Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 494

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Мядагмаад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Мөнхтуяа,

ялтан Д.Мядагмаа, түүний өмгөөлөгч Х.Санжидмаа,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Мядагмаагийн өмгөөлөгч Х.Санжидмаагийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201626020128 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Даваадоржийн Мядагмаа, 1979 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 1-15 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24-4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 20-408 тоотод түр оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 1288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар Д.Мядагмаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, мөн дахин бусдыг залилан мэхэлсэн 24 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хэрэгт шалгагдаж байхдаа Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 909 дүгээр тогтоолоор Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  гарсан  “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон, /РД:ЗП79101005/,

Д.Мядагмаа нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “Билэг” их дэлгүүрийн үүдэнд иргэн Э.Мөнхдоржоос “Самсунг” загварын гар утсыг нь 500.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн авсан,

2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 20-408 тоотод иргэн Г.Дөлгөөний гар утсыг 420.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад нийт 920.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Мядагмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Мядагмаа нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Мядагмааг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Мядагмаад оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Мядагмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Э.Мөнхдоржид 500.000 төгрөгийн, Г.Дөлгөөнд 420.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн, хохирогч нар гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Д.Мядагмаад 2 жил 6 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, Д.Мядагмаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Мядагмаагийн өмгөөлөгч Х.Санжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Д.Мядагмаа нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “Билэг” их дэлгүүрийн үүдэнд иргэн Э.Мөнхдоржоос “Самсунг Алфа” загварын гар утсыг 500.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн авсан, 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 20-408 тоотод иргэн Г.Дөлгөөний гар утсыг 420.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч 920.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Д.Мядагмаа нь Э.Мөнхдоржтой харилцан тохиролцож уг гар утсыг өөрийн охинд хэрэглүүлэхээр зээлээр худалдаж авсан, мөн мөнгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд энэ үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Мядагмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би буруугаа хүлээж гэмшиж байна. Олон нялх хүүхдүүдээ бодоод ялгүй үлдэх хүсэлттэй байна...” гэв.

 

Прокурор Д.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Мядагмаа энэ төрлийн гэмт хэргээр дагнасан. Ижил төрлийн аргаар үйлддэг. Ажил хийдэггүй, амьдралын эх үүсвэргүй, нөхөр нь ажил хийдэггүйгээс залилангийн гэмт хэрэг үйлддэг гэж үзэж байна. 2014 оны 12 дугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан. Дараа нь дахин фэйсбүүкээр гар утасны хар захын группт ороод утас хямдхан авна гэж хэлээд 24 хохирогчийг хуурч мэхлээд “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаад 2015 оны 11 дүгээр сард прокуророос хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Ер нь хуулиар хэрэглэх бүх хөнгөлөлтийг эдэлсэн. Сая хувийн байдлын хувьд жирэмсэн байж байгаад анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэгдсэн. Хавтаст хэрэгт Э.Мөнхдоржтой хэлцэл байгуулсан ямар ч баримт байхгүй. Мөн өмнөх үйлдлийнхээ аргаар дахин гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял бол тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                             ХЯНАВАЛ:

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 1 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

 

1. Д.Мядагмаа нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “Билэг” их дэлгүүрийн үүдэнд иргэн Э.Мөнхдоржоос “Самсунг” загварын гар утсыг нь 500.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Мөнхдоржийн: “...2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 09 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Билэг” их дэлгүүрийн гаднах зогсоол дээр урьд өдөр нь интернэтээр таарсан эгч Мядагмаатай цаг товлож уулзсан ба энэ эгч миний Samsung Alpha загварын гар утсыг удаахгүй мөнгийг нь өгнө, мобайлдана гэж хэлээд авсан ба тэр өдрөө өгөөгүй явсаар өдий хүрсэн. Утсаа 500.000 төгрөгөөр тооцож зарсан ба тэр өдрөө 20.000 төгрөг авсан ба үлдэгдэл 480.000 төгрөгөө одоо болтол авч чадахгүй байна...” /хх-ийн 27/ гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28, 39/ зэргээр,

2. 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 20-408 тоотод иргэн Г.Дөлгөөний гар утсыг 420.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Дөлгөөний: “...2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 11 цаг өнгөрч байхад өөрийнхөө I Phone 5S загварын Gold өнгөтэй гар утсаа 420.000 төгрөгөөр зарахаар Facebook-ийн гар утасны хар зах зарын группд зараа оруулсан. Орой 16 цаг өнгөрч байхад над руу 8818-4368 дугаарын утаснаас эмэгтэй хүн залгаад “эгч нь наад утсыг нь авъя, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 20 дугаар гудамж, 408 тоотод оршин суудаг юм, манай гэрт хүрээд ир” гэхээр нь утсаа аваад дээрх хаягаар очиход хашаан дотор Монгол гэртэй айл байсан. Дээрх гэрт ороход өөрийгөө Мядагмаа гэж танилцуулсан намхан бор эгч “манайд хөдөөнөөс хүмүүс ирсэн, “Вагнер Ази” ХХК-д ажилладаг манай хамаатны дүү сая хотод ирээд гар утас авах юм гэнэ, эгч нь дүүгээ ирэхээр мөнгийг нь мобайлдаад явуулчихья, санаа зоволтгүй” гэхээр нь итгээд утсаа 420.000 төгрөгөөр зарна гэж үнэ, ханшаа тохироод утсаа орхиод явсан. Орой Мядагмаа руу залгахад “манай дүү гадуур яваад хамаг мөнгөөрөө юм аваад дуусчхсан байна, гар утас нь залгахаар утсаа авахгүй байна, унтраагаад унтчихсан юм шиг байна” гэх зэргээр хэлж ярьсаар тэр өдрөө өгөөгүй. Маргааш нөгөөдрөөс ахин залгахад мөн л удаахгүй өгнө, тэгнэ, ингэнэ гэсээр байгаад өдий хүрлээ...” /хх-ийн 8/ гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, мөрдөн байцаалт болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 1288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан Д.Мядагмаад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байх ба мөн дахин 24 иргэнийг залилж мэхэлсэн гэмт хэрэг нь Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 909 дүгээр тогтоолоор Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж байжээ.

 

Ялтан Д.Мядагмаагийн давтан үйлдлээр иргэн Э.Мөнхдорж, Г.Дөлгөөн нарын гар утсыг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдсон, ялтан өмнө нь удаа дараа залилангийн гэмт хэрэг үйлдэж байсан зэргээс үзэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшдэггүй, хувийн байдлын хувьд засарч хүмүүжээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд ялтан Д.Мядагмаагийн өмгөөлөгч Х.Санжидмаагийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

 Анхан шатны шүүх Д.Мядагмаагийн үйлдсэн хэрэг, хувийн байдалд тохируулан хорих ял оногдуулсан боловч ялтан нь хэрэг шийдвэрлэх үед 8 сартай жирэмсэн байсныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нь хууль зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Мядагмаагийн өмгөөлөгч Х.Санжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ