Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 80

 

Г.Арсланбаатар, Э.Эрдэнэчулуун, Б.Мөнх-Оргил нарт

холбогдох захиргааны зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, гомдол гаргагч О.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06  сарын 22-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргагч О.Мөнх-Одын давж заалдах гомдлоор Г.Арсланбаатар, Э.Эрдэнэчулуун, Б.Мөнх-Оргил нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч иргэн О.Мөнх-Од Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо: "...Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг дарга Г.Арсланбаатар гэх этгээд МАН-аас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч н.Эрдэнэчулуун, н.Мөнх-Оргил нартай үгсэн тохиролцож, зохиомлоор тус багт 2016 оны 04 сарын дундуур 94 сонгогчдыг шилжүүлэн авчирсан байж болзошгүй асуудал үүсээд байгаа юм. ...Багийн засаг даргатай хуйвалдан нэг дор бөөнөөр нь шилжүүлсэн байх магадлалтай ба тэрхүү шилжин ирэгсэд нь бүгд манай багт амьдрах зорилгоор бус зөвхөн сонгууль өгөх гэж цаашлаад сонгуульд Эрдэнэчулуунаа ялуулах гэж шилжүүлсэн гэж миний бие хардаж байгаа. Энэ нь нэгдүгээрт тус өргөдөлд хавсаргасан CD бичлэг дээрх ярианаас, мөн тэдгээр хүмүүс нь тус багийн "Мөнхөт"  хороололд шилжин ирсэн гэх боловч ямар тоот хаяг, хашааны дугааргүй, бодит байдал дээр 74-лээ очоод амьдарсан зүйл байхгүй байгаагаар нотлогдоно. Ингээд зогсохгүй 18 хүнийг мөн ийм маягаар "МАК"-ийн инженер Мөнх-Оргилын захиалгаар шилжүүлэг хийсэн байдаг. Энэ бол Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн маш ноцтой үйлдэл...Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар сонгогч өөрийнхөө байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт саналаа өгөх талаар заасан байхад хууль зөрчсөн хууль бус ажиллагааг гардан хийж байгаад харамсаж байна. Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлөх, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн байх магадлалтай тул зөрчлийг шалгуулан зохих арга хэмжээг авахуулах хүсэлтэй байна. МАН-аас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа Эрдэнэчулуун, Мөнх-Оргил нарын нэр дэвших эрхийг хурааж өгнө үү” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн засаг дарга Г.Арсланбаатар, Дорнод аймгийн ИТХ-д нэр дэвшигч Э.Эрдэнэчулуун, Б.Мөнх-Оргил нарт захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж, эд мөрийн баримт болох 1 ширхэг CD-г материалд хавсаргаж ирүүлжээ.

Гомдол гаргагч О.Мөнх-Од давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шүүгч нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Э.Эрдэнэчулуун, Б.Мөнх-Оргил, Г.Арсланбаатар нарт захиргааны шийтгэл ноогдуулахаас татгалзсан байх ба тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх талаарх ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байж зөрчлийг шууд хянан шийдвэрлэсэн байна. Учир нь тус шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт дурдахдаа: “…Тухайлбал, Утасны ярианы бичлэгт 2016.04.29-ний өдрөөс 2016 05.09-ны өдрийн яриа 89180809, 99005142 дугаарын утаснуудаас бичигдсэн гэх боловч энэ дугаарууд зөрчилд холбогдогч нарын эзэмшлийнх мөн эсэх нь тогтоогдоогүй” гэсэн байх ба эдгээр утасны эзэмшлийг тогтоох ажиллагааг цагдаагийн газрын эрх бүхий зөрчлийг шалгасан байцаагч хийх ёстой бөгөөд миний үүрэг биш болно. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага ажлаа гүйцэд хийгээгүй байхад шүүгч зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Цаашлаад тус захирамжийн үндэслэх хэсэгт аймаг, сум, багаас 2016 онд шилжин ирсэн иргэдийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийсэн сар өдөр, цаг хугацаа тодорхойгүй гэж дурдсан атлаа үүнийг нөхөн гүйцээх даалгавар ч өгөлгүйгээр шийдсэн нь шүүгчийг нэг талд давуу хандаж байна гэж хардахад хүргэж байна. Угтаа бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасныг зөрчсөн.

Миний гаргаж өгсөн сиди бичлэг дээр зөрчил гаргагч Арсланбаатарын бүр Сүхжин, МАК гэх мэт хуулийн этгээдүүдийн нэрийг дурьдаад тэдгээр хүмүүсийг шилжин ирэгсэд хэмээн улаан цайм ярьж байхад одоо тэгээд хуйвалдсан гэхгүй юу гэх вэ. Хуулийн ийм нэршил байдаг гэж үү дээ. Сонгогчид иргэд хуулийн этгээдүүдийн эзэмшилд байдаг болчихсон юм уу. Түүнчлэн манай 5 багт 2016.03.17- 2016.04.30-ны өдрийг хүртэл нийт 184 том хүн, хүүхэд шилжин ирсэн байх ба үүнийг нь Арсланбаатар тайлбарлахдаа газар өмчилж авах гэж 60 айл ирсэн гэж хэлдэг ч 2016 онд хуучин амьдарч байсан айлуудын газар эзэмших хүсэлтийг авсан болохоос шинээр ирсэн айлуудыг огт аваагүй байдаг. Мөн цагдаагийн газрын мөрдөн байцаагч тэдгээр шилжин ирэгсэд бодит бус хаяган дээр шилжиж ирсэн эсэх хамгийн гол асуудлыг тодруулаагүй. Нэгэнт эдгээр асуудлыг тодруулах шаардлагатай байх тул Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 12 дугаар Захиргааны шийтгэл ноогдуулахаас татгалзах тухай захирамжийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар Цагдаагийн байгууллагад буцааж өгнө үү гэжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх зөрчлийн материалд авагдсан баримтуудыг үндэслэн зөрчилд холбогдогч Г.Арсланбаатар, Э.Эрдэнэчулуун, Б.Мөнх-оргил нарыг Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй гэж дүгнэж, тэдэнд захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гомдол гаргагч О.Мөнх-Одын давж заалдах гомдлоор шүүгчийн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд О.Мөнх-Одын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч О.Мөнх-Одын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.  

 

 

2.Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар магадлал нь эцсийн шийдвэр тул гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                      

 

                             ДАРГАЛАГЧ                            Л.НАРАНБАЯР

                 ШҮҮГЧИД                               А.ЭНХБААТАР

                                                                      З.ЭНХЦЭЦЭГ