Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Б.Хүрэлсүхэд холбогдох захиргааны

зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, гомдол гаргагч Л.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06  сарын 03-ны өдрийн 08 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргагч Л.Сүхбаатарын давж заалдах гомдлоор Б.Хүрэлсүхэд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй, Дорнод аймгийн Ардчилсан намын зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Буйрын 2-2 тоотод оршин суух Иөншөөбүү овогт Батсуурийн Хүрэлсүх /РД: ЖЯ 73012919/

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч гэх Б.Хүрэлсүх нь сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчилд холбогджээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 08 дугаар шүүгчийн захирамжаар: Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Б.Хүрэлсүхэд захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзан шийдвэрлэж, эд мөрийн баримт болох 1 ширхэг CD-г материалд хавсаргаж ирүүлжээ.

Гомдол гаргагч Л.Сүхбаатар давж заалдах гомдолдоо: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Хүрэлсүх нь 2016 оны 5 сарын 25-ны өдрийн 2130 цагт орон нутгийн PBS телевизээр “Би зүүн гурван аймгийг харъяалсан шинэ тутам байгуулагдсан тахарын албыг босгосон, өнгөрсөн жилүүдэд Монгол Ардын намын болон аймгийн хурлын төлөөлөгчид нь суудал сандлаа булаалцалдаж ард түмний эрх ашгийг ихэд хохироосон, тийм учраас би аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэрээ дэвшүүлж байгаа юм” гэсэн утгатай зүйл ярьсан юм.

Энэ нь бусдыг буруутган доош хийж, өөрийгөө ард түмний төлөө зүтгэх сайн хүн гэж хүмүүст ойлголт төрүүлэх чиглэлтэй сурталчилгааны нэг хэлбэр гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 70.5.2 дугаар зүйлд “Зөвшөөрсөнөөс бусад хугацаанд сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл юм. Мөн энэ заалтыг зөрчиж “Шинэ суваг” телевизээр 2016.05.30-ны өдрийн 2130-2200, 2016.05.31-ний өдрийн 1200-1230, 2000-2030, 2016.06.01-ний өдрийн 0930 цагуудад биеэ сурталчлан таниулсан. Энэ зорилгоор тусгайлан бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг олон удаа явуулсан. ... Ийнхүү сонгуулийн хууль зөрчин давуу байдал өөртөө бүрдүүлсэн явдалд нь зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргаж өгнө үү /Сонгуулийн хуулийн 70.14/  гэжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх зөрчлийн материалд авагдсан баримтуудыг үндэслэн зөрчилд холбогдогч Б.Хүрэлсүхийг “Сонгуулийн тухай хууль зөрчиж сурталчилгаа хийсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж, түүнд захиргааны шийтгэл ноогдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  Шүүх Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гомдол гаргагч Л.Сүхбаатарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Л.Сүхбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 08 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Л.Сүхбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар магадлал нь эцсийн шийдвэр тул гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                            Л.НАРАНБАЯР

                 ШҮҮГЧИД                               А.ЭНХБААТАР

                                                                      З.ЭНХЦЭЦЭГ