Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 460

 

                             

Б.Төрболдод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ширэндэв,

Ялтан Б.Төрболд, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэлмэг даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Төрболдын гаргасан давж заалдах гомдлоор, түүнд холбогдох эрүүгийн 201525012822 дугаартай хэргийг 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Баяндалайн Төрболд, 1994 оны 10 дугаар сарын 4-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хилчний 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, /РД: НТ94100419/,

Б.Төрболд нь 4 удаагийн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байрны гадна талын зогсоол дээр байсан Б.Мөнхбаярын эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий “Toyota Allion” загварын 54-05 УНН улсын дугаартай автомашиныг хулгайлсан,

2016 оны 2 дугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1525 тоотод оршин суух Ш.Булганбатын гэрээс эд зүйл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булагийн 1 дүгээр гудамжны 4 тоотод нэвтэрч, эд зүйлс хулгайлан Л.Энхжаргалд 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Майханы 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Л.Нинагийн гэрт нэвтэрч эд зүйлс, бэлэн мөнгө хулгайлан 4.595.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 15.005.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр эрүүгийн 201525012822 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа буюу 2016 оны 2 дугаар сарын 15-наас 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 12 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Төрболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Төрболдыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ялтай байхдаа давтан үйлдлээр буюу эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Төрболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сарын хугацаатай хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Төрболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаатай хорих ял дээр мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сарын хугацаатай хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн, Б.Төрболдын биечлэн эдлэх нийт ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 7 жил 1 сарын хугацаатай хорих ялаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Төрболдод оногдуулсан 7 жил 1 сарын хугацаатай хорих ялыг  чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Төрболдын цагдан хоригдсон 141 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Төрболдоос нийт 7.803.200 төгрөгийг гаргуулж олгохоос хохирогч Б.Мөнхбаярт 2.603.200 төгрөг, Л.Энхжаргалд 300.000 төгрөг, Л.Нинад 4.595.000 төгрөг, Г.Ариунбаатарт 55.000 төгрөг, Ж.Баатарсүрэнд 180.000 төгрөг, Б.Гансүхэд 70.000 төгрөгийг тус тус олгож, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Төрболд давж заалдах гомдолдоо: болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагдан хоригдсон. 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүргэн ах Ш.Булганбат, Х.Адьяахүү нар батлан даалтад авсан. Батлан даалтад байх хугацаандаа хүргэн ахындаа байсан бөгөөд тухайн үед мөрдөн байцаагч “намайг дуудсан үед л ир, түүнээс ирээд хэрэггүй” гэсэн. Байцаагч дуудахгүй байхаар нь би түүн рүү залгаад “хэзээ очих вэ” гэж асуухад “би чамайг дуудахаар ир гэсэн биз дээ, ажилтай байна, битгий төвөг удаад бай” гээд уурлаад байсан. Би мөрдөн байцаагчийг залгана гэсэн болохоор утсаа байнга нээлттэй байсан. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр найзтайгаа уулзах гэж гараад 10 гаран хоног өөрийн болчимгүй зангаас болж хулгай хийж явсан минь үнэн. Гэвч би оргож, алга болоогүй. Энэ хугацаанд миний утас байнга нээлттэй байж, хүргэн ахтайгаа холбоотой байсан. Би мөрдөн байцаагч руу залгасан боловч утсаа авахгүй байсан. 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүргэн ах над руу залгаад “чи хаана байна” гэхэд нь “би найзындаа байна” гэхэд “чи наанаа байж байгаарай, очоод авья” гээд ирээд байцаагчид хүргэж өгсөн. Тэгэхэд мөрдөн байцаагч “чи хаагуур оргож, босож яваад ирэв” гэхээр нь “би оргоогүй, таныг залгахыг хүлээж байсан” гэхэд “битгий хуцаад бай, чам руу залгаж байдаг цаг зав алга” гэсэн. Тэгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж байна гэхээр нь хүлээн зөвшөөрөхгүй “өмгөөлөгчийг дуудуулж өгнө үү” гэхэд чиний хүлээх, хүлээхгүй надад хамаагүй гэсэн. Намайг байцаалт өгөхөд нэг ч удаа өмгөөлөгч байлцуулаагүй, урьд нь уулзаж байгаагүй, миний мэдэхгүй хүнээр өмгөөлөгч байлцсан гэж гарын үсэг зуруулж, миний мэдүүлэгт үг, үсэг нэмсэн байсан. Би бичиг үсэг мэдэхгүй учир уг гомдлыг хөндлөнгийн хүнээр бичүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Б.Төрболдын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь хэрвээ Б.Төрболдыг мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ажиллагаа хийх ёстой. Гэтэл 12 хоногийн хугацаанд ямар нэгэн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаагүй. Мөрдөн байцаагч эрэн сурвалжлах мэдээллийн санд шивээд, маргааш оргодлоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Нэг хоногийн зайтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ажиллагаа явуулсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 206 дугаар зүйлийн 206.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагч тухайн хэргийг түдгэлзүүлэх саналаа прокурорт гаргах ёстой байсан. Ингээд прокурор тогтоол үйлдэх ёстой байтал хавтаст хэрэгт ямар нэгэн тогтоол байдаггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205, 206 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Төрболд батлан даалтад авсан айлаасаа хулгай хийсэн. Б.Төрболдын оргосон үйлдэлтэй холбогдуулан Адъяахүү, Булганбат нарыг хохирогчоор тогтоогоогүй байж гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Иймд Б.Төрболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан. Ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б.Төрболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа мөрдөн байцаалтын шатанд 12 хоногийн турш оргон зайлсхийсэн. Энэ хугацаанд хэрэг нь заавал түдгэлзэх албагүй. Б.Төрболд анх Мөнхбаярын автомашиныг хулгайлаад хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлагдсан. Ингээд 2 дугаар сарын 15-ны өдөр батлан даалтаар авсан Булганбатын гэрээс эд зүйл хулгайлсан. Батлан даагч Булганбат “2 дугаар сарын 15-ны өдөр манай гэрээс мөнгө хулгайлаад алга болсон бөгөөд одоо олдохгүй байна” гэж мэдүүлсэн. Ялтан Б.Төрболд 2 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Нинагийн гэрээс эд зүйл хулгайлаад 2 дугаар сарын 27-ны өдөр дахин цагдан хоригдож эхэлсэн. Анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн 533 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэн шийдвэрлэлээ.

Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх ба шүүхээс ялтны гэм бурууд дүгнэлт өгөх бүрэн боломжтой, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Б.Төрболд нь 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байрны гадна талын зогсоол дээр байсан Б.Мөнхбаярын эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий “Toyota Allion” загварын 54-05 УНН улсын дугаартай автомашиныг хулгайлж 2.603.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Мөнхбаярын “...2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Toyota Allion” загварын 54-05 УНН улсын дугаартай автомашинаа тавиад 23 цагийн үед гарч хучаад унтсан. ...04 цагийн үед замын цагдаагаас залгаад “таны машин хаана байгаа вэ, хүнд өгч явуулсан уу” гэхээр нь “үгүй” гэхэд нэг “эрэгтэй хүн унаж яваад осол гаргасан байна, ирж уулз” гэхээр нь цонхоор харахад миний машин зогсоол дээр байхгүй, бүтээлэг нь хажууд нь унасан, машин хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн газар очиж уулзсан. ...машины голын хайрцаганд илүү нэг түлхүүр байсан, түүнийг аваад асаагаад явсан байсан...” /хх-45-46/,

Гэрч Б.Тодгэрэлийн “...2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Цамба-15 постонд шөнийн эргүүлээр ажиллаж байхад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны  нутаг давсгэрт байрлах “Сутай буянт” захын урд талын автомашины зам дээр тээврийн хэрэгсэл шалгаад зогсож байхад зүүнээс баруун тийш “Тoyota allion” загварын 54-05 УНН улсын дугаартай автомашин дөхөж ирэхээр нь дохиж зогсоох гэтэл шууд чигээрээ зугтаад явахаар нь би албаны машинтай хөөгөөд зогсохыг сануулсан боловч зугтаасаар байгаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар сургуулийн баруун талд байсан бетоныг мөргөж зогссон. Тэгээд араас нь очиход машинаа хаяад зугтахаар нь очиж үзэхэд машины хойд хаалганы жижиг гурвалжин цонх хагарсан байхаар нь хулгайн машин гэж ойлгоод араас нь гэр хорооллын гудамж руу 500 метр газар хөөж 20-25 орчим насны залууг барьж саатуулан жижүүрт хүлээлгэн өгч тухайн тээврийн хэрэгслийг ачуулсан...” /хх-57-60/,

Б.Төрболдын яллагдагчаар өгсөн: “...машин хулгайлах үедээ хажууд нь байсан хар саарал өнгийн машины урд талын хэсэг рүү мөргөөд цаашаа явсан, машины номер дугаарыг харж амжаагүй...” /хх-164-165/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-22/, автомашины техникийн үнэлгээ /хх-25-26/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн үзлэг, хэмжилтийн бүдүүвч /хх-74-75/, Замын цагдаагийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 50 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-76-77/, эд зүйлийн үнэлгээ /хх-109/ зэрэг нотлох баримтуудаар,

2016 оны 2 дугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1525 тоотод оршин суух Ш.Булганбатын гэрээс эд зүйл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Ш.Булганбатын гэрчээр өгсөн: “...гэрээс гарч явахдаа Баатаржавын гэрт байсан 1.400.000 төгрөгийг хулгайлаад явсан байсан...” /хх-153-154/,

Гэрч Ш.Сурмаажавын “...2016 оны 2 дугаар сарын 15-нд Б.Төрболд манай гэрт 14 цагийн үед орж ирсэн ба би байнга орж гардаг болохоор нь тоогоогүй Б.Төрболдыг хүүхэд аваарай гээд гарсан. Удалгүй сургуулиас залгаад хүүхдээ ав гэхээр нь Б.Төрболдыг яагаад аваагүй юм бол гэж бодоод цүнхтэй мөнгөө үзсэн чинь хажуугийн халаасанд нь байсан манай дүү Ш.Булганбатын хүнд өгчих гэсэн 1.400.000 төгрөг бэлнээр хийсэн байсан нь алга болсон байсан. Би бие тааруу учир дүү Ш.Булганбат энэ хэрэгт хохирогчоор оролцоно, мөн миний монетон гинж, кулон, ээмэг зэргийг давхар нэхэмжлэх байх, энэ хэрэгт хохирогчоор оролцохгүй...” /хх-188-189,

Гэрч Х.Адъяахүүгийн “...Б.Төрболдыг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ах Ш.Булганбатын хамт батлан даалтад авсан. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ах Ш.Булганбатынхаас 1.400.000 төгрөгийг нь хулгайлаад явсан. Түүнээс хойш хаана байгааг нь мэдэхгүй. Батлан даалтад байсан хүнээ оргон зайлуулсан тул хуульд заасан арга хэмжээ авахуулахад гомдол саналгүй...” /хх-152/,

Б.Төрболдын яллагдагчаар өгсөн: “...Би хүргэн ах Ш.Булганбатын батлан даалтад байхдаа ...бэлэн мөнгө байхаар нь түүнийг аваад тэднийхээс гарсан. ...хуучин танил Алтай гэх эмэгтэйтэй хороололд байх зочид буудалд 2 хоноод тэндээсээ гараад дэлгүүрээс хувцас, гар утас худалдаж аваад Өргөө кино театрын ойролцоо байх тоглоомын газар 3 хоног тоглосон...” /хх-164-165/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-185/ зэрэг нотлох баримтуудаар,

2016 оны 2 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булагийн 1 дүгээр гудамжны 4 тоотод нэвтэрч, эд зүйлс хулгайлан Л.Энхжаргалд 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Л.Энхжаргалын “...2016 оны 2 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булагийн 1-4 тоотод оршин суух нагац эгч Нарантуяагийн гэрт хулгай орсон байсан, гэрт нь очиход эд зүйлсийг нь эмх замбараагүй болгосон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэрээс нь шатар, аяга тавагны ком, индүү, эрэгтэй куртка, бэлтгэлийн өмд, цахилгааны уртасгагч, пүүз зэрэг алдагдсан байсан...” /хх-147/,

Б.Төрболдын яллагдагчаар өгсөн: “...22-ын товчооны цаана байх саарал өнгийн байшин эзэнгүй, хаалга нь онгорхой байхаар нь ороод мөнгө болгочихоор эд зүйл хайтал цахилгаан шинэ тогоо, индүү, тоос сорогч, 3 ширхэг хатгамал, ноолууран майк зэргийг байсныг хулгайлж аваад буцаж нуусан зүйлээ аваад хот руу ирсэн...” /хх-164-165/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-178-179/ зэрэг нотлох баримтуудаар,

2016 оны 2 дугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Майханы 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Л.Нинагийн гэрт нэвтэрч эд зүйлс, бэлэн мөнгө хулгайлан 4.595.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 15.005.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Л.Нинагийн “...Манай  зуслангийн байшин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам гэх газар Майханы 8-02 тоот хаягт байрладаг. 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Шинэхүү утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд очиход ...хойд талын өрөөнд байсан төмөр сейфний хаалгыг эвдэж онгойлгоод 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөн аяганы  ёроол, мөнгөн тоногтой хэт хутга, зургийн аппаратны дуран, задгай 40.000 төгрөг, шүүгээнд байсан туулайн арьсан шүүб, булган нөмрөг, хагас ханцуйтай даашинз, зураг, наамал зураг, савхин куртка зэрэг зүйлс алга болсон байсан...” /хх-237-238/,

Б.Төрболдын яллагдагчаар өгсөн: “...2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарамд байх эмээгийндээ очих гэж яваад Төмөр замын эмнэлгийн урд талд байх 2 давхар улаан тоосгон байшинтай айл эзэнгүй байхаар нь вакум цонхыг нь гараараа түлхэхэд онгойсон. ...гал тогооны өрөөний хажуугийн тавиур дээр 6 ширхэг мөнгөн аяга, могойн арьсан хэтэвч, доороо хөлтэй хар өнгийн зургийн аппарат зэргийг хулгайлан вагоны замын хажууд нуусан...” /хх-164-165/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-215-217, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-211-214/, эд зүйлийн үнэлгээ /хх-234-235/ зэрэг нотлох баримтуудаар 4 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч нийт 15.005.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Мөн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр эрүүгийн 201525012822 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 2 дугаар сарын 15-наас 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 12 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

Гэрч Ш.Булганбатын “...хулгай хийж явсныг нь мэдээд 19 цагийн орчим 99615673 дугаараас эхнэр лүү залгахаар нь хаана байгааг нь асуухад Чулуун овооны хажууд явж байна, санаа зоволтгүй, тэгж байгаад очно гээд утсаа салгасан. Түүнээс хойш тэр утас нь холбогдохгүй байгаа. Би Төрболдыг оргон зайлна гэж мэдээгүй байсан...” /хх-153154/,

Б.Төрболдын яллагдагчаар өгсөн: “...тухайн үед мөнгө харагдахаар нь аваад тэр чигээрээ оргохоор шийдсэн...” /хх-164-165/ гэх мэдүүлэг, эрэн сурвалжлалт зарлах хуудас /хх-159-160/, оргодол эрэн сурвалжлах хуудас /хх-161/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүхээс Б.Төрболдод оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн хэр хэмжээ, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон, мөрдөн байцаалтын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Б.Төрболдын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Б.Төрболд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байхдаа Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 10 хоногийн хорих ялаас өршөөн суллагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно.” гэж зааснаар Б.Төрболд нь 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл ялтайд тооцогдох бөгөөд тэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ /хх-91/ авагдсан байх хугацаандаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд оргон зайлсан нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн үед мөнгө харагдахаар нь аваад тэр чигээрээ оргохоор шийдсэн...” /хх-164-165/ гэх мэдүүлэг, эрэн сурвалжлалт зарлах хуудас /хх-159-160/, оргодол эрэн сурвалжлах хуудас /хх-161/ зэрэг болон шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ялтан Б.Төрболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Ийнхүү Б.Төрболдыг мөрдөн байцаагчийн тогтоолоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа давтан үйлдлээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Харин Б.Төрболдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг алдагдалгүйгээр хуульд заасан үг хэллэгээр нь бичих нь хуульд нийцнэ.

Түүнчлэн ялтан Б.Төрболдын цагдан хоригдсон хоногийг тооцож үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 55 хоног, 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 87 хоног буюу нийт 142 хоног цагдан хоригдсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Б.Төрболдыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан;

ялтай байхдаа давтан үйлдлээр буюу эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,

“Б.Төрболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

 5 дахь заалтын “... 141 ...” гэснийг “... 142 ...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Б.Төрболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧИД                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                        Н.БАТСАЙХАН