| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00117/И |
| Дугаар | 103/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2025/00279
| 2025 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2025/00279 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: .... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, ..... дүүрэг ... дүгээр хороо, ......... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие ******* нь 1985 оны 6 дугаар сарын 16-нд Төв аймгийн Жанчивлин рашаан сувилалд ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа бие давхар болж 1987 оны 6 дугаар сарын 20-нд декритээ авч 1987 оны 07 дугаар сарын 17-нд төрсөн. Эргээд ажилдаа 1988 оны 4 дүгээр сарын 16-нд орсон. 1994 оны 4 дүгээр сарын 01-нд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Шүүлгэж үзэхэд холбогдох баримт олдохгүй байна. 1990 онд гэрт маань гал гарч бичиг баримтууд шатаж үгүй болоход хөдөлмөрийн дэвтэр мөн шатсан. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй. Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Жанчивлин рашаан сувилалд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч ******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Жанчивлин рашаан сувилалд үйлчлэгчээр ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1985-1988 онд ажиллаж байсан талаарх баримт байгаа. 1988-1994 онуудад ажиллаж байсан баримтууд дутуу. Би дутуу баримтаа авахаар ажиллаж байсан байгууллагатаа очсон боловч буруу өөр хүний баримт өгсөн байна. Эргэж дахин очих гэсэн боловч архивын ажилтан нь удаан хугацааны чөлөө авсан гээд гаргаж өгөхгүй байна. Иймд 1985-1988 онд ажиллаж байснаа тогтоолгоод, 1988-1994 онуудад ажиллаж байснаа дараа баримтаа бүрдүүлээд шүүхэд хандах хүсэлтэй байна гэв.
3.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Монголын үйлдвэрчний эвлэлийн СХ-ийн Жанчивлин рашаан сувилалын даргын 89, 60, 277, 34, 115 дугаартай дугаартай тушаалуудын хуулбар, гэрэл зураг, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Бадамханд, Д.Нарандолгор нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Л.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1. ******* нь 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч Л.******* хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал архивын болон холбогдох байгууллагаас бүрэн гарч ирээгүй болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******т үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ
4.******* нь 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Төв аймгийн Жанчивлин рашаан сувилалд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/.Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаартай тодорхойлолтод: Төв аймгийн Өвөржанчивлин рашаан сувилалын даргын 1988-1994 оны тушаалаас ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн болон холбогдох тушаал гараагүй тул иргэн *******т лавлагаа олгох боломжгүй байна. / хх-ийн 6 дугаар тал/
б./ Монголын Үйлдвэрчний эвлэлийн СХ-ийн Жанчивлин рашаан сувилалын даргын 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Батчимэгийг үйлчлэгчээр томилсон, 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай цэвэрлэгээний ажлыг давхар гүйцэтгэсний хөлс олгох тухай тушаалаар үйлчлэгч Батчимэгт хөлс олгосон, 1987 оны 77 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тушаалаар *******т 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хүүхэд асрах 6 сарын чөлөө олгосон байна. /хх-ийн 7-11 дүгээр тал/
в./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А маягтад: овог Ламгомбо, нэр Батчимэг, төрсөн газар Төв аймаг, Эрдэнэ сум, төрсөн он сар өдөр 1969.10.15, регистрийн дугаар НУ69101501, ажилладаг байгууллага Жанчивлин рашаан сувилал, үйлчлэгч, ажилд орсон 1985 он гэж бүртгэгджээ. /хх-ийн 18-19 дугаар тал/
г/.******* нь 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдөр амаржиж хүү Н.Нямбаярыг төрүүлсэн талаарх төрсний гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан. /хх-ийн 5 дугаар тал/
д/.Гэрч ******* шүүхэд өгсөн: Миний бие 1982 онд Өвөржанчивлинд үйлчлэгчээр анх ажилд орж байсан, дараа нь 1989 онд Хэрлэнбаян-Улаанд мал маллаж байгаад 1990 онд Багануур дүүрэгт ирсэн. ******* нь намайг Өвөржанчивлин сувилалд ажиллаж байхад манай гал тогоонд бэлтгэгчээр ажилд орж байсан, тэгээд 7 жил хамт ажилласан. Намайг 1989 онд Хэрлэнбаян-Улаан руу шилжихэд Өвөржанчивлинд ажиллаад үлдсэн. Энэ хэрэг дотор байгаа зураг дэээр манай сувилалын гал тогоонд ажиллаж байсан хүмүүс байна, урд эгнээний зүүн гар талаас эхний хүн ******* гээд ******* ээж байна, 3 дахь хүн *******, арын эгнээний баруун гар талаас 4 дэх хүн нь Батчимэг нар байна гэсэн мэдүүлэг./хх-ийн 31 дүгээр тал/
е/. Гэрч шүүхэд өгсөн: Миний бие Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн харъяа Жанчивлин рашаан сувилалд 1970 оны 08 дугаар сараас 1993 оны 9 сар хүртэл ахлах тогоочоор ажиллаж байсан. ******* Батчимэг нь Жанчивлан рашаан сувилалд 1985-1988 он хүртэл зөөгчөөр ажиллаж байгаад Жанчивлан рашаан сувилал дотроо мэргэжлийн зөөгч нар ирэнгүүт үйлчилгээний хэсэгт үйлчлэгчээр 1988-1993 он хүртэл ажиллаж байсан. Би 1993 онд ажлаас гарсан. Батчимэг үйлчлэгчээр ажиллаад үлдсэн. ******* ээж ******* нь бэлтгэгчээр надтай хамт ажиллаж байсан болохоор Батчимэгийг дээрх хугацаанд ажиллаж байсныг сайн мэдэж байна. Энэ зураг Жанчивлан рашаан сувилалд авахуулсан зураг байна. Зурагт эхний эгнээний зүүн гар талаас нэг дэх хүн нь ******* ээж *******, арын эгнээний баруун гар талаас 4 дэх хүн нь Батчимэг, зөөгч Бат-Эрдэнэ, ахлах тогооч Баасан, тогооч Рина, бэлтгэгч Баам, ахлах тогооч тасгийн дарга Нямсүрэн нарын авахуулсан зураг байна гэсэн мэдүүлэг./хх-ийн 30 дугаар тал/
5.Дээрх баримтууд болон ******* нь 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдөр амаржсан, байгууллагын даргын тушаалаар 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хүүхдийг 6 сартай болтол тэтгэмжтэй чөлөө олгосон, чөлөөний хугацаа 1988 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дууссан зэргийг үндэслэн хүсэлт гаргагч ******* ******* ******* Батчимэгийг 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Төв аймгийн Жанчивлин рашаан сувилалд үйлчлэгчээр ажиллаж байсаныг тогтоож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* ******* ******* ******* 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Төв аймгийн Жанчивлин рашаан сувилалд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ