Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 498

 

Г.Мөнхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор В.Отгончимэг,

хохирогч Ж.Сугаржамц,

ялтан Г.Мөнхбатын өмгөөлөгч Т.Мөнхдалай,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Сугаржамцын гаргасан давж заалдах гомдлоор Г.Мөнхбатад холбогдох 201626030155 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Галсангийн Мөнхбат, 1978 оны 9 дүгээр сарын 2-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 14б гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ОВ78090213/;

 

Г.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 23-24 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гесак” караоке пабад гар базлаа, ам руу алгадлаа гэх шалтгаанаар танхайн сэдэлтээр хохирогч Ж.Сугаржамцыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, бодит байдлыг ухамсарлах, дүгнэх чадваргүй буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүний хөлийг нь хавирч плитан шалан дээр толгойгоор нь унагах, гар, тохойгоороо нүүр рүү нь цохих, хоолойг нь гарын шуу хэсгээрээ боож сэгсэрч толгойгоор нь газар унагаах зэргээр зодож, зүүн чамархай ясанд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чамархай зулай хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, баруун талын чамархайд тархины эдийн няцрал, цус хуралт, 2 талын чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, цээж, баруун бугалганд цус хуралт зэрэг хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Мөнхбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Г.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчилж, Боржигин овогт Галсангийн Мөнхбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Г.Мөнхбатыг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Мөнхбатад оногдуулсан 3 жил 6 capын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Мөнхбатын цагдан хоригдсон нийт 56 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Г.Мөнхбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ж.Сугаржамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийн улмаас миний эрүүл мэндэд “зүүн чамархай ясанд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чамархай зулай хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, баруун талын чамархайд тархины эдийн няцрал, цус хуралт, 2 талын чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, цээж, баруун бугалганд цус хуралт” зэрэг гэмтэл учирсан. Нийт эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд 1,100,000 төгрөгөөр орсон, эм тарианы зардал болон компьютер томо графикийн 2 удаагийн зураг авахуулах зэрэгт 1,900,000 төгрөг зарцуулсан. Г.Мөнхбат нь хохиролд 400,000 төгрөг төлсөн. Харин прокурорын шатанд хээлтэй, тугалах үнээ өгнө гэж хэлсэн болов ч өгөөгүй. Шүүх хуралдааны дараа үнээгээ авахаар 100,000 төгрөгийн зардал гаргаж очиход хохирлоо өгөхгүй намайг хохироож байна. Миний эрүүл мэндийн байдал одоогоор тааруу толгой тархи өвдөж, өвчин намдаах эм байнга хэрэглэж, мартамхай болсон. Хохирол бүрэн төлөгдөөгүй тул гомдолтой байна. Хохирлыг барагдуулж өгнө үү...” гэв.

 

Ялтан Г.Мөнхбатын өмгөөлөгч Ж.Мөнхдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хохирогч Ж.Сугаржамц тухайн үед гомдол, саналгүй гэсэн учраас шүүх хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Г.Мөнхбатын ар гэрийнхэнтэй уулзахаар очиход хохирол барагдуулаагүй байсан. Хохирогч учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх боломжтой...” гэв.

 

Прокурор В.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Г.Мөнхбат хохиролд 400,000 төгрөг төлсөн баримт байдаг бөгөөд Ж.Сугаржамц анхан шатны шүүх хуралдаанд 1,500,000 төгрөг авсан. Бие зүгээр болсон. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. Хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Г.Мөнхбат нь хувийн таарамжгүй харьцаанаас буюу хувийн сэдэлтээр Хан-Уул дүүргий 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гесак” караоке пабад 2016 оны 1 дүгээр сарын 23-ны шөнийн 23-24 цагийн хооронд хохирогч Ж.Сугаржамцыг хөлөөрөө хавсарч шалан дээр хүчтэй унагааж, толгой руу нь цохих зэрэг үйлдлээрээ хохирогчийн бие махбодид учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Ж.Сугаржамцын “...би ээжийндээ Нисэхэд ирчихсэн өглөө 10 цаг өнгөрч байсан. Толгой их өвдөж, нүд хөхөрчихсөн байсан. Би ээжээсээ хэдэн цагт орж ирсэн талаараа асуухад шөнө 01 цаг өнгөрч байхад орж ирсэн гэж хэлсэн. Тэр өдрөө гэрээс гараагүй өдөржингөө хэвтсэн. Маргааш нь өглеө сэрээд дахиад толгой тасралтгүй өвдөөд тэсэхээ болиод Хараагүйчүүдийн төв орж толгойгоо бариулаад гэртээ ирээд унтсан. Маргааш нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагт босоод толгой өвдөөд байхаар нь эмийн сангаас дусал авч хийлгээд дахиад толгой өөдөөд байхаар нь Гэмтлийн эмнэлэг орж зургаа авахуулсан чинь тархинд цус хурсан, харвалттай байна хэвт гээд хэвтүүлсэн. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” /хх-ийн 60-62 тал/,

гэрч Б.Гансүлдийн “...Сугаржамц их согтчихсон Мөнхбат руу салаавч гаргаад хоёулаа энд барилдах уу гээд байсан. Мөнхбат тоохгүй суугаад байсан. Ямар шалтгаанаар газарт унагаасныг мэдэхгүй Сугаржамц согтчихоод нэлээн агсам тавиад байсан. Тэр шалтгаанаар байж магадгүй, намайг дуу дуулж байхад Мөнхбат босоод Сугаржамцыг босгоод чирээд ширээнээс холдуулаад явсан. Тэгээд дуулж байгаад эргээд хартал Сугаржамцын дээр Мөнхбат гарчихсан цохиж байсан. Би очоод Мөнхбатыг салгаж аваад газарт унасан пивоны шилийг авч байтал дахиад Мөнхбат Сугаржамцыг цохиод газарт унагачихсан. Тэгээд би очоод Мөнхбатыг салгасан чинь Сугаржамц ухаан алдаад уначихсан байсан. Мөнхбат бид хоёр Сугаржамцыг дамжилж өргөөд буйдан дээр тавьсан...” /хх-ийн 65-68 тал/,

гэрч Ж.Гэлэгбанзадын “...01 цаг өнгөрч байхад гэрийн хаалга нүдээд би очиж онгойлгосон чинь манай хүү нэлээн согтуу гэртээ орж ирээд шууд бие засах өрөө рүү ороод бөөлжсөн, гарч ирээд дахиад л бөөлжөөд огиод, миний толгой руу хэн цохичихвоо толгой өвдөөд байна гээд байсан. Би дотроо хүнтэй зодоон хийсэн юм байхдаа гэж бодсон. Шөнө ерөөсөө унтаагүй үүрийн 5 цаг хүртэл ёооё гэж байгаад жаахан унтсан. Маргааш нь өдөржингөө толгой өвдөөд байна гэж хэвтээд байсан би дотроо архиндаа шартаад хэвтээд байна, толгой нь өвдөөд байна гэж бодоод тоохгүй байсан. Тэгээд 15 цагийн үед эхнэр нь ирээд толгой нь өвдөөд болохоо байгаад 21 цагийн үед толгойгоо бариулсан чинь хавантай байна, битгий хөдөлгөөн хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл дахиад толгой нь өвдөөд байсан, би хүүдээ дусал залгаж өгсөн. Маргааш нь дахиад толгой нь өвдөөд байхаар нь орой нь эмнэлгээр явъя гээд эмнэлэг очоод зураг авахуултал тархиндаа гэмтэлтэй байна гээд хагалгаанд орно гэсэн. Гэртээ орж ирэхдээ өмссөн хувцас нь гайгүй байсан, шороо болоогүй байсан, нүд нь бага зэрэг хөхөрчихсөн өөр гэмтэл шарх харагдаагүй. Миний хүү ямар нэгэн юм яриагүй, ярих ч ухаан байгаагүй, бөөлжөөд огиод байсан...” /хх-ийн 94-95 тал/,

гэрч Д.Хорлоогийн “...2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр би найз Энхтуяагийн хамт “Гесак” караокед 21-22 цагийн үед орсон. Бид хоёрыг ороход караоке дотор 4 залуу нэг ширээнд сууж байсан. Бид хоёр караокед нэг цаг гаруй сууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд 00 цаг болохоос өмнө гарсан. Тэр 4 залуугийн өндөр туранхай залуу нь нэлээн согтуу байсан. Бид хоёр дээр ирээд бүжиглэе гээд байсан, ганцаараа юм яриад эргэлдээд байсан. Малгайтай махлаг залуу нь их согтсон өндөр залуугаа ширээнээс нь босгож ирээд зодоод байсан, яг юунаас болж зодсоныг бол мэдээгүй, хоорондоо юу ярьсныг нь ч мэдэхгүй. Юмаар цохихыг нь хараагүй, гараараа цохиж зодож байсан, толгойгоор нь газарт унагааж байхыг харсан. Зодсоныхоо дараа жаахан байж байгаад бид хоёр дээр малгайтай залуу нь үнэртэй yc байна yy гэж асууж байсан. Хохирогчийг малгайтай залуугаас өөр хэн нэгэн цохиж зодоогүй...” /хх-ийн 96-97 тал/,

гэрч С.Энхтуяагийн “...Согтуу залуу пивоны шил аваад малгайтай махлагдуу залуу руу шидсэн чинь нөгөө шил оноогүй газарт унаад хагарсан чинь зөөгч нь цэвэрлэж байсан. Нөгөө махлагдуу залуу явъя, харъя, чи их согтсон байна гээд их согтсон залуудаа хэлээд байсан. Тэгээд согтуу залуугаа ширээн дээрээс нь чирээд холдуулаад газарт унагаачихсан. Би сүртэй зүйл болоогүй болохоор нь дуу руугаа анхаараад байсан. Малгайтай залуу нь чи муу ууж чадахгүй байж яах гэж далчиганаад байгаа юм бэ явъя гээд байхад чинь гэж хэлж байсан. Нөгөө согтуу залуу нь юу ч хэлэхгүй байсан. Тэгээд газарт унагачихаад дахиад гараараа цохиод байсан. Толгойгоор нь газарт савуулаад байсан. Их согтсон залуу нь бор өнгийн түрийтэй гуталтай, туранхай өндөр залуу байсан. Малгайтай залууг харахад эрүүл байсан. Архи уусан гэж харагдахгүй байсан. Малгайтай залуугийн өөдөөс хохирогч Сугаржамц зодуулах үедээ бол юу ч хэлээгүй, зодуулахаасаа өмнө бол ганцаараа чанга чанга хашгираад орилоод ширээгээ цохиод байсан, би хүртэл чимээгүй тайван суумаар байна гэж хэлсэн. Тэр залуу ер нь бол их тавьтаргүй байн байн босож ирээд ганцаараа орилоод дуулаад байсан. Нөгөө хамт явж байсан залуучууд нь боль гэж хэлээд л байсан, тэгээд болихгүй байсан. Хохирогч Сугаржамцыг өөр хэн ч цохиогүй, ганцхан малгайтай махлаг залуу ширээнээс чирч шалан дээр гаргаад газарт толгойгоор нь 2-3 удаа унагаагаад сүүлд нүүр рүү нь цохиж байсан...” /хх-ийн 99-100 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1699 дүгээр “...Ж.Сугаржамцын биед зүүн чамархайн ясанд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн чамархайн зулай хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, баруун талын чамархайд тархины эдийн няцрал, цус хуралт, 2 талын чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн
мурийлт, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 102 тал/ гэх Шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Г.Мөнхбатад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гесак” караоке пабад 2016 оны 1 дүгээр сарын 23-ны шөнийн 23-24 цагийн хооронд “...гарыг нь базаж, ам руу алгадсан...” хохирогч Ж.Сугаржамцын үйлдэлд дургүйцэн Ж.Сугаржамцыг хөлөөрөө хавсарч шалан дээр хүчтэй унагааж, толгой руу нь цохиж Ж.Сугаржамцын бие махбодид учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан Г.Мөнхбатын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “...бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн  Г.Мөнхбатын үйлдлийг Прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “...танхайн сэдэлтээр...”, 96.2.9 дэх хэсэгт заасан “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж...” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь “...үндэслэлтэй байх...” хуулийн шаардлагад нийцжээ.

 

Г.Мөнхбатын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид төлж барагдуулсан, хохирогч Ж.Сугаржамцын өөрийнх шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Үлдэгдэл 150,000 төгрөгийг нэхэмжлэхгүй,.Одоо надад гомдол санал байхгүй. Цаашид үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэхгүй, биеийн байдал сайн байгаа тул Мөнхбатад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна...” /хх-ийн 38 ар тал/ гэснийг анхан шатны шүүх харгалзан Г.Мөнхбатад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх Г.Мөнхбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ. Иймд хохирогч Ж.Сугаржамцын “...Хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд:

Боржигин овогт Галсангийн Мөнхбатын ургийн овгийг “...Боржигон...” гэж буруу бичсэнг зөвтгөсөн өөрчлөлтийг,

хохирогч Ж.Сугаржамц давж заалдах шатны шүүхэд ” ...хээлтэй, тугалах үнээ өгнө гэж хэлсэн боловч өгөхгүй байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх...” талаар гомдол гаргаж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Г.Мөнхбатаас жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 9 дүгээр Шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Боржигон...” гэснийг “...Боржигин...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэснийг “...хохирогч Ж.Сугаржамц цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч Ж.Сугаржамцын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧИД                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ