Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 89

 

 

 

 

М.Ариунмөнхөд холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд оролцсон:

Нарийн бичгийн дарга                   Г.Намуунзул

Прокурор                                          Л.Мөнхбаяр

Хохирогчийн өмгөөлөгч                Д.Урансувд

Ялтны өмгөөлөгч                            М.Энхтуяа

Ялтан                                                 М.Ариунмөнх                                

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ж.Долгормаа, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016  оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд, ялтан М.Ариунмөнх нарын давж заалдах гомдлоор М.Ариунмөнхөд  холбогдох эрүүгийн 201511000617 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1994 оны 08 сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, машин, механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ ХЦ-ийн 0198 дугаар ангийн 9 дүгээр заставт хугацаат цэргийн алба хааж байсан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4-р баг, "Шарын гол" гэх газар нутагладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Их мэргэд овогт Мөнхбатын Ариунмөнх  /РД: СЛ 94081518/

М.Ариунмөнх нь 2015 оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газарт байрлах ХЦ-ийн 0198 дугаар ангийн 9-р заставын цэргийн байранд  О.Ганхөлөгтэй  хувийн  таарамжгүй  харьцааны  улмаас  маргалдаж,  улмаар түүний цээжин тус газар гараараа цохиж санаатай алсан гэмт хэрэгт /ЭХТА-ийн 91.1/ холбогджээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор:  Мөнхбатын Ариунмөнхийг хүндрүүлэх нөхцөл, байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Мөнхбатын Ариунмөнхийг 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан М.Ариунмөнхийн эдлэх 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан М.Ариунмөнхийн цагдан хоригдсон 149 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан М.Ариунмөнхөөс хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд 9456200 төгрөг зарцуулснаас шүүгдэгчийн төлсөн 6000000 төгрөгийг хасч үлдэгдэл 3456200 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багт оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюундарьд олгож, иргэний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 50000000 төгрөг, нотлох баримтгүй 2776350 төгрөг, нотлох баримтын шаардлага хангаагүй 650083, илүү тооцсон 5222555 төгрөг нийт 58648988 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн алчуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хурагдаж ирсэн ялтан М.Ариунмөнхийн СЛ94081518 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, М.Ариунмөнхийн хувьд ногдох эд хөрөнгө болох 17 толгой адуу, 32 толгой ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2016 оны  02 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан М.Ариунмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд : М.Ариунмөнх хохирол төлбөрөө бүрэн төлөөгүй, хохирогч талын сэтгэл санааны хохирол барагдаагүй, гомдолтой байхад М.Ариунмөнхөд дэндүү бага ял оногдуулсан. Мөн цэргийн захирах захирагдах үүргийн дагуу биш зүгээр л хал цэрэг учраас надад үг дуугүй захирагдах үүрэгтэй гэх нэг талын дээрэлхсэн, өөрийгөө илтэд давуу гэдгээ илэрхийлсэн шинж давамгайлсан танхайн шинжтэй байхад шүүх хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн гэж дүгнэснийг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хилийн цэргийн 0198-р ангийн дарга нь цэргийн ангийн аюулгүй байдал, нэг нэгнээ дээрэлхдэг дэглэмийг таслан зогсоохгүй, оны ялгааг өөгшүүлж байснаараа хохирогч О.Ганхөлөгийн амь эрсдэх үндэслэл болсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар бидэнд учирсан сэтгэл санааны хохирлыг уг байгууллага хариуцах ёстой учраас Хилийн 0198-р ангийг шүүхээс иргэний хариуцагчаар тогтоох ёстой байсан. Шашны зан үйл хийлгэх болон Дорнод аймагт ирж очсон зардлыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Шашны зай үйл бол Монгол хүний оршуулгын зан үйл. Мөн Дорнод аймагт хоёр удаа ирж очсон зардал нь баримтгүй боловч ирж очсон асуудал нь бодитой бөгөөд бусад байдлаар нотлогдсон. Талийгаач О.Ганхөлөгийн эмээ Маарийдаарий нь цэрэгт дарамт шахалттай хэцүү байгааг хамгийн анх мэдсэн. Утсаар хэд хэдэн удаа эмээдээ ирж ав, хэцүү байна гэж хэлж байсан байдаг. Гэмт хэргийн шалтгаан, сэдэлтийг тогтооход Марийдаарийгийн мэдүүлэг ач холбогдол, зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болох байтал түүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

            Ялтан М.Ариунмөнх давж заалдах гомдолдоо: Би хохирогчийг цохисноос ийм аймшигтай явдал болно гэж огт бодоогүй. Маш их харамсаж, хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлал дахин гуйя. Оногдуулсан ялыг бага ч гэсэн багасгаж өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Мөнхбаяр дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            М.Ариунмөнх нь 2015 оны 12 дугаар сарын 18-наас19-нд шилжих шөнө, Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0198-р ангийн 9 дүгээр заставын цэргийн байранд хохирогч О.Ганхөлөгийг зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Болдбаярын “...Ариунмөнх Ганхөлөгт хандаж би чамайг бүх орны бүтээлгүүдийг эвхээд тавь гэсэн яасан бэ Ганхөлөг номхон нойрмог байдалтай зогсоод дуугарахгүй байсан. Ариунмөнх би цолгүй ч гэсэн миний тушаалыг биелүүлэх ёстой шүү гээд Ганхөлөгийн цээж рүү нь аль гараараа цохисныг сайн анзаараагүй, ямар ч байсан 3 удаа цохисон” гэх мэдүүлэг /1-р хавтасны 236-р тал/, гэрч Э.Тэмүүжингийн “...Ариунмөнх Ганхөлөгийн мөр цээж орчим нэг удаа аймхай орчим нь нэг удаа баруун гараараа цохисон. Тэр үед би Ариунмөнхийн араас нь татаад харахад Ганхөлөг цохиулсны дараа муужраад орныхоо толгой хэсгийн зүүн талд байсан юм индүүддэг тавиурыг шүргээд шалан дээр унасан. Түүний гар хөл нь татаж хоолой нь сонин дуугараад байсан” гэх мэдүүлэг /1-р хавтасны 34-р тал/,  хохирогчийн учирсан гэмтэл, үхлийн шалтгааны талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх М.Ариунмөнхийн үйлдлийг зөв зүйлчилж, түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана. Шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэн өөрчлөх эрхтэй” гэж заасан тул “М.Ариунмөнхийн үйлдэл танхайн сэдэлттэй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан тул “хохирол төлбөрөө бүрэн төлөөгүй, хохирогч талын сэтгэл санааны хохирол барагдаагүй, гомдолтой байхад М.Ариунмөнхөд дэндүү бага ял оногдуулсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. М.Ариунмөнхийн үйлдэл нь зөвхөн хохирогч руу чиглэсэн шинжтэй байснаас үзэхэд танхайн сэдэлттэй гэж дүгнэх үндэслэлгүй байна.  Хохирогч нас барснаас учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлж нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй тул энэ хохирлыг нөхөн төлүүлэхээр Хилийн цэргийн 0198-р ангийг иргэний хариуцагчаар татах боломжгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул анхан шатны шүүх зардлын хэмжээ нь холбогдох баримтаар нотлогдоогүй нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нотлогдсон тул “Хохирогч О.Ганхөлөгийн эмээг гэрчээр асуулгах хүсэлтийг хангах боломжгүй” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна 

            Түүнчлэн шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан тул ялтан М.Ариунмөнхийн “Оногдуулсан ялыг бага ч гэсэн багасгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон  шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх  тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан М.Ариунмөнх, хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Ариунмөнх, хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Ялтан М.Ариунмөнх нь давж заалдах шатанд хохирогчийн төлөөлөгч Ч.Оюундарьд 3 460 000 төгрөгийг төлсөн  болохыг дурдсугай. 

3.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                       А.ЭНХБААТАР

                        ШҮҮГЧИД                             Б.СҮХГОМБО

Л.НАРАНБАЯР