Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 510

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       Б.Наранчимэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор М.Гэрэлбадрах,

          Шүүгдэгч Б.Наранчимэг,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Гэрэлбадрахын бичсэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2015 0107 0311 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цагаан дээлт овогт Баатарын Наранчимэг, 1977 оны 3 дугаар сарын 17-нд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектор мэргэжилтэй, “Зам зуур” зоогийн газрын эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 34 тоот хувийн байранд оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УГ77031708/,

 

Б.Наранчимэг нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны  өдрийг хүртэл Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зам зуур” зоогийн газрын хашаанд зохих зөвшөөрөлгүй, иргэдээс 151 ширхэг шуудай буюу 4.349 килограмм ховор ургамал болох хуш модны цайруулсан самрыг худалдан авч хадгалсан, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу тээвэрлэх зорилготой 28-34 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, байгаль орчинд их хэмжээний хохирол буюу 34.792.000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Наранчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  • дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эдгээр самрыг би ганцаараа худалдан аваагүй. Миний нөхөр Чойдоржийн найз Хуяг гэгчээр дамжуулан Батбаатар, Сүрэнхорлоо гэгч хоёр хүн Улаанбаатар хотоос ирж захиалга өгч, мөнгөө шилжүүлж самар цуглуулан авсан. Тэд манай “Зам зуур” буудалд байрлаж байсан ба тээвэрлэхээр ачсан үедээ цагдаад баригдахад энэ хоёр хүн газар дээр нь байсан. Тэд чи хэргийг хүлээ, бид хуулийн байгууллагад дээр нь аргална, эс болбол төлбөр төлөлцөнө гэж хэлэхээр нь би ганцаараа хэргийг хүлээсэн. Гэвч шүүхээр хэрэг шийдвэрлэхэд би ял шийтгүүлж, улмаар 50 гаруй сая төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэ үед Батбаатар, Сүрэнхорлоо нар утсаа авахгүй, холбоо барихгүй болсон тул одоо үнэн байдлаа мэдүүлж байна. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Батбаатараас миний нөхөр Чойдоржийн данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн баримтыг Хаан банкнаас хуулбарлуулж авсныг шүүхэд шинээр гаргаж өгч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг тайлбарлахдаа: Эд мөрийн баримт болох 4.349 кг самрыг худалдан авагч олдохгүй муудчих гээд яаралтайгаар борлуулахад Батбаатар, Сүрэнхорлоо гэдэг хоёр хүн худалдан авсан. Тэд ярихдаа бид Наранчимэгээс худалдан авсан чинь хураагдчихлаа гэж ярьж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Хүрэлтогоо мэдүүлэхдээ: “...Ноднин жил Наранчимэг шар царайтай, өндөр туранхай, мөн намхан нуруутай, махлаг, бараан царайтай хоёр хүнтэй ирээд хот руу самар ачиж өгөөч, энэ хоёр хүн самар авах юм, танд 450.000 төгрөг өгье гэсэн. Тэд миний машин дээр самараа өвстэй цуг ачсан. Дараа нь цагдаа ирэхэд тэр хоёр хүн тэнд байж л байсан. Шүүгдэгч Б.Наранчимэгийн шүүхэд шинээр ирүүлсэн Б.Чойдоржийн Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулгад: 2015 оны 9 дүгээр сарын 14-нд Батбаатараас 10 сая төгрөгийг шилжүүлсэн, Түвшинжаргал гэгчээс 2015 оны 8 дугаар сарын 27-нд 3.000.000 төгрөг, мөн өдөр 4.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 16-нд 3.600.000 төгрөгийг тус тус самрын урьдчилгаа гэж шилжүүлсэн баримт байна. Шүүх эдгээр нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрх мэдүүлгийг няцаах боломжгүй нь дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн тайлбар зэргээс харагдаж байна. Эдгээр нөхцөл байдлууд нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой байх тул шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах нь зүйтэй. Энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Б.Наранчимэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Гэрэлбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжид “шүүгдэгч Э.Гантулга шүүх хуралдаанд оролцсон” гэж шүүгдэгчийн овог, нэрийг буруу бичсэн бөгөөд тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Наранчимэгийн хэргийг хянан хэлэлцсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй. Мөн шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан “шүүхэд хэргийг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримт болох “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/, иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч Л.Хүрэлтогоогийн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Б.Чойдоржийн /хх-ийн 68-69/, бичиг баримтад үзлэг хийж хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 58-67/, гэрч Х.Оюунбилэгийн мэдүүлэг /хх-ийн 70-71/ зэрэг нотлох баримтуудаар Б.Наранчимэг нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны  өдрийг хүртэл Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зам зуур” зоогийн газрын хашаанд зохих зөвшөөрөлгүй, иргэдээс 151 ширхэг шуудай буюу 4.349 килограмм ховор ургамал болох хуш модны цайруулсан самрыг худалдан авсан, мөн хугацаанд хадгалсан тухай нотлох баримтуудыг үгүйсгэсэн байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “эдгээр самрыг би ганцаараа худалдан аваагүй, миний нөхөр Чойдоржийн найз Хуяг гэгчээр дамжуулан Батбаатар, Сүрэнхорлоо гэгч хоёр хүн Улаанбаатар хотоос ирж захиалга өгч, өөрийн дансанд орсон мөнгө зээлийн төлбөрт шилжүүлдэг тул нөхрийн дансаар мөнгөө шилжүүлж аван самар цуглуулсан” гэж мэдүүлсэн нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн нотлох баримтуудыг баталгаажуулсан. “...тухайн самрыг худалдаж аваад цааш нь арай өндөр үнээр зарж борлуулж ашиг олох санаатай байсан...” субъектив санаа зорилгыг шууд нотолж байхад шүүх нотлох баримтыг дүгнэхдээ хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтаас бодит байдалд нийцээгүй дүгнэлт өгсөн гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж бүрэн боломжтой. Хэдийгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, хэргээ илчлэхгүй, нотлохгүй байх эрхтэй. Нотлох баримтад дурдагдаж байгаа Сүрэнхорол, Батбаатар гэж хоёр хүнийг яриад байдаг. Хавтаст хэрэгт самрыг худалдаж авсан, тооцоог хийгээд, тэмдэглэлийн дэвтэрт бүртгэж аваад өөрийн байранд хадгалсан хүн нь Б.Наранчимэг. Мөн тээвэрлэхээр бэлдсэн үйлдэл байгаа нь улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж, хэргийн бүрдэл бүрэн хангагдсан гэж үзсэн. Анхан шатны шүүхээр энэ хэрэг 2 удаа хэлэлцэгдэхэд Сүрэнхорлоо, Батбаатар нарын тухай ерөөсөө яриагүй, энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлж цуглуулаагүй байж өмнөх давж заалдах шүүх хуралдаан дээр ярьсан нотлох баримт байхгүй, 61 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхэд буцсан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж байхад Б.Чойдоржийн дансны хуулга болон самар тээвэрлэхээр бэлтгэсэн Л.Хүрэлтогоо нарын мэдүүлгийг оруулж ирээд, Б.Чойдорж Батбаатар гэж яриад байгаа болохоос Б.Чойдорж, Батбаатар нарыг хэн ч хараагүй, танихгүй. Хавтаст хэрэгт авагдсан материал гэрчийн мэдүүлэг байхгүй. Иймд хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Багануур дүүрэгт болсон шүүх хуралдаанд бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн. Батбаатар, Сүрэнхорлоо нар нь “Мөнгөнморьт руу шилжүүл гэсэн самрыг өөрсдөө ирээд ачаад явсан” гэдгийг шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, Мөнгөнморьтын татварын байцаагч Ж.Эрдэнэцэцэг нь гэрчилсэн. Эдгээр хүмүүс нь прокурорынхонтой холбогдоод самар Мөнгөнморьт руу шилжүүлэх гэж байгаа гэсэн товыг мэдээд өөрсдөө хотоос автомашинтай ирээд ачсан. “Орон нутагт байгаа юм чинь чи хэргээ хүлээчих, дараа нь бид нар бүх зүйлийг нь аргална” гэхээр нь би итгээд хэргийг хүлээсэн чинь Батбаатар, Сүрэнхорлоо нар нь самраа аваад өөрсдөө ямар ч хохиролгүй болоод намайг хэргээ өөрөө даагаад явах байх гэсэн байдлаар хаяад явахаар нь хэргийн үнэнийг хэлэхгүй бол би өөрөө хохирох юм байна гэж бодоод хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв.

 

  •                                                      

 

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

 

  Шүүгдэгч Б.Наранчимэг нь энэ хэрэгт “Батбаатар, Сүрэнхорлоо” гэх этгээдүүд оролцсон талаар мэдүүлсэн ба түүний нөхөр Б.Чойдоржийн “Хаан” банкны дансанд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 45 минутад “Түвшинжаргалаас самрын  урьдчилгаа” гэж 3.000.000 төгрөг, мөн өдрийн 13 цаг 43 минутад “самрын төлбөр Түвшинжаргалаас” гэж 4.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 13 цаг 13 минутад “Батбаатараас” гэж 15.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 15-нд 14 цаг 30 минутанд Түвшинжаргалаас “самрын урьдчилгаа” гэж 3.600.000 төгрөг тус тус орлогоор орж ирсэн бөгөөд эдгээр мөнгийг Б.Чойдорж зарлагадсан болох нь /2-р хх-ийн 115/ “Хаан” банкны депозит дансны хуулгаас харагдаж байна.

 

Шүүгдэгч Б.Наранчимэг нь энэ гэмт хэрэгт хамтран оролцогч байгаа талаар тодорхой мэдүүлж эхэлсэн тул хэргийг нарийвчлан шалгасны эцэст эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

  • эргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурор М.Гэрэлбадрахын бичсэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Гэрэлбадрахын бичсэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хэргийг прокурорт очтол Б.Наранчимэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

  •