Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016        08         10                                                 93

 

Д.Баярцэнгэл, Ж.Гантулга нарт холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Л.Мөнхбаяр нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр Д.Баярцэнгэл, Ж.Гантулга нарт холбогдох эрүүгийн 201611000111 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Баярцэнгэл, Ж.Гантулга нар нь ялтай байдалтай байхдаа давтан үйлдлээр бүлэглэн 2016 оны 02 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 28-107 тоотод оршин суух иргэн З.Эрдэнэбатын орон байранд нэвтэрч плетик, хромон гутал, суран бүс, бугуйн цагнууд зэрэг эд зүйлийг хулгайлж 227800 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 03 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТ-ийн 2 давхарын статистикийн өрөөнөөс "Дэлл" маркийн суурин компьютер, ус буцалгагч зэрэг эд зүйлийг хулгайлж 580000 төгрөгийн, бусдад нийт 807800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжаар: Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагшин овогт Дэчинсүрэнгийн Баярцэнгэл, Эцээд овогт Жавзмаагийн Гантулга нарт холбогдох эрүүгийн 201611000111 тоот хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр эсэргүүцэлдээ: Ж.Гантулга нь Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 5 сарын 14-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 3 сар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 6 сарын 19-ний өдөр анхан шатны 3 дугаар шүүхийн 79 дүгээр шүүгчийн захирамжаар 1 жил 4 сарын хугацааны өмнө тэнсэн суллагдаж 2016 оны 2 сарын 28-ны өдөр мөн давтан үйлдлээр 2016 оны 3 сарын 16-ны өдөр бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар яллагдагчаар татах болон яллах дүгнэлтэд бичигдсэн байтал 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ямар, ямар бүрэлдэхүүний шинжийг зөрчсөн талаар тайлбарлаж өгөөгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн Ж.Гантулгын 1 жил 4 сарын хорих ял хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд дээрх тэнсэн суллагдсан хугацаа нь 2015 оны 8 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байтал үүнийг буруу гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хэт субъектив байдлаар хандаж шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т заасан шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэсэн заалтыг зөрчиж шүүхээс шүүх хуралдааны явцад хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж болохуйц байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ЭБШХ-ийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийн материалыг хянавал мөрдөн байцаалтын шатанд Д.Баярцэнгэлийг яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ тогтоолын зөвхөн  ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад Дэчинсүрэнгийн Баатархүү гэж яллагдагчийн нэрийг ташаарч бичсэн, мөн тодорхойлох  хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхой бичсэн боловч ТОГТООХ хэсэгт зөвхөн Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийг дурдсан алдаа гаргасан байна.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасан яллагдагчаар татах тогтоол үйлдэх шаардлагыг бүрэн хангаж чадаагүй учир дутагдалтай болсон боловч тухайн зөрчил нь  “оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн “Яллагдагч Ж.Гантулгын хорих газраас тэнсэн суллагдсан  хянан харгалзах хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөж, харин ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй” гэсэн прокурорын эсэргүүцлийн дагуу хянан үзэхэд хууль хэрэглээний энэхүү асуудал нь хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...Шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Д.Баярцэнгэл, Ж.Гантулга нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд эрх бүхий этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ЭНХБААТАР

                     ШҮҮГЧИД                                       Б.ДЭНСМАА

                                                                                    Л.НАРАНБАЯР