Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 392

 

 

 

Д.Оюунсүрэн, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа, Б.Анхзаяа, Д.Ахинбаяр

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Отгонцэцэг,

Ялтан Б.Шинэжарал,

Ялтан Д.Сарантуяа, Б.Анхзаяа,

Ялтан Д.Ахинбаяр, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Ахинбаяр, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, ялтан Б.Анхзаяа, Д.Сарантуяа, тэдний өмгөөлөгч Г.Сүхээ, ялтан Б.Шинэжаргал нарын гаргасан гомдлуудаар Д.Оюунсүрэн, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа, Б.Анхзаяа, Д.Ахинбаяр нарт холбогдох эрүүгийн 201501000143 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Долгорсүрэнгийн Оюунсүрэн, 1981 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар багийн Гавшгайгийн 39 дүгээр байрны 23 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 01-77а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ФЖ81022221/,

Тангад овогт Баярцогтын Шинэжаргал, 1987 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр  Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, дүү, 3 хүүхдийн  хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Ихнарангийн 13 дугаар гудамжны 33б тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:ЖЮ87010169/,

Партизан овогт Даваабатын Сарантуяа, 1978 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эх, 2 хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх  дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 3 дугаар гудамжны 2085 тоотод оршин суух,

2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотын 2 дугаар шүүхээр тус улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 264 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 26 дугаар зүйлийн 1 дүгээр болон 4 дүгээр заалт, 27 дугаар зүйл, 52 дугаар зүйл, 53 дугаар зүйл, 64 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлд заасны дагуу хулгайн хэргээр 1 жилийн хорих ял оноож, 1000 юанаар торгож, улсын хилээс зайлуулах ялаар шийтгүүлсэн /2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2010 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл 1 жил хорих ял оногдуулсан/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.9, 113.2.10 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 231 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:ЧЖ78012569/,

Боржигин овогт Батзамын Анхзаяа, 1980 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Гялалзсан бүрд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эх, хүү, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 29а дугаар гудамжны 660 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦЖ80060169/,

Ажим овогт Дамдингийн Ахинбаяр, 1987 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, охины хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 13 дугаар гудамжны 1110 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 506 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар уг хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан, /РД:ХГ87112216/,

1. Д.Оюунсүрэн нь 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “МТ” шатахуун түгээх станцын орчмоос такси барин гэртээ хүргүүлэхдээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 19.26 граммыг, мөн конвенцийн жагсаалтанд орсон тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис 0.34 граммыг завших аргаар хууль бусаар олж авсан, уг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоот гэртээ хууль бусаар хадгалсан,

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд өөрийн гар цүнхэнд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1.59 граммыг, мөн конвенцийн жагсаалтад орсон тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис 0,34 граммыг тус тус борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,

2. Б.Шинэжаргал нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Д.Оюунсүрэнгээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 1.28 граммыг хууль бусаар олж авч, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар палас”-ын орчимд өөрийн өмсөж явсан хөхөвчинд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

3. Д.Сарантуяа нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 5 ширхэгээр ууталж савласан нийт 5.69 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн гар цүнхэнд хадгалсан,

4. Б.Анхзаяа нь Д.Ахинбаяртай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.Оюунсүрэнгийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0,7 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөн дээрх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 7,3 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

5. Д.Ахинбаяр нь Б.Анхзаяатай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.Оюунсүрэнгийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 0,7 граммыг хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21.00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 10 дугаар гудамжны 1110 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Д.Оюунсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Анхзаяа, Д.Ахинбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Оюунсүрэнг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг завших аргаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Анхзаяа, Д.Ахинбаяр нарыг бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунсүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Шинэжаргал, Д.Сарантуяа нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Анхзаяа, Д.Ахинбаяр нарыг тус бүр 1  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунсүрэнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Оюунсүрэнд оногдуулсан 2 жилийн хорих ял, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа, Б.Анхзаяа нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Д.Ахинбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Шинэжаргалын төрсөн хүү Ш.Ганчулуун, Ш.Мөнхбаяр, Э.Тэмүүлэн нарыг Б.Шинэжаргалын төрсөн эцэг Б.Баярцогтод, Д.Сарантуяагийн төрсөн охин О.Дэлгэржаргал, хүү О.Бүрэнжаргал нарыг Д.Сарантуяагийн дүү Д.Саранцацралд, Д.Оюунсүрэнгийн төрсөн хүү О.Түвшинтөгсийг Д.Оюунсүрэнгийн дүү Д.Оюунчимэгт, Б.Анхзаяагийн хүү Б.Дөлгөөнийг эмэг эх Ц.Гэрэл, нагац ах Б.Баттүшиг нарт, Д.Ахинбаярын охин А.Гэрэлцэцэгийг Д.Ахинбаярын эх П.Алтанцэцэг, дүү Д.Шинэгэрэл нарт тус тус харгалзан дэмжүүлж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Сарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн санамсар болгоомжгүй, хүнд итгэмтгий зангаасаа болж нийгэмд хор уршигтай энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Миний бие насанд хүрээгүй /13, 15 насны/ хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, амьдралын түвшин дундаас доош буюу 7 хувьд ордог амьдралтай бөгөөд 6 сартай жирэмсэн. 2016 оны 8 дугаар сарын 25-наас 30-ны өдрийн хооронд кесарево хагалгаагаар төрөх ёстой. Одоогоор биеийн байдал муу, хаван ихтэй, доошоо базалдаг, ургийн байдал тонус ихтэй байгаа тул хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Би анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрийн өмгөөлөгч Г.Сүхээгээр жирэмсэн гэдгээ тогтоосон нотлох баримтуудаа эх хувиар нь өгсөн боловч эдгээр нотлох баримтуудыг шүүх харгалзан үзэж хэргийн материалд хавсаргалгүйгээр өмгөөлөгчид буцаан өгсөн байсан. Миний энэхүү ар гэрийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшин харамсаж байгааг минь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү...” гэжээ.

Ялтан Д.Сарантуяагийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдолдоо: “...миний үйлчлүүлэгч Д.Сарантуяад хэрэглэвэл  зохих хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Д.Сарантуяа нь 6 сартай жирэмсэн, энэ тухайгаа анхан шатны шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөхөд энэ талаар хэлэлцэлгүй буцааж өгөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэлгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан билээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар жирэмсэн эмэгтэй анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулна гэсэн заалтыг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүний эдлэх ялыг нь хойшлуулж өгнө үү...” гэжээ.

Ялтан Д.Ахинбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд миний охин А.Гэрэлцэцэгийг миний эх П.Алтанцэцэг болон дүү Д.Шинэгэрэл нарт харгалзан дэмжүүлэх шийдвэр гаргасан. Миний эх П.Алтанцэцэг нь элэгний церроз болон В вирустэй гэх оноштой группт байдаг. Дүү Э.Шинэгэрэл нь 1 настай хүүхэдтэй бөгөөд арьсны хүнд өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтанд байдаг ба гэртээ хүүхдээ хардаг. Иймд ар гэрт минь хөдөлмөр эрхлэх чадвартай хүн байхгүй, миний бие уг хэрэгт холбогдохдоо хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн, хар тамхины хор хөнөөл болон нийгэмд учруулах хор уршгийн талаар мэддэггүй байсан. Уг хэрэгт холбогдоод шалгагдаж байх хугацаанд хар тамхины нийгэмд учруулах сөрөг үр дагаварын талаар өргөн мэдлэгтэй болсон. Миний охины ирээдүйд ийм нийгэм хүлээж байгаад сэтгэл минь маш ихээр зовниж байна. Миний бие хойшид нийгмийн сайн сайхны төлөө Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучууд, хойч үеийнхэндээ үлгэр дуурайлал болж хар тамхины хор уршиг, нийгэмд учруулах хор хөнөөлийн талаар үргэлж анхааруулан зааж сургах болно. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд миний эх болон ар гэрийн энэхүү байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Ялтан Д.Ахинбаярын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Д.Ахинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилснийг маргаагүй бөгөөд ял шийтгэлийг хөнгөрүүлэх саналтай оролцсон. Ялтан Д.Ахинбаяр нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадах талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн билээ. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа 1 жилийн хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хүндэдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж уг гомдлыг гаргаж байна. Д.Ахинбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Хэрвээ шүүх тэнсэж, хянан харгалзах боломжгүй гэж үзвэл баривчлах ялыг оногдуулж буюу ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Шинэжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн төрсөн эцэг Баярцогт болон бага насны /3-12 насны/ гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Миний эцэг Б.Баярцогт нь зүрх судасны хүнд өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг, биеийн байдал муу, бага насны хүүхдүүдийг маань ганцаараа харах боломжгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие бага насны гурван хүүхдийн хамт өрх толгойлсон эмэгтэйн хувьд нийгэмд хор уршигтай энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байгааг минь болон ар гэрийн байдал, хүүхдүүдийн минь ирээдүйг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Анхзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Өөрийн амьдрал болоод хүүгийнхээ ирээдүйд хортой, хайртай эхийнхээ сэтгэлийг эмтэлж нийгэмд хор аюултай, үр дагавар уршгийг нь анзааралгүй уг хэрэгт холбогдсондоо туйлын их харамсаж байна. Миний эх Гэрэл нь эцгийг минь нас барснаас хойш зүрх нь өвддөг болж эмчийн хяналтад орсон. Мөн миний хүү 12 жилийн сургууль төгсөх хариуцлагатай үе дээрээ явж байна. Хэдийгээр багаасаа ядуу зүдүү, халамжийн төвийн амьдралаар өссөн ч буруу замаар явахыг хүсдэггүй. Хар бор ажил, наймаа, барилгын цэвэрлэгээ зэрэг ажил хийж байгаад цэвэрлэгээний “Гялалзсан бүрд” гэх компаниа байгуулж одоог хүртэл жил гаруй хугацаанд ажиллаж байна. Би хүүгээ боловсролтой, нийгэмд хэрэгтэй хүн болгоно гэж боддог. Мөн эхийнхээ ачийг бага ч гэсэн хариулахыг хүсдэг. Эхийгээ асарч, хүүгээ халамжлан ажлаа сайн хийж явах ёстой байтал энэ хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж, гэмшиж ичиж байна. Өөрийн ухамсаргүй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа мөн ар гэрийн байдлыг минь харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, сайтар ухамсарлан биеэ сайн авч явах тул итгэл хүлээлгэнэ үү...” гэв.

Ялтан Б.Анхзаяагийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдолдоо: “...миний үйлчлүүлэгч Б.Анхзаяад хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй гэм хор арилсан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялыг тэнсэж, хянан харгалзахаар тогтоож болно гэсэн заалтаар миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялын зүйлчлэлийг хөнгөрүүлж тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Прокурор Н.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн 449 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Ялтан Д.Сарантуяа өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар заасан гэмт хэрэгт холбогдож байсан. Иймд тэрээр “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдахгүй. Шүүхийн шийтгэх  тогтоол хууль ёсны  бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

              Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Д.Оюунсүрэн, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа, Б.Анхзаяа, Д.Ахинбаяр нарт холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрэн гүйцэт хийгдээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй  байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Мөрдөн байцаалтын шатанд Д.Оюунсүрэнгийн сэжигтнээр өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын сүүлээр ...Дарь-Эх рүү эргэх замд байх “МТ” бензин колонкийн орчмоос такси барьсан. Таксины арын суудалд сууж явсан ба тэр үед бэлэг мэт ууттай зүйлийг олоод таксины жолоочид мэдэгдэлгүй гар цүнхэндээ нуугаад авсан...” /1-р хх-229-231/ гэж хар тамхи мансууруулах төрлийн бодисыг олж авсан эх сурвалжаа тодорхой заагаагүй, эргэлзээ бүхий мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгаж, таксинаас олсон гэх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 19.26 граммыг, мөн тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт 0.34 грамм бодисыг олж авсан эх сурвалжийн талаар шаардлагатай ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй гэж заасан бөгөөд Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх энэхүү эрхээ эдлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад болох, илтэд худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөх ойлголт биш бөгөөд уг эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж ойлгох нь зүйтэй.

Харин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад мэдүүлэг өгөхөөр хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээ үнэн зөв өгөөгүй явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл болохыг анхаарч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулбал зохино.

Мөрдөн байцаалтын шатанд “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Д.Оюунсүрэн, Д.Сарантуяа нарын хамт мансууруулах бодис хэрэглэж байсан О.Бат-Оюуныг сэжигтнээр тооцож шалгасан атлаа түүнийг мансууруулах бодис хэрэглэснээс бусдаар тогтоогдохгүй байна хэмээн прокуророос дүгнэж, О.Бат-Оюунд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

Учир нь мансууруулах бодисыг хууль бусаар худалдаж авах, бэлэг солилцох, хандивлах, өр төлбөрт тооцох, зээлээр авах зэргээр хариу төлбөртэй болон төлбөргүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч байгаа идэвхтэй үйлдлийг мансууруулах бодис хууль бусаар олж авсан хэмээн ойлговол зохино.

О.Бат-Оюун нь Б.Шинэжаргалыг мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг хүмүүсээс сонсож байсан, Д.Сарантуяатай багын найз гэж мэдүүлсэн мэдүүлэг, түүний мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл болон уг бодисыг хүчээр, эсхүл хуурч мэхлэх зэргээр хэрэглүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа зэрэг хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтад дүгнэлт хийхэд тэрээр мансууруулах бодис хэрэглэхийн тулд “Либерти” зочид буудалд очсон байж болзошгүй ба мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг шалгах ажиллагаа хийх нь зүйтэй.

Түүнчлэн хэргийн газраас хурааж авсан болон Д.Оюунсүрэнгийн олж авсан гэх мансууруулах бодисын хэмжээ их байгаа төдийгүй, тэрээр уг бодисыг гэртээ хадгалж,  хэрэглэх хэрэгслийг бэлтгэсэн байдал нь мансууруулах бодисыг зөвхөн хэрэглэгч гэхээс илүүтэй түгээдэг байж болзошгүй нөхцөл байдал байгааг шалгах шаардлагатай. Учир нь энэ төрлийн мансууруулах бодисын нэг удаагийн хэрэглээний дундаж тун хэд байдгийг, хурааж авсан (Д.Оюунсүрэнгээс метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 1.59 грамм, тетрагидроканнабинолын агууламж бүхий 0.34 грамм “шавар” гэх 0.34 грамм, Д.Сарантуяагаас метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 5.69 грамм, Б.Шинэжаргалаас метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 1.28 грамм, Б.Анхзаяагаас метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 7.3 грамм, Д.Ахинбаяраас метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 0.7 грамм) бодисыг хэдэн хүний, хичнээн удаагийн хэрэглээний тун байж болох, хөрш залгаа улс орнууд болон манай улсад уг бодисын хар зах зээл дээрх дундаж үнийг тогтоохоос гадна Д.Оюунсүрэнгийн дансанд орж байгаа орлогын эх сурвалж нь ямар учиртай болох, хэн ямар шалтгаанаар шилжүүлсэн болон энэ нь түүний амьжиргааны эх үүсвэр болж байгаа эсэхийг нэгтгэн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа эсэхийг нэг мөр шалгах нь зүйтэй.

БНХАУ-ын Бээжин хотын дунд зэргийн 2 дугаар шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн (2010) 819 дүгээр ял оноох бичигт /2-р хх-110-123/ 1981 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Долгорсүрэнгийн Оюунсүрэнд /Е0432091/  1 жилийн хугацаагаар хорих ял оноож, 1000 юаниар торгож, улсын хилээс зайлуулах ялаар шийтгэгдсэн баримт хэрэгт авагдсан байхад энэ талаар тодруулалгүй ял шийтгэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11/6-159 тоот албан бичигт /2-р хх-84/ Тагнуулын байгууллагын алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Д.Ахинбаярыг баривчилж саатуулахдаа зодож, биед нь гэмтэл учруулсан байж болзошгүй гэх гомдлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байх ба Д.Ахинбаярын ийнхүү гаргасан гомдол нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

Иймд Д.Оюунсүрэн, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа нарын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис олж авч хэрэглэсэн гэх эх сурвалжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан олж тогтоох шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх нөхцөл байдлын талаар шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсаны дараа Д.Оюунсүрэн, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа, Б.Анхзаяа, Д.Ахинбаяр нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул ялтан Д.Ахинбаяр, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, ялтан Б.Анхзаяа, Д.Сарантуяа, тэдний өмгөөлөгч Г.Сүхээ, ялтан Б.Шинэжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг шийдвэрлээгүй болохыг дурдав.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Оюунсүрэн, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа, Б.Анхзаяа, Д.Ахинбаяр нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраар дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Оюунсүрэн, Б.Шинэжаргал, Д.Сарантуяа, Б.Анхзаяа, Д.Ахинбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧИД                                                         Д.МЯГМАРЖАВ                    

                                                                                          

                                                                                                 Н.БАТСАЙХАН