Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 499

 

Ц.Батмягмарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөнтуяа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 92 дугаар Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Б.Батхишигийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлээр эрүүгийн 201625010117 дугаартай Ц.Батмягмарт холбогдох хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хайгуулчин овогт Цагаанхүүгийн Батмягмар, 1984 оны 10 дугаар сарын 24-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Эйч Жи Эй” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 6, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 70-30 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЖЮ84102418/;

 

Ц.Батмягмар нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дотор үйл ажиллагаа явуулдаг машин зарж борлуулдаг хохирогч Ч.Батсүхээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг 12,500,000 төгрөгөөр худалдаж аван 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж итгэл төрүүлэн улмаар бусдад зарж борлуулан хохирогч Ч.Батсүхэд 12,500,000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Батмягмарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийн хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, яллагдагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гүйцэт нотолж тогтоогоогүй байна. Хавтаст хэрэгт авагдсан “Сэжигтэн бүртгэл 220103715000220 Хайгуулчин овогтой Цагаанхүүгийн Батмягмар /РД: ЖЮ84102418/ 30 настай, эр, хэргийн дугаар 0201511000202.00 хэрэг гарсан өдөр, цаг 2015-02-06 12:00, товч утга Ө-454, Батмягмар гэгч нь 2013.06-07 сард мал, мах авч өгнө гэж хэлээд нийт 10,000,000 төгрөг авсан боловч одоо болтол худлаа хэлээд олдохгүй байна. Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг 148.2 бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, хүндэвтэр...” гэсэн цагдаагийн байгууллагын тэмдэглэл буюу гэмт хэргийн мэдээллээс үзэхэд Ц.Батмягмарыг урьд нь өөр гэмт хэрэгт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн, түүнийг сэжигтнээр тооцон шалгаж байжээ

Гэтэл тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд уг залилангийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй учир тус хэргийг 2015 онд батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамаарах эсэхийг урьдчилан дүгнэх боломжгүй юм.

2. Ц.Батмягмарын төрсөн ах гэрч Ц.Баттулгаас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Батмягмарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Яллагдагч Ц.Батмягмарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хавтаст хэрэг прокурорын газарт хүргэгдэн очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батхишиг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна. 1. Шүүгдэгч Ц.Батмягмарыг урьд нь ял шийтгүүлж байсан эсэх талаар Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвөөс “ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас” бичин лавлагаа гаргуулахад “бүртгэл буюу санд бүртгэгдээгүй” гэх лавлагаа гарч ирсэн ба Цагдаагийн байгууллагын дотоод сүлжээ, сангийн бүртгэлийг үндэслэн нотлох баримт гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу үнэлж дүгнэх боломжгүй юм.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн тогтоол гарсны дараа гэмт хэрэг шинээр үйлдэж ял шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтоож болно гэсэн хуулийн заалтыг үндэслэн шүүх шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

2. Мөрдөн байцаалтын шатанд Ц.Батмягмарын төрсөн ах Ц.Баттулгыг гэрчээр байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасан эрхийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан ба гэрч Ц.Баттулга гарын үсэг зурж эрхээ эдлэхгүйгээр мэдүүлэг өгсөн ба мөрдөн байцаагч нь мэдүүлэг авахдаа зөвхөн Ц.Батмягмарын хувийн байдлыг тогтоох зорилгоор байцаалт авсан. Харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж асуулт асууж байцаалт аваагүй тул хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Ц.Батмягмар нь 2013 оны 7 дугаар сард бусдаас мах борлуулж байгаа нэрээр мөнгө залилж авсан хэрэгт шалгагдаж байсан нь Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр тогтоогдож байгаа. 2013 онд шалгагдаж байсан үйлдэлдээ ял шийтгүүлсэн бол ял шалгах хуудсаар шийтгүүлсэн талаар мэдээлэл гарч ирнэ. Өмнө шалгагдаж байсан хэрэг нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бусдыг залилан мэхэлсэн хэрэгт хамааралгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Ц.Баттулга нь Ц.Батмягмарын эсрэг мэдүүлэг өгөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувийн байдлын талаар тодруулж асуусан. Иймд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасныг баримталж байцааж байгаа тохиолдолд буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан мэдүүлэг авч байгаа тохиолдолд хэрэглэх ёстой. Шүүгчийн захирамжид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан ямар нөхцөл байдлыг тодруулаагүй талаар тодорхой заагаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Батмягмарын үйлдэл тогтоогдсон...” гэв.                                                  

ХЯНАВАЛ:

 

            Ц.Батмягмарт холбогдох 201511000202 дугаартай  эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар баримт эрүүгийн хэрэгт байхад /хх-ийн 9 тал/ уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулаагүй нь Ц.Батмягмарт холбогдох 201625010117 хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болгож байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 92 дугаар захирамжаар Ц.Батмягмарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг зөв байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Харин хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан Шүүгчийн захирамжийн “...Ц.Батмягмарын төрсөн ах гэрч Ц.Баттулгаас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн...” гэсэн 2 дахь үндэслэлд бичсэн “...Мөрдөн байцаалтын шатанд Ц.Батмягмарын төрсөн ах Ц.Баттулгыг гэрчээр байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасан эрхийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан...” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч байна. “...Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн нэг хэсэгт заасан /45.7 дахь хэсэг/ эрх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлуулсан талаарх баримтад Ц.Баттулга гарын үсгээ зурж, баталгаажуулсан /хх-ийн 56 тал/ байх тул энэ талаар шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй юм.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзсэн ба харин шүүгчийн захирамжийн эхний хэсэгт заасан ажиллагаанаас гадна дараах ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар хийлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тухайлбал:

 

Мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор  битүүмжилсэн “Тоёота приус-20” загварын автомашиныг /хх-ийн 43,44 тал/ Ч.Батсүхээс Ц.Батмягмарт шилжих үеийн болон битүүмжлэгдэх үеийн үнийг үнэлгээний эрх бүхий байгууллагаар тус тус үнэлүүлэх нь зүйтэй. Учир нь хохирогч Ч.Батсүх “Уг машиныг би 11 сая төгрөгөөр өгнө гэхэд Батмягмар та надад 5 сарын хугацаатай өгвөл би таны машиныг 12,5 сая төгрөгөөр худалдаж авна...” гэж /хх-ийн 50 тал/, Ц.Батмягмар “...үнийг нь асуухад 11 сая төгрөгөөр өгнө  гэж Батсүх хэлсэн...” гэж /хх-ийн 62 тал/ тус тус 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр уг машины зах зээлийн үнэ 11 сая төгрөг байсан талаар мэдүүлсэн байхад уг машиныг үнэлгээний комиссоор үнэлүүлэхдээ “хохирогчийн үнэлгээ 12,5 сая төгрөг” /хх-ийн 9 тал/ гэж бичиж үнэлгээний комиссоос эд зүйлийн үнийг зөвхөн хохирогчийн саналыг үндэслэн хийлгэсэн байх тул хохирлын хэмжээг зөв тогтоох зорилгоор машиныг дахин үнэлүүлэх шаардлагатай. Мөн уг машиныг Ч.Батсүхээс Ц.Батмягмар авснаас хойш тодорхой хугацааны дараа Ч.Батсүх эргүүлэн авсан, “...автомашины засварласан мөнгө 400.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж уг машиныг Дорнод аймагт тодорхой хугацаанд ашиглаж байсан Б.Бямбаа нь мэдүүлсэн /хх-ийн 53 тал/  байх тул уг машиныг битүүмжлэх үеийн үнийг тогтоолгох нь хохирогч, Б.Бямбаа нарын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 92 дугаар Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2 дахь заалтыг хүчингүй болгож,

улсын яллагч Б.Батхишигийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлийн Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 2 дахь заалтын талаар бичсэн хэсгийг хангаж, 1 дэх заалтын талаар бичсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Ц.Батмягмарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧИД                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ