарим гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан шүүхийн хэлэлцүүлэгт С.Ганхуягийн хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцас, түүний бусдад дээрэмдүүлсэн гэх 200.000 төгрөг, Б.Эрдэнэбатын тухайн үед алга болсон гэх гар утасны талаар асуулга тавьж тодруулан шийдвэрлэх боломжтой ба энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.

Эдгээр үндэслэлийг нэгэн адил дурдсан прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, дээрх үндэслэлүүдийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай гэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Хэрэг шүүхэд очтол С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН

                          ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

                                                                                               Д.МӨНХТУУЛ