Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

Г.Батгэрэл, Э.Батдэлгэр, С.Бүрэнжаргал нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Э.Батдэлгэр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхзулын бичсэн эсэргүүцлээр Г.Батгэрэл, Э.Батдэлгэр, С.Бүрэнжаргал нарт холбогдох эрүүгийн 21107257 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, Дорнод НАА-д дуудлагын засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Дэнжийн 1-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЮ85011513 регистрийн дугаартай, Бичээч овогт Сумъяагийн Бүрэнжаргал.

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь, гагнуурчин мэргэжилтэй, Дорнод НАА-д усны тоолуурын слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 25-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЯ88082074 регистрийн дугаартай, Хатагин овогт Ганбаатарын Батгэрэл.

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЮ85022012 регистрийн дугаартай, Хатагин овогт Энхболдын Батдэлгэр.

С.Бүрэнжаргал нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч Б.Болд-Эрдэнийг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан,

Г.Батгэрэл нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно С.Бүрэнжаргал Э.Батдэлгэр нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч Б.Болд-Эрдэнийг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан,

Э.Батдэлгэр нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч Б.Болд-Эрдэнийг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шүүхийн тогтоолоор: Шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт холбогдох эрүүгийн  21107257 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Мөнхзул эсэргүүцэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шүүхийн тогтоолоор хохирогчийн биед “баруун уушги унаж, цээжний хөндийд хий шингэн хурсан” хүнд гэмтлийг шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нар бүлэглэж үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй учир чухам хэний үйлдлийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг нарийвчлан шалгах шаардлагатай гэжээ.  Шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нар нь бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч Б.Болд-Эрдэнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болох гэрч Р.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 12-14, 69-70, 98-99/, 2016 оны 03 сарын 14-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа /хх-ийн 169-170/, хохирогч Б.Болд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 67/, сэжигтэн С.Бүрэнжаргалын мэдүүлэг /хх-ийн 77, 124/ зэргээр нотлогдож байна.

Мөн шүүх хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг үндэслэл муутай, эргэлзээтэй тул шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай гэсэн. Гэтэл 2011 оны 05 сарын 11-ний өдрийн 324 тоот шинжээчийн дүгнэлт болон шинжээч Т.Номинцэцэгийн мэдүүлгээр /хх-ийн 176-177/ гэмтлийн зэргийг маш тодорхой тайлбарласан байгаа. Иймд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. Гэтэл өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугаа нотлох үүрэггүй яллагдагч нарын мэдүүлгийг үнэлж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн ЭБШХ-ийн 82 дугаар зүйлийн 82.2–т зааснаар яллагдагч нарын мэдүүлэг нь хэрэгт байгаа бусад баримтаар батлагдсан тохиолдолд шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох төдийгүй мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байх тул 22 дугаар шүүхийн тогтоолыг ЭБШХ-ийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т зааснаар хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцэх зарчмыг хангах замаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...Шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Батгэрэл, Э.Батдэлгэр, С.Бүрэнжаргал нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд эрх бүхий этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                        ШҮҮГЧИД                                   Б.СҮХГОМБО

                                                                                    А.ЭНХБААТАР