Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 478

 

О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир

нарт холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Болорчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Болормаа,

яллагдагч О.Баатархүүгийн өмгөөлөгч Т.Багахүү, С.Намжилмаа,

яллагдагч О.Норовсамбуугийн өмгөөлөгч Ц.Энхболд,

яллагдагч А.Серикбол, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн,

яллагдагч Ж.Цогт-Очирын өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын гаргасан 2016 оны 6 дугаар сарын 22ы өдрийн 59 дүгээр Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Болорчимэгийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлээр эрүүгийн 2014260003136 дугаартай О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Сэмжит овогт Олзодын Баатархүү, 1975 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7а байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ПБ75031716/;

 

2. Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу, 1974 оны 4 дүгээр сарын 18-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний засварчин, бригадын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 26-25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧД74041871/;

 

3. Санираулаба овогт Ансаганы Серикбол, 1966 оны 2 дугаар сарын 15-нд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7а байрны 62 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: БЮ66021518/;

 

4. Харчиган овогт Жаргалын Цогт-Очир, 1974 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-229 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ПЖ74082012/;

 

О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн 11 дүгээр хороо “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс тогонд цохиулж унан, эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Баатархүү нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:

Яллах дүгнэлтэд яллагдагч О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн 11 дүгээр хороо “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс тогонд цохиулж унан, эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр амь нас нь хохирсон гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллагдахаар тогтоожээ.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т “...тэмдэглэх хэсэгт ...үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг тусгана”, 218 дугаар зүйлийн 218.3-т “тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт тохирох... бичнэ” гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Яллах дүгнэлтийн тогтоох хэсгийг дүгнэж үзвэл нэр бүхий яллагдагч нар нь бүлэглэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ яллагдахаар байгаа нь ойлгомжгүй байна.

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч тус бүрээр түүний ямар үйлдэл, эс үйлдэхүй нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг болж байгааг тус тус нарийвчлан яллах дүгнэлтэд зааж ирүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Дээр дурдсан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг тус тусад нь ялгаж салгаагүй, зөвхөн яллагдагч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдахаар заасан яллах дүгнэлтээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй. О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Болорчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Мөрдөн байцаагч яллагдагч О.Баатархүүд “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ нь өөрийн эзэмшлийн тролейбусны контактын сүлжээ тулгуурт графикийн дагуу эргүүл, үзлэг хийж, зөвшөөрөлгүй татагдсан холбоо мэдээллийн кабель утаснуудыг техникийн арга хэмжээ авч салгуулах, мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг чанга мөрдөж, ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д ажил олгогч нь ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдлийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт зааснаар ажил олгогч аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчлага өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчлага аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх журмыг зөрчсөн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл ажил, үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй гэж заасан байхад хамгаалалтын бүс хүчдэлээс хамгаалах бээлий олгоогүй зэргээс шалтгаалан талийгаач Г.Бат-Ялалт Баянгол дүүргийн  11  дүгээр  хороо, “Билэг” их дэлгүүрийн орчимд контакт сүлжээний засварын автомашины өргөгч тавцан дээр ажиллаж байгаад тогонд цохиулж, унан, эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр амь нас нь хохирсон,

яллагдагч О.Норовсамбууд “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний засварын бригадын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр контактын сүлжээнд болон гарч болзошгүй гэмтлийг засварлах үед тухайн фидерийн автоматын хүчдэлийг диспетчерээр дамжуулан салгаж, ажлын байрыг шууд бэлдүүлэх, ажлын байрны тодорхойлолтын 6-д контактын шугам сүлжээний тусгай тоноглолтой автомашины иж бүрдлийг бүрэн хангуулан тролейбусны техник ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллана, мөн 8-д ээлжинд гарах жолооч засварчдад тролейбусны техник ашиглалт аюулгүй ажиллагааны зааварчилгааг газар дээр нь өгч гарын үсэг зуруулна, 11-ийн а-д өөрийн туслах засварчин болон жолоочийн аюулгүй ажиллах нөхцөлийг хангуулж, ажиллуулах үүрэгтэй, контактын сүлжээний засварчин нь засварчны аюулгүй ажиллагааны зааврын 3-д ажил гүйцэтгэх үед хүчдэл заагчаар хүчдэлтэй эсэхийг шалгах, каска, шар хантааз, бээлий, хамгаалах бүс заавал хэрэглэх, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 тоот тушаалын хавсралтын 4.6-д “...ажлын байрны өдөр тутмын зааварчилгааг тухайн цех, хэсгийн мастер, ээлж, бригадын дарга нэг бүрчлэн буюу ээлж бригад хамт олноор нь хамтатган тайлбарлан ярих, бэлдсэн сэдвийг судлуулах, асуулт хариулт тавих журмаар өгнө” гэсэн заалтуудыг биелүүлээгүйн улмаас Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс унаж эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр амь нас нь хохирсон,

яллагдагч А.Серикболд “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй, 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/14 тушаалаар ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн хангалт эдэлгээнд хяналт тавихыг үүрэг болгосон байхад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлий олгоогүйгээс Баянгол дүүргийн 11 дүгээр хороо “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс унаж эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр амь нас нь хохирсон,

яллагдагч Ж.Цогт-Очирт “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер О.Баатархүүгийн баталсан “контактын сүлжээний засварын болон тролейбусны чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны заавар”-ын 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар засвар хийх үед өргөгч тавцангийн хашлагыг угсрахгүйгээр ажиллахыг хориглох үүрэгтэй гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйгээс Баянгол дүүргийн 11 дүгээр хороо “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс унаж эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр амь нас нь хохирсон гэж яллагдагч тус бүрээр түүний ямар үйлдэл нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээ гэм буруутай үйлдэлд нь ял сонсгон, яллагдагчаар татаж байцаалт авсан байна.

Харин прокурор яллагдагч О Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс тогонд цохиулж, унан, эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр амь нас нь хохирсон гэмт хэргийг эхлүүлсэн сэдэлт, үргэлжлүүлсэн үйлдэл арга, санаа зорилго, учруулсан хохирлыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгтээ нэгтгэн тэмдэглэж, харин тогтоох хэсэгтээ үйлдлээ хэрхэн төгссөн, ямар хор уршиг учирснаар нь ялган түүний үйлдэл Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт тохирохыг заасан тул шүүх прокурорын яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2, 218.3-т заасан хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэсгүй байна.

Прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд яллах дүгнэлтийн бүтэц, хэлбэр, түүнийг үйлдэх журмыг тодорхойлсоны дагуу яллах дүгнэлтээ үйлдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтанд юу тусгагдаагүй орхигдсоныг тогтоолдоо заагаагүй байгаа нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 59 дүгээр шүүгчийн захирамжийн заалтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх заалтын агуулгатай нийцэхгүй байна гэж үзэхээр болжээ. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 59 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч О.Баатархүүгийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг дэмжиж байна. Яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдэл бүрийг нэг бүрчлэн бичээгүй. Тогонд цохиулж амь насаа алдсан эсвэл аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой. О.Баатархүү А.Серикбол нарыг аюулгүй ажиллагааны сургалт болон зааварчилгаа, шалгалт аваагүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хамгаалах хувцас хэрэгсэл хангаагүй гэдэг үндэслэлээр буруутгаад эсэргүүцэлдээ дурдсан байна. Мөрдөн байцаалтын шатанд хэн үүргээ биелүүлээгүйг тогтоох ёстой. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, гэм буруутай этгээдийг мөрдөн байцаалтын шатнаас тогтоож өгнө үү...” гэв.

 

Яллагдагч О.Баатархүүгийн өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй...” гэв.

 

Яллагдагч О.Норовсамбуугийн өмгөөлөгч Ц.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байна. О.Норовсамбууг буруутгаад байгаа үндэслэл нь тухайн дэвтэрт гарын үсэг зуруулаагүй. Хэн буруутай болохыг тогтоож чадаагүй...” гэв.

 

Яллагдагч А.Серикболын өмгөөлөгч Ч.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын яллах дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй байх ёстой. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч нарын үйлдлийг тодорхой бичих байсан. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

 

Яллагдагч А.Серикбол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэрэг гарсан өдөр өвчтэй байсан. Тухайн үед Мөнгөзаяа хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан. Мөрдөн байцаалтын ажиллагааг хуулийн байгууллагын хүмүүстэй хамтарч явуулаад дүгнэлтээ гаргасан бол хэрэг удаашрахгүй байсан. Хангамжийн инженер гэж байдаг, тэр хүн хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй...” гэв.

 

Яллагдагч Ж.Цогт-Очирын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бага дүү байгаа юм. Манай дүү нас барьснаас хойш хэрэг шийдвэрлэгдэхгүй 2 жил гаруй болж байна. Гомдолтой байна. О.Норовсамбуу, Цогт-Очир нар хэргийн талаар хэлж байсан бичлэг байгаа. Хамт ажиллаж байгаа тогонд цохиулсан. Хэргийн хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол гарснаас хойш хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцсаа өмсөж ажиллаагүй байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг шүүхэд буцааж, хурдан шийдвэрлүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 59 дүгээр Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Болорчимэгийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                        Д.МӨНХТУУЛ

 

                                                                                                 Д.ОЧМАНДАХ