Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 518

 

Б.Ганбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Гантулга,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Батсүрэнгийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар эсэргүүцлээр эрүүгийн 201301030805 дугаартай Б.Ганбатад холбогдох хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1ий өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Баасангийн Ганбат, 1973 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 20 дугаар гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. 1998 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. 2000 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 16 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн,

3. 2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

4. 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,

5. 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар хорих ялаас 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил хорих шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

6. 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ВМ73032217/;

 

Б.Ганбат нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 10-05 тоотод оршин суух иргэн Т.Азжаргалын эзэмшлийн байшингийн жижиг өрөөний цонхоор нэвтэрч зургийн аппарат, “Тошиба” загварын зөөврийн компьютер, гар цүнх, хос мөнгөн ээмэг, дунд гарын мөнгөн аяга, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, 2 ширхэг флаш, 20,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 1,670,000 төгрөгийн хохирол,

2013 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, баруун баян уулын 9-02 тоотод оршин суух иргэн Ч.Урантуяагийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын зурагт, 19 инчийн зөөврийн компьютер хулгайлж нийт 1,350,000 төгрөгийн хохирол,

2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүургийн 9 дүгээр хороо, баруун баян уулын 14-04 тоотод оршин суух иргэн О.Ёндонсамбуугийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч монетан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн цаг 1 ширхэг, намар авсан шинэ савхин куртка 1 ширхэг хэрэглээд нэг жил болж байгаа “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын бөгж 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 1,280,000 төгрөгийн хохирол,

2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 3-12 тоотод оршин суух иргэн Д.Мөнхтөгсийн өвлийн сууцны хаалгыг эвдэн нэвтэрч 36 инчийн “Тошиба” загварын зурагт, 21 инчийн “Монел” загварын зурагт, “Acer” загварын компьютерийн процессор, тэмээний ноосон хөнжил, солонгос хөнжил, эсгий гудас зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 760,000 төгрөгийн хохирол,

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, баруун баян уулын 13-28 тоотод оршин суух иргэн Г.Баттогтохын байшингийн хаалганы цоожийг хөшин нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт 1 ширхэг, марк тодорхой бус хар өнгийн суурин иж бүрдэл компьютер 1 ширхэг, бэлэн 360,000 төгрөг хулгайлж нийт 970,000 төгрөгийн хохирол,

2015 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 8-62 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэнийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 43 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж ниит 660,000 төгрөгийн хохирол,

2015 оны 7 дугаар сарын 24-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болзоо” зочид буудлын баруун талын зогсоол
дээрээс иргэн Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Toyota Gaia” загварын автомашиныг хулгайлж, 10,395,000 төгрөгийн хохирол буюу энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 13,415,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол давтан үйлдлээр учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим иргэн Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Toyota Gaia” загварын автомашиныг хулгайлан унаж яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны хуучин эцсийн замд иргэн Д.Отгонтөгсийн унаж явсан 17-43 УНД улсын дугаартай, “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж 712,800 төгрөгийн хохирол учруулан, ослын газрыг санаатайгаар орхиж зугатаасан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Ганбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Боржигин овогт Баасангийн Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Ганбатад Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Б.Ганбатыг давтан үйлдлээр бусдын орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлснаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Ганбатыг 4 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Ганбатын урьдчилан цагдан хоригдсон 256 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбатаас нийт 7,402,800 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Отгонтөгсөд 712,800 төгрөгийг, хохирогч Ч.Урантуяад 1,350,000 төгрөгийг, хохирогч Т.Азжаргалд 1,670,000 төгрөгийг, хохирогч О.Ёндонсамбууд 1,280,000 төгрөгийг, хохирогч Д.Мөнхтөгсөд 760,000 төгрөгийг, хохирогч Г.Баттогтоход 970,000 төгрөгийг, хохирогч Б.Бат-Эрдэнэд 660,000 төгрөгийг олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Ганбатад урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор С.Батсүрэн “...Шүүхээс Б.Ганбатыг хохирогч Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Toyota Gaia” загварын автомашиныг шунахай сэдэлтээр, далд, сэм аргаар хулгайлан авч өөрийн эзэмшилдээ оруулан хэргийн газраас зайлсхийж, гэмт үйлдлээ үргэлжлүүлэн явах замдаа Д.Отгонтөгсийн унаж явсан 17-43 УНД улсын дугаартай “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, бусдын өмчид хохирол учруулан хэргийн газраас зугтаасан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-д “Жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно” гэж, Улсын Дээд шүүхийн тайлбарт Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан “хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлээгүй” гэдэгт тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан этгээд зам тээврийн осол гаргасны дараа хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсныг мэдсэн бөгөөд туслах бололцоо байсан атлаа түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, түргэн тусламж дуудаагүй, осол болсон газарт ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэх арга хэмжээ аваагүй зэргийг ойлгоно. Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг тээврийн хэрэгслээр, эсхүл явганаар санаатай орхиж явсан үйлдлийг хэргийн газраас оргон зугтсан гэж үзнэ. Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийснээр төгссөнд тооцогддог. Хэргийн бүрэлдэхүүнд зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бий болгосон эсэх нь нөлөөлөхгүй бөгөөд харин тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд энэ хэргийг үйлдсэн байвал эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгжийг иргэний нэхэмжлэгчээр заавал тогтоож, хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэх шаардлагатай болно. Хэрэгт техникийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 428 дугаартай дүгнэлтээр Б.Ганбат нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Тэгэхээр нь мөргөлдсөн тээврийн хэрэгслийн жолоочид хулгайлсан машиныхаа түлхүүрийг нь өгөөд би цаашаа яваад дэлгүүр орж архи авч уучихаад гэртээ хариад унтсан...” гэж, хохирогч Д.Отгонтөгсийн “...цамцнаас нь татаж буулгаад цагдаа дуудаад нөгөө тал руу харсан зогсож байсан чинь миний машиныг мөргөсөн хүн цаашаа зам гараад микро автобусанд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон болно.

Иймд Эрүүгийн хууль буруу хэрэглэж Б.Ганбатад холбогдох Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичжээ.

 

Прокурор Б.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийснээр төгссөнд тооцогддог. Зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бий болгосон эсэхээс үл хамаарч байгаа бие даасан гэмт хэрэг юм. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Б.Ганбат нь Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Toyota Gaia” загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг дагаж биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй ба зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжид заасан байна. Б.Ганбатын 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим иргэн Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Toyota Gaia” загварын автомашиныг хулгайлан авч тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны хуучин эцсийн замд иргэн Д.Отгонтөгсийн унаж явсан 17-43 УНД улсын дугаартай, “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж 712,800 төгрөгийн хохирол учруулан, улмаар ослын газрыг санаатайгаар орхиж зугтаасан шууд санаатай тусдаа үйлдлийг түүний хулгайн гэмт хэрэгтэй холбон үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Мөн Б.Ганбат өмнө нь 6 удаа ял шийтгүүлсэн, удаа дараа хорих ял биеэр эдэлж байсан атлаа дахин давтан гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх түүний урьд нь ял эдэлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заана” гэсэн заалтыг шүүх хэрэглэх эсэх талаар хэргийг дахин шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатайг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ганбатад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол ялтан Б.Ганбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.ОЧМАНДАХ