Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 482

 

Б.Отгонжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Булганчимэг,

            хохирогч Б.Ганболд,

            иргэний нэхэмжлэгч З.Оюунбаатар,

            ялтны өмгөөлөгч Х.Отгончимэг,

  нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Б.Ганболд, ялтан Б.Отгонжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Отгонжаргалд холбогдох 201624000242 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Арвайхээр овогт Батмөнхийн Отгонжаргал, 1986 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэ Бэ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эцэг, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 109 дүгээр байрны 46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УШ86020136/,

Б.Отгонжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 109 дүгээр байрны гаднах авто зогсоолын замд, “Hyundai Sonata-6” загварын, 31-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчин иргэн З.Оюунбаатарын эзэмшлийн “Toyota Prius” загварын, 70-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 41.400 төгрөгийн шууд хохирол, нийт 62.100 төгрөгийн хохирол учруулаад мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд ач холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт,

Мөн уг ослын газраас зугтаахдаа зохих ёсны шаардлага тавьсан иргэн Б.Ганболдын гарыг тээврийн хэрэгслийнхээ хаалганы шилэнд хавчуулан 500 метр орчим газар чирч явсаар унаган бие махбодид нь зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн тохой, ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Отгонжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Отгонжаргалыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 13 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Отгонжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Отгонжаргалаас 768.000 төгрөгийг гаргуулан Б.Ганболдод олгож, Б.Ганболд цаашид гарах зардлаа болон бусад зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Б.Отгонжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Отгонжаргал давж заалдах гомдолдоо: “...миний бие өөрийн гэм буруугаа ойлгон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Дахин алдаа зөрчил гаргахгүй. Би өндөр настай эцэг, насанд хүрээгүй бүтэн өнчин дүүгийн хамтаар амьдардаг. Эцэг маань надад туслаж миний өр төлбөрийг төлөхөөр бусдаас мөнгө зээлсэн. Цаашид би ажил хийж уг мөнгийг төлж барагдуулах болно. Иймээс надад оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж, итгэл хүлээлгэнэ үү...” гэжээ.

Хохирогч Б.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хагалгаанд орж, эмчилгээ хийлгүүлсний үр дүнд одоо биеийн байдал сайжирч байгаа. Энэ хугацаанд Б.Отгонжаргал болон түүний эцэг Батмөнх нар намайг эргэж тойрч, эмчилгээний зардал, бусад мөнгөн тусламжийг үзүүлж байсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа Б.Отгонжаргалын ар гэрээс шийтгэх тогтоолд заасны дагуу ажилгүй байсан 4 сарын цалинтай тэнцэх нөхөн олговорт 768.000 төгрөгийг төлөөд зогсохгүй, миний эрүүл мэнд, ар гэрийн байдалд санаа тавин, өөрсдийн санаачлагаар 2.232.000 төгрөгийг нэмж өгсөн ба ирэх жил “…хадаас авах..” эмчилгээний зардлыг ч мөн төлөхөө илэрхийлж уучлалт гуйсан. Миний бие эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгөөс гадна, 3.000.000 төгрөгийг хохирол төлбөрт авсан. Иймд хохирол төлбөрөө бүрэн авсан тул Б.Отгонжаргалд гомдол саналгүй, түүний ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэв.

Ялтны өмгөөлөгч Х.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан Б.Отгонжаргал нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Түүний асрамжинд өндөр настай эцэг, насанд хүрээгүй бүтэн өнчин дүү нь байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүндэдсэн гэж үзэхгүй байна. Гагцхүү Б.Отгонжаргалд итгэл хүлээлгэн, түүнийг нийгэмших боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Иймээс ялтан Б.Отгонжаргалд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Иргэний нэхэмжлэгч З.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх ялтан Б.Отгонжаргалын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, бусдад учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Б.Отгонжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 109 дүгээр байрны гаднах авто зогсоолын замд, “Hyundai Sonata-6” загварын, 31-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчин иргэн З.Оюунбаатарын эзэмшлийн “Toyota Prius” загварын, 70-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 41.400 төгрөгийн шууд хохирол, нийт 62.100 төгрөгийн хохирол учруулаад мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд ач холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг,

Мөн уг ослын газраас зугтаахдаа зохих ёсны шаардлага тавьсан иргэн Б.Ганболдын гарыг тээврийн хэрэгслийнхээ хаалганы шилэнд хавчуулан 500 метр орчим газар чирч явсаар унаган бие махбодид нь зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн тохой, ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ганболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр З.Оюунбаатартай хамт тоолуур баталгаажуулах ажлаар нэг айлд дөнгөж ороод байж байтал З.Оюунбаатарын гар утас нь дуугараад “Автомашиныг чинь мөргөчихлөө” гэж хэлсэн. Бид хоёр гадагшаа гарахад саарал өнгийн автомашин цаашаа хөдлөөд явж байхаар нь би зүүн талаар нь очоод жолоочид “Автомашинаа зогсоо” гэж хэлэхэд “Би чиний автомашиныг мөргөөгүй” гэж хэлээд цонхоо хаахдаа миний гарыг хавчсан. Надад гараа авах боломж байгаагүй. Улмаар автомашин хөдлөж, би чирүүлж явахдаа “Зогсоод өгөөч” гэж хэлэхэд цонхоо онгойлгож тоормоз гишгэсэн ба би зам дээр унаж үлдсэн. Намайг босч чадахгүй хэвтэж байхад З.Оюунбаатар ирээд намайг мөрлөхөд бие маань өвдөөд байсан тул өөрөө мөлхөж замын хашлага дээр ирж суусан. Тэгээд манай ажлын залуус цагдаа, түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж намайг ирж үзээд, зургаа авахуул гэсний дагуу би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд аарцагны тулгуур яс хугарсан байна гээд хагалгаа хийж, тасаг руу шилжүүлсэн. Хагалгаанд ороод 6 хадаас хадуулсан. Эмнэлэгт 9 хонож гараад, одоо эмнэлгийн хяналтанд байгаа. Би Б.Отгонжаргалаас ажилгүй байсан хугацааны цалин болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Отгонжаргалаас эмчилгээний зардалд 1.294.000 төгрөг, эргэж ирэхдээ 200.000 төгрөгийг надад өгсөн. Үүнээс З.Оюунбаатарын автомашины зардал болох 100.000 төгрөг хасагдсан...” /хх-22-23, 155/,

иргэний нэхэмжлэгч З.Оюунбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Ганболд ах …жолооч талын хаалганаас нь, би эсрэг талын тольноос нь барьсан. Жолооч автомашинаа зогсоолгүй бид хоёрыг чирч явсаар хашаанаас гарсан. Төв зам руу ороод явж байхад би замд нь унаж үлдсэн. Тэр автомашин Б.Ганболд ахыг чирсэн хэвээрээ хурдаа нэмээд ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ явсан. Би хойноос нь алхаад явж байхад Б.Ганболд ах “МТ” ШТС-ын урд талын зам дээр уначихсан, нөгөө автомашин нь зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн. Би автомашиндаа үнэлгээ хийлгүүлсэн. Хохирлоо бүрэн барагдуулж авсан...” /хх-38, 155/,

гэрч Х.Батдоржийн “...зогсоолд зогсож байсан “Toyota Prius” загварын автомашиныг “Hyundai Sonata-6” загварын автомашин ухарч байгаад хүчтэй мөргөсөн. Би жолоочид нь “Чи автомашин мөргөчихлөө, чамд мэдрэл байна уу” гэж хэлэхэд тэр үг дуугаралгүй, цонхоороо харчихаад урагшаа хөдлөхөөр нь өөрийн автомашинаараа хааж зогсоод мөргүүлсэн автомашины цонхонд байсан утасны дугаараар холбогдож “Автомашиныг чинь мөргөчихлөө” гэж хэлсэн. Удалгүй 109 дүгээр байрнаас ажлын хувцастай хоёр залуу гарч ирсэн. Мөргөсөн автомашин урагшаа хөдлөөд явахаар нь нөгөө хоёр залууд зааж өгөхөд хойноос нь явсан. Тэр хоёр залуу автомашины 2 талаар нь очоод хаалга, тольноос нь барихад нөгөө автомашин хурдаа нэмээд явсан. Тэгэхэд нэг залууг замдаа унагаагаад, нөгөө залууг чирсэн чигээрээ зугтаагаад явсан...” /хх-49-50/,

иргэний хариуцагч Ц.Тэрбишийн “...31-65 УНР улсын дугаартай, “Hyundai Sonata-6” загварын автомашин нь байгууллагын эзэмшлийнх бөгөөд уг автомашиныг Б.Отгонжаргал хариуцан жолоодож явсан. Манай байгууллага гэрээ хийхдээ хариуцлагыг жолооч өөрөө хариуцахаар  зохицуулсан  байгаа...” /хх-54/,

ялтан Б.Отгонжаргалын гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-85, 154/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэгээр тогтоогдсон байдал, ослын газрын хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-7-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3709 тоот “...Ганболдын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн тохой, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” /хх-57/ гэх, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын шинжээчийн 197 тоот “...жолооч Б.Отгонжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17, 2.5/а, в дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. Харин жолооч З.Оюунбаатар нь энэ дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх-72/ гэх дүгнэлтүүд, иргэний нэхэмжлэгч З.Оюунбаатарын 70-09 УНЭ улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-69/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой бөгөөд эдгээрийг үндэслэн ялтан Б.Отгонжаргалыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан, мөн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Ялтан Б.Oтгонжаргал нь санамсаргүй болгоомжгүйгээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэж маргасан байна.

Б.Отгонжаргал нь тээврийн хэрэгсэл жолоодон, авто осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь осол гаргасан зөрчлийг нуун далдлах санаа зорилготой бол хохирогч Б.Ганболдыг тээврийн хэрэгслээр чирж бие махбодийг нь гэмтээсэн үйлдэл нь дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо орчиндоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцох үүргийг санаатай зөрчсөн байна. Иймээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг санаатай үйлдэл гэж үзлээ.

Ялтан Б.Отгонжаргал нь анх удаа ял шийтгүүлж байгаа, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад түүний ар гэрээс хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч Б.Ганболд нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, ялтанд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх талаар давж заалдах гомдлоо тус шүүхэд гаргасан байх боловч ялтан Б.Отгонжаргалын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б.Ганболдын биед учирсан гэмтлийн эдгэрэх хугацааг заасан, хохирогч нь цаашид хадаас авахуулах хагалгаанд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй гэж үзэн, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ганболд, ялтан Б.Отгонжаргал нарын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэж хянан харгалзаж өгөхийг…” тус тус хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ганболд, ялтан Б.Отгонжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                 ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                     Д.МӨНХТУУЛ