Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 76

 

 

С.Ганбатад холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул

Прокурор Л.Мөнхбаяр

Шүүгдэгч С.Ганбатын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Загдсүрэн нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж шийдвэрлэсэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр С.Ганбатад холбогдох эрүүгийн 201511000128 дугаар хэргийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1962 оны 12 сарын 29-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, эцгийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ  Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд мэс заслын эмч ажилтай байсан, Дорнод аймгийн Хэрлэн  сумын 9 дүгээр баг, 15-39 тоотод оршин суух, улсаас Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж байсан, урьд нь ял  шийтгэлгүй, бие эрүүл Шарууд овогт Сосорбарамын Ганбат  /РД: ЕП 62122913/

Шарууд овогт Сосорбарамын Ганбат нь 2014 оны 09 сарын 22-ны өдөр 09/11 дугаар бүхий "Нэхэмжлэлээс татгалзах тухай" гэсэн албан бичиг үйлдэж, Монгол Улсын Дээд шүүхэд нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс хуурамч нотлох баримт бүрдүүлсэн  гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр цагаатгах тогтоолоор: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар шүүгдэгч Шарууд овогт Сосорбарамын Ганбатад холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүний баримт бичгээр хураагдаж ирсэн ЕП 62122913 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг буцаан олгож,  Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн "Ардчилсан нам Дорнод аймаг УХ31791 гэсэн дардас бүхий хар өнгийн хуванцар гадаргуутай, ягаан өнгийн хуванцар иштэй, ишний дээд хэсэгт "тод тамга, аюутугай, биширтүгэй" гэсэн бичигтэй 1 ширхэг тамгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ганбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр эсэргүүцэлдээ: Яллагдагч С.Ганбат нь 2014 оны 09 сарын 22-ны өдөр 09/11 дугаар бүхий "Нэхэмжлэлээс татгалзах тухай" гэсэн албан бичиг үйлдэж Монгол Улсын Дээд шүүхэд нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх хэрэгт С.Ганбат нь хуурамч тамга ашиглаж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүдээр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн албан бичиг, 2013 оны 03 сарын 01-ний өдрийн данс нээлгэхээр явуулсан албан бичиг, 2014 оны 03 сарын 05-ны өдөр С.Ганбатад олгосон намын дарга гэсэн үнэмлэх дээр тус тус дарагдсан тамгууд нь ижил байна гэдэг нь тогтоогдсон болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж заасан болохоос иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд гэж заагаагүй тул иргэний болон захиргааны хэргийн шүүн таслах аль ч ажиллагаанд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн тохиолдолд хамаарахаар заасан заалт болно. Гэтэл шүүхээс захиргааны хэргийн шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн бол энэ зүйл ангид хамаарахгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Харин энэ зүйл ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд эрүүгийн хэргийн гэж зааж өгсөн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах болон яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаагаа тодорхойлох талаар заасан. Гэтэл дээрх цагаатгах тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

 Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан гэмт хэргийн объект нь шүүн таслах байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримтын улмаас хохирсон иргэн, байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхол, эрх, эрх чөлөө байхаар заасан байх бөгөөд С.Ганбат нь Улсын Дээд шүүхэд "Нэхэмжлэлээс татгалзах тухай" албан бичгийг явуулах үедээ Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны даргаар ажиллаж байгаагүй болон албан бичигт дарагдсан тамга хуурамч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, С.Ганбатын үйлдлийн улмаас хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль бусаар гарч, шүүн таслах хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор хохиролгүй тул С.Ганбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэгт нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн зөв тогтоосон, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                        ШҮҮГЧИД                                    О.БААТАРСҮХ

                                                                                   А.ЭНХБААТАР