Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 401

 

Н.Ганзоригт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Ялтан Н.Ганзоригийн өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Ганбаатар,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Ганзориг, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Ганзоригт холбогдох 201624000009 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Зэвэг овогт Наранцэцэгийн Ганзориг, 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүхэд нарын хамт Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн Шарга гэх газар оршин суух бүртгэлтэй боловч, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар гудамжны 377 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, /РД:ГА91011613/,

Н.Ганзориг нь 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цаг 25 минутын орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Засгийн газрын авто баазын урд талын замд “Toyota Prius-20” загварын, 07-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс явган зорчигч Г.Мөнхтулга, Г.Наранцэцэг нарыг мөргөн, Г.Мөнхтулгын биед “тархи доргилт, баруун өвдөгний арын холбоос, зүүн өвдөгний урд, хажуу, арын холбоосны урагдал, дух, хацар, хамрын нуруу, баруун, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, өвдөгний үений цус хуралдалт, зүүн тохой, баруун шилбэний цус хуралт” бүхий хүндэвтэр, Г.Наранцэцэгийн биед “баруун чамархай, суурь ясны баруун их далавч, баруун хөхлөг сэртэн, баруун хацар ясны нум, суурь ясны зүүн их далавч, бага далавчийн хугарал, хугарлын харалдаа тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн дунд чөмөг, баруун тахилзуур ясны далд хугарал, баруун өвдөгт шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Н.Ганзоригт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Ганзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Г.Наранцэцэгийн бие махбодид хүнд, явган зорчигч Г.Мөнхтулгын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Н.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Н.Ганзоригийн тээврийн хэрэгслэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Н.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 07-60 УНА улсын дугаартай “Toyota Prius-20” загварын, автомашиныг битүүмжилсэн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөхөөр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганзоригоос нийт 2.363.914 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Наранцэцэгт 1.662.914 төгрөг, Г.Мөнхтулгад 701.000 төгрөгийг тус тус олгохоор, хохирогч Г.Наранцэцэг, Г.Мөнхтулга нар нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болтол Н.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Н.Ганзориг гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогч Г.Мөнхтулга, Г.Наранцэцэг нарт учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан бөгөөд хохирлоо барагдуулахдаа бусдаас мөнгө зээлж өгсөн. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эх, хүүгийн хамт амьдардаг, эх маань өндөр настай, хүү маань 4 настай, тэднийг асран халамжлах хүн байхгүй. Мөн хохирогч нарын хохирлыг барагдуулахдаа бусдаас зээлсэн мөнгийг надаас өөр төлөх хүн байхгүй байгаа байдлыг минь харгалзан үзнэ үү...” гэжээ.

Ялтан Н.Ганзоригийн өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснааар шүүгдэгч Н.Ганзоригоос 1.662.914 төгрөг гаргуулж хохирогч Г.Наранцэцэгт, 701.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнхтулгад  тус тус олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах гомдол гаргах хугацаанд шүүгдэгч Н.Ганзоригийн хүсэлт, санаачлагаар түүний ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нийт 2.363.914 төгрөгийг хохирогч нарт өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулж, гэм хорын хохирлыг арилгасан болох нь хохирогч нарын гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байна. Хохирогч Г.Наранцэцэг, Г.Мөнхтулга нараас наториатаар гэрчлүүлсэн хүсэлтдээ “...Н.Ганзориг, түүний ар гэрийнхэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй. Хохирогч бид архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарсан нь осол гарахад нөлөөлсөн тул Н.Ганзоригт оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгөхийг” хүссэн. Н.Ганзориг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан... зэрэг нөхцөл байдал хэрэгтний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих буюу тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Н.Ганзоригийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Ганзориг нь анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэм хорыг арилгасан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учрсан хохирлыг нөхөн төлсөн, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ялтан Н.Ганзориг нь 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цаг 25 минутын орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Засгийн газрын авто баазын урд талын замд “Toyota Prius-20” загварын, 07-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс явган зорчигч Г.Мөнхтулга, Г.Наранцэцэг нарыг мөргөн, Г.Мөнхтулгын биед “тархи доргилт, баруун өвдөгний арын холбоос, зүүн өвдөгний урд, хажуу, арын холбоосны урагдал, дух, хацар, хамрын нуруу, баруун, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, өвдөгний үений цус хуралдалт, зүүн тохой, баруун шилбэний цус хуралт” бүхий хүндэвтэр, Г.Наранцэцэгийн биед “баруун чамархай, суурь ясны баруун их далавч, баруун хөхлөг сэртэн, баруун хацар ясны нум, суурь ясны зүүн их далавч, бага далавчийн хугарал, хугарлын харалдаа тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн дунд чөмөг, баруун тахилзуур яс далд хугарал, баруун өвдөгт шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Г.Мөнхтулгын хохирогчоор өгсөн: “…ангийн багшийг гэр лүү нь дөхүүлэхээр түүнтэй хамт Баянбүрдийн хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний гарцгүй газраар, ертөнцийн зүгээр хойноос урагш хөндлөн гарсан. Замын голын хөвөө хэсэг дээр очоод ертөнцийн зүгээр баруунаас ирэх урсгал уруу харахад 3 дугаар эгнээнд нэг бараан өнгийн машин ирж байсан ба хурдаа хасаад бид хоёрыг гаргах гээд зогссон, бид 2 дугаар эгнээнд орох гэтэл гэнэт нэг машин хурдаа хасалгүйгээр ирээд биднийг машиныхаа урд хэсгээрээ мөргөсөн ба түүнээс хойш юу болсныг нь санахгүй байна. ...2 өвдөг болон шилбээрээ их гэмтсэн, хөл дээрээ явж чадахгүй байгаа...” /хх-19-20/,

Г.Наранцэцэгийн хохирогчоор өгсөн: “…биднийг баруунаас ирэх урсгал уруу нэвтрэн орох гэтэл саарал өнгийн жижиг суудлын машин гэрэл нь гялбаж их хурдтайгаар давхиж ирээд машиныхаа урд хэсгээрээ мөргөсөн. Түүнээс хойш юу болсныг нь би санахгүй байна. Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. ...бид явган хүний гарцаар яваагүй, ...нэг машины урдуур гараад дараагийн эгнээнд явсан машинд мөргүүлсөн санагдаж байна...” /хх-23-24/,

Б.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн: “…Зундуй, Үлэмжхүү, Цэрэннадмид, Болорцэцэг нарын хамт ...цагаан өнгийн 07-60 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын машин ирэхээр нь урд талд нь Зундуй, түүний ар талд Цэрэннадмид, баруун гар талд нь буюу голд нь Болорцэцэг, Үлэмжхүү суусан ба би жолоочийн хойно нь суугаад, Баянбүрдийн тойргоор буцаж эргэн баруунаас зүүн зүгт явсан ба тэр үеэс эхлэн жолооч хурдаа маш их нэмж ойролцоогоор 60 км цагийн хурдтай зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан. Би тэр үед машины хойд талын цонхоор харахад өөр машин байхгүй байсан. ...урд сууж явсан Зундуй “хүн гараад ирлээ шүү дээ” гэж хашхирсан. Түүнээс хойш 3-4 секундын дараа “түс тас” гэх чимээ гараад машины салхины шил нь цуурсан. Хэн нэгэн нь “хүн мөрчихлөө” гэхэд машин зогссон. Бид нар бөөндөө буухад  машины харалдаа урд талд нэг эрэгтэй хүн, машины хойд талд нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр эмэгтэйг сайн харахад, малгай нь багшийн малгайтай төстэй харагдаад гүйгээд очиход ангийн багш нил цус болчихсон хэвтэж байсан…” /хх-25-26/,

Ч.Үлэмжхүүгийн гэрчээр өгсөн: “…манай машин гэнэт л хүчтэй тоормоз гишгээд “түс тас” хийх чимээ гарсан. Бид нар машинаас буухад машины урд нилээн зайтай нэг эрэгтэй хүн хэвтэж байсан, харин машины хойд талд хар шубатай эмэгтэй байсан ба нэг л танил хувцас харагдахаар нь бид нар гүйгээд очиход ангийн багш Г.Наранцэцэг байсан…” /хх-28-29/,

О.Болорцэцэгийн гэрчээр өгсөн: “…манай машин замын 2 дугаар эгнээнд явж байсан. ...анх машинд суухдаа машины гол хэсэгт урагшаа харж суусан. Бид нар хоорондоо юм ярьж явахад жолооч зам руугаа харахгүй, бидний ярианд анхаарлаа хандуулаад нэг л сонин яваад байсан. Би тэр үед утсаа оролдоод явж байтал “түс” гэх чимээ гарсан. Гэтэл манайхан “чи хүн мөргөчихлөө шүү дээ” гэж байсан. Машин зогсоод бид нар буухад машины урд талд нэг эрэгтэй, хойд талд нилээн зайтай эмэгтэй хүн хэвтэж байсан…” /хх-31-32/,

Ц.Зундуйгийн гэрчээр өгсөн: “…би жолоочийн хажуу талын суудалд суусан ...манай машин зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан, тэр үед бид нар хоорондоо юм яриад би урагшаа хараад явж байсан. ...жолооч эхнээсээ л сонин машинаа жолоодож байсан, байсхийгээд л хажуу тийшээ, хойшоо харах гэх мэт үйлдэл хийж байсан. Би тэр үед “ямар сонин, анхааралгүй хүн бэ” гэж бодож байсан. Ингээд 3 дугаар эгнээнд хар бараан өнгийн машин манай машинаас урагшаа 10 орчим метрийн зайд явж байгаад тоормозны гэрэл нь асаад хурдаа хассан, харин манай машины жолооч хурдаа хасалгүй чигээрээ явсан. Гэтэл нөгөө машины урдуур ертөнцийн зүгээр хойд талаас 2 хүн гараад ирсэн. Би жолоочид “наана чинь хүмүүс гарч ирж байна шүү” гэж хэлэхэд жолооч ямар нэгэн хурдаа хасах, мөргөхгүй байх үйлдэл хийлгүй байсаар байгаад машиныхаа хамар хэсгээр тэр 2 хүнийг мөргөсөн. Жолооч машинаа бүрэн зогсоохоор нь “чи хүн мөргөчихлөө шүү дээ” гэж хэлсэн. ...миний бодлоор маш их хурдтай явж байсан юм. ...Мөнх-Эрдэнэ гэнэт хашхираад “энэ чинь ангийн багш, Мөнхтулга хоёрыг мөргөсөн байна шүү дээ” гэсэн. Очоод үзэхэд мөн байсан...” /хх-34-35/,

Э.Цэрэннадмидын гэрчээр өгсөн: “...тухайн үед дотор муухайраад явж байтал гэнэт л “түс тас” хийгээд явчихсан. ...манайхан “хүн мөргөчихлөө” гээд байсан. ...дотор муу байсан болохоор яаж осол болсныг сайн мэдэхгүй байна...” /хх-37/,

С.Баасандашийн гэрчээр өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 19-ний шөнө өөрийн эзэмшлийн 37-64 УНН улсын дугаартай “Hyundai Verna” загварын машинтай гадуур халтуур хийж яваад шөнийн 02 цаг орчим Баянбүрдийн зүгт явах автобусны буудлын ойролцоо явж байтал автобусны буудал дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн согтуу байдалтай явж байсан. Би тэднийг такси авч магадгүй юм байна гэж бодоод зогссон юм. Тэгтэл тэд явган хүний гарцгүй газраар хойноосоо урагшаа чиглээд явсан. Зүүнээсээ явах урсгалыг туулаад замын голын тусгаарлах хөвөөн дээр очсон. Яг тэр үед баруунаасаа ирэх урсгалын 3 дугаар эгнээнд хар өнгийн “Toyota Land Criuser-200” загварын, машин явж байсан. Тэр машины цаана нь буюу 2 дугаар эгнээнд нь цагаан өнгийн “Toyota Prius-20” загварын, машин хурдтай явж байсан. “Toyota Land Criuser” загварын, машин нь ойролцоогоор 60 орчим км цагийн хурдтай явж байгаад тэднийг хараад хурдаа хасаж, өөрийн эгнээгээр урдуураа гаргасан. Цаана нь явж байсан машин ойролцоо хурдтай явж байсан боловч хойно нь 10 гаран метрийн зайд явж байгаад нөгөө 2 хүн урдуур нь орох үед машиныхаа урд хэсгээр мөргөсөн. ...”Toyota Prius-20” загварын, машины жолооч ...ямар нэгэн байдлаар тоормоз гишгэж байгаа байдал харагдаагүй, …хурдаа хасах арга хэмжээ аваагүй…” /хх-39-40/,

Ж.Баасансүрэнгийн гэрчээр өгсөн: “…уг машиныг Ганзориг урьдчилгаа мөнгө өгч эгч Гэрэлтуяагийн нэр дээр гэрээ хийж, хувийн компаниас авсан...” /хх-42/,

Б.Ганчулууны гэрчээр өгсөн: “…уг машиныг Ганзориг урьдчилгаа өгч манай эхнэрийн нэр дээр гэрээ хийж авсан машин байгаа юм. Түүнээс манай эхнэрт ямар нэгэн байдлаар огт хамаагүй, дүү бичиг баримтгүй гээд нэр дээр нь авсан, гэрээ нь хэзээ яаж дуусахыг Ганзориг өөрөө мэдэж байгаа...” /хх-43-44/,

Н.Ганзоригийн сэжигтнээр өгсөн: “...Баянбүрдийн тойргоор буцаж эргээд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд 40-50 км/цагийн хурдтай Засгийн газрын авто баазын хойд талд явж байтал миний зүүн гар тал буюу 3 дугаар эгнээнд хар бараан өнгийн машин яваад дөнгөж өнгөрөөд л 2 хүн замын хойноосоо гарч ирээд миний машины хамар дээр гарч ирээд шилэнд мөргөгдөөд эрэгтэй нь урдхан талд, эмэгтэй нь хойно үсэрч унасан. Би машинаа зогсоогоод буухад машинд байсан хүмүүс бүгд бууж ирсэн. ...2 явган зорчигчийг хэдэн метрийн зайнаас харснаа санахгүй байна, гэнэт л миний машины зүүн гар талаас ороод ирсэн. Гэнэт ороод ирсэн учраас машинаа зогсоож чадаагүй юм...” /хх 62-64/,

Шинжээч эмч Ш.Ариун-Эрдэнийн “...уг дүгнэлтэд 07-60 УНА улсын дугаартай  “Toyota Prius-20” загварын автмашины жолооч Н.Ганзоригийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж гаргасан. ...хэргийн газар дээр зогсоох арга хэмжээ авсан ул мөр байхгүй, тоормозны мөргүй, автомашины эвдрэл гэмтлийг харахад урд буфер, копудны урд хэсэг болон урд салхины шил их хэмжээгээр гэмтсэн нь явган зорчигч нарыг мөргөөд урд копуд хэсэг дээрээ тээвэрлэж явж байгаад шидсэн байдалтай, мөн зогсоох арга хэмжээ авсан үед АВС системтэй машины дугуйн тоормозны мөр зам дээр тасалданг байдлаар үүсэх, мөн зам дугуй хоёрын барьцалдалтаас үүссэн дугуйн мөр зам дээр гарах ёстой байсан...” /хх-151/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 235 тоот шинжээчийн “Мөнхтулгын биед тархи доргилт, баруун өвдөгний арын холбоос, зүүн өвдөний урд, хажуу, арын холбоосны урагдал, дух, хацар, хамрын нуруу, баруун, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, өвдөгний үений цус хуралдалт, зүүн тохой, баруун шилбэний цус хуралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” /хх-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 236 дугаар шинжээчийн “Г.Наранцэцэгийн биед баруун чамархай, суурь ясны баруун их далавч, баруун хөхлөг сэртэн, баруун хацар ясны нум, суурь ясны зүүн их далавч, бага далавчийн хугарал, хугарлын харалдаа тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн дунд чөмөг, баруун тахилзуур ясны далд хугарал, баруун өвдөгт шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогттоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-48/ гэх дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 62 дугаар /хх-54/, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16/10539 дугаар дүгнэлтүүд, /хх-144-146/ зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-13/, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн лавлагаа /хх-69-72/, өвчний түүх /хх-74-82, 86-96/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Н.Ганзоригийн гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхэд ялтан Н.Ганзориг, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Г.Сүхээ нарын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтны өмгөөлөгч Б.Ганбаатар, Г.Сүхээ нарын “…хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргээс харахад Н.Ганзоригт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Н.Ганзоригийн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас Г.Мөнхтулгын биед хүндэвтэр, Г.Наранцэцэгийн биед хүнд гэмтэл тус тус учруулсан, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх үүрэгтэй заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс дээрх байдлуудын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд ялтан Н.Ганзоригт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Ганзориг, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Ганзориг болон түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                           Д.МӨНХТУУЛ

                                                                                                Н.БАТСАЙХАН