Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 86

 

Д.Гансүхэд холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд оролцсон:

            Нарийн бичгийн дарга                   Г.Намуунзул

Прокурор                                          Ц.Лхамсүрэн

Хохирогчийн төлөөлөгч                Ц.Чагсал

Ялтан                                                 Д.Гансүх

Ялтны өмгөөлөгч                            М.Энхтуяа, А.Мөнхсайхан                               

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  ялтан Д.Гансүх, ялтны өмгөөлөгч А.Мөнхсайхан, М.Энхтуяа, хохирогчийн төлөөлөгч Ц.Чагсал нарын  гаргасан давж заалдах гомдлоор  Д.Гансүхэд  холбогдох эрүүгийн 201511000464 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Бодонгууд овогт Дондогийн Гансүх, 1957 оны 04 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, буриад, Монгол Улсын иргэн /РД:ЖЛ57042911/, бага боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн "Рашаант" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

Д.Гансүх нь 2015 оны 09 сарын 24-ний орой согтуугаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөвөр" гэх газарт тус сумын иргэн Д.Төмөрхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор: Дондогийн Гансүхийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Дондогийн Гансүхийг 10 /арав/ жил 06 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар ялтан Д.Гансүхэд оногдуулсан 10 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Д.Гансүхийн цагдан хоригдсон 262 /хоёр зуун жаран хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан Д.Гансүхийн ногоон өнгийн дээл 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, 10,5х8 см хэмжээтэй тэгш бус гадаргуутай чулуу 1 ширхэг, 10х7,5 см хэмжээтэй нэг тал нь тэгш, нөгөө тал нь тэгш бус гадаргуутай чулуу 1 ширхэг, хохирогч Д.Төмөрхуягийн өмсөж явсан хүрэн өнгийн нимгэн куртка, ногоон өнгийн саравчтай малгай, ноосон цамц, торгон хантааз, саарал өнгийн сорочкон цамц, цайвар футболка, саарал өнгийн дотуур өмд, цайвар өнгийн гадуур өмд, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн хөлний ороолт 1 хосыг тус тус устгах, CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Д.Гансүх нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан 37403705 төгрөгийн хохирлоос 2000000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нас барсны оршуулахтай холбогдсон болон унааны зардалд 1961880 /нэг сая есөн зуун жаран нэгэн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт оршин суух, хохирогчийн төлөөлөгч Цагаангууд овогт Цэрэндоржийн Чагсал /РД:ЖЛ59050303/-д олгож, нэхэмжлэлээс 1544625 /нэг сая таван зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар шийдвэрлүүлэхийг мэдэгдэх,  31897200  /гучин нэгэн сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.Гансүхийн эзэмшлээс 330000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн ямаа 2, шүдлэн ямаа 3, ишиг 3, нийт 8 толгой ямаа битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2015 оны 10 сарын 13-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Д.Гансүхийн ЖЛ57042911 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  299  дүгээр  зүйлийн  299.3-т  зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Гансүхийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Гансүх давж заалдах гомдолдоо: Би ер нь юу болсноо мэдэхгүй л өглөө сэрсэн. Буяндэлгэр талийгаачтай маргаад муудаад бөх барилдаад юм уу ноцолдоод байсан юм уу талийгаачийг унагаж байсан бодогдож байна. Сүүлд нэг машин ирэхэд нь би орж дулаацсан, нөгөөхөө босоод ирээ гэхэд жаахан унтъя гэж байсан. Хэрэгт хамааралтай Дамиа, Дамиатай цуг байсан хүнийг татаж шалгавал учир олдоно гэж итгэдэг. Хэргийг сайн шалгаж үнэн мөнийг олж өгнө үү гэжээ.

            Ялтны өмгөөлөгч А.Мөнхсайхан давж заалдах гомдолдоо: Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Өмгөөлөгчийн зүгээс Балдорж гэж хүний хүргэн Дамиа буюу Дамдинсүрэнг байцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хангах мөрдөн байцаагчийн тогтоол гарсан боловч ямар ч шалтгаангүйгээр байцаагаагүй. Гэрчийн мэдүүлгүүд илтэд зөрүүтэй байна. Гэрч И.Мөнхтуяа “Каск малгай байхгүй, манай нөхөр каск малгайгаа аль хэдэн сарын өмнө алга болгочихсон” гэсэн байхад насанд хүрээгүй гэрч Б.Цэрэндулам мэдүүлэгтээ “Аав орой орж ирэхдээ касктай байсан” гэжээ. Буяндэлгэр ямар хувцастай байсан гэдгийг дэлгүүрийн бичлэгээр нотлох боломжтой байхад бичлэгийг хэрэгт хавсаргаагүй. Хэргийн газраас олдсон малгай Буяндэлгэрийнх гэдэг нь эргэлзээтэй байна. Д.Гансүх нь тухайн шөнө ирсэн цагаан өнгийн машин дотор орж дулаацсан гэж мэдүүлдэг. Уг машин ямар учиртай машин байсныг бүрэн шалгаагүй. Хэрэг мөрдөн байцаалтад буцах үед УНИ 09-54 улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгуулах хүсэлт гаргасныг шалгаагүй. Д.Гансүх нь хууль зөрчиж тайлбар авч бичлэг хийж байгааг ойлгоогүй, сэтгэл санааны шоконд орсон байхдаа юу гэж мэдүүлснээ ч мэдэхгүй санахгүй байгаа. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж  өгнө үү гэжээ.

            Ялтны өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн ба шалгах шаардлагатай зүйлийг шалгаагүй байхад шүүх ял оногдуулсанд гомдолтой байна. Тухайлбал, Д.Гансүхийн яриаг хууль бусаар бичиж авч хэргийн нотолгоо болгосон, хэргийн газраас эд мөрийн баримтыг ямар ч тэмдэглэлгүй түүж авч устгасан, эд мөрийн баримтаар авсан тамхины ишийг үнэлж үзээгүй, шинжилгээ хийгээгүй, гэрч болох этгээдүүдийг бүрэн байцаагаагүй, хэргийн хуудас 54-т байгаа “эхнэр чинь чамайг гэртээ ирж унтаагүй гэж хайгаад явсан байна” гэсэн мэдээллийг хэнээс хаанаас авснаа бэхжүүлж аваагүй, хэргийн газар дээр шөнө 21-22 цагийн хооронд хэн хэн гэх хүмүүс ярилцаад маргаад байсныг  тогтоож чадаагүй, тэр шөнө 02 цагт муудалцаад байсан олон хүмүүсийг тогтоогоогүй, шөнө  ирсэн машиныг тогтоох ажиллагаа хийгээгүй, хохирогчийн нас барсан цагийг тогтоогоогүй, алдсан цусны хэмжээг тодорхойлоогүй, хурц цус алдалт үндсэн задлан шинжилгээний бичлэгтэйгээ зөрүүтэй зэрэг эргэлзээтэй дүгнэлтэд үндэслэсэн байна. Иймд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, хэн үйлдсэн, хэн хэн ямар оролцоотой байсан, шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах зэрэг ажлыг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Хохирогчийн төлөөлөгч Ц.Чагсал давж заалдах гомдолдоо: М.Дамдинсүрэнтэй би анх уулзахад цуг байсан юм шиг ярьж байсан. Гэтэл сүүлд асуухад би сайн мэдэхгүй гэж зайлсхийж байсан. Дамдинсүрэнгийн талаар удаа дараа хэлээд байхад асуухгүй байсаар Улаанбаатар хот явсан, олдохгүй байна гээд өнгөрөөсөн. Гансүх энэ хэргийг хийсэн гэхэд итгэл төрөхгүй байна. Буяндэлгэрийн эгч Нарангэрэл 9 сарын 25-ны өглөө хажуу айлдаа ороод манай дүү нэг ангийн Төмөрхуягийг алчихсан байна, хүн амины хэрэгт холбогдсон байна гэж ярьсан байдаг. Буяндэлгэр өөрөө ангийнхаа Батзоригт би Төмөрхуягийг алсан гэж ярьсан юм шиг байдаг. Би хүнийг хилсээр битгий шийтгээсэй, үнэн мөнийг олоосой гэж хүсэж байна. Иймд мөрдөн байцаагч, прокурор нарыг солиулж хэргийг дахин шалгуулахаар гомдол гаргав гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Гансүх нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний орой согтуурсан үедээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт “Хөөвөр” гэх газар хамт архи уусан хохирогч Д.Төмөрхуягтай “Намд элсэх эсэх, эхнэрийг хутга барьж хөөсөн” гэж маргалдсаны улмаас толгойд нь чулуугаар цохиж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь “2016.09.24-нд Д.Гансүх, Д.Төмөрхуяг, А.Буяндэлгэр нарыг архи уугаад хамт үлдсэн ба машиныхаа толинд харахад А.Буяндэлгэр нь мотоциклоо унаад сумын төв рүү явсан” болохыг мэдүүлсэн гэрч Р.Эрдэнэбаатарын мэдүүлэг, “Тэгэхээр нь би Төмөрхуягт чи миний эхнэрийг хутгаар хөөж алах гэж байсан байна гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би Төмөрхуягийг өөрийнхөө гарт багтахаар чулууг газраас аваад чамайг болохгүй бол цохино шүү гэж хэлж байсан шиг санаад байна. Яг Төмөрхуягийг цохисноо санахгүй байна. Тэгээд нэг ухаан орсон чинь би Төмөрхуягтай хоёулаа газар хэвтэж байсан” гэх мөрдөн байцаалтын шатанд Д.Гансүхийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, хохирогчид учирсан гэмтэл, үхлийн шалтгааны талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйлдлийг зөв зүйлчилсэн байна. Хохирогч Д.Төмөрхуяг нь хуйхны шархны улмаас хурц цус алдаж нас барсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан /1-р хавтасны 133-р тал/ ба Д.Гансүхийн өмсөж явсан дээлнээс хохирогчийн цусны бүлэгтэй адил бүлгийн цус илэрсэн /1-р хавтасны 153-р тал/ байна.

Иймд анхан шатны шүүх Д.Гансүхийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

            Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Д.Гансүх уг гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байх тул ялтан Д.Гансүх, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан, М.Энхтуяа, хохирогчийн төлөөлөгч Ц.Чагсал нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэлгүй бөгөөд хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх  тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан Д.Гансүх, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан, М.Энхтуяа, хохирогчийн төлөөлөгч Ц.Чагсал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Гансүх, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан, М.Энхтуяа, хохирогчийн төлөөлөгч Ц.Чагсал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                       А.ЭНХБААТАР

                        ШҮҮГЧИД                             Б.СҮХГОМБО

Л.НАРАНБАЯР