Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 481

 

Д.Чулуунчимэгт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Даваажав,

            ялтны өмгөөлөгч А.Энхбуйр,

  нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Чулуунчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201625020357 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Баруунхуацай овогт Долсогмаагийн Чулуунчимэг, 1993 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-ын 9 дүгээр гудамжны 271 тоотод оршин суух,

- 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан /РД:СБ93070400/,

Д.Чулуунчимэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөрөн” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн, буудлын ажилтан Д.Батсүхтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, архины шил хагалж, хагархай шилийг нь зэвсгийн чанартайгаар хэрэглэн танхайрч, иргэн Д.Батсүхийн нүүрэн тус газар луу нь шидсэний улмаас баруун хацрыг зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Чулуунчимэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Чулуунчимэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 107 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Чулуунчимэг нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Чулуунчимэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогч Д.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг ороход тэр залуу, энэ охин хоёр байсан... би “Гараарай” гэж хэлээд өрөөнөөс нь гараад коридорт зогсож байхад өрөөн дотор шил хагарах чимээ сонсогдсон, би юу болов гэж бодоод яваад ортол энэ охин нөгөө залуутайгаа хэрэлдэж байсан” гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...намайг “Гар” гэж хэлэхэд тэр охин ширээн дээрээс архины шил авч пааран дээр цохиж хагалаад шууд миний нүүр лүү шидчихсэн”, гэрч Б.Цэрэндашийн “...Чулуунчимэг гарч ирэхгүй болохоор нь би Баясаа гэх залуутай буцаж өрөө рүүгээ орсон. Тэгэхэд биднийг буудлаас хөөгөөд байсан ахын нүүр нь зүсэгдсэн, хацарнаас нь цус гарч байсан... би яг хажууд нь байгаагүй”  гэсэн мэдүүлгүүд нь хоорондоо зөрж байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмчээс хохирогчийн хацар холоос шил шидэхэд эсхүл ойроос шууд зүсэгдэх боломжтой эсэхийг тодруулаагүй. Хэрэг болох үед намайг ухаанаа алдтлаа согтуу байсан гэх атлаа миний согтолтын хувийг тогтоогоогүй. Мөн тухайн үед надтай хамт байсан гэх найзуудаас болсон үйл явдлын талаар гэрчээр байцаагаагүй, Б.Цэрэндаш гэх хүн миний найз болж миний эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Тэрээр “...10 цагийн үед Чулуунчимэг над руу залгаад “Чи хүрээд ирээч, хоёулаа хамт харья” гэж хэлсэн...” гэж мэдүүлдэг. Би уг хүнтэй яриагүй. Түүнийг хэн болох, ямар дугаарын утаснаас надтай ярьсан эсэхийг шалгуулмаар байна. Би 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед уг буудалд найзуудтайгаа архи ууцгааж хоносон. Маргааш нь дахин архи уугаагүй бөгөөд дотор муухайраад хэвтэж байхад хохирогч ах орж ирээд “Цаг чинь болчихлоо гараарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Гарлаа” гээд хувцсаа өмсөж байтал тэр ах намайг орон дээр дараад миний өмдийг тайлах гэж оролдсон. Тэр үед би их айсан ба болиулах гэж ноцолдохдоо газар унаад гарт баригдсан зүйлээрээ түүнийг өөрөөсөө холдуулах гэж цохисон. Тэгэхэд нөгөө ах хацар зүсчихлээ гээд боссон. Түүнээс биш хохирогчийн мэдүүлсэн шиг зүйл болоогүй. Миний гарт баригдсан зүйл хагархай шил байсныг мэдээгүй, тэр шил хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд намайг орон гэргүй, биеэ үнэлэгч, төлбөрийн чадваргүй гээд өмгөөлөгч авах боломжоор хангаагүй. Тиймээс би өмгөөлөгчгүйгээр мэдүүлгээ өгсөн. Би эцэг шигээ хүнд оролдуулсандаа найз нөхдөөсөө ичээд анхны мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлж чадаагүй. Би архи ууж, хүн гэмтээсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин алдаа зөрчил гаргахгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шалгаж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан Д.Чулуунчимэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батсүх өөрийг нь оролдсон үйлдлийн улмаас түүнд гэмтэл учруулсан гэж мэдүүлдэг. Тэрээр эцэг шигээ хүнд оролдуулсандаа найз нөхдөөсөө ичиж мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгч чадаагүй гэдэг. Түүнчлэн хохирогч руу шидсэн зүйл архины шил эсхүл шилний хагархайн аль нь байсан нь тодорхой бус байдаг. Иймээс гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг бүрэн гүйцэт шалгаж, тогтоох шаардлагатай...” гэв.

Прокурор Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Д.Батсүх нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...өрөөнд шил хагарах чимээ сонсогдохоор нь яваад ортол Д.Чулуунчимэг архины шил цохиж хагалаад над руу шидсэн...” гэж тогтвортой мэдүүлсэн. Мөн гэрч Б.Цэрэндашийг тухайн өдөр Д.Чулуунчимэг нь өөрөө дуудаж ирүүлсэн байдаг. Харин хохирогч Д.Батсүх, ялтан Д.Чулуунчимэгийн өмдийг тайлах гэж оролдсон асуудал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх ялтан Д.Чулуунчимэгийн үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Д.Чулуунчимэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөрөн” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн, буудлын ажилтан Д.Батсүхтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, архины шил хагалж, хагархай шилийг нь зэвсгийн чанартайгаар хэрэглэн танхайрч, иргэн Д.Батсүхийн нүүрэн тус газар луу нь шидсэний улмаас баруун хацрыг зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Батсүхийн “...буудлын ресепшн Д.Алтанзул над руу залгаад “Өчигдөрийн орсон хүүхдүүд цаг нь болчихоод байхад гарахгүй, агсам согтуу тавиад байна” гэж хэлсэн... тэд нарын өрөөнд яваад ороход нэг охин нь орилж хашгираад байсан. Би “Цаг чинь болсон байна, одоо ингээд гарцгаачих” гэж хэлэхэд тэдний хоёр нь “За одоо гарлаа” гэсэн... хүлээж байтал өрөөнд шил хагарах чимээ гарахаар нь би цонх хагалж байна гэж ойлгоод өрөө рүү нь буцаж орсон. Нөгөө охин нь “За гарлаа шдээ, юун сүртэй юм” гээд уурласан. Харин залуу нь бол чимээгүй байсан. Намайг “Гар” гэж хэлэхэд тэр охин ширээн дээрээс архины шил авч өрөөний пааранд цохиж хагалаад шууд миний нүүр лүү шидчихсэн. Тэр шил нь миний баруун хацрыг зүссэн. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад Д.Алтанзулд “Буудлынхаа хаалгыг түгж, цагдаа дууд” гэж хэлсэн. Энэ үед нөгөө охин “Та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж орилж, хашгирч байсан. Би 4 см-ийн урттай, 6 ширхэг оёдол тавиулсан...” /хх-22-23/,

гэрч Д.Алтанзулын “...энэ шил шидсэн охин тасарчихсан юм шиг унтаад байсан ба найзууд нь ирээд орой 18 цаг хүртэл цагаа сунгуулъя гэхэд нь зөвшөөрсөн. Тэгээд орой 18 цаг болохоор нь би тэдэнд “Цаг чинь болчихлоо, гарцгаагаарай” гэж хэлэхэд нөгөө охиноос бусад нь “За” гээд хувцаслаад гарцгаасан. Харин нөгөө охин нь орондоо хэвтчихээд босохгүй байхаар нь хөнжлийг нь хуултал тэр охин “Чадахгүй, чи өөрөө гарч зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буудлын жижүүр болох Д.Батсүх рүү залгаж “Энд нэг охин гарахгүй, агсам тавиад намайг тоохгүй байна, эрэгтэй хүн хэлвэл арай гайгүй байлгүй, ороод ирээч” гэж хэлсэн... хэсэг байж байгаад Д.Батсүх дахин өрөө рүү нь орсон. Тэгтэл гэнэт шил хагарах чимээ гарсан. Би яваад ортол Д.Батсүх хацраа дарчихсан, хацар нь ангайчихсан цус ихээр гарч байсан...” /хх-24-26/,

гэрч Б.Цэрэндашийн “...2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагийн үед Д.Чулуунчимэг над руу залгаад “Чи хүрээд ирээч, хоёулаа хамт харъя” гэж хэлсэн. Би тэр буудал руу нь яваад очиход тэр дөрөв архи уугаад сууцгааж байхаар нь би нийлээд хамт уусан. Орой 18 цагийн үед буудлын эзэн гэх ах орж ирээд “Цаг чинь дуусчихсан, гарцгаа” гээд хөөгөөд байхаар нь бид нар гарцгаасан. Д.Чулуунчимэгийг аваад гарах гэтэл унтаад босохгүй байсан... түүнийг гарч ирэхгүй болохоор нь Баясаа бид хоёр буцаж өрөө рүүгээ ороход биднийг буудлаас хөөгөөд байсан ахын нүүр нь зүсэгдсэн, хацарнаас нь цус гарч байсан. Харин Д.Чулуунчимэг орон дээрээ сууж байсан. Тэр ах “Цагдаа дуудлаа” гэж гараад буудлын хаалгыг түгжсэн. Би Д.Чулуунчимэгээс яагаад ингэснийг нь асуухад тэр “Цагдаагаа дууд” гэснээс өөр юм ярихгүй байсан... би яг хажууд нь байгаагүй. Өрөө рүү нь дөнгөж шил шидээд газар унахад нь орсон... эхлээд нэг шил хагарах чимээ гарсан. Дараа нь удалгүй дахиад хаалганы орчим шил газар унаж хагарах чимээ гарсан...” /хх-27-31/,

ялтан Д.Чулуунчимэгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би ганцаараа өрөөндөө унтаад үлдсэн. Тэр буудлын ах байн, байн орж ирээд “Гар” гээд байхаар нь миний уур хүрээд, бас жаахан согтуу байсан учраас газар байсан архины хагархай шилийг аваад үүд рүү шидчихсэн. Тэгтэл шил тэр ахын нүүрэнд нь таарчихсан, хацарнаас нь цус гарч байсан...” /хх-46-53/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1460 тоот “...Д.Батсүхийн биед хацарт шарх бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-37/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Д.Чулуунчимэг нь гаргасан давж заалдах гомдолдоо гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, тухайн үед хамт байсан найз нарыг гэрчээр асуулгах, хохирогчийн хацарт учирсан гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тодруулах, Б.Цэрэндаш гэх үл таних хүнийг хэн болох, над руу ямар дугаарын утаснаас залгаж ярьсан болохыг олж тогтоох зэргээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх үндэслэл зааж, мөн “...миний өмдийг тайлах гэж оролдсон хохирогчийн буруутай үйлдлийн улмаас өөрийгөө хамгаалж түүнд гэмтэл учруулсан...” гэж гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар тус тус маргажээ.

Хэргийн материалд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1460 тоот дүгнэлтэд хохирогч Д.Батсүхийн хацарт үүссэн шарх бүхий гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг заасан, мөн ялтан Д.Чулуунчимэгийн үеэл ах Б.Цэрэндаш, үеэл эгч О.Болортуяа, төрсөн эгч Д.Чулуунгэрэл нарт хууль сануулж, мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Цэрэндаш нь гэмт хэрэг гарсан газар байсан ба гэмт хэргийн талаар тодорхой мэдүүлсэн, энэ нь хохирогчийн мэдүүлэгтэй ноцтой зөрчилдөөгүй байх тул өөр бусдыг нэмж гэрчээр татаж байцаах шаардлагагүй.

Иймээс мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан, дахин шалгах зүйлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

 Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд ялтан Д.Чулуунчимэг нь 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ, мөн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн өмгөөлөгчийг оролцуулан яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тэрээр хохирогч Д.Батсүхийг байн байн орж ирээд “Гар” гээд байхаар нь би уурлаж босч ирээд газар байсан архины хагархай шилийг аваад үүд рүү шидэхэд хохирогчийн нүүрэнд нь онож гэмтээсэн гэдгээ хүлээн мэдүүлсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Д.Батсүх нь түүний өмдийг тайлахаар оролдох зэргээр ямар нэгэн зүй бус үйлдэл гаргасан байдал тогтоогдсонгүй.

Харин ялтан Д.Чулуунчимэг нь өөр бусад этгээдүүдийн хамтаар зочид буудлын өрөөг хоногоор хөлслөн авч, олон цагаар архидан согтуурч, улмаар хөлсөлсөн цагийг хэтрүүлснээр буудлын өрөөг суллаж өгөх шаардлагыг тавьсан ажилтан Д.Батсүхийн шаардлагыг үл ойшоон эсэргүүцэж, архины шилний хагархайг авч түүний нүүрэн тус газарт шидэн баруун хацрыг нь зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн буудлын ажилтнуудыг “Ална” гэж айлган сүрдүүлсэн үйлдэл нь үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан үйлдэл мөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой бөгөөд эдгээрийг үндэслэн ялтан Д.Чулуунчимэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн, танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Ялтан Д.Чулуунчимэг нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулжээ.

Иймд ялтан Д.Чулуунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Чулуунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                     Д.МӨНХТУУЛ