Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 467

 

                                                  

 

 

 

Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энх-Амгалан,

Ялтан Г.Түмэн-Өлзийгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Ялтан Э.Ганболдын өмгөөлөгч Л.Батаа,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Г.Түмэн-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нарт холбогдох эрүүгийн 201626010398 дугаартай хэргийг 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ганболд, 1997 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 16 дугаар гудамжны 813 тоотод оршин суух бүртгэлтэй, тодорхой оршин суух хаяггүй,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 1162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 229 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:УИ97022735/,

Их овогт Гонгоржавын Түмэн-Өлзий, 1973 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34а байрны 39 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 371 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:ЦД73062079/,

Э.Ганболд нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа давтан үйлдлээр Г.Түмэн-Өлзийтэй бүлэглэн 2016  оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байранд байрлах “Номт цохио” авто сургуулийн цонхыг хагалан орон байранд хууль бусаар нэвтэрч хар өнгийн принтер хулгайлж, хохирогч Д.Нанжидсүрэнд 480.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Г.Түмэн-Өлзий нь Э.Ганболдтой бүлэглэн 2016  оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байранд байрлах “Номт цохио” авто сургуулийн цонхыг хагалан орон байранд хууль бусаар нэвтэрч хар өнгийн принтер хулгайлж, хохирогч Д.Нанжидсүрэнд 480.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Ганболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Г.Түмэн-Өлзийд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ганболдыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусадтай бүлэглэн бусдын 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт, Г.Түмэн-Өлзийг бусадтай бүлэглэн бусдын 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Э.Ганболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Г.Түмэн-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Түмэн-Өлзий гаргасан давж заалдах гомдолдоо: “...2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн маргаанаас болж гэрээсээ гарч Ганболдтой 1 шил архи уусандаа маш их харамсаж байна. Миний бие мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд зөвхөн үнэнийг мэдүүлсээр ирсэн бөгөөд хулгайн үйлдлийг таслан зогсоох гэсэн. Миний хашгирах чимээнээр эргүүлийн цагдаа ирсэн байх. Гэтэл уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Цагдаа нар ирээд Ганболдыг хулгайлсан эд зүйлтэй нь хамт баривчилж, биднийг авч явсан. Маргааш нь гэрчээр байцаалт аваад байцаагч Анхбаяр “иймэрхүү хүмүүсээс холхон яв” гээд явуулсан. Хэд хоногийн дараа утсаар яриад 2 хүний хамт ирж уулз гэсэн. Тухайн үед би хэрэг хийгээгүй учир өмгөөлөгч авахгүй гээд байцаалт өгөхөд өмнөх гэрчээр өгсөн мэдүүлгийг хуулж бичээд өөр нэмж хэлэх зүйл байна уу гэхэд нь “Ганболдын хулгайн үйлдлийг болиулах гэсэн, цагдаа миний дуунаар ирсэн байх” гэдгээ мэдүүлсэн. Би байцаагч болон прокурорт буруугүй гэдгээ хэлэхэд “чи гайгүй” гэсэн боловч баривчлах ялаар шийтгүүлж, амьдралд маш их хүндрэл учраад байна. Ганболд намайг уг хэрэгт оролцоогүй гэдгийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлдэг тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Ялтан Г.Түмэн-Өлзийгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Г.Түмэн-Өлзий нь Э.Ганболдтой бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нар “бид хамт архи уусан нь үнэн. Дараа нь хоол идэх гээд Цамбагарав руу явж байхад Түмэн-Өлзий бие засах гээд холдсон. Э.Ганболд ганцаараа үлдээд 1 давхрын цонх харагдахад нь хулгайн гэмт хэргийн сэдэл төрсөн. Хулгайн гэмт хэрэгт Г.Түмэн-Өлзий оролцоогүй, хулгай хийж байгааг нь мэдээгүй” гэж тогтвортой мэдүүлсэн. Шүүх Г.Түмэн-Өлзийг гэмт хэрэгт хэрхэн оролцсон болохыг тогтоогоогүй. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн боловч Г.Түмэн-Өлзий нь Э.Ганболдод гэмт хэрэг үйлдэхэд нь тусалж, дэмжлэг үзүүлсэн гэх нотлох баримт байдаггүй. Зөвхөн эргүүлийн цагдаа, гэрч Ганбаатар, Сүхбаатар нарын мэдүүлгийг үндэслээд Г.Түмэн-Өлзийг гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна. Гэтэл гэрч Ганбаатар нь “дуудлагаар очиход 1 давхрын цонхоор 16-19 насны хүүхэд орж байсан. Гадаа нь 40 орчим насны хүн ажиглаж байгаа бололтой зогсож байсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой. Зөвхөн “ажиглаж байгаа бололтой зогсож байсан” гэх таамаг төдий мэдүүлэгт үндэслэх нь хангалтгүй. Г.Түмэн-Өлзий нь бие засч байгаад шил хагарах дуугаар гэмт хэргийн газарт очсон. Гэтэл хамт архи ууж байсан Э.Ганболд нь цонхоор орж байхыг хараад гэмт хэргийг таслан зогсоох гэж оролдоход цагдаа нар ирсэн гэдэг. Г.Түмэн-Өлзийд гэмт хэрэг үйлдэх шунахайн сэдэлт байгаагүй тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Э.Ганболдын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны,  үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Түмэн-Өлзий нь анхнаасаа л “би гэмт хэрэгт оролцоогүй, гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээ авч байсан” гэж мэдүүлдэг боловч мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогддоггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд нотлох баримтын шинжтэй болдог. Гэрч Батбаатар, Ганбаатар нарын “40 орчим насны эрэгтэй хүн харж байгаа байдалтай гадаа нь зогсож байсан. Цонхоор 18-20 насны хүн орсон байсан. Принтерээ гаргаж тавихад нь бид очиж барьж авсан” гэх мэдүүлгээр Г.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг үгүйсгэгддэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын зүгээс Г.Түмэн-Өлзийгөөс “тухайн үед ойр орчимд чинь юу ажиглагдсан бэ” гэж асуухад “цагдаагийн машин ирж байсан” гэж хариулснаараа ойр орчмыг ажиглаад зогсож байсан болохоо нотолж, өөрийн өмнөх мэдүүлгийг үгүйсгэсэн. Мөн Э.Ганболд “намайг цонхоор бууж чадахгүй байхад Г.Түмэн-Өлзий ах татаж буулгалцсан” гэж мэдүүлсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.3 дахь хэсгүүдэд  заасан нотлогдвол зохих асуудлуудаас гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт шүүгдэгч нарын тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, сэдэлт тодорхойгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нар бүлэглэн 2016  оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байранд байрлах “Номт цохио” авто сургуулийн цонхыг хагалан орон байранд нэвтэрч хар өнгийн принтер хулгайлсан гэх гэмт үйлдлийн хамтран оролцооны хэлбэрийн талаар мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэт тогтоогоогүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үнэлэлт өгөх боломжгүй байна гэж үзэв.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт үйлдэлд оролцсон хүмүүсийн үйлдэл оролцооны талаарх байдлыг тогтоох ажиллагаа хийхдээ, хэргийн оролцогч нарын мэдүүлэг үнэн байж болох талаар холбогдох шалгалтыг оновчтой хийгээгүй, гэмт хэрэгт оролцсон гэх үйл баримтыг тогтоож чадаагүйгээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох боломжгүй байна.

Тухайлбал “Номт цохио” авто сургуулийн байрыг түрээслэгч Сэнгээ гэх хүн уг байранд хулгай орсон талаар түрээслэгч нарт мэдэгдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байхад түүнээс гэрчээр байцаалт аваагүй, мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлэг өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байгаа эсэх, эсхүл хэрхэн няцаагдаж байгаа талаар хөтөлбөргүйгээр нотлон тогтоох үүднээс мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж явуулах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 80.1.2 дахь хэсэгт заасан “уг гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр” зэргийг дахин нягтлан шалгаж, хэргийг зөв зүйлчлэх нь хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул Г.Түмэн-Өлзийгийн давж заалдах гомдлыг хэлэлцэж дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий  нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраар дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Э.Ганболд, Г.Түмэн-Өлзий нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                           Д.МӨНХТУУЛ

 

                                                                                    Н.БАТСАЙХАН