Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 393

 

2016.6.9                                                          №392                                      МАГАДЛАЛ

 

Н.Галмандах, Т.Төмөрсүх нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ш.Баярбилэг,

Ялтан Т.Төмөрсүх, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн,

Ялтан Н.Галмандахын өмгөөлөгч З.Хүрэлсүх,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Төмөрсүхийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, ялтан Н.Галмандахын өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Галмандах, Т.Төмөрсүх нарт холбогдох эрүүгийн 201601000005 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигин овогт Нармандахын Галмандах, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 29 дүгээр гудамжны 62 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар гудамжны 48 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧЕ87121216/,

            Урианхай овогт Төмөрбаатарын Төмөрсүх, 1987 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын 51 дүгээр байрны 19 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 341 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялд мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан 4 сар баривчлах ялыг багтааж, бүгд 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,  /РД:ЦЖ87041553/,

Т.Төмөрсүх нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Крокус” бааранд үйлчлүүлж байхдаа Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис 0.3 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл хэтэвчиндээ хадгалсан,

Н.Галмандах нь 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Барилгын коллежийн оюутны дотуур байранд байрлах “Зонж” барьцаалан зээлдүүлэх газар Т.Төмөрсүхээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис 0.3 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Т.Төмөрсүх, Н.Галмандах нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Н.Галмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар “...мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “...олж авсан...” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Т.Төмөрсүхийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Н.Галмандахыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Т.Төмөрсүхийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Н.Галмандахыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Төмөрсүхэд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэн, шийтгэх тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Төмөрсүхийн өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Төмөрсүх нь анхнаасаа уг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг зарж борлуулах зорилгоор олж аваагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Төмөрсүх, Галмандах, Алтаннамар нарын мэдүүлгүүдээс харахад Төмөрсүх нь “шавар” гэх бодисыг зүс таних Баадуу гэх Дарханы залуутай “Крокус” бааранд “Люмино” хамтлагийн тоглолтыг үзэж байхад тааралдан хэрэглэж үзээрэй гээд өгөхөд нь хэтэвчиндээ хийгээд мартсан байдаг. Энэ тоглолтыг үзсэн тухай гэрч Ханд тодорхой мэдүүлдэг. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Төмөрсүх “Зонж” ломбардны эзэн болох Алтаннамарт пүүзний үнэ болох 100.000 төгрөгөө өгөхөөр түүнтэй ярихад тэрээр гадуур явж байна, Галмандах сууж байгаа түүнд өгчих гэхээр очиж мөнгөө өгчихөөд хэтэвчиндээ байсан “шавар” гэх бодисоо санаад хоёулаа сонирхоод татаж үзсэн. Төмөрсүхийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлж, өөрөөс шалтгаалах тодорхой дэмжлэгийг үзүүлж байсан нь түүний мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Т.Төмөрсүх нь 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор 6 сар баривчлах, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор 960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан хэдий ч дээрх хоёр хэрэг нь хүний эрх, эрх чөлөөний эсрэг болон эдийн засгийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэргээс өөр төрлийн гэмт хэрэг юм. Тухайн үед 18 насанд хүрээгүй, гэнэн томоогүй, төлөвшиж амжаагүй байх үедээ хэрэгт холбогдож байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар 2005 онд үйлдсэн гэмт хэрэг нь хүдэвтэр гэмт хэрэг бөгөөд 6 сарын баривчлах ял эдэлж дууссанаас хойш 5 жилийн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол тухайн этгээдийг ялгүйд тооцно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар 2014 онд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд хэргийн улмаас оногдуулсан 960.000 төгрөгийн торгох ялыг биелүүлснээс хойш 1 жилийн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол тухайн этгээдийг ялгүйд тооцно гэж тус тус заасан байгааг анхаарах ёстой.

Өөрөөр хэлбэл Төмөрсүхийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасныг журамлан түүний анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн цар хүрээ харьцангуй хор уршиг багатай, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирол төлбөр байхгүй болон залуу хүний цаашдын ирээдүйг болоод түүний эхнэр удахгүй төрөх гэж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.

Ялтан Н.Галмандахын өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хянан үзээд Н.Галмандахын холбогдсон хэргээс “хууль бусаар олж авсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн. Шүүхээс Н.Галмандахыг гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан бусад шүүгдэгчээс ялыг нь ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан баривчлах ялын дээд хэмжээ болох 6 сарын хугацаагаар оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй боловч гэмт хэргийн хүнд, хөнгөн болон ял шийтгэгдсэн Н.Галмандахын хувийн байдалд тохироогүй хүндэдсэн ял оногдуулсан гэж үзэж байгаа учир давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсье.

Анхан шатны шүүхээс Н.Галмандахын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл тооцсон нь хуульд нийцэж байгаа хэдий ч оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, баривчлах ялын хугацааг 3 сар болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Ялтан Т.Төмөрсүхийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд Т.Төмөрсүхийг 2 удаагийн ял шийтгэлтэй гэж үзсэн. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолд дурдсан 960.0000 төгрөгийн торгох ял нь тухайн үеийн Нийслэлийн Эрүүгийн хэрийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, хохирогч гомдолгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон билээ. Гэвч тэр магадлал нь хэрэгт байхгүй. Хэрвээ ял шийтгэлтэй гэж үзэж байгаа тохиолдолд хэрэгсэхгүй болсон хэргийг ял шийтгэлд тооцохгүй. Харин 2005 оны 10 дугаар сард буюу 11 жилийн өмнө ял шийтгэл эдэлсэн байдал нь шүүгдэгчийн хувийн байдалд нөлөөлсөн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж байна. Анхан шатны шүүхийн 453 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсан шүүхийн дүгнэлтэд “хэдийгээр Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байх хугацаа нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хууль.” -ийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хэдийгээр ялтай байдал арилсан боловч Т.Төмөрсүх нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын аюулын шинж чанар, хор уршгийг харгалзаж, хорих ял оногдуулах нь зүйтэй” гэж дурджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг “Өршөөл үзүүлэх тухай хууль.”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүйд тооцох үндэслэлгүй болно. Иймд шүүх өмнө нь хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэрэгсэхгүй болсон  хэргийг шүүгдэгчийн хувийн байдалд нөлөөлөх нөхцөл байдал болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасан заалтыг шүүх анхаарч үзээгүй гэж үзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг хэрэглэсэн. Шүүх  хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.4 дэх хэсэгт “дүгнэлтэд шийтгүүлсэн бөгөөд цагаатгагдсан этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлсөн, нөлөөлж болох нөхцөл байдал ноцтой зөрүүтэй байдал гэж үзнэ” гэсэн байдаг. Мөн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  гэмт хэрэгт ял шийтгүүлсэн өдрөөс хойш 11 жилийн хугацаа өнгөрсөн байгаа учраас  анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялгүйд тооцох ёстой байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт чухал ач холбогдолтой байж болох бичиг баримтыг шаардан, гаргуулж аваагүй гэж үзэж байна.” гэв.

Ялтан Т.Төмөрсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Анх удаа хэрэглэж үзсэн. Тухайн үед хөгжим гоё сонсогддог гэхээр нь сонирхоод хэрэглэсэн. Би хувиараа наймаа эрхэлдэг бөгөөд түүгээрээ өөрийн ар гэрээ тэжээдэг. Миний эцэг группэд байдаг бөгөөд эхнэр минь жирэмсэн. Иймд намайг хийсэн алдаагаа ухамсарлаж байгааг бодолцож үзээд, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Ш.Баярбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг сонсож танилцлаа. Ялтан Т.Төмөрсүх, Н.Галмандах нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс ялтан нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэм хэмжээнд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд оногдуулсан ял шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй. Ялтан Т.Төмөрсүх өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Ялтны хувийн байдлыг тогтоох зорилгоор Цагдаагийн ерөнхий байгууллагаас лавлагаа авсан бөгөөд үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан. Энэ нь ялтны хувийн байдалд нөлөөлсөн гэж үзэж байна. Ялтны өмгөөлөгч тэр хэргийг нь давж заалдах шатанд хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэж ярьж байна. Гэхдээ энэ талаар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд огт яригдаж байгаагүй бөгөөд гаргаж өгсөн баримт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

       Н.Галмандах, Т.Төмөрсүх нарт холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрэн гүйцэт хийгдээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй  байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

         Тухайлбал Т.Төмөрсүх нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байх бөгөөд уг ял биелэгдсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэглэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

            Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Төмөрсүхийн “...2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Крокус” бааранд болсон “Люмино” хамтлагийн тоглолт дээр ...хуучны танил Дарханы Баадуу, жижигхэн “шавар” өгсөн...” /1-р хх-184-186/ гэж мансууруулах бодис олж авч хэрэглэсэн эх сурвалжаа тодорхой заагаагүй, эргэлзээ бүхий мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгаж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...“Зонж” ломбарданд хураан авсан “шавар” гэх Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын гарал, олж авсан эх үүсвэрийн талаар шаардлагатай ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй гэж заасан бөгөөд Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх энэхүү эрхээ эдлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад болох, илтэд худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөх ойлголт биш бөгөөд уг эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж ойлгох нь зүйтэй.

            Харин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад мэдүүлэг өгөхөөр хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээ үнэн зөв өгөөгүй явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл болохыг анхаарч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулбал зохино.

             Түүнчлэн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хойшлуушгүй тохиолдлоор сэжигтнийг баривчлах тогтоол /1-р хх-156/ үйлдэж, Т.Төмөрсүхийг цагдан хорих төвд хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүйгээс гадна Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 42/С тоот сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжид /1-р хх-159-160/ Т.Төмөрсүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдсан хугацааг сэжигтнээр цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

           Иймд Т.Төмөрсүх, Н.Галмандах нарын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис олж авч хэрэглэсэн гэх эх сурвалжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан олж тогтоох шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

          Дээрх нөхцөл байдлын талаар шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсаны дараа Т.Төмөрсүх, Н.Галмандах нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул ялтан Т.Төмөрсүхийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, ялтан Н.Галмандахын өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг шийдвэрлээгүй болохыг дурдав.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Төмөрсүх, Н.Галмандах нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраар дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.Төмөрсүх, Н.Галмандах нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧИД                                                         Д.МЯГМАРЖАВ                    

                                                                                          

                                                                                                 Н.БАТСАЙХАН

 

 

           

           

           

 

2