Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 92

 

Ж.Баттунгалагт холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Шүүгдэгч Ж.Баттунгалаг, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Алтайн бичсэн эсэргүүцлээр Ж.Баттунгалагт холбогдох эрүүгийн 201611000001 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын гааль татварын байцаагч мэргэжилтэй, "М-Си-Эс" ХХК-ны Дорнод аймаг дахь салбарын бүртгэл мэдээлэл, мөнгөн хөрөнгийн няраваар ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, /3-6 нас/ Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 9-42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Еншөөбү овогт Жаргалсайханы Баттунгалаг.

Ж.Баттунгалаг нь "М-Си-Эс Дистрибюшин" ХХК-ний Дорнод аймаг дахь салбарт бүртгэл мэдээллийн ажилтан, мөнгөн хөрөнгийн няраваар ажиллаж байхдаа 2015 оны 5 сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 25293750 төгрөгийг завшиж, мөн 31370025 төгрөгийн бараа материалыг үрэгдүүлэн "М-Си-Эс Дистрибюшин" ХХК-нд нийт 56663775 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар шүүхийн тогтоолоор: Шүүгдэгч Ж.Баттунгалагт холбогдох 201611000001 тоот эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Баттунгалагт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,                                                               

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг хэргийн хамт прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Алтай эсэргүүцэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар шүүхийн тогтоолоор Ж.Баттунгалагт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг дахин нарийвчлах тогтоох, энэ хэрэгт Б.Отгонбаатар гэгч нь хамтран оролцсон үйлдэл байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзнэ гэжээ. Гэрч Б.Отгонбаатарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг,  Ж.Баттунгалагийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, гэрч Д.Дамдимаа, гэрч Ж.Батжаргал, Б.Тогтохбуян, С.Жаргалбаатар нарын мэдүүлэг, “М-Си-Эс Дистрибюшин” ХХК, Ж.Баттунгалаг нарын хооронд байгуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын гэрээ, ажилд авсан тушаал, ажлын байрны тодорхойлолт, Аудитын дүгнэлт, ШШҮХ-ийн санхүүгийн шинжээчийн дүгнэлт зэргээр Ж.Баттунгалаг 2015.05.20-ны өдрөөс 2015.12.08-ны өдрийг хүртэлх хугацаанд 25293750 төгрөгийг завшиж, мөн 31370025 төгрөгийн бараа материалыг үрэгдүүлэн “М-Си-Эс Дистрибюшин” ХХК-д нийт 56663775 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн дүүрэн нотлогдож байх бөгөөд Ж.Баттунгалаг өөрөө хэзээ хэдэн төгрөг завшсанаа, хэдэн төгрөгийн ямар бараа үрэгдүүлснээ мэдэхгүй, ямар нэг тооцоолол бүртгэл хийдэггүй, мөн аудитор Д.Дамдимаа нь түүний мөнгө ашигласан, бараа бүтээгдэхүүн дутагдуулсан сар, өдрийг санхүүгийн баримтаар яг нарийн тогтоох боломжгүй талаар маш тодорхой дурьдсан байхад хэдэн удаагийн үйлдлээр, ямар аргаар, хэдэн төгрөгийг хэрхэн хувьдаа завшсан улмаар үрэгдүүлсэн болохыг үйлдэл тус бүрээр нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг дахин нягтлан шалгаж нарийвчлан тогтоох гэсэн заалт нь амьдрал дээр боломжгүй утгагүй заалт юм.

Мөн Б.Отгонбаатарын үйлдэл нь Ж.Баттунгалагийн үйлдлээс өмнө нь буюу 2015.03.25-ны өдөр үйлдэгдсэн нь тогтоогдож хуульд заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Б.Отгонбаатар нь уг хэрэгт субъект болохгүйгээс гадна түүнийг хэрэгт хамтран оролцоогүй болох нь Ж.Баттунгалаг болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Сүх-Очир нь “худалдааны төлөөлөгч Б.Отгонбаатар нь 7,8 газар руу өөр өөр хуурамч гар падаан явуулснаас гадна 24 сая төгрөгийн хуурамч тооцоо нийлсэн актыг үйлдэж дээд байгууллага руу явуулсан байсан” гэх боловч энэ тухай хавтаст хэрэгт огт дурдагдаагүй, мөн хуурамч гэх гар падаанууд нь мөрдөн байцаалтын явцад хураан авч Аудит, санхүүгийн шинжилгээ хийж буцаан хүлээлгэн өгсөн 19 хавтас санхүүгийн баримтад хавсаргагдсан байдаг бөгөөд Ж.Баттунгалаг нь шүүхийн хэлэлцүүлэгт тэс өөр зүйл ярьсан боловч урьд өгсөн тайлбар, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэгтээ Б.Отгонбаатарыг уг хэрэгт хамааралгүй талаар тодорхой мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдсон байдаг.

Анхан шатны шүүхээс дээрх хэрэгт цугларсан хангалттай нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй, мөн шүүх хуралдааны явцад хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, нотлох баримтыг үнэлээгүй атлаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ЭБШХ-ийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ж.Баттунгалагт холбогдох хэрэгт Б.Отгонбаатар хамтран оролцсон эсэх, мөн Б.Отгонбаатарын үйлдэл бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Баттунгалагт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд эрх бүхий этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                     ШҮҮГЧИД                                       Б.СҮХГОМБО

                                                                                    А.ЭНХБААТАР