Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Сүхболдод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

ялтан Н.Сүхболдын өмгөөлөгч Ж.Яринпил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарангэрэлийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 542 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Сүхболдын өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201624000156 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жонгоор овогт Нарантуяагийн Сүхболд, 1992 оны 12 дугаар сарын 10-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэсэ” ХХК-ийн Хаан чипсний үйлдвэрт ажиллаж байсан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны карьер 378 тоотод оршин суух, Онц хилчин тэмдэгтэй, ял шийтгэлгүй, /РД:АН92121017/,

Н.Сүхболд нь 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 6 цаг 33 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Автоплаза төвийн хойд замд “Тоёота Приус” загварын 42-01 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Ломборинчинг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Сүхболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Сүхболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Н.Сүхболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаатай хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Сүхболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Н.Сүхболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж эдлүүлж, Н.Сүхболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Н.Сүхболдын эзэмшлийн “Тоёота Приус” загварын, 42-01 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар Н.Сүхболдоос 1.237.000 төгрөгийг гаргуулж Л.Нарангэрэлд олгож, 25.763.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Н.Сүхболдын В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 878068 дугаартай жолоочийн үнэмлэхийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Замын цагдаагийн газарт хүргүүлж, Н.Сүхболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

           

            Ялтан Н.Сүхболдын өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүний амь нас хохирсон зам тээврийн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг хуулийн хүрээнд, хуульд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож чадаагүй. Амь хохирогч А.Ломборинчинг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай асуудлыг огт анхааралгүй орхигдуулсан байна. Үүнд:

            1. Шинжээчийн 2087 тоот дүгнэлт: Шинжээчийн ирүүлсэн Ломборинчингийн гэх цусанд 1,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэж химийн шинжээч цагдаагийн дэслэгч А.Батбаяр дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй. 1,0 бүхэлээс 2,0 бүхэл хүртэл дунд зэргийн согтолт гэж тодорхойлсон байдаг.

            2. Хохирогч А.Ломборинчин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.” гэсэн болон мөн дүрмийн 3.9а-д заасан “Явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Хохирогчийн гэм буруугийн тухай асуудал нь дээрх байдлаар тогтоогдоод байхад Н.Сүхболдыг 100 хувь буруутгаж ялласан болон анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь холбогдох бүхий л хууль тогтоомжийг зөрчсөн юм. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч, явган зорчигч хоёр тэгш эрх эдлэн, мөн тодорхой нөхцөлд хэн аль нь давуу эрх эдлэхээр хууль, дүрмээр зохицуулалт хийсэн.

            3. Улаанбаатар хотын Цагдаагийн газар, шинжээчийн дүгнэлт: “60,5 км/цагийн хурдтай явсан байх үндэслэлтэй байна” гэж цагдаагийн ахмад Н.Шинэбаатар хурдыг тодорхойлсон. Гэтэл шинжээч “...үндэслэлтэй...” гэж дурдсан нь эргэлзээтэй дүгнэлт бөгөөд 0,5 км/цагаар хурдыг хэтрүүлсэн гэсэн ямар нотлох баримтыг “үндэслэлтэй” гэж хэлээд байгаа нь ойлгомжгүй илэрхийлэлт байна. Өөрөөр хэлбэл хурдыг 0,5 км/цагаар хэтрүүлсэн гэж яг яс оноон нотлоогүйг анхаарч үзнэ үү. Н.Сүхболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө 60 км/цагаас илүү хурдтай явсан байх гэснийг үндэс болгосон бололтой. Яагаад гэвэл хурдыг тодорхойлсон тооцоо, хавтаст хэрэгт байхгүй.

            4. Баянзүрх, техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/8538 тоот дүгнэлт: “...тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангаж байна...” гэж бүрэлдэхүүнтэй шинжээч нар дүгнэлт гаргасан. Н.Сүхболд нь техиникийн зөрчилгүй машин жолоодож явжээ.

            5. Хохирогч нар нь эмчилгээ болон оршуулгын зардлыг бүрэн тооцож холбогдох баримтын хамт нэхэмжлэл гаргасныг Н.Сүхболд хүнээс 10 хувийн хүүтэй зээл авч бүрэн төлж барагдуулсан. Харин шүүхийн шатанд хохирогч дахин тодорхой үндэслэл хэлж нийт 24.581.900 төгрөгийн нэхэмжлэлийг бичгээр гаргасан. Мөн шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн ажлын хөлсийг нэмж 27.000.000  төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас шүүх, Н.Сүхболдоос 1.237.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Нарангэрэлд олгож, 25.763.000 төгрөгийн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Н.Сүхболдоос 1.237.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Нарангэрэлд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтаар сэргээн хэлэлцсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд ялтан Н.Сүхболд нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар ял шийтгэл хүлээх хууль зүйн үндэслэл хангалттай тогтоогдохгүй байх тул холбогдуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талийгаач согтуу байсан, зам хөндлөн гарахдаа зөрчил гаргасан гэдгийг анхан шатны шүүх бодолцож ял халдаасан байдлаар ярьж байна. Үнэндээ ийм байдал харагдахгүй байна. Зам тээврийн осол бол болгоомжгүй хэрэг. Ер нь хувийн байдалтай, болсон бодит байдлыг үнэнээр нь хэлдэг жолоочийг нийгмээс тусгаарлаж, заавал хорих ял оногдуулах нь зүйтэй юу гэдэгт шүүх бүрэлдэхүүн бодолцож үзээсэй. Хорихоос өөр төрлийн ял оногдуулвал хохирогч нарын хохирлыг нэмж төлөх, арилгах боломжийг нээсэн байдлаар хууль хэрэглэвэл зүгээр байх. 60.5 км/цагийн хурд хэтрүүлсэн үндэслэлтэй гэдгийг ойлгож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарангэрэлийн өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай талаас гомдол гаргаагүй. Гомдол гаргаагүй учир нь шүүхээс Н.Сүхболдод ял халдаасан, буруутай гэж үзэж байгаа нь зөв гэж үзээд гомдол гаргаагүй. Гэхдээ хохирлын хувьд хохирогчийн ар гэр нь гомдолтой байгаа боловч эцгийнхээ нэрийг дуудуулаад хэрэггүй байх, уг нь бол гаргасан зардлаа авах хүсэлтэй байгаа боловч дээрх шалтгаанаас болоод гомдол гаргаагүй. Хохирлын хувьд анхан шатны шүүх буруу үнэлсэн асуудал бий. Энэ зам тээврийн хэрэг гэрэл гэгээтэй, халтиргаагүй зам дээр осол гарсан гэдэг нь тогтоогдсон. Зөвхөн автомашины жолооч хурд хэтрүүлэн жолоодож явсан учраас гэмт хэрэг гарах болсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв үнэлж ял халдаасан гэж үзэж байна. Өмгөөлөгч Ж.Яринпил “миний үйлчлүүлэгч хөдөөнөөс орж ирээд удаагүй, тийм учраас болсон явдлын талаар үнэн зөв ярьсан” гэж байна. Осол гаргасан жолооч хурд хэтрүүлж явсан гэдгээ анхнаасаа тууштай мэдүүлдэг. “Би 60 км/цагийн хурдтай явж байсан”, “талийгаачийг 30-40 метрийн цаанаас, нэг мэдүүлэгт 20-30 метрийн зайнаас харсан” гэдгээ хэлдэг. Гэсэн боловч зогсоох арга хэмжээ аваагүй тухай хэлдэг, мөн гэрчүүд мэдүүлдэг. Талийгаачийг автомашины баруун урд талд мөргүүлээд шидэгдсэн. Өөрөөр хэлбэл секунд өнгөрөхгүй хугацаанд хурдаа хассан бол явган зорчигч өнгөрөөд явах боломжтой байдал хавтаст хэргээс харагддаг. Тухайн өдөр өглөө эрт байсан. Автомашинаа 10 минут орчим халаасан, автомашины урд цонх цантай байсан гэдгээ Н.Сүхболд хэлсэн. Автомашин цантай байна гэдэг бол үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Магадгүй цантай байдлаасаа болж зогсоох арга хэмжээг авч чадаагүйг үгүйсгэхгүй. 60.5 км/цагийн хувьд шинжлэх ухааны үндэслэлгүй гэж яриад байна. Энэ талаар прокуророос тодорхой тайлбарласан. Ямар үндэслэлэээр 60.5 км/цаг гэж гаргасан томъёлол, тайлбар нь байгаа. 0.5 км/цагийн илүү хурдтай гэдэг нь хууль зөрчсөн үзүүлэлт. Хуулиндаа хот суурийн газар 60 км/цагаас дээш хурдтай явахыг хориглосон. Нэхэмжилсэн хохирлын хувьд 5.000.000 төгрөгийн асуудал нь оршуулгын ажлын багц юм. Багцад чулууны мөнгө, шарилын мөнгө, оршуулах газрын мөнгө, “Буян” ХХК-с гаргаж байгаа автомашины зардал зэрэг орно. Монголчуудын ёс заншлаар бусдыг будаалдаг, цайлдаг. Үүний дагуу гарсан зардлыг анхан шатны шүүхэд нэхэмжилсэн. Оршуулгын зардал, будаалганы зардал 4.259.600 төгрөг байсан. Үүн дээр өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нэмэгдүүлээд, гэм хорын хохирол гэж үзээд 6.259.600 төгрөгийн бодит хохирол байсан. 27.000.000 төгрөг бол талийгаачийн асрамжид байсан хүний 3 жилийн зардал гэж үзсэн. Н.Сүхболдын үйлдэл гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байгаа учраас ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

           

            Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан техникийн шинжээчийн дүгнэлтээр тухайн тоормосны хэмжээг яаж гаргасан талаар тодорхой дурдсан байдаг. Энэ шинжээчийн дүгнэлт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг, тухайн үед автомашин сууж байсан хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдсон. Шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн буруутай байсан үйлдлийг дүгнээгүй гэж өмгөөлөгч тайлбарлаж байгаа боловч тогтоолд дүгнээд бичсэн. Н.Сүхболдын буруутай үйлдэл байгаа, хохирогчийн буруутай үйлдэл мөн байгаа. Гэхдээ үйлдэл үр дагавар хоёрын шалтгаант холбоо нь тохирсон. Ийм учраас ял шийтгэлийн хувьд шүүхээс тохирсон ялыг өгсөн. Тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан 3 жил 1 сар гэсэн хамгийн доод хэмжээгээр өгсөн. Хохирлын хувьд өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн 5 сая гаруй төгрөгийг шийтгэх тогтоолд дурдаагүй боловч давж заалдах шатны шүүх дүгнэх боломжтой гэж үзэж байна. 1.237.000 төгрөгийг оршуулгын зардалтай холбоотой гэхээр тамга, тэмдэгтэй тодорхой үнэлж болох зардлуудыг үнэлээд шүүх гаргаж дүгнэсэн байх. Ийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 542 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

           

            Н.Сүхболд нь 2016 оны 3 дугаар сарын 3-ны өглөө 6 цаг 33 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Автоплаза” төвийн хойд замд “Тоёота Приус” загварын 42-01 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ...-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Ломборинчинг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарангэрэлийн “...Манай талийгаач аав Ломборинчин ...2016 оны 3 дугаар сарын 3-ны өглөө дүүргийнхээ нэгдсэн эмнэлгээс охин Нарантунгалагийг эмнэлэгт үзүүлэх дугаар авахаар 6 цаг өнгөрч байхад ганцаараа гарч явсан байсан. Тэгээд тэр өдрөө замын осолд орж гэмтлийн эмнэлгийн сэхээний тасагт эмчлэгдэж байгаад тэр шөнөө өнгөрсөн...” /хх-ийн 32/,

            гэрч А.Алимаагийн “...2016 оны 3 дугаар сарын 3-ны өглөө охин Цэвэгсүрэн бид 2 хөдөө нутаг руугаа буцах гээд Драгон руу дүү Сүхболд машинаараа хүргэж өгөхөөр бид нар 6 цаг өнгөрч байхад гэрээс нь гурвуулаа гарцгаасан. Машины арын суудал дээр би ганцаараа сууж, жолоочийн хажуу талын суудал дээр охин Цэвэгсүрэн сууж, машиныг дүү Сүхболд жолоодон ...явж байсан чинь гэнэт л түс тас гээд хүн мөргөчих шиг болсон. Би машиныхаа хойд талын суудлаасаа арын цонхоороо эргээд хартал нилээн хойно зам дээр хүн уначихсан байх шиг байсан. Би айснаасаа болоод машинаас бууж чадаагүй байж байтал удаагүй замын цагдаагийн машин ирэхэд нь би машинаасаа буусан. Өглөө 6 цаг өнгөрч байсан болохоор гэгээ сайн ороогүй бүрэнхий, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, хальтиргаа гулгаа байхгүй, замын хөдөлгөөн сийрэг байх шиг байсан...” /хх-ийн 38/,

            гэрч Б.Цэвэгсүрэнгийн “...Автоплазагийн хойд замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан чинь урд талд суудлын жижиг машин зогсчихсон байсан. Тэгээд 2 дугаар эгнээ рүү дөнгөж шилжээд нөгөө машиныхаа хажуугаар дөнгөж зөрөөд өнгөрч байхад гэнэт нэг хүн тулаад ороод ирэх шиг болсон. Тэгээд түс тас гээд явчихсан. ...Замын хөдөлгөөн сийрэг, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин гэгээ арай ороогүй, бүрэнхий байсан. Харин зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй байсан эсэхийг нь анзаарч хараагүй...” /хх-ийн 40/,

            гэрч М.Болдын “...нэг эрэгтэй явган зорчигч замаар алхаад явж байхад зүүнээсээ ирсэн машин их хурдтай ...Тоёота Приус загварын машин нь зогсохгүй, хурдаа хасалгүй зам хөндлөн гарч явсан хүнийг машиныхаа баруун урд хэсгээрээ маш хүчтэй мөргөсөн. Мөргүүлсэн хүн агаар дээр шидэгдэж баруун талын боржуур луу унасан...” /хх-ийн 44/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 468 дугаар дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост гавал тархи, цээж, аарцгын хавсарсан гэмтэл: их, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, зүүн зулайн хуйханд шарх, цус хуралт, баруун талын 4, 5, 6 дугаар хавирга, зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрүүгүй, шууд хугарал, гялтан хальсанд цус хуралт, баруун талын суудал, умдагны баруун дээд салааны далд, зөрөөтэй хугарал, баруун бөөрний өөхлөгт цус хуралт, баруун хацар, дух, хамрын нуруу, зүүн шилбэнд зулгаралт, баруун цавь, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба учрах үедээ амь насанд аюултай. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна...” /хх-ийн 48-52/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2087 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Ломборинчингийн гэх цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 77/,

            Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 16/8538 дугаар дүгнэлтэд: “...Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -20.2 мм/м. Урд тэнхлэгийн зүүн урд дугуйн тоормосны хүч 1.2кН, баруун дугуйн тоормосны хүч 1.3кН, тоормосны хүчний зөрүү нь 7.69%. Хойд тэнхлэгийн зүүн хойд дугуйн тоормосны хүч 0.9кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 1.0кН, тоормосны хүчний зөрүү 10% байна. Урд их гэрлийн зүүн талын гэрлийн тусгалын хүч 14400cd, баруун талын гэрлийн тусгалын хүч 10000cd байгаа зэрэг нь тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангаж байна...” /хх-ийн 84/,

            Улаанбаатар хотын Цагдаагийн газар Замын цагдаагийн газарын шинжээчийн 171 дүгээр дүгнэлтэд: “...60.5 км/цагийн хурдтай явсан байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 91/ гэх дүгнэлтүүд,

Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8/, Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15/, CD-ны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-55/, Талийгаач Ломборинчингийн өвчний түүх /хх-ийн 62-71/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Н.Сүхболдын гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтны өмгөөлөгч Ж.Яринпил “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх”-ийг хүсч давж заалдах гомдол гаргаж шүүх хуралдаанд үүнийгээ дэмжиж тайлбар хэлсэн боловч мөн “ялтны ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх”-ийг хүсч тайлбар гаргасан болно.

Өмгөөлөгчийн санал хүсэлтийн дагуу хянавал, Н.Сүхболдын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчдын материаллаг хохирлыг бүрэн барагдуулаагүй тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд ялтан Н.Сүхболдын өмгөөлөгч Ж.Яринпилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 542 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Сүхболдын өмгөөлөгч Ж.Яринпилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ                                                        ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ