Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2016       06         10                                                78

 

Г.Лхагвасүрэнд холбогдох захиргааны

зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06  сарын 09-ний өдрийн 238 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч, хохирогч Г.Мөнхтогтохын давж заалдах гомдлоор Г.Лхагвасүрэнд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 7б-01 тоотод оршин суух, бие эрүүл, ЖЮ80021377 регистрийн дугаартай, Манхлаг овогт Гомбогүрийн Лхагвасүрэн.

Г.Лхагвасүрэн нь 2016 оны 06 сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 7б-01 тоотод гэртээ эгч Г.Мөнхтогтохоос архины  мөнгө нэхэж "…байхгүй…" гэхэд "…янхан авгай чамайг би унтаж байхад чинь хоолойг чинь хэрчиж ална за юу…" гэж доромжилж заналхийлэх, мөн гэр дотроо нус цэрээ хаяж бүдүүлэг авирлах зэргээр бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчилд холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 09-ний өдрийн 238 дугаар шийтгэврээр: Монгол  Улсын Захиргааны  хариуцлагын  тухай  хуулийн  21  дүгээр  зүйлд зааснаар Манхлаг овогт Гомбогүрийн Лхагвасүрэнд 14 /арван дөрөв/ хоногийн баривчлах шийтгэл ногдуулж, бичиг баримт, эд зүйл хураагдаж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Г.Мөнхтогтох давж заалдах гомдолдоо: Миний дүү Лхагвасүрэн нь олон жилийн турш байнга архи ууж агсан согтуу тавьж өндөр настай аавыгаа зовоож, бусадтай нийлэн дарамталж, хэл амаар доромжилж, өдөр болгон архины мөнгө нэхэж, өгөхгүй бол заналхийлж зодож, цохих гэж дайрч давшилдаг. Төрсөн эгч Мөнхтогтох миний биеийн байдал муу, хөгжлийн бэрхшээлтэй. Төрсөн дүү Лхагвасүрэндээ зодуулж хэвтэрт орохыг хүсэхгүй байна. Иймд 14 хоног баривчлах шийтгэл нь багадаж байгаа тул хоногийг нь үргэлжлүүлэн сунгаж өгнө үү гэжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Лхагвасүрэн нь 2016 оны 06 сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 7б-01 тоотод гэртээ эгч Г.Мөнхтогтохоос архины  мөнгө нэхэж "…байхгүй…" гэхэд "…янхан авгай чамайг би унтаж байхад чинь хоолойг чинь хэрчиж ална за юу…" гэж доромжилж заналхийлэх, мөн гэр дотроо нус цэрээ хаяж бүдүүлэг авирлах зэргээр бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан болох нь зөрчлийн материалд авагдсан зөрчил гаргагч болон хохирогчийн тайлбаруудаар нотлогдож тогтоогдсон талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Г.Лхагвасүрэнд 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн хэр хэмжээнд нь тохирсон байх тул түүнд оногдуулсан захиргааны шийтгэлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 09-ний өдрийн 238 дугаар шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.  

2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                            Л.НАРАНБАЯР

          ШҮҮГЧИД                                А.ЭНХБААТАР

                                                                З.ЭНХЦЭЦЭГ