Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 85

 

О.Мөнхцэцэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

           Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гачмаа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                    Прокурор Б.Энхмэнд 

                                    Хохирогч  С.Гантуяа

                                    Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн                                                                 

                                   Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан,

         Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Мөнхцэцэгт холбогдох эрүүгийн 201515000110 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1976 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 15-223 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Жужга овгийн Очирхүрээгийн Мөнхцэцэг /Регистрийн дугаар  ЙК76102900/

О.Мөнхцэцэг нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг “Хангамж” төв дотор С.Гантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж татан унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Очирхүрээгийн Мөнхцэцэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мөнхцэцэгт холбогдох эрүүгийн 20151500110 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Мөнхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зах нь урагдсан цэнхэр өнгийн куртикийг хохирогч С.Гантуяад буцаан олгож, томографикийн зураг 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, хохирогч С.Гантуяа нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болох, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих журмыг  дурдан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл О.Мөнхцэцэгт  авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.   

                О.Мөнхцэцэгийн  өмгөөлөгч А.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

              2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч гомдол гаргаж байна.

          Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар О.Мөнхцэцэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй үнэнийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хохирогч С.Гантуяагийн болон гэрчүүдийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг өөр хоорондоо ноцтой зөрүүтэй байсныг шүүх анхааран үзэлгүй шийдвэр гаргасан нь О.Мөнхцэцэгийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. О.Мөнхцэцэг хохирогчийг санаатай татаж унагаагүй салгах гээд татахад нь давхраараа унасан гэдгийг хэрэг учралын газарт байсан гэрч С.Эрдэнэчимэг, Ж.Уранчимэг, Н.Цолмонбаярын мэдүүлгээр давхар нотлогддог. О.Мөнхцэцэгийн үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж хор уршиг хохирол учирна гэдгийг урдчилан мэдэх боломжгүй, хүсэж үйлдээгүй зэрэг байдлаас харахад хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан байх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Иймд О.Мөнхцэцэгт холбогдох хэргийг дахин хянаж хэлэлцэж өгнө үү... гэжээ.

         Шүүх хуралдаанд оролцсон прокурорын Б.Энхмэнд гаргасан дүгнэлтдээ:

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

          Шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Гантуяа гаргасан тайлбартаа:

Би уг гэмтлээс болж нуруу, нугасаар өвддөг болсон. Хохирол төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Гантуяагийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан тайлбартаа: О.Мөнхцэцэг нь С.Гантуяаг татаж унагаан, цамцны захыг нь урсан, түүнд хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон. Тодорхой хэрэг, О.Мөнхцэцэг нь гэм буруугаа хүлээгээгүй хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад Өршөөлийн хуулийг хэрэглэсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Мөнхцэцэгийн өмгөөлөгч А.Адъяасүрэн гаргасан тайлбартаа:

О.Мөнхцэцэг нь С.Гантуяаг гэмтээх санаа зорилго агуулаагүй, маргааныг салгах шинжтэй үйлдэл хийсэн учир түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээ төрдөг.

Иймд гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх гэж давж заалдах гомдол гаргасан гэв.

ХЯНАВАЛ:

О.Мөнхцэцэг нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангамж” төв дотор лангуунаас болж маргалдаж байсан Ж.Уранчимэгээс  С.Гантуяаг салгах гэж маргалдаж түүнийг татан унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст  авагдсан

 хохирогч С.Гантуяагийн “...Би хувиараа худалдаа хийдэг юм. 2015 оны 03 дугаар сарын 18-ны өглөө зах дээр очиод  Хангамж төв ороод лангуунд орсон байсан  Уранчимэг гэх хүүхэнтэй яагаад миний лангууг цоожийг нь эвдээд орчихсон юм гээд нилээд маргалдсан. Тэгээд Хангамж захын нягтлан Заяа дээр орж уулзья гээд гарах гэж байсан чинь  араас нэг хүн татаад унагаасан.Би газар унахдаа  биеийн жингээрээ  арагшаа хаалганы босгон дээр бөгсөөрөө таараад унасан. Тэгээд босох гэтэл босч чадаагүй. Миний дээрээс намайг татаж унагаасан хүүхэн дараад нүүр хамар маажсан. Мөн хүзүүний гинж тастсан. Тэгэхэд хажууд байсан хүмүүс салгасан. ... босоод байж байтал О.Мөнхцэцэг гэж тэр хүүхэн элдэв үгээр доромжлоод өөдөөс дайраад байхаар нь би түүний хуваснаас татсан чинь  ...цамц нь байх урагдчихсан. Энэ явдлын улмаас миний нүдний шил голоороо хугарсан.Хүзүүнд зүүж байсан монетен гинж тасарч хагас нь алга болсон. О.Мөнхцэцэг миний араас татангаа өмсөж байсан куртик урагдсан... Мөн хамрын зүүн хажуу талд, барун хацар дээр мөн зүүн эгэмний орчимд  хумсаар маажин гэмтээсэн. Мөн богино суул хугарсан гэмтлүүд авсан.../1-р хх-ийн 17-18, 163, 2-р хх-ийн 20-21х/,

гэрч С.Эрдэнэчимэгийн  “...2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд зах дөнгөж онгойж байхад  Ж.Уранчимэг  нөхөртэйгээ лангуугаа янзлаад  байж байхад  гаднаас С..Гантуяа гэж тэр хүүхэн  нөхөртэйгээ хамт орж ирсэн юм. Тэгээд орж ирэнгүүтээ  Ж.Уранчимэг дээр очоод маргаад  шороо цацаад харагдсан. Тэгснээ С.Гантуяа нь Ж.Уранчимэгтэй барилцаад авсан... Манай лангуу дөнгөж хажууханд нь байдаг болохоор юу болсон нь харагдаж байсан. ...хажуугаас нь очсон  С.Гантуяагийн куртикнийх нь малгайнаас О.Мөнхцэцэг татсан чинь тэр хоёр хамт газар ойччихсон...” /1-р хх-ийн 22х/ гэсэн,

гэрч Ж.Уранчимэгийн “...2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би лангуун дээрээ өглөө 10 цагийн орчимд нөхөртэйгээ очсон. Тэгээд хайрцагтай бараагаа гаргаж тавьж байсан чинь С.Гантуяа гэж тэр хүн нөхөртэйгээ орж ирээд, шууд лангуун дээр ирсэн. ... Манай лангууны хажууд зогсдог О.Мөнхцэцэг ирээд С.Гантуяад та болиочээ, наад хүний чинь лангуу шүү дээ гээд хэлсэн чинь С.Гантуяа өөдөөс нь чамд хамаагүй янхан минь гэж хэлсэн. Тэгэхээр нь та яагаад ийм зүйл яриад байгаа юм бэ гэж хэлээд С.Гантуяа бид хоёрыг салгах гээд С.Гантуяагийн куртикнээс нь татсан. Би нөхрөө С.Гантуяагийн нөхрөөс салгах гээд очсон юм. Тэгээд эргээд харахад тэр хоёр газар уначихсан байсан...” /1-р хх-ийн 23-24, 2-р хх-ийн 26х/ гэсэн,

 гэрч Н.Цолмонбаярын  “...Тэгээд элдвээр хэлээд, миний хүзүүг маажсан чинь хажуугаас салгах гээд О.Мөнхцэцэг ирээд С.Гантуяаг араас нь татсан чинь лангууны гадаа байсан хайрцагтай бараан дээр С.Гантуяа, О.Мөнхцэцэг хоёр хамт унасан. ... О.Мөнхцэцэг, С.Гантуяаг бид нараас салгаж лангуунаас гаргах гээд татсан...” /1-р хх-ийн 25-26, 2-р хх-ийн 22х/ гэсэн,

гэрч Ц.Цэндийн “...Би тэр хэдэн хүүхнүүдийг нь хаагаад зогсож байсан чинь, О.Мөнхцэцэг гэж тэр хүүхэн манай эхнэрийн араас их хүчтэй татаад газар унагаасан. Тэгэхээр нь би эхнэрээ өргөж босгосон юм. Тэр үед манай эхнэрийн куртикнийх нь малгай салаад урагдсан байсан...” /1-р хх-ийн 30х/ гэсэн мэдүүлгүүд,

 “...С.Гантуяагийн биед ахар сүүлний 1 үений хугарал, өгзөгний зөөлөн эдийн гэмтэл, хамар, хацар, хүзүүний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо болон хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 39-40х/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 504 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 56-57х/  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй  гарсан  байна.

О.Мөнхцэцэгт холбогдох хэрэгт, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс  О.Мөнхцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1-д  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, О.Мөнхцэцэгийн өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүх буюу Монгол улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ГАЧМАА   

                                  ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА   

                                                                                     Д.ЭРДЭНЭБИЛЭГ