Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

Ц.Ариунболдод холбогдох захиргааны зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, зөрчилд холбогдогч Ц.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06  сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч,  зөрчилд холбогдогч Ц.Ариунболдын давж заалдах гомдлоор Ц.Ариунболдод холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Чойбалсан сумын 1-р багт  оршин суух, бие эрүүл, Их тугчин овогт Цэрэндоржийн Ариунболд. /РД: УС75030216/

Гомдол гаргагч Б.Ганбат нь Цагдаагийн газар гаргасан гомдолдоо: "УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Болорчулуун, орон нутгийн сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Баярцогт, 4-р тойрогт нэр дэвшигч Д.Базаргүр нарын Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай баг, Булган сумын Өндөр хошуут багийн нутаг дэвсгэрт байрлах сонгуулийн сурталчилгааны байрны явуулж буй сурталчилгааны үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас өөр арга хэлбэртэй буюу сонгогчдын сэтгэл зүй ухамсарт нөлөөлөх, цаашлаад санал татах зорилгоор өсгөгч хөгжим ашиглан олон төрлийн дууг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулах байдлаар сонгогчдод чиглэсэн хууль бус сурталчилгааны арга хэлбэр бүхий үйл ажиллагаа явуулж байна. ...мөн хуулийн 81 дүгээр зүйлд ухуулах байр ажиллуулах хэлбэрийг тусгайлан зааж өгсөн байна" гэж,

Цагдаагийн газарт өгсөн тайлбартаа: "Мөн Чойбалсан сумын Хулстай баг болон Булган сумын Өндөр хошуу багт дээрх хүмүүсийн зурагт самбарыг хуульд зааснаас өөр барилга байгууламж дээр байрлуулсан байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Иймд уг асуудлыг хуульд заасны дагуу хянан шалгаж гэм буруутай этгээдийг тогтоон, хариуцлага тооцож өгнө үү" гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэврээр: Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.9, 68.9.2-т зааснаар Их тугчин овогт Цэрэндоржийн Ариунболдыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1152000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, торгуулийг нэн даруй биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж, энэ зөрчилд хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Зөрчилд холбогдогч Ц.Ариунболд давж заалдах гомдолдоо: Улсын Их хурлын сонгуулийн 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулууны сонгуулийн сурталчилгааны Чойбалсан сумын шадар туслах Ц.Ариунболд намайг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэврээр Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д заасан зөрчил гаргасанд тооцож, тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.9, 68.9.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Үндэслэл:

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэврийнхээ үндэслэх хэсэгт нэр дэвшигч Х.Болорчулуун, Ц.Баярцогт нарын зурагт самбарыг Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багт байршилтай "Аз маркет" дэлгүүрийн байрны дээр байрлуулсан үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д заасан "Сонгуулийн штаб, ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга, байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулахгүй" гэснийг Ц.Ариунболд намайг зөрчсөнд тооцсон байтлаа Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийг зөрчсөн мэтээр 68.9, 68.9.2-т заасныг үндэслэн торгууль ногдуулсан.  Өөрөөр хэлбэл 78 дугаар зүйлийн 78.5-д заасан зөрчилд Сонгуулийн тухай хуулиар хариуцлагын асуудлыг зохицуулж зааж өгөөгүй. Гэтэл хууль хэрэглэхэд эргэлзээ төрж байхад Ц.Ариунболд миний эрх зүйн байдлыг дордуулж шийтгэврийнхээ үндэслэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон хуулийн үндэслэлээрээ биш, өөр зүйл ангиар буюу 68 дугаар зүйлд заасныг зөрчсөн мэтээр хариуцлага тооцож хуулийг илтэд буруу хэрэглэсэн. Иймд хууль буруу хэрэглэж торгуулийн шийтгэл ногдуулсан Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү. Мөн миний бие дээрх сурталчилгааны самбарыг зөвшөөрөл авч байрлуулаагүй бөгөөд “Аз маркет” дэлгүүрийн ажилтан Ц.Цогтбаяр асуулгүй байрлуулсан байсныг буулгаж байршлыг нь зөвтгөн өөрчилсөн. Дээрх гэм буруугийн асуудалд миний бие огт хамаагүй болно гэжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Б.Ганбат нь Улсын Их хурлын сонгуулийн 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Болорчулуун, орон нутгийн сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Баярцогт, 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Базаргүр нарын Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай баг, Булган сумын Өндөр хошуут багийн нутаг дэвсгэрт байрлах сонгуулийн сурталчилгааны байрны явуулж буй сурталчилгааны үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуульд зааснаас өөр арга хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт “Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна“ гэж тус тус арга хэлбэрийг заасан бөгөөд  мөн хуулийн 81 дүгээр зүйлд ухуулах байр ажиллуулах арга хэлбэрийг тусгайлан зааж өгсөн байна. Гэтэл эдгээр нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ухуулах байр нь дээр дурдсан хуульд заасан арга, хэлбэрийг зөрчиж, сонгогчдод чиглэсэн өөр арга хэлбэр бүхий сонгуулийн сурталчилгаа явуулж ... байгаа үйлдлийг хууль тогтоомжид заасны дагуу шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцож өгнө үү гэсэн гомдлыг Цагдаагийн газарт гаргажээ.

            Анхан шатны шүүх Цагдаагийн газраас  шалгаж ирүүлсэн материалыг хянаж үзээд “нэр дэвшигч Х.Болорчулуун, Ц.Баярцогт нарын зурагт самбарыг Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багт байрлах Аз маркет дэлгүүрийн байрны дээр байрлуулсан нь фото зураг, хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, сонгуулийн штабын шадар туслагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна“ гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

            Дээрх зөрчил нь Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 68.3.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад шүүх зөвхөн Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ талаар зөрчилд холбогдогч Ц.Ариунболдын гаргасан гомдол үндэслэлтэй байна. Шүүх Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.9, 68.9.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зөрчилд холбогдогч Ц.Ариунболдод торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөн зөрчилд холбогдогч Ц.Ариунболд нь дээрх нэр дэвшигч нарын зурагт самбарыг “би Аз маркет дэлгүүрийн байрны дээр байрлуулаагүй, нэр дэвшигчийн дүү нь байрлуулсан байна“ гэж давж заалдах гомдолд дурдсан боловч зөрчлийн материалд авагдсан баримтуудаар Ц.Ариунболдын гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна.

            Зөрчилд холбогдогч Ц.Ариунболдын давж заалдах гомдлоор шүүхийн шийтгэврийг  өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчилд холбогдогч Ц.Ариунболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.  

2. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар магадлал нь эцсийн шийдвэр тул гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                                    

                             ДАРГАЛАГЧ                            Л.НАРАНБАЯР

                 ШҮҮГЧИД                               А.ЭНХБААТАР

                                                                      З.ЭНХЦЭЦЭГ