Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 428

 

2016.6.23                                                        №428                                      МАГАДЛАЛ

 

 

 

 

 

 

 

                           Б.Өлзийбаяр, Ц.Отгондэлгэр нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Жанибек,

Насанд хүрээгүй ялтан Ц.Отгондэлгэрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 490 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Х.Жанибекийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот эсэргүүцлээр Б.Өлзийбаяр, Ц.Отгондэлгэр нарт холбогдох 2016260301167 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Баярмагнайгийн Өлзийбаяр, 1993 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамжны 342 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн 9 дүгээр гудамжны 998А тоотод оршин суух,  

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УЦ93011053/,

2. Боржигон овогт Цэцэгболдын Отгондэлгэр, 2001 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 4 сар 14 хоногтой байсан, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18 дугаар гудамжны 459 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЛ01291614/,

1. Б.Өлзийбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамжны 568 тоотод оршин суух Ч.Одгэрэлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж “BSB” загварын, 32 инчийн LED загварын зурагт, “Сансар” кабелийн телевизийн олон суваг хүлээн авагч тоног төхөөрөмж зэрэг 639.000 төгрөгийн эд зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр насанд хүрээгүй Ц.Отгондэлгэртэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 458 тоотод оршин суух Н.Амармэндийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Funai” загварын 32 инчийн LCD зурагт, будаа агшаагч, монетан бөгж 2 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, даалин, 20 кг мах, 10 литр сүү, эмэгтэй гоёлын ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг 2.528.000 төгрөгийн эд зүйлийг шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булагийн 6-1-6 тоот Ж.Даваанямын гэрээс 1.100.000 төгрөгийн үнэ бүхий “lphone-5S” загварын гар утсыг шунахай сэдэлтээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18 дугаар гудамжны 458 тоотод оршин суух Н.Амармэндийн гэрээс эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас 4 cap 14 хоногтой буюу насанд хүрээгүй Ц.Отгондэлгэрийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

2. Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Б.Өлзийбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 458 тоотод оршин суух Н.Амармэндийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Funai” загварын, 32 инчийн LCD зурагт, будаа агшаагч, монетон бөгж 2 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, даалин, 20 кг мах, 10 литр сүү, эмэгтэй гоёлын ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг 2.528.000 төгрөгийн эд зүйлүүдийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Өлзийбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар, Ц.Отгондэлгэрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Өлзийбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн
24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн, Ц.Отгондэлгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Өлзийбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Отгондэлгэрийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Өлзийбаярт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Ц.Отгондэлгэрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Б.Өлзийбаяр, Ц.Отгондэлгэр нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Отгондэлгэр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Өлзийбаярын урьдчилан цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Б.Өлзийбаярын 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацааг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийбаяраас 1.340.000 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух Н.Амармэнд /РД:МК79062010/-д, 1.100.000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булгийн 6-1 тоотод оршин суух Ж.Давааням /РД:ОЮ62090310/-д, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгболд нараас 275.000 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух Н.Амармэнд /РД:МК79062010/-д 65.000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-16 тоотод оршин суух О.Энхмөнх /РД:ОЮ89041605/-д тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хохирлоо нөхөн төлөхийг Ц.Отгондэлгэрт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Ш.Цэцэгболдод хариуцуулж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өлзийбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ц.Отгондэлгэрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Х.Жанибек бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Б.Өлзийбаярт холбогдох 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух Н.Амармэндийн гэрээс эд зүйл хулгайлах үйлдэлдээ насанд хүрээгүй Ц.Отгондэлгэрийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан буюу Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шийтгэх тогтоолд  “...шүүгдэгч Б.Өлзийбаяр насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэртэй садан төрлийн холбоотой, гэмт хэрэг үйлдэх үедээ Ц.Отгондэлгэрийн гэрт түр оршин сууж байсан, тухайн үед эд зүйлс байгааг Ц.Отгондэлгэр эхэлж гэрийн тооноор харсан, Б.Өлзийбаяр “айлаас хулгай хийх” санал тавихад зөвшөөрсөн болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Ц.Отгондэлгэр өөрийн ухамсарт үйлдлээр сайн дураар хулгайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь тогтоогдсон гэж насанд хүрээгүй этгээдийн хувьд нь дүгнэлт өгөлгүй нэг талыг барьж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжүүд болох насанд хүрээгүй хүний нас, сэтгэхүйн онцлог байдлуудыг ашиглаагүй гэсэн нь хууль зүйн дүгнэлт болж чадахгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Өлзийбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-458 тоотод оршин суух, Н.Амармэндийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй Ц.Отгондэлгэрийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэгт татан оролцуулахад нөлөөлсөн үйлдлийг эхлүүлснээр гэмт хэргийн бүрдэл төгссөн байна. Б.Өлзийбаяр нь өмнө нь насанд хүрээгүй Ц.Отгондэлгэрийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт үйлдэлдээ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан бөгөөд насанд хүрээгүй Ц.Отгондэлгэрийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулж болохгүй гэдгийг сайн ухамсарлаж байсан, энэ хэргийг зориуд хүсэж үйлдсэн нь тогтоогдож байхад шүүх үндэслэлгүй буруу дүгнэлт хийж, Б.Өлзийбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, түүнд ял завших боломж олгосон байна.

Шүүхээс насанд хүрээгүй Ц.Отгондэлгэрийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Оюундэлгэрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хохирлоо нөхөн төлөхийг Ц.Отгондэлгэрт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Ш.Цэцэгболдод хариуцуулж шийдвэрлэхдээ түүний хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Цагдаагийн байгууллагад хариуцуулалгүй орхигдуулсан байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 490 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

Насанд хүрээгүй ялтан Ц.Отгондэлгэрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Миний үйлчлүүлэгч ялтан Б.Өлзийбаяртай хамтран хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэж үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн  284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Б.Өлзийбаяр нь ганцаараа 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамжны 568 тоотод оршин суух Ч.Одгэрэлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж “BSB” загварын, 32 инчийн LED загварын зурагт, “Сансар” кабелийн телевизийн олон суваг хүлээн авагч тоног төхөөрөмж зэрэг 639.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булагийн 6-1-6 тоот Ж.Даваанямын 1.100.000 төгрөгийн үнэ бүхий “lphone-5S” загварын гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

Насанд хүрээгүй Ц.Отгондэлгэртэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 458 тоотод оршин суух Н.Амармэндийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Funai” загварын 32 инчийн LCD зурагт, будаа агшаагч, монетан бөгж 2 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, даалин, 20 кг мах, 10 литр сүү, эмэгтэй гоёлын ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг 2.528.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 18 дугаар гудамжны 458 тоотод оршин суух Н.Амармэндийн гэрээс эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас 4 cap 14 хоногтой буюу насанд хүрээгүй Ц.Отгондэлгэрийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

2. Насанд хүрээгүй Ц.Отгондэлгэр нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Б.Өлзийбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 458 тоотод оршин суух Н.Амармэндийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “Funai” загварын, 32 инчийн LCD зурагт, будаа агшаагч, монетон бөгж 2 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг, даалин, 20 кг мах, 10 литр сүү, эмэгтэй гоёлын ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг 2.528.000 төгрөгийн эд зүйлүүдийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудад бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийн шинж нь урьдчилан амлах, хууран мэхлэх, заналхийлэх, хүч хэрэглэх гэсэн гэмт хэргийн үндсэн хэлбэрийг агуулахаас гадна гэмт үйлдлээ амар хялбар болгох зорилгоор насанд хүрээгүй хүний биеийн хөгжил, сэтгэхүйн онцлогыг ашиглан аливаа арга хэлбэрээр гэмт хэрэгт оролцуулсан байдаг онцлогтой.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг цагдаагийн байгууллагад даалгахаар заасан байх тул прокурор Х.Жанибекийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 490 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, улсын яллагч Х.Жанибекийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот эсэргүүцлийг хүлээн авч, Б.Өлзийбаяр, Ц.Отгондэлгэр нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд буцаасугай.

            2. Шүүх хуралдаан болтол Б.Өлзийбаярт авсан цагдан хорих, Ц.Отгондэлгэрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН