Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

 

  М.Энхтүвшинд холбогдох захиргааны

зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, зөрчилд холбогдогч М.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07  сарын 07-ны өдрийн 290 дүгээр шийтгэврийг эс зөвшөөрч, зөрчилд холбогдогч М.Энхтүвшингийн давж заалдах гомдлоор М.Энхтүвшинд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэрлэн сумын 6-р баг Буйрын 2-2 тоотод оршин суугч Б.Хүрэлсүх Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо: Хэрлэн сумын 6-р баг Ивээлийн 18-04 тоотод оршин суух Шарайд овогт Маньбазарын Энхтүвшин нь өөрийн фээсбүүк хаягтаа Тахарын албаны дарга асан Б.Хүрэлсүх нь хуучин Хайлюкс маркийн машиныг Дорнод Голомт банкинд өндөр үнээр шахаж их хэмжээний мөнгө унагасан.

Мөн Голомт банкинд өгсөн машиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн өгсөн гэмт хэрэг үйлдсэн мэтээр удаа дараалан цахим ертөнцөд миний болон эхнэр Л.Нарангэрэлийн нэр төр, алдар хүндийг гутаах доромжлох үйлдлүүдийг хийж байна. Иймд М.Энхтүвшингийн бусдыг зориуд гүтгэн доромжилж буй асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Дээрх үйлдэл нь Сонгуулийн сурталчилгааны үед бусдын нэр хүнд рүү зориуд халдан доромжилж унагах санаатай үйлдэл юм гэжээ.

Мөн 2016 оны 06 сарын 26-ны өдөр "Халиунаа Батдорж" "Дорнодчуудын нэгдэл" гэсэн фээсбүүк хаягт М.Энхтүвшингийн бусадтай чаталсан мэдээлэл тавигджээ. Энэ мэдээлэлд бие даан нэр дэвшигч С.Цэнгэлжаргал нь Л.Нарангэрэл, Б.Хүрэлсүх миний биеийг гутаан доромжлох, гүтгэх захиалга өгч дээрх үйлдэлд хамтран оролцсон нь илэрхий болжээ. М.Энхтүвшин нь С.Цэнгэлжаргал, Л.Сүхбаатар нарыг сонгуульд гарчихаасай гээд Б.Хүрэлсүх, Л.Нарангэрэл нарыг унагах гэж хэрэгт орохын наахнуур улайраад зүтгээд байна хэмээн Миеэ овогтой Ванданхүүтэй фээсбүүкээр чаталсан байна. Дээрх үйлдлийг харахад аймгийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч С.Цэнгэлжаргал, Л.Сүхбаатар нар нь биднийг доромжлох, гүтгэх, хуурамч мэдээ, мэдээлэл тараахад захиалан оролцсон байх үндэслэл, магадлалтай байх тул энэхүү асуудлыг шалгаж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13, 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлнэ үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 290 дүгээр шийтгэврээр: Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т зааснаар Маньбазарын  Энхтүвшинд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1152000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, торгуулийг нэн даруй биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж, энэ зөрчилд хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Зөрчилд холбогдогч М.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: Б.Хүрэлсүх цагдаагийн газарт намайг “Хуучин Хай люкс машиныг Голомт банкинд өндөр үнээр шахаж мөнгө унагаасан гэж гүтгэн доромжилсон” мэтээр гомдол гаргасан. Миний хувьд Хүрэлсүхийг гүтгэн доромжлох санаа агуулаагүй. Хүрэлсүх өөрийнхөө унаж байсан цэнхэр өнгийн Хайлюкс машинаа надаар заруулаад надад өгнө гэж байсан энэ саарал хайлюкс машины кузовыг ямар журмаар яаж хэний нэр дээр ямар шүүхийн шийдвэр гаргуулж шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж мөнгө завшсан бол гэж хардаад Голомт банкны удирдлага болон цагдаа хуулийн байгууллагаас анхааралдаа авч шалгаж үнэн мөнийг тогтоогоосой гэж хүсээд өөрийн фэйсбүүк хаяган дээрээ тавьсан. Өмнө нь намайг саарал өнгийн машиныхаа кузовыг авъя гэж Хүрэлсүхэд хэлсэн чинь Хүрэлсүх надад өгнө гэж байсан уг машины кузовыг наадах кузов чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдлийнх болсон гэж хэлээд надад өгөлгүй намайг хохироосон. Гэсэн ч би дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Энхболдтой уулзаж уг машины кузовыг 300000 төгрөгөөр худалдаж авсан. Ийм дээд боловсролтой залуу улсууд байж ийм өөрөөсөө өчнөөн ахмад хүнийг ингэж хууран мэхэлж хохироосон явдалд нь гомдсон ч би хуулийн байгууллагаар гомдол гаргаж яваагүй. Би Хүрэлсүхийг болон түүний эхнэр Дорнод аймгийн Голомт банкны захирал Нарангэрэл хоёр нь Голомт банкийг хохироочихсон байж магадгүй гэж хардах сэтгэл төрөөд зохих байгууллага нь анхааралдаа аваад шалгаж үзээсэй гээд өөрийн фэйс хаяган дээрээ тавьсан. Хүрэлсүх нь өөрөө надад өгнө гэж байсан энэ саарал өнгийн машиныхаа кузовыг өгнө гэснээрээ надад өгсөн бол надад ийм хардах сэтгэл төрөхгүй байсан. Иймд группээс өөр орлогогүй намайг анхан шатны шүүхийн гаргасан 1152000 төгрөгийн торгуулиас чөлөөлж өгөх буюу эсвэл уг машины кузов ямар замаар ямар шүүхийн шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд очсоныг цагдаагийн байгууллага руу буцааж дахин шалгуулж миний эргэлзээ, хардлагыг нэг тийш нь болгож өгнө үү гэжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх зөрчлийн материалд авагдсан баримтуудыг үндэслэн зөрчилд холбогдогч М.Энхтүвшинг Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэж, түүнд захиргааны шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа зөрчилд холбогдогч М.Энхтүвшинд захиргааны шийтгэл ногдуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.5 дахь хэсгийг баримтлаагүй байх тул нэмж оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Зөрчилд холбогдогч М.Энхтүвшингийн “группээс өөр орлогогүй намайг 1152000 төгрөгийн торгуулиас чөлөөлж өгнө үү“ гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 290 дугаар шийтгэврийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтанд “...76.4 ...”  гэсний дараа “ 76.5 “ гэж нэмж, шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч М.Энхтүвшингийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ                            Л.НАРАНБАЯР

              ШҮҮГЧИД                              А.ЭНХБААТАР

                                                                   З.ЭНХЦЭЦЭГ