2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10 191/ШШ2025/01217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух, Д.С /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод оршин байх, НХҮН ХК /РД:.../-д холбогдох,

 

Гэрээ цуцлуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 19,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтэд үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч НХҮН ХК нь У.... хороонд баригдаж байгаа орон сууцны ... талбай, тагттай орон сууцыг 1м.кв-ийн үнэ 1,650,000 төгрөг бөгөөд нийт 114,097,500 төгрөгийн үнэтэй байрыг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 12 дугаар сараас хэтрэхгүй хугацаанд ашиглалтад оруулж хүлээлгэн өгнө хэмээн амлаж урьдчилгаанд 6,000,000 төгрөгийг хүлээн авсан болно. Үүнээс хойш сар бүр 500,000 төгрөгийг төлж байсан.

Гэтэл хариуцагч нь гэрээгээр тохирсон 12 сарын хугацаа дууссан байхад гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээ зөрчиж захиалагч Д.С хохироож байна. Анх гэрээ байгуулахад хариуцагч нь манай сургууль дээр ирж Үйлдвэрчний эвлэлийн даргатай хамт байр захиалахыг ятгаж итгүүлсэн.

Д.С гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр НХҮН ХК-ийн Төрийн банкны ... тоот дансанд урьдчилгаа 6,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Мөн энэ өдөр 2020 оны 09 дүгээр сарын 8-нд хариуцагчийн Төрийн банкны ... тоот дансанд сарын төлбөр 500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш хариуцагчийн ... тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд сар бүр 500,000 төгрөгийн хэмжээгээр нийт 19,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Хувьцаа худалдаж авсан зүйл байхгүй. Тухайн баримтыг анх орон сууц худалдан авах гэрээ байгуулах үед хамт үйлдсэн. Тус баримтад ямар хаягт байх хэдэн тоотын ямар хэмжээтэй орон сууц авах вэ гэдгийг л сонгуулж баталгаажуулсан баримт юм. Хариуцагч тал орон сууцыг 12 сарын дотор барих үүргээ биелүүлээгүй учир нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, шилжүүлэн өгсөн мөнгөө нэхэмжилж байна. Иймд 19,500,000 төгрөгийг хариуцагч НХҮН ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 920 тоот "Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ"-г цуцлуулах шаардлагыг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй.

Иргэний эрх зүйн харилцааны явцад талууд гэрээ хэлцэл байгуулах бөгөөд энэхүү гэрээг цуцлах, татгалзах нь гагцхүү уг харилцааны оролцогчид эрх ба энэхүү эрхийг хуульд заасан нөхцөл бүрдсэн үед хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл уг гэрээний оролцогч биш шүүхээр цуцлуулах шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй байна

Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан, цуцалсан тодорхой үйлдлийг хийгээгүй тул энэ талаар шаардлага үндэслэлгүй. Дээрх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах нь үндэслэлгүй.

Нөгөөтээгүүр Д.С нь "Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ"-ний дараагаар өөрийн шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгөд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувьцаа авсан тул уг мөнгөн хөрөнгийг буцаах өгөх үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж 325,650 төгрөг төлсөн баримт, Г.Гд олгосон итгэмжлэл, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 920 Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ, Хувьцаа эзэмшигчийн орон сууц сонголтын гэрээ, орлогын мэдүүлгийн баримтууд, захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт-үргэлжлэл, авлага, өглөгийн дансны туслах дэвтрийн тайлан,

 

3.2 Хариуцагч шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У.Тд олгосон итгэмжлэл, Б.Бд олгосон 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч НХҮН ХК-д холбогдуулан Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ-г цуцлуулж, 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч хуульд зааснаар гэрээнээс татгалзаагүй, гэрээ цуцлах эрх гэрээний талуудын эрх тул шилжүүлсэн төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

6. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1 НХҮН ХК, Д.С нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 5-6-р тал/

 

6.2 Дээрх гэрээнд талууд гарын үсэг зурсан байх ба гэрээ байгуулсан үйл баримтад зохигч маргаагүй, хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа гэрээний харилцаанд маргаагүй. Гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан.

 

6.3 Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ-ний 1.3-т Захиалагч байршил, талбайн хэмжээ, бусад шаардлагатай мэдээллийг агуулсан Орон сууцны захиалгын хуудас бөглөж энэхүү гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана гэж тохиролцсон байх ба Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээний салшгүй хэсэг гэх Хувьцаа эзэмшигчийн орон сууц сонголтын гэрээ гэх баримт бичгийг үйлдсэн байна./хх-ийн 7-р тал/

 

Хувьцаа эзэмшигчийн орон сууц сонголтын гэрээ гэх баримт нь үндсэн гэрээний 1.3-т талуудын тохиролцсоноор гэрээний салшгүй хэсэг бөгөөд, тус баримтаар ...Захиалагчийн худалдан авч буй орон сууцны байршил, талбайн хэмжээ, бусад шаардлагатай мэдээллийг агуулсан баримт бичиг гэж үзэх үндэслэлтэй.

 

Уг баримтад орон сууцны хаяг: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр орц, 1 дүгээр давхарт, 7 тоот, Хэмжээ: 3 өрөө, 69.15 м.кв, тагттай, үнэ 1,650,000 төгрөг, нийт үнэ 114,097,500 төгрөг, төлбөрийн хэмжээ: урьд саруудын төлбөр нийт 500,000 төгрөг, нэмэлт төлбөр 6,000,000 төгрөг, үлдэгдэл 107,597,500 төгрөг, сарын төлбөрийн хэмжээ 500,000 төгрөг, сарын тоо 215.2, 18 жил гэх мэдээллүүдийг тусгаж талууд гарын үсэг зурсан байна.

 

6.4 Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ-ний 2.1-д Захиалагч гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгийг тогтмол төлнө, 2.2-т Захиалагч захиалгын хуудсанд заагдсан байршил, талбай, бусад шаардлагад дүйцсэн, нийцсэн орон сууцанд орж, ашиглалтыг эхлүүлэх хугацаа гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 36 сараас хэтрэхгүй байна, 2.4-т Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сараас хэтрэхгүй хугацаанд орон сууцаа ашиглалтад хүлээн авсан тохиолдолд захиалагч...3 буюу түүнээс дээш өрөө байранд 6,000,000 төгрөгийг нэг удаа урьдчилгаа төлбөр төлнө гэж тус тус заажээ.

 

6.5 Нэхэмжлэгч Д.С нь гэрээгээр хүлээсэн үүрэг урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөг, мөн сарын төлөлт 500,000 төгрөгийг тус тус гэрээ байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан орлогын мэдүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 15-16-р тал/

 

6.6 Улмаар нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон сар бүр тогтмол 500,000 төгрөгийг төлөх үүргийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийн дүнгээр 2 удаа/гүйлгээний утга: 12 сар, 01 сар/, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус хариуцагчид төлсөн баримтыг шүүхэд гарган өгсөн. /хх-ийн 8-14, 18-26-р тал/

 

6.7 Захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт-үргэлжлэл гэх баримтыг талууд үйлдэж, гарын үсэг, тэмдэг дарсан ба тус баримтыг талууд 2022.05.11-ний өдөр үйлдсэн, дээрх тооцоо нийлснээс хойш нэхэмжлэгч хариуцагч талд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлсөн, нийт 19,500,000 төгрөгийг төлсөн байна.

Гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн дүн, үйл баримтад хариуцагч маргаагүй./хх-ийн 28-р тал/

 

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга нь нэхэмжлэгч орон сууцны нийт үнэ 114,097,500 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон төлөх, үлдэх төлбөрийг сар бүр тогтмол 500,000 төгрөгөөр төлөх үүргийг, хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцыг орон сууцны ашиглалтыг эхлүүлэх хугацаа гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 36 сараас хэтрэхгүй байхаар тус тус тохиролцсон тохиролцооноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

7.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан ба мөн хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт Дараах нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй: 226.1.1 дэх хэсэгт ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан зохицуулалтын дагуу хариуцагч НХҮН ХК нь 2020.09.08-ны өдрийн гэрээгээр хүлээсэн орон сууц ашиглалтад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх үүргээ 2025.02.10-ны өдрийн байдлаар биелүүлээгүй, нэхэмжлэгч тал барилгын суурь ч тавигдаагүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч талыг нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт нэхэмжлэгчийг ...өөрийн шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгөд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувьцаа авсан тул уг мөнгөн хөрөнгийг буцаах өгөх үндэслэлгүй гэж тайлбарлах боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн татгалзлыг нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

9. Иймд шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч НХҮН ХК-иас Худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 19,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 325,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч НХҮН ХК-иас 19,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 325,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА