Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 468

 

                Я.*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Одончимэг,

Ялтан Я.*******ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 4 дүгээр  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Я.*******, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Я.*******т холбогдох эрүүгийн 201526020701 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 240 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 20 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

4. Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 300 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялыг “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын хуульд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчлөлт оруулж, 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

5. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 392 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:/,

Я.******* нь ялтай байхдаа давтан үйлдлээр:

1. 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 901 тоот өрөөний хаалганы цоожийг эвдлэн орж,******* 5.000.000 төгрөгийг цүнхний хамт хулгайлж, 5.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн эзэмшлийн байрны 401 тоот өрөөг түрээслэн байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг “*******” ХХК-ийн захирлын өрөөний цоожийг эвдлэн орж 13 инчийн “Apple” загварын зөөврийн компьютерийг хулгайлж, 2.185.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 16 цаг 30 минутаас 16 цаг 45 минутын хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шидэт зөгий” эмнэлгийн 2 тоот өрөөнд нэвтрэн орж,******* ширээний шургуулгыг эвдлэн 2.000.000 төгрөг, Ж.Чинболдын ширээний шургуулганд байсан багаж зэрэг эд зүйлийг хулгайлан авч, нийт 2.060.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн 410 тоот өрөөний хаалганы цоожийг отвёркаар хөшиж онгойлгон нэвтрэн орж,******* 2.000.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миг даатгал” ХХК-ийн ажлын байрны тусгаарлагч холбоосыг эвдлэн нэвтрэн орж******* 630.000 төгрөг,******* ширээний шургуулганд байсан 420.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан ба дээрх 5 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 12.315.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас Я.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.*******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Я.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Я.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59,1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 120 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн 71-21 УНЯ улсын дугаартай, “Honda CRV” загварын RD 11051439 арлын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж, Я.******* бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Ялтан Я.******* давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 4 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, юуны өмнө бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулахын тулд ах, дүү нараас тусламж авахын зэрэгцээ хоригдож байгаад гарсан хугацаанд өөрийн хөдөлмөр, гарын ур, авьяас чадвараа дайчлан ажиллаж чадсанаар хохирогч нараасаа уучлал гуйж, учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Би өөрийгөө юугаар ч зөвтгөх аргагүй. Хулгайн гэмт хэрэг үйлдэж, олон жилийн хугацаанд хоригдож залуу насаа дэмий өнгөрөөн амьдралын гэрэл гэгээг ойлгохгүй явсандаа маш их гэмшиж байна. Аливаа зүйлд бэлэнчлэх сэтгэлгээгээр хандаж, өөрийн хөнгөн зангаасаа болж хийсэн хэргийнхээ эцсийн хор уршгийг өдийг хүртэл гүйцэт ухаарч чадаагүй явсан гэж бодож байна. Хэдий хожуу ч амьдралын утга учир нь элэг бүтэн амьдрал гэдгийг ухаарсан. Би бага насны /0-4 насны/ хоёр охиндоо эцэг шиг эцэг, хань ижилдээ нөхөр шиг нөхөр нь байж, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарч болох юм гэдгийг ойлгосон учир шоронд өнгөрүүлж байгаа нэг өдөр ч туйлын удаан санагдаж байна. Энэ хугацаанд өөрийн хүч хөдөлмөр, ур чадвараа гаргаж урласан бүтээлийнхээ хариуд хүмүүсээс талархлын үгсийг төлбөрийн хамтаар авахдаа илүү их урам зоригтой болж, амьдралын сайн сайхныг мэдрэх болсон. Иймд эцэг хүн, эр нөхрийн үүргээ биелүүлэх сүүлчийн боломжийг олгон шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг чин сэтгэлээсээ гуйж байна...” гэжээ.

Ялтан Я.*******ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн 901 тоот өрөөний хаалга цоожийг эвдэн******* 5.000.000 төгрөгийг цүнхний хамт хулгайлсан, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн эзэмшлийн байрны 401 тоотод байрлах “*******” ХХК-ийн захирлын өрөөнөөс Ц.Нандин-Эрдэнийн 13 инчийн “Apple” загварын зөөврийн компьютерийг хулгайлсан, 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шидэт зөгий” эмнэлэгээс******* 2.000.000 төгрөг, Ж.Чинболорын багаж зэргийг  хулгайлсан үйлдлүүд нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна. Ялтан Я.******* нь 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 392 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан ба түүний ялтай байдлыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж ял оногдуулсан бөгөөд шүүхээс Я.*******т ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон юм. Я.******* нь /0-4 насны/ 2 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдээ асарч ажилгүй байгаа, Я.*******аас өөр харж асрах хүнгүй, cap бүр халамжийн байгууллагаас олгодог тэтгэмжээс өөр орлогогүйгээс гадна тэрээр гарын ур дүй, авьяас чадвараараа амьдралаа авч явах, эхнэр хүүхдээ тэжээн тэтгэх боломжтой, цэвэр өөрийн хөдөлмөрөөр олсон орлогоороо бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж чадсан юм. Я.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт шийтгүүлж байгаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн байдал, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх бүрэн боломжтой зэрэг байдлуудыг анхааран үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байх хугацаанд Я.******* нь дахин гэмт хэрэг үйлдэж, үйлдлүүд нь илрээд байсан тул мөрдөн байцаалтын ажиллагаа удааширсан. Гэхдээ хэрэгт хяналт тавьж байх сүүлийн хугацаанд Я.******* нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь харагдсан. Я.******* нь учруулсан хохирлоо төлөх гэж хичээж байгаа нь харагдсан. Өмгөөлөгч “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар 3 үйлдэл нь өршөөгдөх ёстой гэж байгаатай санал нийлэхгүй байна. Өршөөлийн хуулийг аль ашигтай байдлаар нэг л удаа хэрэглэх ёстой тул анхан шатны шүүхээс Я.*******ын ялтай байдлыг өршөөсөн. Тиймээс Я.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг нь харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэн шийдвэрлэлээ.

Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх ба шүүхээс ялтны гэм бурууд дүгнэлт өгөх бүрэн боломжтой, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Я.******* нь ялтай байхдаа давтан үйлдлээр:

1. 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 901 тоот өрөөний хаалганы цоожийг эвдлэн орж,******* 5.000.000 төгрөгийг цүнхний хамт хулгайлж, 5.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч******* “…Сонгомол тасгийн тохижилтын 5.000.000 төгрөгийг өөрийнхөө барьж байсан шар өнгийн оруулгатай цүнхэнд хийгээд ширээнийхээ шургуулганд хийсэн. Маргааш нь 13 цаг 30 минутын үед мөнгөө авах гэтэл байхгүй байсан ба ар талд нь байсан 3.000.000 төгрөг байхаар нь алга болсон гэж бодолгүй гэр лүүгээ харьсан. Өөрөөнийхөө бүх эд зүйлээ үзэхэд цүнхтэй байсан 5.000.000 төгрөг байхгүй байхаар нь …хяналтын камераа шалгахад 27-оос 28 орчим насны эрэгтэй 08 цаг 50 минутын орчим миний цүнхийг сугандаа хийгээд гарч байгаа нь бичигдсэн байсан…” /1-р хх-9-10/,

Гэрч Ц.Цогзолмаагийн “…Би Батжаргал даргын өрөөнд мөнгө байсан гэдгийг мэдээгүй, 5 дугаар сарын 8-ны өдөр 17 цагийн орчим ажлаасаа буух үед Батжаргал дарга “цүнхтэй мөнгө байсан харсан уу”, гэхээр нь “хараагүй” гэж хэлээд өрөөг нь нэг бүрчлэн шалгаж үзэхэд олдоогүй…” /1-р хх-11-12/,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн “…Би таньж байна, манай нөхөр Я.******* мөн байна. Эхний 4 ширхэг зургийг харахад өмсөж явсан цамц, биеийнх нь төрх, царайгаар нь таньж байна. Дараагийн 7 зургийг харахад царай болон өмсөж явсан хувцасаар нь өөрийнхөө нөхөр болохыг таньж байна. …бор өнгийн цүнхийг харж байсан. Гэхдээ манай нөхрийнх биш, 5 дугаар сарын үед ******* гэртээ авч ирсэн…” /1-р хх-56-58/,

Я.*******ын яллагдагчаар өгсөн: “...901 тоот өрөөний гадна ирэхэд бариуландаа цоожтой хаалга байхаар нь доош нь дарж үзэхэд онгойсон. Дотогш ороод ширээний шургуулганд эрэгтэй хүний цүнх байхаар нь авч гараад харахад 5.000.000 төгрөг байсан...” /3-р хх-76-78/ гэх мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2683 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-14/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-15-17/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-98, 3-р хх-36/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн эзэмшлийн байрны 401 тоот өрөөг түрээслэн байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг “*******” ХХК-ийн захирлын өрөөний цоожийг эвдлэн орж, 13 инчийн “Apple” загварын зөөврийн компьютерийг хулгайлж, 2.185.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ц.Нандин-Эрдэнийн “...2015 оны 5 дугаар сарын 21-ний орой хамгийн сүүлд нярав Мөнхзаяа хаалгаа цоожилж яваад өглөө 10 цаг 20 минутад ирэхэд “захирлын өрөөний хаалгыг эвдлэн хулгай орсон байна” гэж ярихаар нь яваад очиход цагдаа нар ирсэн үзлэг хийж байсан. ...захирлын өрөөнөөс 13 инчийн “Apple” загварын зөөврийн компьютер хулгана буюу маузны хамт алдагдсан байсан. ...2015 онд Гандирс төвийн 2 давхарт байрлах дэлгүүрээс 2.145.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /1-р хх-247-248/,

Иргэний нэхэмжлэгч М.Даваасүрэнгийн “...2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ...15 цагаас 16 цагийн хооронд гаднаас нэг залуу орж ирээд зөөврийн 13 инчийн нөөтбүүк барьчихсан “манай компани дампуурсан, үүнийг хямдхан зарчихмаар байна” гэхээр нь үзэхэд үзүүлэлт сайтай байхаар нь 500.000 төгрөгөөр авсан. Хэд хоногийн дараа цагдаагийн албан хаагчид дагуулж ирээд “энэ залуу нөөтбүүк хулгайлж танд зарсан байна, худалдаж авсан нөөтбүүкээ яасан бэ” гэхээр нь “хүнд өгөөд явуулсан, авчирахаар нь ирээд авчих” гэж хэлээд явуулснаас хойш 5-6 хоногийн дараа 500.000 төгрөгөө өгөөд нөөтбүүкээ аваад явахаар нь хулгайлсан зүйлээ зарсан гэдгийг ойлгосон...” /1-р хх-250, 2-р хх-1/,

Гэрч Э.Мөнхзаяагийн “...2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би хамгийн түрүүнд ажил дээрээ ирээд өрөө рүүгээ орох гэтэл манай өрөөний хаалга завсар гарсан байхаар нь гайхаад түлхүүрээр онгойлгож ороод сууж байтал захирлын өрөөний шилэн хаалга онгорхой харагдахаар нь гайхаад үзэхэд хулгай орсон бололтой байхаар нь менежер лүү мэдэгдээд тамга, тэмдэг бүрэн байгаа эсэхийг шалгахад бүрэн байхаар нь ширээг харахад шургуулга нь эвдэрсэн байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаагийн ажилтан ирсний дараа захирлын нөөтбүүк хулгайд алдагдсан талаар мэдсэн...” /2-р хх-5/,

Я.*******ын сэжигтнээр өсгөн: “...2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “*******” ХХК-ийн 401 тоот өрөөнд өглөө 10 цагийн орчим ажилд орох зарын дагуу очиход нэг эмэгтэй анкет бөглүүлж авахаар нь анкетаа бөглөж өгөөд гарсан. Гараад явж байгаад гэрийнхээ түлхүүрийг мартсан юм шиг санагдаад буцаад очиход 401 тоот өрөөний хаалга онгорхой байхаар нь “хүн байна уу” гэхэд нэг ч хүн байгаагүй. ...ширээн дээр дэлгээтэй цагаан өнгийн нөөтбүүк байхаар нь шууд өвөртөө хийгээд гарсан. Тухайн үед би гар утсаа барьцаанд тавьсан, хүүхдээ эмнэлэгт үзүүлэх мөнгөний хэрэг гарсан байсан болохоор нөөтбүүкийг авахаар шийдсэн. Тэндээсээ гараад “Компьютер ланд” худалдааны төв дээр суух зүс таних залууд 500.000 төгрөгөөр зараад, мөнгийг нь өөрөө хэрэглэсэн...” /2-р хх-25-26/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-233/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-235-236, 239-240, 242/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02/514 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-9-11/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-51/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 16 цаг 30 минутаас 16 цаг 45 минутын хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шидэт зөгий” эмнэлгийн 2 тоот өрөөнд нэвтрэн орж,******* ширээний шургуулгыг эвдлэн 2.000.000 төгрөг, Ж.Чинболдын ширээний шургуулганд байсан багаж зэрэг эд зүйлийг хулгайлан авч, нийт 2.060.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч******* “...2015 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нөхөр Чинболдын хамт ирээд эмчилгээ хийж байгаад 13 цагийн орчим явсан. Маргааш нь ирэхэд хамт ажилладаг Пүрэвхүү эмч ирээд “ширээ эвдсэн байна” гээд уурласан. Хүний нөөцийн менежер Мөнхзул ширээнүүдээ цоожилсон, таных бас онгорхой байна гэж хэлсэн. Миний ширээний шургуулга, мөн Пүрэвхүүгийн ширээний шургуулга, шкафны нүднүүдийг хөшиж эвдлэн онгойлгосон байсан. Тэгээд камераа шүүж үзэхэд 16 цаг 30 минутаас 16 цаг 45 минутын хооронд нэг эрэгтэй хүн манай өрөө рүү ороод 2 минут болох хооронд хулгай хийгээд гарсан байсан. ...Чинболдын ширээний шургуулганд байсан багажинд хөших багаж байгаагүй, тэр эрэгтэй хөших багажтай ирсэн байх...” /1-р хх-96-97/,  

Гэрч Ө.Мөнхзулын “...2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 09 цаг 30 минутад ажилдаа ирэхэд Пүрэвхүү “миний шургуулыг эвдсэн байна” гэсэн. Өрөөнд ороод үзэхэд Пүрэвхүү эмчийн шүрээний шургуулгыг эвдсэн боловч эд зүйлс алдагдаагүй байсан. Миний дараа Хулан эмч ирсэн ба мөн шургуулга нь эвдэрсэн байсан. Хулан эмч шургуулгаа үзээд 2.000.000 төгрөг алга болсон байна гээд бид камераа шүүж үзэхэд 16 цаг 32 минутаас 16 цаг 45 минутын хооронд үл таних эрэгтэй ороод буцаад гарсан бичлэг байсан...” /1-р хх-99-100/,

Гэрч Ж.Пүрэвхүүгийн “...2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 08 цаг 40 минутад ажил дээрээ ирээд өрөөндөө ороход миний ширээний дээд талын цоожтой шургуулгыг эвдэлсэн, мөн доод талын шургуулгыг онгойлгож үзсэн байсан. Би эд зүйлээ үзэхэд алдагдсан зүйл байгаагүй. Хулан эмч 09 цаг өнгөрөөгөөд ирэхээр нь “миний ширээний шургуулгыг хуга татсан байна” гэхэд Хулан эмч өөрийнхөө шургуулгыг үзсэнээ дээд талын шургуулгандаа байсан цаасан хайрцагийг гаргаж үзээд “2.000.000 төгрөг байсан, байхгүй байна” гэсэн. Тэгээд камер шүүж үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдөр эрэгтэй хүн орж ирээд хулгай хийсэн байсан...” /1-р хх-101-102/,

Гэрч Ж.Отгондаваагийн “...би жижүүрийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах эмч нарын өрөөнд ороход Пүрэвхүү эмчийн ширээний шургуулгыг мулт татаад цоожийг нь эвдсэн байсан. Пүрэвхүү эмч амралтын өдрүүдээр ажилладаггүй болохоор Хулан эмчийг ирэхийг хүлээсэн. Хулан эмч 09 цаг өнгөрч байхад ирээд түүний ширээний шургуулгыг мөн эвдлэн дотор нь байсан 2.000.000 төгрөг алдагдсан талаар мэдсэн. Тухайн үед би камерын бичлэг үзээгүй, цагдаа ирээд нэг хүний зураг үзүүлсэн ба би тэр хүнийг таниагүй. Уг өдөр намайг эмчилгээний өрөөнд байхад хэн нэгэн түлхүүр аваагүй. Харин эмчилгээ хийхээр өрөөнөөс гарсан  хойгуур хүн авсан эсэхийг мэдэхгүй байна...” /1-р хх-103-104/,

Гэрч Ж.Чинболдын “...Пүрэвхүү эмч ширээний шүүгээ эвдэрсэн байна гэхээр нь манай эхнэр гайхаад ширээний нүдэнд 2.000.000 төгрөг байгаа гээд үзэхэд ...хулгайд алдагдсан байсан. Тэгэхээр нь өөрийнхөө ширээнд байсан түлхүүр багажаа үзэхэд алга болсон байсан. Тухайн үед миний шургуулга цоожгүй байсан...” /3-р хх-80-82/,

Я.*******ын яллагдагчаар өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 7-нд мөнгөгүй болчихоод эмнэлэг дээр мөнгө байдаг юм байна гэж бодоод ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкийн хойд талд байрлах “Шидэт зөгий” гэх эмнэлэг рүү орсон. ...хаалганы цоожийг хүчтэй дарахад онгойсон. Тэгэхээр нь дотогш ороод ширээний шүүгээнүүдийг татаж үзэхэд онгорхой байсан ба нэг ширээний шүүгээнд хавчаараар хавчсан 10.000 төгрөгийн дэвсгэртээр 1.000.000 төгрөг байсныг аваад гарсан...” /3-р хх-76-78/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хх-79-80, гэрэл зургийн үзүүлэлт 1-р хх-81-83, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-83/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн 410 тоот өрөөний хаалганы цоожийг отвёркаар хөшиж онгойлгон нэвтрэн орж,******* 2.000.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч******* “...2015 оны 8 дугаар сарын 4-ний орой 17 цагийн орчим туслах Нямсүрэн холбогдон өрөөнд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд ил харагдах мэдэгдэх зүйл алга, сэйф эвдэрсэн байна, сэйфэнд мөнгө байсан уу гэж асуусан. Миний сэйфний гадна хаалга эвдэрсэн байсан учир түгжээгүй, дотор талынх нь цоожтой байсан. Тэгтэл дотор талын хаалганы цоож эвдэрсэн байна гэсэн. Миний сэйфэн дотор тамга, бичиг баримт, 2.000.000 төгрөг байсан ба 2.000.000 төгрөг нь алга болсон байна гэсэн. Би гэртээ гал тогооны тавилганд суулгадаг хөргөгч хийлгэх гээд ажлын сэйфэндээ үлдээсэн байсан...” /2-р хх-221/,

Гэрч Х.Нямсүрэнгийн “...2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр өөрийн ажил болох СБД-ийн ЭМ-ийн төвийн 410 тоот өрөөнд байсан. 16 цагийн орчим слейсарь хайх гэж доошоо нэг давхар руу буугаад 30-40 орчим мунутын дараа өрөө рүүгээ ортол даргын өрөөний хаалга онгорхой байсан. Тэгээд орлогч дарга Сугарыг дуудаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /2-р хх-224/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-200-202/, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-203-207/ зэрэг нотлох баримтуудаар,

Я.*******ын яллагдагчаар өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр байшиндаа засвар хийх гэтэл мөнгө дутаад байхаар нь 100 айлын барилгын материалын дэлгүүрийн ойролцоо явж байгаад Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв рүү орсон. 4 давхарт гараад 410 тоот өрөөний гадна очиход хаалга нь далд цоожтой байхаар нь отвёркаар хөшиж онгойлгосон. Өрөөнд ороход саарал өнгийн сэйф байхаар нь хөшиж онгойлгоод дотор нь даавуунд боосон мөнгө байхаар нь аваад гарсан. Гараад харахад 2.000.000 төгрөг байсан...” /3-р хх-76-78/,

5. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миг даатгал” ХХК-ийн ажлын байрны тусгаарлагч холбоосыг эвдлэн нэвтрэн орж******* 630.000 төгрөг,******* ширээний шургуулганд байсан 420.000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч******* “...2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 08 цагт ажилдаа ирэхэд өрөөний ширээ, шкафны хаалга онгорхой, манай өрөөг тусгаарласан байсан шилэн хаалтны доод талын хөндлөн хоёр холбоосыг салгахад онгорхой байсан. Хамгаалагчид өрөөнд хулгай орсон талаар хэлэхэд “цагдаа дуудсан байгаа” гэж хэлсэн. ...цагдаа ирээд алдагдсан зүйл байна уу гэхээр нь эд зүйлээ шалгахад ширээний шургуулганд байсан 630.000 төгрөг алга болсон байсан. Мөн манай ажилтан Н.Оюунгэрэл тухайн үед ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд түүний ширээний шургуулганд юу байсныг мэдээгүй. Түүнийг дуудаж ажилд оруулаад алдагдсан зүйл байна уу гэхэд ширээний шургуулганд нь байсан хуримтлалын 420.000 төгрөг алга болсон байна гэсэн. Хулгай гарахын урд өдөр 17 цагийн орчим хажуугийн цоожтой өрөөнд юм түжигнүүлээд байхаар нь харуулд хэлээд өрөөг шалгахад хаалгаа онгойлгохгүй байсан ба түрээслэгч эд зүйлээ аваад явах гэж байгаа байх гэж бодоод гараад явсан. Манайх зориулалтын сейф байхгүй учраас бэлэн мөнгөө ширээнийхээ шургуулганд хадгалж байгаад үйлчлүүлэгч харилцагч нартаа бэлнээр өгдөг байсан...” /1-р хх-199/,

Гэрч******* “...би Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миг даатгал” ХХК-ийн 4 дүгээр салбарт даатгалын менежерээр ажилладаг. 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс ээлжийн амралтаа  аваад 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ажилдаа орсон. Ээлжийн амралтаа авахдаа ширээндээ үлдээсэн 420.000 төгрөг алга болсон байсан. ...ширээнийхээ дээд талын шургуулганд хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр завсар үлдээсэн байсан. Хуримтлалын тооцооны мөнгийг хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр завсар үлдээгээд явдаг талаар захирал Ариунтуяа мэдэж байгаа...” /1-р хх-201/,

Гэрч Д.Лхамсүрэнгийн “...2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ...жижүүрийн үүргээ гүйцэтгэж байхад 18 цагийн орчим түрээслэгч байгууллага болох “Миг” даатгалын ажилтан эмэгтэй 3 давхараас бууж ирээд “өрөөний гэрэл унтарчихлаа” гээд түүний хамт дээшээ гараад 404 тоот өрөөний хаалгыг тогшиход хаалгаа тайлж өгөхгүй байсан. Жижүүрийн байрандаа байж байтал 5 орчим минутын дараа 4 давхараас гадуураа цэнхэр өнгийн хувцастай залуу бууж ирэхээр нь хаанаас буугаад ирэв гэж асуухад “цахилгаан засварын хүн байна” гэж хэлээд гараад явсан. Удалгүй захирал ирээд өрөөнүүдийг шалгаж үзээд гадны хүн өрөөнүүдээр явсан байна гэж хэлсэн. Маргааш нь ажлаас буугаагүй байхад “Миг даатгал” ХХК-ийн ажилтан эмэгтэй ирээд манай өрөөнд хулгай орсон байна гэж хэлээд цагдаад хандсан юм. ...тэр хүн 30 орчим насны туранхай, шанаа нь нэлээд товгор залуу байсан...” /1-р хх-34/,

Я.*******ын сэжигтнээр өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим гэрээсээр гараад ...Саппорогийн тойргийн зүүн талд байрлах саарал шилэн 4 давхар барилга руу ороод эхлээд 3 давхарт нь гараад харахад онц юм байхгүй болохоор нь дээшээ 4 давхарт гарахад “Миг даатгал” гэсэн бичигтэй хаалга онгорхой байсан. Хараад зогсож байтал нэг эмэгтэй гарч ирээд хаалгаа түгжээд явахаар нь зөрж очоод түүний гарсан хаалгыг хүчтэй татахад онгойчихсон. Дотогшоо ороход бор өнгийн ширээнүүд байсан, шургуулгыг нь нээхэд дотор нь дугтуйтай мөнгө байсан. 2 шургуулганаас 3 дугтуйтай мөнгө аваад тоолж үзэхэд 500.000 орчим төгрөг байсан...” /1-р хх-208-209/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-170/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-174-176/ зэрэг нотлох баримтуудаар 5 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдын орон байранд нэвтэрч нийт 12.315.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой, хэргийг шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтын хүрэлцээ хангалттай, эдгээр нотлох баримтуудаар Я.******* нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан хүнд бус ял шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүхээс Я.*******т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн хэр хэмжээ, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон, мөрдөн байцаалтын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Я.******* “...хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг...”, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг “...2015 оны 7 дугаар сарын 2-ноос өмнөх үйлдсэн гэмт хэргүүдийг “Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгох, хорих ялыг тэнсэж, хянан харгалзах өгөхийг...” хүссэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Я.*******ын үйлдсэн гэм буруутай үйлдлүүдийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх үүрэгтэй заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Я.******* нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 392 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба түүний ялтай байдлыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн /цаашид “Өршөөл үзүүлэх тухай.” хууль гэх/ 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 10 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “...ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.” гэж заасан байх тул ялтан Я.*******, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ялтан Я.*******ын цагдан хоригдсон хоногийг тооцож үзэхэд 2015 оны 9 дүгээр сарын 9-нөөс 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл нийт 121 хоног цагдан хоригдсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн анхан шатны шүүх Я.*******ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан хэмээн зөв дүгнэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгтээ “...бага бус хэмжээний хохирол учруулсан...” гэм буруутайд тооцсон алдаа гаргасан байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “... 120 хоног ...” гэснийг “... 121 хоног ...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Я.*******, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                           Д.МӨНХТУУЛ

 

                                                                                    Н.БАТСАЙХАН