Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 97

 

Н.Анхныбаяр, И.Ганбазар, Ц.Тажив нарт холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Дэнсмаа, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор С.Ариунаа,

Шүүгдэгч Н.Анхныбаяр, И.Ганбазар нарын өмгөөлөгч Д.Урансувд,

Шүүгдэгч Ц.Таживын өмгөөлөгч Ө.Батболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаагийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Ариунаагийн бичсэн эсэргүүцлээр Н.Анхныбаяр, И.Ганбазар, Ц.Тажив нарт холбогдох эрүүгийн 201311000803 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

И.Ганбазар нь 2013 оны 11 сарын 28-ны орой Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Хэрлэн сумын ЗДТГазрын байрны зүүн талын өргөтгөлийн барилгын дээвэрт хавтан байрлуулахаар ажиллаж байсан Г.Батболд нь Н.Анхныбаярын жолоодож байсан Камаз маркийн авто-кранаар өргөсөн хавтанд цохигдон гэмтэж нас барсан гэмт хэрэг үйлдэгдэхэд "ИГ" ХХК-ний захирал И.Ганбазар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар "Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах", 10.2-т "Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авах", 10.3-т "Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулах" мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчиж ажил гүйцэтгэх гэрээ хэлцэлгүй,     тусгай     зөвшөөрөлгүй,     өргөх    байгууламжаар    барилгын    ажил гүйцэтгүүлсэн,  ЗТБХБЯ-ны  сайдын  2010  оны   234  дүгээр   тушаалаар  баталсан "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн" 8.4.2-т зааснаар "Кран эзэмших ба ашиглах байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь ачаа өргөх кран, түүний зам оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног савны бүрэн бүтэн байдалд үзлэг, үйлчилгээ засвар, магадлалыг хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч, тэдгээрийн бүрэн бүтэн байдал ба аюулгүй ажиллагааны нөхцлийг хангуулна" гэх заалтыг тус тус зөрчих зэргээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Батболдын амь нас хохирсон,

Н.Анхныбаяр нь 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын газрын байрны зүүн талын өргөтгөлийн барилгын дээвэрт хавтан байрлуулахаар "Камаз" маркийн өргөгч кранаар барилгын хавтан өргөж байхдаа хавтанг савлуулан Г.Батболдыг хавтангаар цохиж гэмтээн болгоомжгүй алсан,

Ц.Тажив нь ЗТБХБЯ-ны сайдын 2010 оны 234 дүгээр тоот тушаалаар баталсан "Ачаа өргөх краныг, төхөөрөмжлөх, аюулгүй ажиллах дүрэм"-ийн 8.4.4-д "Барилгын талбай, үйлдвэрийн цех зэрэг кран ажилладаг бусад хэсгүүдэд   кранаар   ачаа   шилжүүлэх   үеийн  аюулгүй   ажиллагаа,   хариуцагчдыг мастер, талбайн инженер, даамал, хэсэг, тасгийн дарга нараас ээлж бүрт тушаалаар томилсон байвал зохино" гэх заалтыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын газрын байрны зүүн талд баригдаж байсан өргөтгөлийн барилгын дээвэрт хавтан байрлуулахаар ажиллаж байсан Г.Батболд нь Камаз маркийн авто кранаар өргөж байсан хавтанд цохигдон гэмтэж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжаар: И.Ганбазар, Н.Анхныбаяр, Ц.Тажив нарт холбогдох Эрүүгийн 201311000803 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч И.Ганбазар, Н.Анхныбаяр, Ц.Тажив нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаануудыг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Ариунаа эсэргүүцэлдээ: Н.Анхныбаяр нь 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын газрын байрны зүүн талын өргөтгөлийн барилгын дээвэрт хавтан байрлуулахаар "Камаз" маркийн өргөгч кранаар барилгын хавтан өргөж байхдаа хавтанг савлуулан Г.Батболдыг хавтангаар цохиж гэмтээн болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр бүрэн нотлогдож тогтоогдсон. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа анхан шатны шүүх Н.Анхныбаярын хэргийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн байх тул Н.Анхныбаярын хувьд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Н.Анхныбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан “Аюулгүй ажиллагааны журам зөрчих” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь уул уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй ажиллагааг хариуцсан албан тушаалтан, ажил үүргийн хувьд энэ чиг үүргийг хүлээсэн ажилтан байхыг шаарддаг. Гэтэл Н.Анхныбаярын хувьд “ИГ” ХХК-д аюулгүй ажиллагааг хариуцсан албан тушаалтан, ажилтан биш зөвхөн жолоочийн үүрэг гүйцэтгэдэг /кранист/ ажилтай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох ажиллагаа бүрэн хийгдсэн, мөн ЭБШХ-ийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдсон байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ЭБШХ-ийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Н.Анхныбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 болгон өөрчлөхдөө шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар дүгнэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Анхныбаяр, И.Ганбазар, Ц.Тажив нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд эрх бүхий этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                     ШҮҮГЧИД                                       Б.ДЭНСМАА

                                                                                    А.ЭНХБААТАР