Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 111/ШШ2025/0007

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа даргалж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч ******* /цахимаар/, ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2, 3, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Хурал, багийн Засаг дарга нарт тус тус хол*******ох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газарт бичиг хэргийн эрхлэгч ажилтай байсан. Тэгээд тус сумын 2 дугаар багийн Засаг дарга чөлөөтэй байх хугацаанд бичиг хэргийн эрхлэгч, Засаг даргын үүргийг хавсран гүйцэтгэсэн. Багийн иргэдийн нийтийн Хурал хуралдах үед манай ээж Баянхонгор аймгийн эмнэлэгт хагалгаанд орсон учраас би хуралд оролцоогүй. Тухайн хурлыг даргалсан ******* намайг ирэхэд “..хурлын ирц хүрээгүй..” гээд байж байсан. Орон нутгийн хөгжлийн сангийн ажил хугацаатай учраас иргэдийн Нийтийн Хурал хуралдсан тогтоолоо гаргаж өг гэхээр нь маягтуудыг нь үйлдэж гаргаж өгсөн. Би тухайн үед Засаг даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан учраас багийн ажил зогсох гээд байна гэхээр нь багийн дарга нартай хамтраад тогтоол гаргасан.

Багийн дарга нарт тайлбарлахдаа хурлын ирц хамаагүй, иргэдээсээ саналаа авсан учраас хурлын тогтоолоо гаргаж өг гэж хэлсэн. Бид өөрсдөө судалж үзээгүй хэлсэн үгэнд нь орсноос болж энэ асуудал үүссэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би маргаан бүхий тогтоол гарах үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал сумын соёлын төвд хуралдахад хурлын ирц хүрэлцээгүй учраас тогтоол гаргаж өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл иргэдээс гадуур авсан санал тооцогдох учраас тогтоол гаргаж өг гэхээр нь тогтоол гаргаж өгсөн. Энэ талаар сайн судлаагүй тогтоол гаргаж өгсөн нь бидний буруу учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би маргаан бүхий тогтоол гаргах үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан. Одоо мал маллан амьдарч байна. Тухайн үед хийгдэх ажлуудын саналыг иргэдээс авч иргэдийн Нийтийн Хурал хуралдахад ирц хүрэлцээгүй учраас айлуудаар явж, гудамжинд таарсан иргэдийн саналыг авсан. Тэгээд саналаа нэгтгээд материалаа бүрдүүлж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Иргэдийн Нийтийн Хурлын ирц бүрдсэн эсэх нь хамаагүй тогтоол гаргах ёстой гэж тухайн үедээ ойлгосон гэв. 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“2024 оны 6 сарын 22-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал зарласан боловч ирц хүрээгүй учир хурал тарсан байдаг. Гэтэл тус хурлаас тогтоол гарч орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын хурлын тогтоол байсан боловч санал аваад тарсан. Уг тогтоол шийдвэр сүүлд гарсныг би мэдээгүй гэтэл “******* ******* *******” ХХК нэхэмжлэл гаргасан. Дээрх тогтоолыг хуурамч гэж үзэж байгаатай санал нийлж байна” гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Шинэжинст сумын 3 дугаар багийн хурал нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр сумын соёлын төвд хуралдахаар цугларсан боловч ирц бүрдээгүй тул ямар нэгэн асуудал хэлэлцээгүй тус тогтоол шийдвэр гараагүй болно. Миний хувьд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн багийн хурлын даргалагч хийн тогтоол дээр гарын үсэг зураагүй болохыг мэдэгдэж байна.” гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Шинэжинст сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр болох байсан боловч ирц хүрээгүй улмаас хурал болоогүй тарсан. Энэ тогтоол би гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш байна. Иймд хуурамч тогтоол гэж үзэж хүчингүй болгоход татгалзах зүйлгүй байна.” гэв.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

“******* ******* *******” ХХК-аас тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2, 3, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга нарт тус тус хол*******уулан “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар тогтоол, 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаар тогтоолуудыг гаргасан нь хууль бус болохыг тогтоож, тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2, 3, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал болон Засаг дарга нарт тус тус хол*******ох “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар тогтоол, 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаар тогтоолуудыг гаргасан нь хууль бус болохыг тогтоож, тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хариуцагч нар  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  гаргуулж, нэхэмжлэгчид  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар тогтоол, 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон тул энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Ц.СУВДМАА