Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 95

 

 

Б.Одбаяр, Б.Эрдэнэчулуун нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Дэнсмаа, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор С.Алтай,

Шүүгдэгч Б.Одбаяр,

Шүүгдэгч Б.Эрдэнэчулуун,

Шүүгдэгчдийн өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Одбаярын давж заалдсан гомдлоор Б.Одбаяр, Б.Эрдэнэчулуун нарт холбогдох эрүүгийн 201511000622 дугаартай хэргийг 2016 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 65-60 тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг Хэрлэн сумын 1-р баг Бунхан 50-24 тоотод бүртгэлтэй/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 06 сарын 20-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар  6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар  оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нийт 6 жил 8 сар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 63 дугаар захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 23 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, 8 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, бие эрүүл, ЖЭ87090971 регистрийн дугаартай, Боржигон овогт Батжаргалын Одбаяр,

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1987 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Уурхайчны 1 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 07 сарын 23-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖА87020879 регистрийн дугаартай, Шар овогт Батзоригийн Эрдэнэчулуун,

Б.Одбаяр нь урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байх ба ялтай байхдаа давтан үйлдлээр Б.Эрдэнэчулуунтай бүлэглэж 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах "Дорнын Арслан" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж хохирогч Н.Түмэндэмбэрэлд 1758300 төгрөгийн, хохирогч Н.Түмэнжаргалд 290000 төгрөг, бусдад 2048300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Эрдэнэчулуун нь Б.Одбаяртай бүлэглэж 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд  шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах "Дорнын Арслан" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж хохирогч Н.Түмэндэмбэрэлд 1758300 төгрөгийн, хохирогч Н.Түмэнжаргалд 290000 төгрөг, бусдад 2048300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор: Батжаргалын Одбаярыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа давтан, бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Шар овогт Батзоригийн Эрдэнэчулууныг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Батжаргалын Одбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10000 /арван мянга/ төгрөгийг хурааж 10 /арван/ жил 10 /арав/ хоног хорих ялаар, шүүгдэгч Батзоригийн Эрдэнэчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Б.Одбаярт оногдуулсан 10 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Б.Одбаяр, Б.Эрдэнэчулуун нарын 2015 оны 12 сарын 28-ны өдрөөс 2016 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 119 /нэг зуун арван ес/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба ялтан нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.Одбаярын эзэмшлээс AG2391715 дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, ялтан Б.Эрдэнэчулууны эзэмшлээс саарал өнгийн модон шүүгээ, хүрэн өнгийн зурагтны модон тавиур зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Одбаяр давж заалдах гомдолдоо: Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Хохирлыг зөвшөөрөхгүй байгаа учраас төлөөгүй, хулгай хийдэг орой Эрдэнэчулууны гэрт очихдоо юу авч очсоныг Эрдэнэчулууны ээж, эгч, хүргэн нар мэднэ, мөн Восток рестораны камерын бичлэгээс юу авч явсаныг үзэх боломжтой, цагдаад хураалгасан архи тамхи дутсанаас гадна миний тэр орой барьж явсан утас хэн авсан нь мэдэгдэхгүй алга болсон, уг дэлгүүр тамхи зарах зөвшөөрөлгүй байж биднээс яагаад тамхи нэхээд байгааг ойлгохгүй байна, мөн хохирогч яагаад 1 сая төгрөг дээр тохирсон, 9 ширхэг хурууны хээ хэнийх гэдэг нь тодорхойгүй, хулгай хийх санааг Эрдэнэчулуун гаргасан, миний оролцоо үйлдэл бага байхад надад их ял оногдуулсанд гомдолтой байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, эхнээс нь үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.    

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Одбаяр нь урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр, шүүгдэгч Б.Эрдэнэчулуунтай бүлэглэж 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах "Дорнын Арслан" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж хохирогч Н.Түмэндэмбэрэлд 1758300 төгрөгийн, хохирогч Н.Түмэнжаргалд 290000 төгрөг, бусдад нийт 2048300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,  шүүгдэгч Б.Эрдэнэчулуун нь шүүгдэгч Б.Одбаяртай бүлэглэж 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс 27-нд  шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах "Дорнын Арслан" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж хохирогч Н.Түмэндэмбэрэлд 1758300 төгрөгийн, хохирогч Н.Түмэнжаргалд 290000 төгрөг, бусдад нийт 2048300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өөрийн үйлдсэн гэмт хэргийг шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Түмэндэмбэрэлийн "…Би "Дорнын арслан" 8 нэрийн хүнсний дэлгүүр, цайны газрыг ажиллуулдаг юм. 2015 оны 12 сарын 26-ны орой 23 цаг хүртэл манай эгч Түмэнжаргал ажиллуулж байгаад хаалгаа гаднаас нь цоожлоод явсан. Маргааш өглөө нь манай ээж Оюунсүрэн дэлгүүрээ нээх гэтэл гадна талын хаалга нь нээлттэй, дотор талын цоож эвдэрч хулгай орсон байж болзошгүй байна гээд цагдаад мэдэгдсэн байсан” гэх мэдүүлэг, хохирогч Н.Түмэнжаргалын “…2015.12.27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай ээж над руу залгаад дэлгүүр чинь онгорхой байна, хулгай орсон юм шиг байна гэж ярьсан. Тэгээд би дэлгүүрт очиход хаалга нь эвдэгдсэн, хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн 2016 оны 01 сарын 05-ны өдрийн 4 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэгт нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн зөв тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, ялтан нарт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтнуудын хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан Б.Одбаярын “Хэргийг мөрдөн байцаалтад буцаах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Одбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

            

                                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                      ШҮҮГЧИД                                      Б.ДЭНСМАА

                                                                                    А.ЭНХБААТАР