Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 477

 

Д.Цогтбаатар, Д.Болдбат нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Уранчимэг,

ялтан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Батгэрэл,

шүүгдэгч Д.Болдбатын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Цогтбаатар, Д.Болдбат нарт холбогдох 2014250001103 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Доржийн Цогтбаатар, 1962 оны 2 дугаар сарын 18-нд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 12-41 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 109б, 168б, 1741, 63б, 64б дэх хэсгүүдэд зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

3. 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2, 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 6 хоногийн ялыг нэмж нэгтгэн 5 жил 6 сар 6 хоногийн хорих ялаар,

5. 1993 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2, 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 10 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

6. 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

7. 2006 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 28 хоногийн хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: УС62021811/;

 

Боржигон овогт Дэмбэрэлийн Болдбат, 1971 оны 4 дүгээр сарын 18-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн 123 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

2. 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

3. 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар,

4. 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД: ЧО71041811/;

 

Д.Цогтбаатар нь өмнө нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос хойш ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, ганцаараа 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын автобусны буудлаас А.Мянганбаярын халааснаас “самсунг галакси нөүт-1” загварын 260,000 төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлсан,

Д.Болдбаттай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр И.Сувдын халааснаас 350,000 төгрөгийн үнэтэй “самсунг галакси эс-3” загварын гар утсыг хулгайлсан,

2014 онд эрүүгийн 2014250001103 дугаар эрүүгийн хэрэгт шалгагдаж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн,

Д.Болдбат нь Д.Цогтбаатартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлаас автобусанд суух гэж байсан И.Сувдын халааснаас 350,000 төгрөгийн үнэтэй “самсунг галакси эс-3” загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Д.Цогтбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2, Д.Болдбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Цогтбаатар нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаах ажиллагаанаас оргон зайлсан, Боржигон овгийн Дэмбэрэлийн Болдбат нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Д.Болдбатад холбогдох хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, Д.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Цогтбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Д.Болдбат нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Цогтбаатарын 2016 оны 1 дүгээр capын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 151 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, Д.Цогтбаатар, Д.Болдбат нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Д.Цогтбаатарын эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Цогтбаатар давж заалдах гомдолдоо: “...Миний бие бусдын батлан даалтад байх хугацаандаа хөдөө дүүгийнхээ малыг маллаж байгаад 2016 онд хотод ирээд баригдсан болно. Тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож цагдан хорьсон. 1993 онд 1987 оны хуулиар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон боловч 2002 оны хуулийн өөрчлөлт, 2009, 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байдал арилахгүй байгааг ойлгохгүй байна. Намайг харж хандах ах дүү, хамаатан садан байхгүй. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж байгаадаа гомдолтой байна. Надад холбогдох хэргийг дээрх хуулийн өөрчлөлт, “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байдал арилах эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Д.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.Цогтбаатарын хувьд холбогдсон 2 үйлдэл нь гэмт хэргийн хувьд хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Д.Цогтбаатар өмнө 7 удаагийн ял шийтгэлтэй гэсэн үндэслэлээр гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу өмнө үйлдсэн 7 удаагийн үйлдэл холбогдол нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байна. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйл 10.10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэсэн заалтыг үндэслэн өршөөлд хамааруулж зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

 

Шүүгдэгч Д.Болдбатын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

 

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Д.Цогтбаатар 7 удаагийн ял шийтгэлтэй. 1993 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2, 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил 3 сарын хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн Г дэх хэсэгт зааснаар Д.Цогтбаатарыг онц аюултай рецедив гэмт хэрэгтнээр тооцсон. 2001 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. Д.Цогтбаатарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа 2004 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн. Ялгүй болох хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгайлан заасан гэмт хэргүүд “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамааруулахгүй гэж заасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Д.Цогтбаатар, Д.Болдбат нарт холбогдох хэрэгт явуулах мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Доорх ажиллагааг мөрдөн байцаалтаар хийх шаардлагатай:

 

1. Д.Цогтбаатар нь 1993 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор “...Шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэрэгт удаа дараа хорих ял шийтгүүлсэн боловч засрал хүмүүжил ололгүй дахин давтан нэг төрлийн хэрэг өдүүлсэн байх тул түүнийг онц аюултай рецедив гэмт хэрэгтнээр тооцох нь зүйтэй гэж шүүх үзнэ...” гээд 1986 оны Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн Г-д зааснаар Д.Цогтбаатарыг онц аюултай рецедив гэмт хэрэгтнээр тооцжээ. /1-р хх-ийн 33 тал/ Д.Цогтбаатарын онц аюултай рецедив гэмт хэрэгтнээр тооцогдсон байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлд хамаарах эсэх, уг хуулийг буцаан хэрэглэх эсэхийг шийдвэрлэсний эцэст Д.Цогтбаатарын үйлдлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоож зүйлчлэх.

 

2. Д.Цогтбаатар нь:

1984 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 109б, 168-ийн б /дээрэм/, 1741, 63б, 64б дэх хэсгүүдэд зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

1993 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2 /хорих газраас оргох/, 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 10 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж байжээ. Д.Цогтбаатарын дээрэмдэх /168-б/ болон хорих ангиас оргох /211-ийн 2/ гэмт хэргийнх нь ялтай байдал тус тус дууссан эсэх, “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарагдах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсний дараа Д.Цогтбаатарын үйлдлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг зөв тогтоож зүйлчлэх.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд “...энэ гэмт хэргийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн...” гэсэн, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд “...энэ хэргийг давтан үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан байхад мөрдөн байцаалтад Д.Цогтбаатарын дээр дурдсан гэмт хэргүүдийн ялтай байдлын асуудлыг хянан шийдвэрлээгүй атлаа тус хүндрүүлэх бүрэлдэхүүнээр Д.Цогтбаатарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдээгүй байна.

 

3. Д.Цогтбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр сэжигтнээр тооцогдож, хэрэг бүртгэлтэд 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Д.Цогтбаатарт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ /1-р хх-ийн 100, 101 тал/, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэрггийлэх арга хэмжээ авсан /1-р хх-ийн 93-96 тал/ тогтоол байна. Мөрдөн байцаагч “2014 оны 12 дугаар сарын 28-аас батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа прокурорын хяналт, мөрдөн байацалтаас зориуд зайлсхийж оргосон” гэж /1-р хх-ийн 129 тал/ яллагдагчаар татсан, прокурор Д.Цогтбаатарыг “2014 онд 2014250001103 дугаартай эрүүгийн хэрэгт шалгагдаж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” гэж яллах дүгнэлт үйлджээ. Д.Цогтбаатарын хэзээнээс хэдий хүртэл хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн хугацааг тодруулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасан “...уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн...” гэсэн шаардлагыг хангасан яллагдагчаар татах тогтоол үйлдэж яллагдагчаар татах, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан яллах дүгнэлт үйлдэх нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Цогтбаатар, Д.Болдбат нарт холбогдох хэргийг магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Цогтбаатар, Д.Болдбат нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорт очтол Д.Цогтбаатар, Д.Болдбат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

                                               

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХТУУЛ

 

                                                                                                Д.ОЧМАНДАХ