Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

Ц.Байгалмаад холбогдох захиргааны зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, гомдол гаргагч Л.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06  сарын 30-ны өдрийн 275 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч, гомдол гаргагч Л.Сүхбаатар, зөрчилд холбогдогч Ц.Байгалмаа нарын давж заалдах гомдлоор Ц.Байгалмаад холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 2-р баг, 42-05 тоотод оршин суух, бие эрүүл, Боржигон овогт Цэрэнгийн Байгалмаа. /РД ЖЮ70042203/

Гомдол гаргагч Л.Сүхбаатар нь Цагдаагийн газар гаргасан гомдолдоо: "Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд намын далбааг зөвхөн ухуулах байр, нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл дээр тус тус байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглосон. Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшиж буй Б.Хүрэлсүх, Мөнхжаргал нарын 15 дугаар тойрогт хамаарах "Ягаан 24" буюу 2 дугаар багийн 42-р байрны дээр Ардчилсан намын туг байрлуулж хууль зөрчжээ. Энэхүү асуудлыг шалган хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэж, 

Цагдаагийн газарт өгсөн тайлбартаа: "Би Хэрлэн сумын 2 дугаар багаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бие даан нэр дэвшиж байгаа юм. Хэрлэн сумын 2 дугаар багийн 42 дугаар байрны дээр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш буюу 6 сарын 15-наас хойш Ардчилсан намын далбаа мандуулчихсан байсан. Тухайн үед нь хууль зөрчөөд туг далбаа мандуулсан юм биш үү гэж тэр хавьд ажиллаж байгаа МАН-ын ухуулах байрны хүмүүст хэлж байсан. Тэгээд ч  тэр хавьд ухуулах, сурталчилгааны байр байгуулах гэж байгаа юм болов уу гээд цагдаад хандаагүй. Тэгтэл тэнд ямар ч ухуулага сурталчилгааны байр байгуулаагүй болохоор нь сонгуулийн тухай хууль зөрчиж байна гэж үзэн цагдаад мэдээлэл гаргасан юм. …Ардчилсан намын далбаа гэдэг бол худалдаанд зарагддаг эд биш тухайн төв байгууллагаас нь салбар байгууллагууддаа өгдөг зүйл, тийм учраас Дорнод аймгийн Ардчилсан намаас нэр дэвшигчийн штаб хариуцлага хүлээх ёстой" гэжээ.

Зөрчил гаргагч Ц.Байгалмаа Цагдаагийн газарт өгсөн тайлбартаа: "Би Ардчилсан намын гишүүн хүн, олон жил болж байна. Жил бүрийн сонгуулиар тугаа гаргаж мандуулдаг. Энэ жил манай байрныхан намайг тугаа гаргаж мандуулаач гээд байхаар нь би урьд нь тавиад байдаг байсан болохоор энэ жил нэг тугаа байрныхаа дээр мандуулсан юм. Үүний өмнөх сонгуулиар бүр гурван туг мандуулж байсан юм. …энэ туг надад өөрт байдаг туг түрүү сонгуулиар би өөрөө хийсэн юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлдгийн маргааш буюу 2016 оны 06 сарын 12-ны өдөр тавьсан юм…" гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 275 дугаар шийтгэврээр: Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар иргэн Боржигон овогт Цэрэнгийн Байгалмааг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1152000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, торгуулийг нэн даруй биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж, энэ зөрчилд хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Л.Сүхбаатар давж заалдах гомдолдоо: Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн 42-05 тоотод оршин суух Ц.Байгалмаа нь Сонгуулийн тухай хуулийн  79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсгийг зөрчсөн хэрэгт холбогджээ. Ц.Байгалмаа нь олон хүүхэдтэй, тогтмол ажилгүй, орлогогүй нэн ядуу иргэдэд олгодог хүнсний талонд хамрагддаг амьдралын нөхцөл хүнд хүн юм байна. Ц.Байгалмаагийн үйлдэл нь нийгэм улс, байгууллага, иргэнд ямар нэг хохирол учруулаагүй, мөн сонгуулийн ажиллагаа албан ёсоор дууссан, амьдралын нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзэж шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож өгөхийг хүсье. Миний бие анх Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо татгалзаж, өргөдлөө буцаан авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийн зарчмыг баримтлан Ц.Байгалмааг торгууль төлбөрөөс чөлөөлж өгөхийг гүнээ хүсье гэжээ.

Зөрчилд холбогдогч Ц.Байгалмаа давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 275 дугаар шийтгэврийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-д заасан үндэслэлээр намайг 1152000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Намын далбааг Сонгуулийн тухай хуулийн 79.2-т заасан газар байрлуулж болохгүй гэдгийг Аймгийн сонгуулийн хороо болон бусад сурталчлан таниулах эрх бүхий хүмүүс надад ойлгуулж тайлбарлаагүй болно. Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” үндсэн эрхийг зөрчих эрхгүй гэж үзэж байна.

  Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр  зүйлийн 1-д “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … баталгааг бүрдүүлэх, … хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг аймгийн Сонгуулийн хороо болон төрийн холбогдох байгууллага биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь Сонгуулийн тухай хуулинд аливаа намын далбааг байрныхаа дээвэр дээр мандуулж болохгүй гэдгийг надад ойлгуулж уг гарсан зөрчлийг засаж залруулж болох зөрчил байсан гэж үзэж байна.

Миний бие өрх толгойлсон эмэгтэй, төлбөрийн чадваргүй ба гомдол гаргагчаас гомдолгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье. Иймд гомдол гаргагчийн гомдолгүй гэсэн нөхцөл, ар гэрийн гачигдал зэргийг харгалзан улмаар Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн шүүхийн шийтгэврийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх зөрчлийн материалд авагдсан баримтуудыг үндэслэн зөрчилд холбогдогч Ц.Байгалмааг Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэж, түүнд захиргааны шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гомдол гаргагч Л.Сүхбаатарын “... гаргасан гомдлоосоо татгалзаж, өргөдлөө буцаан авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье ...“, мөн зөрчилд холбогдогч Ц.Байгалмаагийн “...миний бие өрх тойлгойлсон эмэгтэй, төлбөрийн чадваргүй ба гомдол гаргагчаас гомдолгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье...“ гэсэн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэврийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд  гомдол гаргагч Л.Сүхбаатар, зөрчилд холбогдогч Ц.Байгалмаа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч Л.Сүхбаатар, зөрчилд холбогдогч Ц.Байгалмаа нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,  Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 275 дугаар шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.

2. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар магадлал нь эцсийн шийдвэр тул гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                      

 

                             ДАРГАЛАГЧ                            Л.НАРАНБАЯР

                 ШҮҮГЧИД                               А.ЭНХБААТАР

                                                                      З.ЭНХЦЭЦЭГ